| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 171/2013/1055/И |
| Дугаар | 991 |
| Огноо | 2013-08-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 991
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:
171/2013/1055/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум **-р баг **-р хороо **-р байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, М*** овогт Г.М***ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга Ж.Д***д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, илүү цаг ажилласны хөлс 237000 төгрөг, ажил хүлээлцсэн 6 өдрийн цалин 96000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***, нарийн бичгийн даргад С.Анхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 09-р сарын 12-ны өдрөөс Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гагнуурчнаар ажиллаж байгаад Сахилгын шийтгэл үндэслэлээр 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн боловч ажил хүлээлцэх үйл явц 06 дугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилсэн. Өнгөрсөн 5 сард нийт 28 амралт, чөлөөгүй ажилласан бөгөөд жишиг хорооллын хайс хашаа гагнахад тасралтгүй, амралтгүй 12 өдөр гагнуурын ажил хийсны улмаас нүд өвдөж улайн аргаж хөндүүрлэж гагнуурын ажил цааш үргэлжлүүлэн хийхэд биеийн эрүүл мэнд хүндрэлтэй байгаа тухайгаа тохижилтын инженер Б.Н***д 12-ний өдрийн 16 цаг орчимд хэлж чөлөө гуйхад чөлөө олгоогүй тул ерөнхий инженер Н*** нүд өвдөж байгаагаа утсаар мэдэгдсэн. Ерөнхий инженер Н*** намайг очтол хүлээж бай гэсэн хариу өгсөн 17.00 цагт ажил тарсан тул явсан. 13, 14-ний өдөр гэрээрээ эмчилгээ хийж ажилдаа очоогүй бөгөөд 15-ны өдөр Лхагва гариг амралтын өдөр таарч 16-ны өдрөөс ажилдаа очиж ажлаа үргэлжлүүлэн 6 сарын 04-нийг хүртэл мөн амралтгүй ажилласан.
Ажил олгогч дээрхи хугацаанд олон цаг үргэлжлүүлэн илүү цагаар хортой нөхцөлд тасралтгүй ажиллахад байгууллагын зүгээс хор саармагжуулах сүү, тараг олгоогүй, гагнуурын бээлийгээр бүрэн хангаагүйн улмаас гагнуурын цогонд гараа хэд хэдэн удаа түлж байсан зэрэг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулж байгууллагын дотоод журам, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуулийг удаа дараа зөрчиж байсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, илүү цаг ажилласны хөлс 237000 төгрөг, ажил хүлээлцсэн 6 өдрийн цалин 96000 төгрөг нийт 333000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ компанид 2013.01.25наас тохижилтын инженерээр ажилд орсон. Г.М*** нь миний удирдлага дор гагнуурчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн маргаан үүсэх болсон шалтгаан нь 2013 оны 05 сараас үүссэн. Байгууллага нь хувиартай өдөр нь амруулдаггүй, илүү цагийн хөлс олгодоггүй. М*** архи уусан гэсэн байна. Байгууллагын дарга нь өөрөө өрөөндөө архи уудаг. Хөдөлмөрийн дотоод журам хүн бүрт үйлчлэх ёстой. Мөн энэ хийгдэж байгаа жишиг хорооллын ажил нь хууль бус ажил юм. Тендер зарлаагүй байхад ажил эхэлсэн. Дархан гоёл ХХК-ны хийх ёстой ажлыг төрийн байгууллага хийж байгаа. Би удирдаж байсны хувьд хүмүүс илүү цагаар ажиллаж байна, илүү цагийн цалин олгох уу гэсэн асуудлыг тавьдаг. Энэ компани маш олон хүнийг хохироож байна. Шаардлага тавиад чөлөөлөгдөх хүсэлтээ Г.М***бид 2 өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т заасан хугацааг хэрэгжүүлээгүй. Ажлаас халагдсан тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Тэгтэл 2013.06.16-ны өдөр тооцоо дууссан тул 6 хоногийн цалин, ажилдаа эгүүлэн тогтоолгох, илүү 78.2 цагийн хөлсийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Д*** шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***шүүх хуралдаанд өгсөн тайлбарт:
Г.М*** нь манай байгууллагад гагнуурчнаар ажиллаж байхдаа байгууллагын дотоод журмын / Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан/ 3.6 дугаар заалтын 3.6.д-д заасан заалтыг зөрчиж, 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2013 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг удаа дараа сахилгын зөрчлүүд гаргасан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрөө хүсэлтээрээ ажлаас халагдах өргөдлөө гаргасан тул Газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 82 тоот тушаалаар ажлаас халагдсан юм. Байгууллагын дотоод журамд захирагдан ажиллаж чадахгүй, ажлын чухал шаардлагатай үед гагнуурчин ажиллахгүйгээс байгууллагын хэвийн ажиллагаа алдагдаж ажилд саад учруулсан, ажилтны үүргээ бүрэн ухамсарлаж чадахгүй байгаа бөгөөд өөрөө ажлаас халагдах хүсэлтээ гаргасан тул дахин Г.М***ыг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байна.
Г.М***ын илүү цагаар ажилласан ажлын хөлсийг Төрийн сангийн хэлтсээс шилжин ирсэн тохиолдолд мөнгийг нь өөрт нь олгоно. Ажил хүлээлцэх үеийн мөнгийг илүү цагийн хөлсөнд нэмж тооцон 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэмж олгож байгаа тул байгууллагаас ажил хүлээлцэх үеийн цалин хөлс дахин олгох боломжгүй юм. Иймд Г.М***ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.М*** нь Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга Ж.Д***д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, илүү цаг ажилласны хөлс 237000 төгрөг, ажил хүлээлцсэн 6 өдрийн цалин 96000 төгрөг гаргуулахыг хүссэн гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Г.М*** нь Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйчилгээний газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 82 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтуудыг үндэслэн 3 өдөр шалтгаангүй ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан байна.
Нэхэмжлэгч Г.М*** нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газартай 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гагнуурчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.М*** нь …өнгөрсөн 5 сард нийт 28 амралт, чөлөөгүй ажилласан бөгөөд жишиг хорооллын хайс хашаа гагнахад тасралтгүй, амралтгүй 12 өдөр гагнуурын ажил хийсны улмаас нүд өвдөж улайн аргаж хөндүүрлэж гагнуурын ажил цааш үргэлжлүүлэн хийхэд биеийн эрүүл мэнд хүндрэлтэй байгаа тухайгаа тохижилтын инженер Б.Н***д 12-ний өдрийн 16 цаг орчимд хэлж чөлөө гуйхад чөлөө олгоогүй тул ерөнхий инженер Нямхүүд нүд өвдөж байгаагаа утсаар мэдэгдсэн. Ерөнхий инженер Б.Н***намайг очтол хүлээж бай гэсэн хариу өгсөн 17.00 цагт ажил тарсан тул явсан. 13, 14-ний өдөр гэрээрээ эмчилгээ хийж ажилдаа очоогүй гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ тухай холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Г.М*** нь 2013 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2013 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг нь хэрэгт авагдсан / хх-ийн 21, 23, 24 дүгээр хуудас/ баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажил хүлээлцсэн 6 өдрийн цалин 96000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч ******* нь 78.2 илүү цаг ажилласны хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул үүнийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.М***ын ажилд эгүүлэн тогтоож, ажил хүлээлцсэн 6 өдрийн цалин 96000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, илүү цагийн хөлс 234711 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 2289 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М*** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80240 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА