Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл,

хохирогч нарын өмгөөлөгч С.Энхбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0213),

шүүгдэгч Ч.Пүрэв, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0181), С.Пүрэвдорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0032),

шүүгдэгч Р.Саруулбаяр, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0634),

шүүгдэгч Ц.Нацагдорж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260),

шүүгдэгч Ч.Энхтогтох,

шүүгдэгч Г.Зоригтсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

- Боржигон овогт Чойбудраагийн Пүрэвийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар,

- Сэвхэт овогт Рэнцэндашийн Саруулбаяр, Боржигон овогт Цэвэлцэгмидийн Нацагдорж нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар

- Боржигон овогт Ганбаатарын Зоригтсайхан, Боржигон овогт Чулуунбаатарын Энхтогтох нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 26000 5281 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Чойбудраагийн Пүрэв, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг, Буурал замтын 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НМ73060711, урьд

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 2, 7-р зүйлүүдэд зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

2. Сэвхэт овогт Рэнцэндашийн Саруулбаяр, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Арвижих” ХХК-ний хашаанд байнга, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамжны 08 тоотод түр оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар ОЮ9006303, урьд:

-Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

 

3. Боржигон овогт Цэвэлцэгмидийн Нацагдорж, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1980 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр дэлтийн 2 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НМ80090517.

 

4. Боржигон овогт Ганбаатарын Зоригтсайхан, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Буурал замтын 1 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар НМ95110411, урьд

- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

5. Боржигон овогт Чулуунбаатарын Энхтогтох, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, ах, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 16 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УТ95032010.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.Пүрэв нь машин механизм хэрэглэн 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361-н гарам “Их булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.Очирсүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын эзэмшлийн хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын эзэмшлийн хээр морь, Д.Түгждоржийн эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол буюу нийт 39.020.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

- мөрдөн байцаалтын явцад Ч.Энхтогтоход адуу өгнө хэмээн шан харамж өгөх, амлах зэргээр, мөг Г.Зоригтсайханыг хувийн байдлаар гуйж 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нараар мөрдөн байцаалтад гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн.

Яллагдагч Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нар нь Ч.Пүрэвтэй бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын эзэмшлийн хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын эзэмшлийн хээр морь, Д.Түгждоржийн эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч Ч.Энхтогтох нь Ч.Пүрэвт холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн.

Яллагдагч Г.Зоригтсайхан нь ялтайд тооцогдох хугацаандаа Ч.Пүрэвт холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.Пүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын эхээр Саруулбаяр гэдэг залуутай таарч азарганы наймаа хийсэн. Тухайн үед манай адуу Төв аймгийн Баянжаргалан суманд отор хийж байсан. Саруулбаяр нь надад эрлийз азарга байна уу, би дандаа Монгол адуутай гэж хэлсэн. Тэгээд бид өөрийн эрлийз шарга азаргаа 3.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож 2.000.000 төгрөгийг нь бэлэн мөнгөөр авахаар болж, 1.000.000 төгрөгийг нь адуу туулгахаар тохиролцсон. Тэгээд Саруулбаярт шарга азаргаа өгч явуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Саруулбаяр нь 3 тооны адууг Эмээлт рүү ахад хүргээд өгчих тэгээд 3,000.000 төгрөгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолооч Нацагдоржийг гуйж 3 тооны адууг Эмээлт дээр ачиж авч ирсэн. Гэтэл хохирогч Очирсүрэн нь 2014 онд алдсан 3 тооны адууг намайг авсан гэж 2016 оны 9 дүгээр сараас эхэлж намайг хэрэгт гүтгэж байна. Мөн Энхтогтох, Зоригтсайхан хоёрыг худал мэдүүлэг өгчих гэж гуйсан зүйл байхгүй. Зоригтсайхантай Драгон дээр таарахад Зоригтсайхан надад Шинэбаяр таныг гүтгэж байна. Шинэбаяр нь 2014 онд бид нартай хамт ногоон дээр байсан гэж хэлэхээр нь би тэгвэл наадахаа цагдаа дээр хэлээд өгчих гэж хэлсэн. Харин худал мэдүүлэг өгчих, адуу, мал, мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй. Тэгээд надтай хамт очоод байцаагч дээр болсон зүйлийг ярьсан байгаа. Мөн Очирсүрэн нь намайг яагаад гүтгэж байгааг мэдэхгүй байна. Энхбаяр, Түгждорж, Отгонбаатар нарын 3 тооны адуу гэдгийг мэдээгүй. Би Саруулбаярт шарга азаргаа зарсан мөнгөө авах зорилгоор Эмээлтэд Саруулбаярын ахын хашаанд буулгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар би Саруулбаяраас шарга азаргаа авч чадаагүй байгаа. 3 тооны адууг ачиж явахдаа Саруулбаяраас хэд хэдэн удаа хэний адуу юм бэ гэж асуухад Саруулбаяр миний адуу, дүү нь хулгай хийж хүн чирдэг хүн биш гэж хэлсэн. Тэгээд Саруулбаярын ачсан 3 тооны адуу нь Энхбаяр, Түгждорж, Отгонбаатар нарын адуу байсан гэдгийг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өглөө мэдсэн. Би Саруулбаяраас шарга азарганы мөнгөө авах гэж 3 тооны адууг ачсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас энэ 3 тооны адууны хохирол төлбөрийг төлнө” гэв.

Шүүгдэгч Р.Саруулбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Пүрэв гэдэг хүн ирээд намайг адуу туугаад өгөөч гэж хэлсэн. Тухайн өдөр нь би адуу засаж байсан. Өмнө нь би Пүрэвийг танихгүй, зүгээр морь уядаг хүн гэх сураг сонсож байсан. Шүүгдэгч Пүрэв, Нацагдорж хоёр нь энэ 3 тооны адууг барьж авах гээд бугуйлдаад алдсан байсан. Тэгээд намайг бариад өг гэж гуйхаар нь 3 тооны адууг барьж өгсөн. Шүүгдэгч Пүрэв нь надад шарга азарга өгсөн гээд яриад байна. Энэ шарга азарга нь надад байхгүй. Шарга азарганы мөнгө гэж хэлээгүй. Харин Пүрэв нь надаар адуугаа туулгана гэхээр нь хамт явсан. 3 тооны адууг хулгайн адуу гэж бодоогүй” гэв.

Шүүгдэгч Ц.Нацагдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Пүрэв ах намайг Төв аймгийн Баянжаргаланд туранхай адуу, унага байгаа, машинаараа ачаад өг гэж манай гэрт ирж надад хэлсэн. Тэгээд машиндаа бензин хийгээд явах гэж байхдаа Ч.Пүрэв ах “Зөөхий” орж нэг залуу авч адуу хөөлгөх гэж байгаа...Саруулбаярт шарга азарга зарсан гэж хэлсэн. Тэгээд Саруулбаяр 3 тооны адуу ачуулсан. Эмээлтэд ирээд Саруулбаяр манай ахын хашаа байгаа юм гээд нэг хашаанд 3 тооны адуугаа буулгаад үлдсэн...би хот руу явсан. Тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй” гэв.

Шүүгдэгч Г.Зоригтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу орж ирээд Пүрэв ахтай уулзсан. Гэтэл Пүрэв ах надад Шинэбаяр гэдэг найз чинь ахыг нь гүтгээд байна гэж хэлэхээр нь би Шинэбаярыг худал ярьсан байна, 2014 онд Шинэбаяр Жаргалантад байсан гэж бодоод цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл 2015 онд Шинэбаяр Жаргалантад байсныг 2014 онд байсан гэж оноо андуурч мэдүүлэг өгсөн байсан” гэв.

