Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор),

шүүгдэгч О.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0505),

шүүгдэгч Б.Батбаатар, түүний өмгөөлөгч Л.Амартогос (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0075) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бэсүд овогт Оюунбаярын Отгонбаатар, Боржигон овогт Батхүрэлийн Батбаатар нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0115 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бэсүд овогт Оюунбаярын Отгонбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 1 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ96120114.

2. Боржигон овогт Батхүрэлийн Батбаатар, Улаанбаатар хотод 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 4 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ97110591.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч О.Отгонбаатар нь ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 63 дугаар гудамжны 3 тоотод оршин суух иргэн Б.Билэгдэмбэрэлийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд нэвтэрч алтан гинж, монетон бөгж, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 1.489.500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдээр яллагдагч Б.Батбаатартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоод байрлах иргэн Д.Насанжаргалын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч 42 инчийн BSB маркийн зурагт, Samsung S-2 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан 780.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Б.Батбаатар нь О.Отгонбаатартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоод байрлах иргэн Д.Насанжаргалын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч 42 инчийн “BSB” маркийн зурагт, “Samsung” S-2 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан 780.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч О.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

I. Хохирогч Б.Билэгдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчим эхнэр, хүүхдийн хамт ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Тэр өдөр хүүхдүүдээ хамаатны айл руу явуулаад эхнэр бид хоёр шинэ жил тэмдэглээд гэртээ хариагүй. 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн хаалга цоожтой байсан болохоор анзаараагүй гэртээ ортол хүйтэн юм шиг байхаар нь хартал вакум цонх онгорхой байсан. Оройтож ирсэн болохоор юм алдагдсан талаар мэдээгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь гэрээс гарах гэтэл манай эхнэр энд байсан гинж, бөгж хаана байна гэхээр нь өчигдөр орой ирэхэд цонх онгорхой байсан гээд юмаа бүртгэж үзэхэд миний пүүз бас байхгүй байсан. Тэгээд тухайн өдрөө цагдаад мэдэгдэх гээд амжаагүй, тэгээд ч тэр дор нь мэдээгүй болохоор цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. ...Манайхаас миний өмсдөг байсан...”Garnet-4” загварын пүүз,...4.4 гр алтан гинж,...3.5 грамм монетон бөгж...алдагдсан байсан. ...Бөгж нь дээрээ улаан өнгийн рубин шигтгээтэй, пүүз нь хар өнгөтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101, 102),

“...би Отгонбаатараас пүүзний мөнгө нэхэмжлэхгүй, бусад эд зүйлс болох гинж, бөгж хоёроо авсан учир санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159),

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 167),

1. Иргэний нэхэмжлэгч С.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун-Баян-Уулын 97 тоотод байрлах “Очир” нэртэй ломбардыг ажиллуулдаг. Энэ хүмүүсийг ломбардад тавьсан талаар санахгүй байна. Ямар ч байсан ломбарданд эд зүйл барьцаанд тавьсан бичгээр нь шалгаад үзэхээр би бөгжийг...бичиг баримттай болохоор л уг эд зүйлийг авсан байна. Хулгайн зүйл гэж мэдээгүй. Бөгжөө 110.000 төгрөгөнд тавиад хүүтэй нь 117.700 төгрөг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103, 104),

“...О.Отгонбаатар нь барьцаанд тавьсан эд зүйлийн мөнгө болох 117.700 төгрөгийг өгч барагдуулсан учир санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105),

- Бэлэн мөнгө хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 108),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэл (хавтаст хэргийн 100),  

2. Иргэний нэхэмжлэгч Х.Анхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Даянбулаг” ХХК-д нягтлан бодогч ажилтай ба компаниас намайг иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Манай компани “Сайн” нэртэй ломбард ажиллуулдаг...Баянхошууны эцэст байдаг салбарт алтан гинж тавьсан байсан. Алтан гинжийг 265.000 төгрөгөөр тавьсан ба хүүтэй нь нийлээд 290.170 төгрөг болж байна. Уг хүмүүс нь барьцаанд тавьсан эд зүйлийн мөнгөө төлсөн тул манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107),

