Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар  2021/ДШМ/1003

 

 

 

 

 

 

    2021            11            23                                        2021/ДШМ/1003                             

 

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Ч.Аын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/1264 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Азжаргалын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ч.Ат холбогдох эрүүгийн 2111 00031 0425 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Ч-лийн А, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, ............... ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. дүүргийн ... дугаар хороо, ..................... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:............................./;

Шүүгдэгч Ч.А нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа тус хэлтэст шалгагдаж байсан хүчиндэх гэмт хэргийн хохирогч болох насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уээр насанд хүрээгүй хохирогч Х.Агийн гарын үсгийг дуурайлган зуруулж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг эхэлсэн цаг хугацаа, төгссөн цаг хугацааг тогтоох, “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан гарын үсгийн шинжилгээг дахин хийлгэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Азжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “...Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг эхэлсэн цаг хугацаа, төгссөн цаг хугацааг тогтоох...” гэжээ.

Хэрэгт авагдсан гэрч Ц.Уийн “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр надаас мэдүүлэг авсныхаа дараа намайг та охиныхоо гарын үсгийг зурчих гэж хэлсэн. ...Би охины гарыг үсгийг зурж чадахгүй шүү дээ, яаж зурдаг юм болоо гэхэд Агийн анх дүүрэг дээр өгсөн мэдүүлгийн гарын үсгийг харуулаад та энийг харж байгаад дуурайлгаад зурчих гэж хэлсэн. Би Энхбилгүүн гэсэн мөрдөгч авсан мэдүүлэг дээрээс Агийн гарын үсгийг харж байгаад дуурайлгаад зурсан... намайг дуурайлгаад зурчих гэж хэлсэн. Хэрэг шилжиж ирснээс хойш Ааас мэдүүлэг авна гэж дуудаагүй. ...Манай охин А хэрэг шилжиж ирснээс хойш Нийслэлийн цагдаагийн газрын байранд ирж байгаагүй. Мөрдөгч А нь манай охинтой өрөөндөө дуудаж уулзаж байгаагүй...”, насанд хүрээгүй гэрч Х.Агийн “...А мөрдөгчийг танихгүй. Анх удаа гадаа А мөрдөгчтэй 1 удаа уулзсан. А мөрдөгч надаас мэдүүлэг авч байгаагүй...” гэх мэдүүлгүүд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 834 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1469 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Ч.А нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ гэрч Ц.Уээс гэрчээр мэдүүлэг авах үедээ 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр Х.Аг насанд хүрээгүй хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уээр насанд хүрээгүй хохирогч Х.Агийн гарын үсгийг дуурайлган зуруулсан болох нь тогтоогдсон.

2. Шүүгчийн захирамжид “...Хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтад зурагдсан гарын үсгийн шинжилгээг дахин хийлгэх...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж зааснаас үзвэл 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх эргэлзээтэй гэж үзсэн бол уг ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжтой бөгөөд шүүгч захирамждаа шинжээчийн дүгнэлт яагаад эргэлзээтэй гэж үзсэн талаар үндэслэлээ тодорхойгүй дурдаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хуульд зааснаар дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгч шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө.”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэсэн заалтуудыг үндэслэн гэм буруугийн хуралдаанд шинжээчийг оролцуулж, дүгнэлттэй холбоотой асуудлыг тодруулах боломжтой байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотлохоос гадна шүүх хуралдааны явцад мөн нотлох талаар заасан тул Ч.Ат холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн хүрээнд 2 хэргийн зарим хэргүүдээс хуулбарласан нөхцөл байдал авагддаг. От холбогдох хэрэг нь давж заалдах шатны шүүхээр орж хэрэг нь буцсан. Ц.Уийн сэдэл, санаа зорилго, Ч.Аын хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх үйлдлүүдийг тогтоолгохоор хэргийг буцаасан. Энэ үйлдлээс болж Ч.Ат холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн нөхцөл байдал байгаа. Гэтэл хэргийг шалгахдаа хэт нэг талын барьж шалгасан. Ц.У гэх хүний гарын үсэг зурсан нөхцөл байдлыг хуулийн дагуу нарийвчлан тогтоох ёстой гэх санал хүсэлтүүдээ өмгөөлөгчийн зүгээс гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Ат холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурор А.Азжаргалын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ч.Ат холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Харин анхан шатны шүүхээс “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол, “Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн баримтад зурагдсан гарын үсгийн шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай гэж үзвэл шинжээч томилох, эсхүл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах замаар шинжээчийн дүгнэлтийг тодруулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзээд байх тул прокурор А.Азжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/1264 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Ат холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                 ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