Шүүгдэгч Ч.Энхтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад Зоригтсайхан намайг Драгон дээр дуудсан. Тэгээд Драгон дээр ирж Зоригтсайхантай уулзахад намайг Пүрэв ахтай уулзуулсан. Би багаасаа Пүрэв ахын морь унадаг байсан. Тэгээд Пүрэв ах надад хэлэхдээ Шинэбаяр гэдэг найз чинь намайг 2014 онд морь хулгайлсан гээд гүтгээд байна. 2014 онд та нар Жаргалант суманд ногоо хураагаад явж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлж чадахгүй, үгүй гэж хэлж чадахгүй эргэлзээд байсан. Гэтэл Пүрэв ах 2014 оны намар ногоо хурааж байсан гээд хэлчих, ах нь чамд өгөх ёстой адуу малаа өгнө гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь дахин очих шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газарт очиж худал мэдүүлэг өгсөн гэдгээ мэдсэн. Шинэбаяр нь 2014 онд Жаргалантад ногоо хураагаагүй, харин 2015 онд Жаргалантад ногоо хураасан байсан” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

I. Хохирогч Д.Очирсүрэнгийн гурван тооны адуу хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар

1. Хохирогч Д.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтад;

- 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд малаа маллуулж байсан юм. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай...ажилтан Жаргалсайхан над руу утсаар залгаад “2014 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам “Их булагт” гэх газар бэлчээрт байсан манай 200 гаруй адуунаас 3 тооны адуу алдагдсан” талаар хэлсэн. ...Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай 3 адуу гурвуулаа хурдан удмын уядаг морьд байсан.

Би бор морио 2012 оны хавар тухайн үеийн ханшаар 13.200.000 төгрөгөөр Төв аймгаас худалдаж авсан. Будеон үүлдрийн Орос угшлын 10 настай адуу байсан. Миний бор морь их том гоёмсог биетэй, зөв талын гуяндаа галтай давхар саран тамгатай, 2009-2011 онд Буриад Улсын их наадамд 3 жил дараалан түрүүлсэн амжилт гаргаж байсан. Би 2 жилийн хугацаанд нутагшуулж цаг агаарын байдалдаа дасан зохицуулсан байсан болохоор 20.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Халзан морь бол миний унаган морь, одоо 8 настай, зөв талын гуяндаа түлэнхий давхар саран тамгатай, доод талдаа галтай давхар саран тамгатай. Халзан морь дааган насандаа Төв аймгийн 3 суманд түрүүлж айрагдсан. Шүдлэн насандаа улсын наадамд 11 дүгээр байр, соёолон насандаа улсад 28 дугаар байр, 2012 онд Булган аймгийн наадамд 2 дугаар байр, Төв аймгийн хаврын бүсийн наадамд 3 дугаар байранд орсон зэрэг амжилтууд гаргаж байсан. Би халзан морио 10.000.000 төгрөгөөр үнэлнэ.

Хээр халтар морь бол Сүхбаатар аймгийн угшлын адуу байгаа юм. Би 2010 онд хязаалан үрээ байхад нь 7.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 7 настай адуу байгаа юм. Сүхбаатар аймагт 6 удаа уралдахдаа айрагдсан, би худалдаж авснаас хойш суманд 6 удаа айрагдаж Сэлэнгэ аймгийн улсын их байр наадамд 3 дугаар байранд орсон. Миний хээр халтар морь зөв талын гуяндаа давхар саран галтай тамгатай. Би хээр халтар морио худалдаж авсан үнээрээ буюу 7.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 20),

- 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...алддаг 3 адуу маань уяж сойдог адуунууд байсан. ...алдсанаасаа хойш сураг чимээ гаргаж явсаар манай 3 адууг ачаад явж байхыг харсан гэрч болох нэг залууг олсон. Тэр залуу ярихдаа миний 3 морийг Эмээлт орчимд аччихсан явж байхыг нь харсан байсан. Мөн манай уядаг бор морь, ногоон морь хоёрыг сайн танина. Манайхтай ойролцоо байдаг айлын хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22),

- 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Жаргалсайхан гэж манай грашийн механик залуу над руу 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр залгаад “урд шөнө адуун дотроосоо дээрх 3 адууг алдчихлаа” гэж хэлж байсан. Тэгэхэд манай адуунууд бэлчээртээ байсан ба бэлчээрээсээ алдсан гэсэн. Тэгэхээр адуу алдсан өдөр бол 2014 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө гарсан хэрэг болж таарч байгаа юм...Тэр үед манай адууг Ууганбаяр маллаж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185),

2. Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Очирсүрэн ахын том буурал морь, ногоон морь, хээр халзан морь буюу яг энэ алдсан 3 морийг нь 2014 оны зун наадмаар уяж байсан. ...Тэгээд намар буюу 2014 оны 9 дүгээр сарын дундуур адуучин нь гээд Ууганаа над руу залгаад 3 морь нь алга болчихлоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 188),

3. Гэрч А.Шинэбаярын мөрдөн байцаалтад;

- 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...2014 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би Улаанбаатар хотод ажлын анкет бөглөөд гэртээ байж байтал нэг өдөр ажлаас дуудаад ажилд авсан, ирж ажилдаа ор гэсэн. Тэгээд би 361-ийн гарамд байдаг гэрээсээ гараад хот орох гэсэн чинь манай хашааны урд нэг машин дугуйгаа янзлаад зогсож байсан. Тэгээд би тэр ахыг хот орох уу гэхэд Эмээлт орно гэхээр нь Эмээлтэд хот руу явах машин элбэг байх гэж бодоод би машинд нь суугаад Эмээлт орсон. Тэгээд Эмээлтэд очоод би тэр ахын машинаас арай буугаагүй явж байтал замын хажууд Пүрэв ах цэнхэр өнгийн Портер машин дээр 3 адуу аччихсан, өөрөө дотор нь сууж байсан. Тэгээд ямар 3 адуу байна гээд хартал манай гэрийн ойролцоо байдаг Очирсүрэн гэдэг хүний уядаг бор морь, ногоон морь хоёр нь байсан, нөгөө морь нь ямар морь байсныг би анзаараагүй. Би замын цаад талаас харсан ба тэр үед яг тэр дэлгүүрийн гэрэлд тод тусч байсан болохоор би сайн харсан. Тэр хоёр морь манай гэрийн ойролцоо байдаг, уяж уралдуулдаг болохоор нь таньсан. Би багадаа Жаргалант суманд хурдан морь унадаг байсан болохоор Пүрэв ахыг  мөн таньсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 27),

- 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “......орой 21-22 цагийн үед байсан ба би 361-ийн гарамд байдаг гэрээсээ гараад зам дагуу зогсож байгаад замын унаанд дайгдаад хот руу дөхсөн юм. Тэгээд 361-ийн гармаас яваад Хүй долоон худагийн зүүн талын замаар урагшаа эмээлт рүү явдаг замаар яваад "Халиун” нэртэй дэлгүүрийн урд талд зам дагуу зогсоод намайг буулгасан. Тэгээд би дахиад замын машин хүлээгээд зогсож байхад тэр дэлгүүрийн урд талын зам дагуу цэнхэр өнгийн портертэй Пүрэвээ ах зогсож байсан. Тэр портер машин өндөрлөгөөтэй тэвштэй машин байсан ба дээр нь гурван тооны адуу байсан. Би замын цаад талаас харсан ба тэр үед яг тэр дэлгүүрийн гэрэлд тод тусч байсан болохоор би сайн харсан. Ачаан дээр Очирсүрэн ахын бор морь наад талд нь...цаад талд нь хээр халзан морь, ногоон морь 2 нь байсан. Хамгийн цаана зогсож байгааг нь хээр халзан морь нь байна гэж харсан. Тэр машин нь Пүрэв ахын өөрийн унадаг байсан, би номерыг нь мэдэхгүй байна. Пүрэвээ ах өөрөө жолоочийн голд нь сууж байсан. Жолооч талын суудал дээр нь нэг хүн сууж байсан. Пүрэв ахын цаад талд нь бас нэг эрэгтэй хүн сууж байсан. Пүрэвээ ах машинтайгаа цаашаа буюу баруун тийшээ хараад зогсож байсан. Хот руу биш цаашаа харсан байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 190),

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 191-194),

5. Гэрч С.Баясгалан мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар ч байсан өвөл Шинэбаяраас гэрчээр байцаалт авч, байцаалт авсаны дараагаар мэдүүлэг шалгах ажиллагаа явуулсан. Би тухайн үед мэдүүлэг шалгах ажиллагаан дээр цагийг зөрүүлж тавьсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 177),