3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 93),

4. Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 96-99),

5. А.Балжиннямын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...2016 оны сүүлээр Отгонбаатар надад “машинаа засах гээд мөнгөний хэрэг гараад ээж рүү хэлсэн чинь, ээж нь миний гинж, бөгжийг ломбарданд тавиад аргалж бай гэсэн” гээд ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй гэхээр нь би бичиг баримтаараа тойргийн хажуу талын ломбарданд тавьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 56),

 

II. Хохирогч Д.Наранжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрөөгөөд би нөхрийн хамт Булган аймаг руу явчихаад маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож байхгүй, хаалга онгорхой байсан. Гэртээ ороход зурагт, Samsung S-2 маркийн гар утас хоёр алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18),

“...Манайхаас алдагдсан эд зүйл болох зурагт, гар утас хоёроо буцаан олж авсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэрийн цоож үнэлэхгүй, нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- эд зүйл хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэл (хавтаст хэргийн 16),

1. Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би хөдөө ажлаар явчихдаг болохоор өөрийн эхнэр Наранжаргалыг энэ хэрэгт хохирогчоор оролцуулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрөөгөөд эхнэр бид хоёр Булган аймаг руу явчихаад маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож байхгүй, хаалга онгорхой байсан. Гэртээ ороход BSB маркийн 42 инчийн зурагт, Samsung S-2 маркийн гар утас хоёр алдагдсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

2. Иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар-1” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг түрээслэн ажиллуулж байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3 залуу орж ирээд зурагт тавих гэсэн юм гэхээр нь үзээд өөрсдийн бичиг баримттай байсан болохоор 150.000 төгрөгийн барьцаанд авсан юм. Зурагт барьцаанд тавьсан мөнгөө буцааж өгсөн болохоор нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

3. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 11),

4. Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15),

5. А.Балжиннямын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байтал Отгонбаатар, Батбаатар нар нь над руу залгаад бичиг баримтаа аваад хүрээд ир, ломбарданд юм тавих гэсэн чинь бичиг баримт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа аваад гараад ирсэн чинь тэр хоёр такси барьчихсан баруун салааны эцэс дээр байсан ба Отгонбаатарын зурагтыг ломбарданд тавих гэсэн юм, мөнгөний хэрэг гараад аав зурагтаа тавьчих гэсэн юм. Бид хоёрт бичиг баримт байхгүй байна гэхээр нь би тус болохоор дагаж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 56),

 

III. Шүүгдэгч О.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 сард шиг санагдаж байна...манайхаас хойш байдаг Билгээ гэдэг ахынх хэд хоног гэртээ ирээгүй юм. Тэгээд хүнгүй болохоор нь би ганцаараа очиж хүн байгаа эсэхийг нь шалгаад...цонхыг нь түлхэн ороод гарнет 4 маркийн пүүз, монетон бөгж, гинж зэрэг эд зүйл авсан. Түүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой Батбаатар бид хоёр манайхаас хойшоо байдаг гэртэй айлд очиход хүнгүй байсан учир уг айлын хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэн орж...“Samsung” S-2 маркийн гар утас, мөн зурагтыг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162),

 

IV. Шүүгдэгч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “..2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой би Отгонбаатартай уулзахад энэ дээр нэг айл хүнгүй байгаа, хоёулаа очоод зурагтыг нь авах уу гэхээр нь би чи тэр хүнээ таньдаг юм уу гэхэд таньдаг гэж хэлсэн. Тэгээд бид Отгонбаатарын хамт уг айл руу очоод хаалганы цоожийг нь эвдэж ороод 42 инчийн зурагт, “Samsung” S-2 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж авсан. Тэгээд Балжиннямыг дуудаад түүний бичиг баримтаар нь зурагтыг ломбарданд тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166),

 

