Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 171/2013/1034/И


Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47 Өөрийн байр 2 тоотод байрлах Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 20-р байрны 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЗ54100471, Боржигин овогт Жагдагийн Ванчинсүрэнгийн Төрмөнхөд холбогдох

93314 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 06 дугаар 17-ны өдөр хүлээн авч 2013 оны 06 дугаар сарын сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Улам-Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Ш.Батмөнх нар оролцов.
                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Улам-Ундрах нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж 20062123 тоот гэрээ байгуулан 99064240 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын ярианы төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон ярианы төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч ярианы төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн ярианы төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно.
Иймд хариуцагчаас ярианы төлбөрийн үлдэгдэл 93314 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хэрэв гар утсаа өөр хүнд шилжүүлсэн бол гэрээний 5.2-т зааснаар хариуцлагыг хэрэглэгч хариуцана. Харин өөрөө гуравдагч этгээдээс төлбөрөө гаргуулах эрхтэй гэв.

Хариуцагч В.Төрмөнх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрмөнх нь 2008.09.23-ны өдөр 99064240 дугаарын утас хэрэглэх гэрээ байгуулсан. Төрмөнхийн нэр дээр боловч Сэргэлэн гэдэг хүн утсыг хэрэглэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн шаардлага өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч В.Төрмөнхөөс 93314 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК, хариуцагч В.Төрмөнх нар нь харилцан тохиролцож 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 20062123 дугаартай Үүрэн холбооны үйлчилгээний гэрээг байгуулжээ. Гэрээнд зааснаар хариуцагч нь 99064240 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын ярианы төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хангах шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний биелэлтийг буюу төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан баримтгүй ба Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзал үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй В.Төрмөнхөд холбогдох 93314 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах эрхтэй.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Д.АЛТАНТУЯА