6.  Алдагдсан адууны хөрөнгийн үнэлгээний тайлан (3 хавтаст хэргийн 134-138),

 

II. Хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж, Б.Отгонбаатар нарын гурван тооны адуу хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар

1. Хохирогч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим манай төрсөн ах Энхбат над руу утсаар яриад “танай тамгатай 3 адуу хотод Эмээлтэд ирсэн юм шиг байна, чи хурдан хүрээд ир, би Эмээлт явлаа”...гэсэн. Манай ах Энхбатыг Эмээлтэд очиход Явуу гэх хүний мал нядалгааны газар манай 3 адууг алж төхөөрсөн байсан. Саруулбаяр гэх хүн нь тэнд манай 3 адууг өгч алуулсан гэсэн. Намайг шөнө 00 цагийн үед очиход манай ах Саруулбаяр гэх хүнийг барьсан байж байгаад алдсан байсан. Мал нядалгааны газар ажиллуулдаг Явуу гэх хүнээс “яагаад манай гурван адууг алчихваа” гэхэд Явуу...”Пүрэв гэж хүн бичиг нь араас ирж байгаа одоо алчих” гээд алуулсан гэсэн. Тэгээд Ч.Пүрэв, Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нар манай 3 адууг хулгайлсаныг мэдсэн. Пүрэвийг Таван шарын тэнд буудалд байгааг мэдээд очиход зугтаасан байсан. ...Манай адуунд Түгждорж, Отгонбаатар нарын уядаг морьд бэлчдэг байсан ба адуун сүрэг дотроос дандаа хурдан удмын буюу миний өөрийн эзэмшлийн 3 настай хүрэн үрээ, Түгждоржийн 4 настай соёолон халзан үрээ, Отгонбаатарын 5 настай хавчиг соёолон...алдагдсан байсан. ...Манай адуу Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг долоо худаг гэдэг газар бэлчдэг байсан боловч Ч.Пүрэв авахдаа Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газар луу тууж байгаад Гэнэндарамын гэрийн ойролцооноос барьсан юм билээ. Би адуугаа толгой, шийр, арьс, тамгаар таньж мэдсэн. ...Ч.Пүрэв, Р.Саруулбаяр хоёр миний адууг сайн таньж мэддэг хүмүүс...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 158-160),

2. Хохирогч Д.Түгждоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны орой манай танил ах Энхбаяр 88248471 гэсэн дугаараас залгаад морио алдчихсан, хэдэн хүмүүс тууж явна гэсэн сураг гарсан гэж хэлсэн ба тэр дунд нь миний хүрэн халзан ногоон соёолон морь байгаа гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө Энхбаяр ах нөгөө адуу хулгайлсан хүмүүсийг араас нь сураглаад явж байна гээд намайг Төв шуудангийн хажуу талд дуудсан. Би очоод нөгөө хүмүүсийг авч яваад Эмээлтийн малын зах руу очиход манай алдсан адуунуудыг алаад махыг нь авч явахад бэлдсэн байсан. Энхбаяр ах бол миний адууг харж, морийг уядаг байсан. Тухайн үед миний өөрийн хурдан удмын хүрэн халзан морь, Энхбаяр ахын хүрэн хязаалан үрээ, Отгонбаатар ахын хээр соёолон нарыг шулаад мах болгосон, хажуу нь арьс болон толгойг нь тавьсан байсан. Би адууныхаа арьс, толгойг, тамгыг хараад шууд таньсан. Тэнд Энхбаяр ах, 2 найзтайгаа байсан бөгөөд Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нар баригдаад, Саруулбаяр зугтаачихсан байсан. ...Хүрэн халзан соёолон адууг 2014 онд Булган аймгийн Рашаант сумаас танил ах аймгийн алдарт уяач Отгонбаяр гэдэг хүнээс 13.000.000 төгрөгөөр бэлнээр авч байсан...авсан үнээрээ үнэлнэ. Би уг гурван хүнд маш их гомдолтой байна. Ч.Пүрэв нь миний хурдан удмын адууг хөлгүй гэж хэлсээр байгаад алуулсанд гомдолтой байна....Нацагдорж худлаа хэлж шүүх хурал болохоос өмнө миний хохирлыг барагдуулна гэж хэлсээр байгаад алга болсон...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 150-151),

3. Хохирогч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2009 оны 10 дугаар сараас эхлэн Төв аймгийн Жаргалант сумын нутагт өөрийнхөө малыг байршуулсан ба миний малыг Энхбаяр, Ариунзориг нар малладаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Энхбаяр над руу утсаар залгаад “манай 3 тооны адууг Ч.Пүрэв хулгайлаад Эмээлтэд махлаад зарсан байна. Харин Ч.Пүрэв цагдаад мэдэгдэх хэрэггүй, өөрөө тохиролцоё гээд байна” гэхээр нь би түүнд хандан “Ч.Пүрэвийг надтай яриулах хэрэгтэй байна” гэхэд Ч.Пүрэв над руу залгаад “Цагдаад мэдэгдээд хэрэггүй, хоорондоо тохиролцоод хохирлыг чинь барагдуулья” гэхэд би түүнд хандан “миний 2014 онд алдсан Оонон хээрийг хааш нь гаргасан талаараа хэлчих, тэгвэл тохиролцож болох юм” гэхэд Пүүвээ утсаа салгасан.

Тэгээд би Ч.Пүрэв болон түүнтэй хамт адууны хулгай хийсэн хүмүүс Төв аймгийн цагдаад шалгагдаж байгаа талаар мэдсэн. Миний алдсан адуу бол нум суман тамгатай, Оонон хээр гэх хурдан удамтай адууны дүү нь байгаа юм. Тус хээр морь нь сум болон бусад жижиг наадамд айрагдаж, түрүүлж байсан. Миний хээр морь Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газраас Энхбаяр, Түгждорж нарын 2 тооны адууны хамт алдагдсан. Би өөрийн алдагдсан хээр зүсмийн морио 30.000.000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл тус хээр морь хурдан удамтай морь байгаа юм. Би гомдолтой байна. Хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97-98),

4. Гэрч Г.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын эхээр Ч.Пүрэв, Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарыг хэрэгт холбогдохоос урьд өдөр нь би Саруулбаяраас айлын адуунд байгаа 3 байдасыг авчирч өгөөч гэж гуйтал тэрээр тэгье тэгье гээд явсан ба тэр өдөр би гэртээ малаа хараад байж байтал өдөр нь Ч.Пүрэв манай 3 адууг ачаад...цэнхэр өнгийн портер машинтай машиныг Нацагдорж барьчихсан ирсэн. Ирэхдээ машин дээрээ дөрвөн тооны адуу ачиж ирэхээр нь Ч.Пүрэвээс та яаж мэдээд манай гурван адууг авчирч байгаа юм бэ гэсэн чинь Саруулбаяр надад хэлсэн юмаа, одоо өөрөө араас ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд ачиж ирсэн бүх адуугаа буулгачихаад Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нар яваад өгсөн. ...Тэгээд 23 цаг өнгөрч байхад Саруулбаяр манайд морьтой ганцаараа хүрч ирээд...Ч.Пүрэв ах намайг урагшаа Баянцагаан руу адуунд яваад өгөөч гэж гуйгаад байна, би явлаа гэж хэлээд унаж байсан морио үлдээгээд эмээл хазаар аваад явсан ба манай гэрээс гарах гэж байхад үүдэнд бас нэг машин ирсэн ба энэ юун машин юм бэ гэсэн чинь Ч.Пүрэв ах машинтайгаа явж байгаа юмаа, би явлаа, морийг чинь гадна уялаа шүү гээд л явсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185-187),