 V. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2, 91), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 90), хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (хавтаст хэргийн 3-6), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53, 54), эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (хавтаст хэргийн 88), барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 10, 94, 95),

- шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57, 59), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 168, 169), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58, 60), Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (хавтаст хэргийн 84-87), шүүгдэгч О.Отгонбаатарын тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 64), шүүгдэгч Б.Батбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 71-80) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:   

1. Шүүгдэгч О.Отгонбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 63 дугаар гудамжны 03 тоотод 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд иргэн Б.Билэгдэмбэрэлийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйдлээр бусдын алтан гинж, монетон бөгж, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан хохирогч Б.Билэгдэмбэрэлд 1.489.500  төгрөгийн,

мөн давтан үйлдлээр шүүгдэгч Б.Батбаатартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Насанжаргалын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр бусдын “BSB” маркийн 42 инчийн зурагт, “Samsung” S-2 маркийн гар утсыг тус тус хулгайлан хохирогч Д.Насанжаргалд 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 162, 166), энэхүү мэдүүлгийн эх сурвалж болох А.Балжиннямын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байтал О.Отгонбаатар, Б.Батбаатар нар нь над руу залгаад бичиг баримтаа аваад хүрээд ир, ломбарданд юм тавих гэсэн чинь бичиг баримт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа аваад гараад ирсэн чинь тэр хоёр такси барьчихсан баруун салааны эцэс дээр байсан. ...2016 оны сүүлээр Отгонбаатар...ломбарданд юм тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй гэхээр нь би бичиг баримтаараа тойргийн хажуу талын ломбарданд тавьж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 55, 56),

- Хулгайд алдагдсан эд зүйл болох “BSB” маркийн 42 инчийн LED зурагт, 3.5 граммын жинтэй шигтгээтэй монетан бөгж, 4.4 граммын жинтэй алтан гинжийг ломбарданд тавьж барьцаат зээлийн гэрээ байгуулсан баримт (хавтаст хэргийн 10, 94, 95),

- Барьцаат зээлийн газар болон шүүгдэгч О.Отгонбаатараас хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авах, тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15, 96-99),

- Шүүгдэгч О.Отгонбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нарын үйлдсэн хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч нарын 2016 оны 12 дугаар сар болон 2017 оны 01 дүгээр сард тус тус үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл хэсэгт заасан ял нь “Хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр... хоёроос таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр”, харин 2015 оны Эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “...Хулгайлах гэмт хэргийг...хүн байнга амьдрах...орон байранд нэвтэрч үйлдсэн бол...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэхээр” өөрчлөн хуульчлагджээ.

Мөн 2002 оны Эрүүгийн хуульд хөнгөн, хүндэвтэр төрлийн гэмт хэргийг тэнсэж хянан харгалзах зохицуулалтай байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд хөнгөн төрлийн буюу нэгээс таван жил хүртэлх хорих ялтай гэмт хэргийг тэнсэх зохицуулалттай болжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан байгаа боловч мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..үйлдэл эс үйлдэхүйд...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Иймд 2015 оны 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хоёроос таван жил хүртэл хорих ялтай хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж тэнсэж хянан харгалзах боломжтой хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Тиймээс шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүх шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдгээрт оногдуулсан ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч О.Отгонбаатар нь хоёр удаагийн, шүүгдэгч Б.Батбаатар нь О.Отгонбаатартай бүлэглэж нэг удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд оногдуулах хорих ялын хэмжээг ялгамжтай тогтоож, тэдний ял эдлэх дэглэмийг хуульд зааснаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нар нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүйг үндэслэн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэж, тэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, дээрх оролцогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг болон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг үндэслэж шүүгдэгч  нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч О.Отгонбаатар, Б.Батбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс гадна бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж тэдгээрийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс (хавтаст хэргийн 131, 141) 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг (хавтаст хэргийн 148, 149) хүртэл нийт тус бүр 87 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан.

Иймд дээрх цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хуулийн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.