5. Гэрч М.Явуухүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Дэнжийн 1000-ын зах дээр явж байтал өглөөний 08 цагийн үед Р.Саруулбаяр над руу утасдаад “танай мал нядалгааны газар 3 адуу аваад ирлээ...та хаана байгаа юм бэ” гэхэд нь би түүнд “Би одоо очлоо, байж байгаарай. Адууны чинь гарал үүслийн гэрчилгээ байгаа юу” гэхэд “Ачиж явсан машинтай нь цуг хот руу явуулсан байгаа, одоо ирнэ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 12 цагийн орчим Эмээлтэд очиход Саруулбаяр ганцаараа байж байсан ба авчирсан гэх 3 тооны адууг нь үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон, нум суман тамгатай хээр, нум суман тамгатай хүрэн хязаалан адуунууд байсан. Намайг үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон адуу нь хурдан угшлын шинжтэй байхаар нь тусад нь үнээр авья гээд Саруулбаяраас биечлэн гуйхад та Ч.Пүрэв ахаас асуу гээд өөрийнхөө утсаар тэр хүнтэй яриулахад тэрээр надад “Наад адуу чинь бүдэрч унадаг урд хоёр хөлгүй адуу. Наад чинь махны адуу хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би уг адууг авахаа болиод гарал үүслийн гэрчилгээг нь хүлээгээд байж байхад Саруулбаяр надад дахин утсаа авчирч өгөөд Ч.Пүрэв гэх хүнтэй яриулсан. Ч.Пүрэв нь надад хэлэхдээ “3 адууны гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр ирж байна. Та наад 3 тооны адуугаа нядалгаанд оруулж бай. Санаа зоволтгүй, бичиг нь ирж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд тус 3 тооны адууг нядалгаанд оруулж байхад манай найз Отгонтөгс гэх залуу ирэхэд нь би түүнд хандан “танай Жаргалант сумаас гарал үүсэлгүй 3 тооны адуу ирж байна. Гэхдээ араас нь гарал үүсэл нь ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Отгонтөгс гэх залуу 3 тооны адууны тамгыг хараад өөрийн найз Энхбат гэх залуу руу энэ талаар утсаар миний хажууд ярьсан. ...шөнө гэртээ байж байхад манай манаач Энхээ над руу залгаад “нөгөө 3 адуу чинь хулгайн адуу байна. Энд эзэн нь ирээд бөөн юм болж байна” гэсэн. Тэгэхээр нь би Ч.Пүрэв гэх хүний лүү яриад...“3 тооны адуу чинь хулгайн адуу байна. Ирж учраа ол” гэж хэлээд мал нядалгааны газар дээрээ ирэхэд адууны эзэн нь гэх Энхбат гэх залуу танихгүй 1 залуутай ирсэн байсан. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай мал нядалгааны газар...Энхбаяр, Энхбат нар өөр танихгүй 3-4 хүнтэй,...Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нартай ирсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 106-107),

6. Гэрч М.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн...13 цагийн орчим хороололд явж байхад Отгонтөгс над руу залгаад “Эмээлтэд гарал үүсэлгүй 3 тооны адуу ирсэн байна, энэ 3 тооны адууг надад аваад өгөөч” гэхээр нь би түүнээс “хэний адуу юм бэ” гэхэд тэрээр “Ч.Пүрэвийн адуу гэж байна” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад цаг орчмын дараа дахин над руу Отгонтөгс утасдаад “Яасан бэ та” гэхэд нь би түүнд хандан “Би Ч.Пүрэвтэй холбоо бариад чам руу утсаар мэдэгдье” гэж хэлээд утсаа салгаад Ч.Пүрэвтэй утсаар яриад хаана байгаа талаар асууж тодруулахад тэрээр Таван шард “Сэнтий” гээд буудалд байна гэхээр нь би Бук гэх залуутай оройн 19-20 цагийн орчим очиход Ч.Пүрэв, Ц.Нацагдорж хоёр байж байсан. Тэгээд би мэнд ус мэдэлцээд тус буудалд усанд ороод Бук гэх залуу болон Пүрэвийн хамт гадагшаа гараад Букаас холдоод түүнээс 3 адууны талаар асуухад тэр надад хэлэхдээ “нэг бацааны 3 тооны адуу байгаа юм. Ах нь махны ченж гэсэн, ах нь авах байх” гэхээр нь за за” гэж хэлээд би Буктай яваад өгсөн. Тэгээд би Букын гэрт нь ирээд сууж байхад Отгонтөгс над руу дахин утасдаад надаас юу болж байгаа талаар асуухад би түүнд хандан яг ямар учиртай 3 тооны адуу ирсэн байгаа талаар асууж тодруулахад тэрээр хээр үрээ, халзан үрээ, хүрэн үрээ байна гэж хэлэхээр нь би түүнээс хүрэн үрээ нь гонжгор үрээ байна уу гэхэд тийм гэсэн ба ямар тамгатай байна гэхэд нуман тамгатай байна гэсэн...тэгэхээр нь би Буктай шууд Эмээлтэд Явуу гэх хүний мал нядалгааны газар очиход манай дүү Энхбаярын эзэмшлийн нум суман тамгатай хүрэн хязааланг Түгждорж, Отгонбаатар гэх хүмүүсийн 2 тооны адуутай нядалсан байсан. Тэгээд би Саруулбаяраас...чи энэ адууг яагаад нядалж байгаа юм бэ гэхэд тэрээр "Би ямар ч хамаагүй, наад 3 тооны адууг чинь Пүрэв ах мэдэж байгаа. Надад наад 3 тооны адууг нядлаад зардал хийгээд адуу руугаа явна гэж хэлсэн”...Тэгэхээр нь би Жаргалант сумаас өөрийн төрсөн дүү Энхбаярыг адуучин Батлаагийн хамт дуудахад тэр хоёр шөнө 23 цагийн орчим ирээд Пүрэв рүү рүү залгахад тэр цайз 16-д явж байна гэсэн. ...Эмээлтэд очоод нядлагдсан 3 тооны адууны толгой шийр, арьс мах, гэдсийг үзүүлээд чи манай дүү Энхбаярын адууг танихгүй байгаа юм уу гэхэд Пүрэв “Би танай дүүгийн адууны тамгыг мэдэхгүй юм байна. Би ч хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг бүгд сонссон.

Тэгээд бид нар Пүрэв, Нацагдорж нарыг цагдаад хүлээлгэж өгсөн. Ч.Пүрэв манай дүү Энхбаярын нум суман тамгатай хүрэн хязааланг сайн мэднэ. Энхбаярын адуу Ч.Пүрэвийн адуутай хамт өвөлжсөн бөгөөд үүнийг Пүрэв мэдэхгүй байна гэж байхгүй. Тэдний адууг Батхишиг харж өвөлжсөн.

Энхбаяр машинд явж байхад “Пүрэв ахаа та яах гэж миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Пүрэв “тийм, тэгсэн юм” гэж хэлснийг би болон Дашдаваа сонссон. Мөн Эмээлтэд очоод “Би хулгай хийх болоогүй юм байна даа” гээд өөрийгөө зүхээд байсныг бид бүгд сонссон” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101-102),

7. Гэрч Ж.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 9-10 цагийн орчим Пүрэв гэх хүнтэй Төв шуудангийн урд уулзаад би Энхбаярын машиныг жолоодоод жолоочийн хажуу талын суудалд Энхбат, арын суудалд Энхбаяр, Пүрэв гэх хүнтэй суугаад, ...Бук өөрийн машиндаа Пүрэвтэй хамт явж байсан гэх Нацагдорж, Батхишиг нарыг суулгаад явсан. Явах замд Энхбаяр “Та ямар учраас миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Ч.Пүрэв “тиймээ, тэгсэн юм” гээд байсан ба...тэнд очоод нядлагдсан 3 тооны адууг үзээд байж байхад Ч.Пүрэв “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 103),

8. Гэрч А.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг хүмүүс Батлаа гэж дууддаг... Төв аймгийн Жаргалант сумын төвд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны шөнийн 22 цагийн орчим Энхбаярын гэрт нь байж байхад түүний төрсөн ах Энхбат залгаад “энд нум суман тамгатай бичиггүй адуу ороод ирсэн байна. Чи хүрээд ир” гэсэн ба Энхбаяр бид 2 шууд Жаргалант сумаас Эмээлт рүү явсан юм. ... Эмээлтэд очоод нядлагдсан 3 тооны адууг үзэхэд Ч.Пүрэв “Би хулгай хийх болоогүй юм байна даа. Түүхийгээрээ байгаа юм байна даа" гэж хэлж байсан. ...Ч.Пүрэв өөрийн адуугаа Энхбаярын адуутай...Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Долоон худаг гэх газар байлгадаг. Би адуунуудыг нь энэ өвөл харсан. Тиймээс Пүрэв Энхбаярын адуунуудыг сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104-105),

9. Гэрч Т.Ариунзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Пүрэв 3 тооны адууг Энхбаярынд маллаж байгааг сайн мэднэ. Яагаад гэвэл Пүрэв, Энхбаяр нар нэг газар өвөлждөг” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111),

10. Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сард санагдаж байна. Яг өдрийг нь санахгүй байна, ажил дээрээ байж байхад 2 жижиг суудлын машин орж ирсэн. Тэд нарын нэг машинаас нь нэг бүдүүн залуу гарч ирээд...Пүрэвийг машинаасаа буулгаж ирсэн. Тэр үед Явуу Пүрэвт хандан “чи гарал үүслийн бичигтэй араас ирж байгаа, алж бай, баараггүй гэж хэлээд байсан яасан бэ? чи тэгэж хэлээ биз дээ” гэж загнасан. Харин тэгэхэд Пүрэв “тиймээ би хэлсэн” гэж хэлсэн. ...Гурван тооны адуу шөнө бойнд орсон байсан. Өглөө ажилдаа ирэхэд бараан зүсмийн 3 адууны толгой, арьс, мах нь байсан. ...Ч.Пүрэв адууны эзэн бололтой хоёрт зодуулсаныхаа дараа “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг нь сонссон” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 108-109),

11. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би уг тээврийн хэрэгслийг анх 2011 онд Улаанбаатар хотын Шар хадны техникийн захаас шинээр нь 4.800.000 төгрөгөөр худалдан авсан, тэрнээс хойш миний нэр дээр бүртгэлтэй байгаа. ...Би өөрийн тээврийн хэрэгслээ 2013 оны 6 сард Цэвэлцэгмидийг Төв аймгийн алдарт уяач болоход нь ...албан ёсоор...бэлэглэж гардуулж өгсөн. Одоо уг тээврийн хэрэгсэл нь түүний хүү Нацагдоржийх болж байгаа учир нь миний уяач Цэвэлцэгмид нь 2015 онд өвчнөөр нас барсан. Одоо миний адуу малыг Цэвэлцэгмидийн хүү Нацагдорж нь харж морь уяж уралдуулж байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 144),

12.  Алдагдсан адууны хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэргийн 180-200),

13.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 79-81),

14. Тээврийн хэрэгслийн лавлагаа (3 хавтаст хэргийн 131, 132),

15. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл (3 хавтаст хэргийн 145-147),

16. Битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 136),

17. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (1 хавтаст хэргийн 61),

 

III. Гэрч нь худал мэдүүлэх, шүүгдэгч нь гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийн талаар

1. Хохирогч Д.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...шүүхээс хэрэг буцсаны дараа Ч.Пүрэв гурван хүүхдийг дуудаад цалин болон хүний нэг нэг адуу өгье гэж хэлээд хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн ба энэ талаар Шинэбаяр надад 2017 оны 5 дугаар сарын эхээр өөрийн утас болох 8812...дугаараас залгаад хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 191),

2. Гэрч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Шинэбаяр...2014 оны 4 дүгээр сарын үед Жаргалантаас хот руу 361-р гарамын тэнд Мөнхөө гэж хүний морийг уяхаар хот орсон ба тэр жилдээ Шинэбаяр Мөнхөөгийн адуу малыг уяж өнгөрөөсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 192),

3. Гэрч С.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...саяхан манай нутгийн Пүрэв гэж залуу манай хүүхдийг дуудаж уулзаад цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгүүлсэн юм шиг байна. Энэ талаар ...манай нутгийн Очирсүрэн гэж малчин надад хэлсэн. Очирсүрэн хэлэхдээ танай хүү болон Улаанаа гээд хүүхдүүдэд юм өгнө гэх мэтийн зүйл ярьж байгаад цагдаад худлаа мэдүүлэг өгүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хүүгээсээ асуухаар хайсан боловч олдохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө Улаанаа буюу Энхтогтох гэдэг найзыг нь олж уулзаад “Пүрэв гэж хүн та нартай уулзсан уу?” гээд асуусан чинь Энхтогтох “Пүрэв бид хоёрыг (Энхтогтох, Зоригтсайхан) Драгон дээр дуудаж уулзаад, цагдаад ороод мэдүүлэг өгчих, та нарт ямар ч асуудал байхгүй, та нар Шинэбаярыг 2014 оны 9 дүгээр сард Жаргалантад байсан гээд хэлчих, хууль тайлбарлаж өгөхөөр нь мэдүүлэг өгнө гэж зөвшөөрөөрэй. Ах нь та нарт урьд нь амлаж байсан адуу малнаасаа өгье, мөн цалин мөнгийг чинь өгье гэж байгаад мэдүүлэг өгүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 208),

4. Гэрч П.Оюун мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Энхтогтох ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байгаа. Надад өөрөө хэлсэн бөгөөд хүн гуйгаад байхаар нь тэр хүний хэлж өгснөөр нь мэдүүлэг өгчихсөн юм шиг байна лээ. Тэр хүн нь өмнө нь өгнө гэж байсан адуу малыг чинь өгье гэж худлаа хэлж байгаад мэдүүлэг өгүүлчихсэн юм. Энхтогтох надад бүх зүйлээ хэлсэн бөгөөд нэг хүүхдийг л хөдөө хамт байсан талаар хэлүүлсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 209).

 

IV. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд

1. Ч.Пүрэв

- 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтэнээр өгсөн: “...Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж гэх хүмүүсийг манай нутгийн залуучууд гэдэг утгаар нь танина. ...Би Төв аймгийн Жаргалант сумын Бөөр гэх нэртэй газар 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Саруулбаяртай уулзсан юм. Саруулбаяр надаас урьд өмнө 2.000.000 төгрөгөөр эрлийз шар азарга авч байсан. Тэрээр тухайн үед надад хэлэхдээ 2 тооны адуу зараад 800.000 төгрөг өгье, үлдэгдэл 1.200.000 төгрөгийг дараа нь өгье гэсэн юм. Би Саруулбаяртай түүний ах Чулууны гэрт уулзсан ба тэрээр надад “гадаа байгаа 4 тооны адууг адуундаа тавиад адуунаасаа зарах 2 тооны адуугаа аваад явъя” гэсэн. Тэгэхээр нь би түүнд “чи энэ 4 тооны адуугаа хөтлөөд мөд адуун дээрээ очихгүй болохоор би ачаад явъя” гээд Нацагдоржийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад тус 4 тооны адууг Гэндэндарам гэх айлд түүний хүү Шонхоод Нацагдорж бид хоёр Саруулбаярын хэлснээр аваачиж өгсөн. Тэгээд би цаашаа Салхитын бригад орж...даагатай гүү 3.000.000 төгрөгөөр худалдаж авч ачаад буцаад Гэндэндарамынд очих гээд явж байхад Саруулбаяртай замд тааралдсан. Тэгэхэд Саруулбаяр миний 2 тооны адууг бэлэн байна, одоо бариад авъя гэсэн ба Гэндэндарам гэх айлын урд байдаг хээрээс хээр болон хүрэн зүсмийн 2 тооны адууг бариад Нацагдоржийн автомашинд ачаад байж байхад Саруулбаяр эмээлтэй морио алдахад морь нь адуу руугаа давхисан. Тэгээд Гэндэндарам гэх айл руу очоод шарга морийг нь Саруулбаяр барьж унаад нөгөө эмээлтэй морио барьж аваад Саруулбаяр энэ морийг авъя багтах уу, энэ морийг зараад бас хэдэн төгрөг олох хэрэгтэй байна гэхээр нь би түүний морь юм байна гэж бодсон учраас зөвшөөрөөд тус морийг ачаад Саруулбаяр, Нацагдорж бид гурав Жаргалант сумын төв рүү явсан. Саруулбаярын унаж явсан гэх машинд ачдаг эмээлтэй морь нь хүрэн морь байсан. Жаргалант сумын төв ороход шөнийн 00 цаг орчим болж байсан болохоор гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй ба манай гэрт очоод би хоолоо идээд тэндээсээ манай адууны хашаа руу очоод тэнд даагатай гүүгээ буулгаад Саруулбаяр, Нацагдорж бид гурав хээрээс барьсан хүрэн болон хээр зүсмийн 2 тооны адуу, Саруулбаярын унаж явсан хүрэн зүсмийн 1 тооны адуу нийт 3 тооны адууг Нацагдоржийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад шууд Эмээлт рүү шөнө хөдлөөд Эмээлтэд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цаг болж байхад очсон. Саруулбаяр тэнд очоод Явуу гэх таньдаг ченж ахтайгаа яриад 3 тооны адуу авчирлаа гэхэд Явуу нь зах дээр мах өгч байна гэхээр нь тэндээ тус 3 тооны адуугаа Явуугийн хашаанд нэг манаач залууд хүлээлгэн өгөөд бид гурав хот руу явсан. Тухайн үед Мягмар гариг байсан бөгөөд бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл 2-н тоогоор төгсөж байсан болохоор хотын төв орж чадаагүй Таван шар дээр Саруулбаяр нь Явуу гэх хүнтэйгээ утсаар яриад тэрээр Явуу ахтай уулзаад буцаад явахаар боллоо гээд машинаас буугаад яваад өгсөн. Харин Нацагдорж бид хоёр “Сэнтий” гэх нэртэй буудалд ороод байж байхад манай найз Энхбат, Бук гэдэг хүнтэй ирээд бид нар тэндээ өдөржингөө хамт байсан. Би тэр хоёрт Саруулбаяр 3 тооны адуу авчирч байгаа, тэрийг Саруулбаяр зараад надад 800.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд оройн 20 цагийн орчим Саруулбаяр над руу утасдаад “Энэ ах бичиггүй мал авахгүй гээд байна. Та энэ ахтай яриад өгөөч” гэхээр нь би Явуу гэх хүнтэй ярихад тэрээр “энэ адуунууд чинь бичиггүй юм байна, халзан үрээгээ надаа өгчих, хөлгүй үрээ байна” гэхээр нь би түүнд хандан “Би мэдэхгүй байна. Наадах чинь Саруулбаярын адуунууд байгаа юм. Та нар өөрсдөө учраа ол” гэсэн. Тэгээд удалгүй Явуу нь Саруулбаярын утсаар дахин яриад энэ 3 тооны адууныхаа махыг надад өгчих, Саруулбаяр өөр хүнд зарна гээд байна гэхээр нь би мэдэхгүй байна, наад хүнтэйгээ өөртэй нь ярь гэсэн. ...Би тус 3 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлсан асуудал байхгүй. Тус 3 тооны адууг Саруулбаяр л хулгайлсан байгаа. Хулгайн адуу гэдэг талаар мэдээгүй. ...Нацагдорж мэдээгүй ба түүнд би хөлс мөнгө өгье, адаа ачаад өгчих гээд түүнийг авч явж байсан юм. Хээр болон хүрэн зүсмийн адуунууд нь нуман тамгатай байсан ба нөгөө хүрэн зүсмийн адууны тамга нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг,

- 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Би Саруулбаяртай 2016 оны 3 дугаар сарын 20-ны орчим Төв аймгийн Жаргалант сумын төвд танилцаж байсан ба Саруулбаяр надаас эрлийз шарга азарга 2 000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би Саруулбаярын байдаг Чулуун гэх айлд очиход тэнд Саруулбаяр найзууд нь гэх 3 залуугийн хамт Чулууны гэрийн гадаа адуу хашаад байж байхаар нь би түүнээс “Чи надаас авсан эрлийз шарга азарганы мөнгөө хэзээ өгөх гэж байна” гэхэд Саруулбаяр “Би танд 2 адуу борлуулаад 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг нь түрүүлээд урьдчилгаа болгоод өгч байя” гэсэн. Хаанаас би адуугаа авах талаар асууж тодруулахад тэрээр Гэндэндарам гэх айлаас адуугаа авна, 4 тооны адуу тэдний гэрт нь тууж өгнө гэхээр нь би Нацагдоржийн хамт явж байсан болохоор түүний тээврийн хэрэгслээр 4 тооны адууг нь ачаад Гэндэндарамын гэрт нь очиж түүний хүү Шонхоод хүлээлгэн өгсөн. Тэгэхэд Гэндэндарам өөрөө байгаагүй юм. Би цаашаа Түвшинтөр гэх хүнээс Салхитын бригад орж даагатай гүүг нь 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр авсан ба тус гүү, даага хоёроо Нацагдоржийн тээврийн хэрэгсэлд ачаад буцаад Гэндэндарам гэх айлд очиход Саруулбаяр хүрэн морьтой давхиж явсан. Би түүнээс адуу чинь бэлэн үү гэхэд тэрээр адуу бэлэн гээд 2 тооны адуу Гэндэндарамын дэрснээс барьсан байгаа. Тэгээд тус хээр, хүрэн 2 тооны адуугаа барьж ачаад байж байхад Саруулбаяр өөрийн унаж явсан эмээлтэй морио алдаад Гэндэндарамын гэрээс шарга морь унаад тус хүрэн адууг хөөж бариад тус адууг мөн надад мөнгөний хэрэг байна. Үүнийг ачиж болох уу гэхэд нь би машинд багтах уу гээд Нацагдоржоос асуухад тэрээр “Таны даагатай гүү замдаа буух юм чинь ачихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би 3 тооны адуу, 1 даагатай гүү нийтдээ 5 тооны здуу ачаад сумын төв шөнийн 00-01 цагийн орчим ороод гэртээ орж хоол цай ууж, дээл хувцасаа аваад даагатай гүүгээ төвөөс 6 км зайд байрлах өөрийн адууны хашаан дээр очиж буулгаад тэндээсээ Саруулбаяр, Нацагдорж нарын хамт Нацагдоржийн эзэмшлийн пронтер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй Эмээлт зах руу явсан. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цаг болж байхад Эмээлт зах дээр очиход Саруулбаяр Явуу гэх ахтайгаа яриад тус 3 тооны адууг тэнд буулгаад манаачид нь хүлээлгэн өгсөн. Тэгээд бид 3 Улаанбаатар хот руу ороод Таван шарын тэнд очиход Саруулбаяр Явуу гэх ахтайгаа яриад буцаад адуугаа борлуулна гээд Эмээлт рүү буцсан ба би Нацагдоржтой “Таван шар”-д байрлах Сэнтий гэх буудалд орсон. Намайг буудалд байхад Энхбат, Бук нар ирээд явсан ба Энхбатад хандан би “Саруулбаяр 3 тооны адуутай явж байгаа. Надад 300.000 төгрөг өгнө. Эмээлтэд байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...Би Очирсүрэн гэх хүнийг танина, краны Очироо гэдгээр нь мэднэ. 2008 оны хавар надаас зээрд халзан даагтай алаг гүү худалдаж авч байсан. ...Алдагдсан гэх эрлийз бор адуу байдаг, түүнийгээ уяад наадамд түрүүлгээд л байдаг юм...” гэх мэдүүлэг,

- 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Отгонбаатар, Энхбаяр нарыг танина. Энхбаяр нь манай нутагт өөрийн төрсөн ах Энхбатын адууг малладаг. Отгонбаатар Жаргалантад адуугаа авчирч уралдуулдаг адуунууд нь Жаргалантад байдаг... Би тэр гурван адууг харж байгаагүй. Хэний адуу гэдгийг нь мэдэхгүй, Саруулбаяр л миний адуу гээд байсан. Анх адуунуудыг Саруулбаяр бугуйлдаж бариад Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зөөхий гэдэг газар Гэнэндарам гэдэг айлын ойролцооноос ачсан. Би Саруулбаярыг 2015 оны зунаас мэднэ, манай нутагт сүүлд нүүж ирсэн...Би тэр гурван адуугаар замын зардал хийнэ гэж яриагүй Саруулбаяраас азарганыхаа өртгийг авах гэж л хамт явсан. Мөн би Эмээлтийн мал нядалгааны газар “Би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлж байгаагүй. ...Би Очирсүрэнгийн алдагдсан гурван тооны адууг мэдэхгүй одоо уяж байгаа хэдэн адууг нь л мэднэ...” гэх мэдүүлэг,

- 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Саруулбаяр надад мөнгө өгөх ёстой байсан юм. Надаас 3.000.000 төгрөгөөр азарга худалдаж авсан бөгөөд Саруулбаярыг би Чулуун гэдэг айлд байгаа гэж утсаар ярьж байгаад мэдсэн юм. Тэгээд тэр айлд очиход энэ байгаа 4 байдасаа аваачиж адуундаа нийлүүлчихээд буцаад тэндээсээ 2 адуу аваад эмээлтэд ах дээрээ авчирч өгч таны мөнгийг өгье гэхээр нь би одоо туугаад явбал өнөөдөр бүтэхгүй ээ. Би ачаад явья тэгээд цаашаагаа салхитын бригад орж даагатай гүүгээ аваад ирье, тэгэхэд таарна гэж хэлээд би явсан ба тэгээд би 4 байдасыг нь Гэнэндарамын гэрт буулгаад хүү Энхсайхан /Шонхоо/-д хүлээлгэж өгөөд цаашаа яваад адуугаа буцаад иртэл Саруулбаяр гэрийнхээ урд талд давхиж явсан. Тэгээд би очиж уулзаад 2 адуугаа барьсан уу бэлдсэн үү гэсэн чинь бэлэн энд байна гэж хэлээд Гэнэндарамын урд талын дэрснээс 2 адуу бугуйлдаж барьж аваад миний машин дээр ачиж байгаад эмээлтэй морио алдаад Гэнэндарамынд буцаж ороод шарга морийг нь унаад эмээлтэй морио барьж аваад энэ морь багтах уу гэсэн чинь манай жолооч Нацагдорж таны морь замд буух юм чинь чихээд аччих гээд тэр морио ачаад эмээл хазаараа машин дотор талд хийгээд шууд Жаргалант руу шууд хөдөлсөн. Тэгэхэд ойролцоогоор 22 цаг болж байсан. Тэгээд Жаргалант руу 50 гаран км явж байж ороод би гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн боловч айл нь унтсан байсан болохоор би гэрээрээ орж хувцасаа өмсөөд замаараа зүчээгээрээ ороод даагатай гүүгээ буулгаад хот руу явсан байгаа. Би тэр хүнийг огт танихгүй, тэр хүн Саруулбаярын ах нь юм билээ. Саруулбаяр утсаа өгөөд яриулсан ба Явуу нь надтай надад 3 морио жоохон яриад өгөөч ээ гэхээр нь би мэдэхгүй ээ, наадах чинь танай дүүгийн адуу гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад ахиад залгаад энэ халзан үрээнийх нь хөл нь жоохон тийм юмаа би хүүхэддээ уг морь авах гэсэн юм гэхээр нь би мэдэхгүй ээ, Саруулбаяртай наад асуудлаа ярь гэсэн бөгөөд чи яахав морь авах юм бол миний адуу ирэхээр үзэхгүй юу гэж хэлсэн, өөр юм яриагүй. ...Би Нацагдоржийн аавтай нь найзууд байсан бөгөөд аавыг нь Цэвэлцэгмэд гэдэг аймгийн алдарт уяач хүн байсан юм. Тэгээд аав нь 2015 онд өнгөрсөн ба тэрнээс хойш холбоотой байгаа. Заримдаа унаа тэрэггүй болохоор Нацагдоржийг гуйж машиныг нь хөлсөлж явдаг байсан юм. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. ...Би Очирсүрэн гэх хүнийг 2008 оны хавар анх танилцаж байсан. Тэр үед надаас даагатай гүү худалдаж авч байсан юм. Би Очирсүрэнгийн адуунуудыг танихгүй. Тэрнээс хойш бид 2 хэд хэдэн адууны наймаа хийж байсан...” гэх мэдүүлэг.

 

2. Шүүгдэгч Р.Саруулбаяр

- 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “Би Пүрэв гэх хүнтэй 2016 оны 3 дугаар сарын сүүлээр танилцаад түүнээс би түүнээс шарга азарга 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод тус адууг Гэндэндарам гэх айлд авчирсан юм. Би Гэндэндарамынд Эрдэнэ гэх ахын адуунуудыг 2016 оны 3 дугаар сарын 10-ны орчим авчирсан ба өөрөөр хэлбэл би Гэндэндарамынд Эрдэнэ ахын адууг хараад байж байсан юм. Би 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газар байж байтал Пүрэв пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн нэг танихгүй  залуугийн хамт ирсэн. Тухайн үед машиныг тэр танихгүй залуу жолоодоод, харин Пүрэв хажууд нь суугаад машины тэвшин дээр нэг даагатай гүү байсан. Тэгээд Пүрэв надад хэлэхдээ адуу отрын газраас туугаад өгөөч, шарга азаргыг чинь хөлсөнд чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Пүрэв болон танихгүй тэр залуугийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий газраас урагш 3-4 км газар яваад бөөгнөрсөн адуунууд дээр очоод Пүрэв машинаас буугаад намайг адуу бөөгнөрүүл гэхээр нь би бас машинаас бууж адуу явган бөөгнөрүүлж байхад Пүрэв бугуйл шидээд морь бугуйлдаад бугуйлдсан хүрэн мориндоо чирэгдээд, бугуйлтайгаа морио алдаад, намайг бариад өг гэхээр нь би түүний шаардлагаар хүрэн халзан морь, хээр морь, хүрэн морь нийт 3 тооны морь бариад тэвшин дээр ачсан ба нийт 4 тооны адуу, 1 тооны даага машиныхаа тэвшин дээр ачаад Жаргалант сумын төв рүү явсан. Шөнийн 00 цагийн орчим Жаргалант сумын төв ороод Пүрэв гэртээ орж гэрээсээ дээл, дурангаа авч гарч ирээд түүний адууны хашаан дээр очоод даагатай гүүгээ буулгаад тэндээсээ бид гурав тус 3 тооны адууг тэвшин дээр ачаад Эмээлт рүү явъя гэсэн. Пүрэв надад хэлэхдээ тус 3 тооны адууг нэг ченжид өгмөөр байна гэхээр нь би түүнд хандан Эмээлт зах дээр миний таньдаг Явуу гээд ах байгаа гэхэд Пүрэв тэр хүнд өгье гэсэн. Тэгээд Эмээлтийн мал нядалгааны газар 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө очоод Явуу ахын мал нядалгааны газар тус 3 тооны адууг буулгаад манаачид нь хүлээлгэж өгсөн бөгөөд бид Улаанбаатар хот руу явсан. Бид нар тэгээд Таван шарын нэг буудалд очоод байж байхад Пүрэв надад хандан хэлэхдээ “Явуу ах руу ярь” гэхэд нь би Явуу ахтай ярихад Явуу ах хүрээд ир гэсэн ба Явуу ах надаас хэний мал юм бэ гэхэд надтай хамт явж байгаа хүнийх гэхэд Явуу ах Пүрэвтэй ярьсан ба гарал үүслийн бичгиин талаар асуухад Пүрэв түүнд хандан гарал үүслийн гэрчилгээ одоо ирнэ гэсэн. Тэр үед Пүрэв надад унааны мөнгө өгөөд би Эмээлтэд таксидаад очиход Эмээлтэд Явуу болон түүний эхнэр манаач нь гэх нэг залуу байсан ба гарал үүслийн талаар асуугаад байхаар нь би Пүрэвтэй Явуу ахыг өөрийнхөө утсаар яриулахад гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр явж байгаа гэж хэлсэн. Оройн 17 цагийн орчим 3 тооны адууг нядалгаанд оруулсан ба Пүрэв утсаа салгасан, Улаанбаатар хот руу ороод таних хүн байхгүй байсан болохоор би тус Эмээлтэд хонох гэж байхад шөнийн 22 цагийн орчим малын эзэд нь хүрч ирсэн” гэх мэдүүлэг,

- 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Би тэр үед Гэнэндарам гуайнд адууг маллаж байдаг байсан ба Гэнэндарам гуай 2016 оны 02 дугаар сарын дундуур явсан юм. Би хэрэг болох өдрөөс урьд 1 сар гарангийн өмнөөс тэдний гэрт Энхсайхан болон жоохон 2 дүүтэй нь хамт байдаг байсан юм. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Энхсайхан намайг урьд айлын адуунд байгаа 3 байдасаа аваад хүрээд ир гэхээр нь би морио унаад нөгөө айлдаа очсон байхад Пүрэв, Нацагдорж хоёр портер машинтай тэр айлд ирсэн. Тэгээд Пүрэв би хүргээд өгөх үү гэхээр нь тэгье тэгье гээд 3 байдас, ахынхаа 1 цоохор азарганы хамт ачаад Гэнэндарамын гадна буулгаарай гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр 2 адуугаа ачаад түрүүлээд хөдөлсөн ба би араас морио унаад явсан. Тэгээд би орой 23 цаг өнгөрч байхад харих гээд явж байтал замд Пүрэв, Нацагдорж 2 буцаж ирсэн ба 1 унагатай гүү ачсан байсан намайг адуу туугаад өгөөч, хөлсөнд нь 1 азарга өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Гэндэндарам ахынд очоод унаж байсан морио тавиад эмээл, хазаараа аваад Энхсайханд Пүрэв ах намайг адуу туугаад өг гэнээ, би явлаа шүү гэж хэлээд явсан ба Пүрэв ах гэрийн гадна ирчихсэн байсан. Тэгээд би машинд нь суугаад Жаргалант сумын төв рүү явсан ба төв орох замд 30 гаран км зайд байсан 30-40 тооны адуун дээр зогсоод энд миний 3 адуу байгаа энийг бариад ачаад аваад явья гэж хэлсэн. Тэгээд Пүрэв ах эхлээд өөрөө буугаад захад 1 адуу руу бугуйл шидсэн. Тэгээд бугуйлаа эргүүлээд алдчихсан ба намайг бариад өгөөч гэхээр нь би барьж өгөөд Пүрэв хазаар гаргаж ирээд оосорлож авсан. Тэгээд надад дахиад нэг халзан морь, хээр морь хоёрыг зааж өгөөд энэ хоёрыг барьж авмаар байна гэхээр нь өөрийнхөө авч явсан эмээлийг гаргаж ирээд эмээллээд Нацагдорж морь унаад адуу эргүүлж ирэхээр нь би Пүрэвийн зааж өгсөн 2 морийг бугуйлдаж барьж өгсөн. Тэгээд барьсан моринуудаа машин дээрээ ачаад Жаргалтын төв рүү ороод Пүрэвийн гэрийн гадна очсон. Пүрэв гэртээ ороод 30-40 минут болж байгаад дээлээ бариад гарч ирсэн ба Пүрэв, Нацагдорж хоёр малын бичиг авна, авахгүй гэж хэсэг маргалдаж байгаад авахгүй явсан. Тэгээд Пүрэв өөрийнхөө адууны зүчээн дээр очоод эхний ачсан байсан унагатай гүүгээ буулгаад шууд хот руу хөдөлсөн. Тэгээд замд явж байхад бараг үүр цайгаад өглөө болж байсан ба эмээлт дээр очоод бойны газар буулгаад манаачид Пүрэв захиж үлдээгээд хот руу орж ирээд нэг буудалд орсон. Тэгээд буудалдаа байж байгаад өглөө 11 цаг болж байхад чи 3 адуун дээрээ очоод байж бай гээд унааны мөнгө өгөөд явуулсан. Би Эмээлт рүү такси барьж яваад адуун дээр ирээд байж байтал бойны эзэн гээд Явуу гэдэг залуу ирээд энэ 3 тооны адуу ямар учиртай юм бэ гэхээр нь би Пүрэв гэдэг хүний адуу байгаа юм аа гэсэн ба энэ ямар үнэтэй юм бэ гэхээр нь би мэдэхгүй ээ, та эзэнтэй нь нь ярь гээд би Пүрэв ахын дугаарыг өгөөд утсаар яриулсан ба “ энэ 3 адуу ямар үнэтэй юм бэ” гэсэн чинь 1.1 сая гэж хэлж байсан ба энэ халзан морио надад зарчихаа гэсэн чинь наадах чинь хөлгүй болчихсон юмаа, маханд өгөх гэж байгаа юм гэж хэлж байсан ба гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм бэ гэж асуухад Дарханы салдаг дээр ирж байгаа гэж хэлж байсан. Би гарал үүслийн бичгийг нь авч очноо, чи наад 3 адуугаа алчих гэж хэлж байсан ба Явуу бой руугаа оруулаад бойчин гээд хүмүүсээр алуулаад махыг нь өлгүүрт өлгөөд толгой, арьс, сүүл нь эндээ үлдсэн. Тэгээд Явуу манаачдаа Пүрэв гэх хүн ирээд малын гарал үүслийн бичиг өгнө, тэгэхээр нь над руу яриарай гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг.

 

3. Шүүгдэгч Ц.Нацагдорж

- 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн: “Миний хувьд хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Намайг анх Төв аймгийн Жаргалант сумын төв дээр гэртээ байхад 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний 95181501 дугаарын утас руу Пүрэв 86152525 гэсэн дугаараасаа залгаж “гараад ир танай гэрийн гадаа байна, чи Төв аймгийн Баянжаргалан хүргээд өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд би түүнийг хөлс мөнгийг нь өгнө гээд гуйгаад байхаар нь өөрийн эзэмшлийн 25-72 УНО улсын дугаартай поронтер маркийн тээврийн хэрэгслийг унаад явах гэхэд намайг Жаргалант сумын хойшоо Зөөхий гэх газар очихыг шаардсан юм. Тухайн газраас 2 тооны адуу ачиж Улаанбаатар хот оруулна гэж яриж байсан. Гэвч нэг хүнтэй утсаар ярихад нөгөө залуу нь “Бөөр гэх газар байна, энэ адуунууд эмнэг тул Зөөхий рүү тууж явж болохгүй байна” гэсэн утгатай зүйл Пүрэв ахтай ярьж байсан. Тэгээд бөөр гэх газар хөөгөөд явахгүй байна гэсэн. Саруултай уулзаж 3 туранхай байдас, 1 үрээ ачаад Зөөхий гэх газар 13-14 цагийн үед Гэндэндарам гэх айлын гадаа буулгасан. Гэндэндарамын гэрийн урд талаас бөөгнөрсөн адууг Саруулбаяр заагаад “манай адуунууд байгаа юм” гэж хэлээд тус адуун дотроос хүрэн халзан, хээр зүсний 2 тооны адууг болон өөрийн унаж явсан хүрэн бараандуу зүсний нэг тооны адууг эмээлээ авж тавиад миний машин дээр 3 тооны адууг ачсан юм. Тэгээд эмээлээ машины ард хийгээд Улаанбаатар хотруу Пүүвээ буюу Пүрэв, Саруул буюу Саруулбаяр бид гурав сумын төв орж ирээд Пүрэвийн гэрт нэлээд удаж байгаад түүний зүчээний газар очиж хэсэг байж байгаад маргааш өглөө нь гэгээ оруулаад Улаанбаатар хотын Эмээлт зах дээр нядалгааны газарт 09 цагийн үед 3 тооны адуугаа буулгасан юм. Нядалгааны газарт очих замыг Саруулбаяр заагаад “энд манай ах байдаг юм, энд буулгая” гэж хэлээд буулгасан. Саруулбаярын ах нь байгаагүй манаачид нь хэлээд явсан. Тэгээд бид гурав шууд Улаанбаатар хот руу орж ирсэн тул миний машин 2 дахь өдөр явдаггүй болохоор таван шард нэг буудалын үүдэнд машинаа зогсоосон. Тэгээд тэнд Саруулбаяр, Пүрэв нар буудалд орж усанд орж байрласан. Саруулбаяр усанд орчихоод яваад өгсөн. Пүрэв бид хоёр буудалд үлдсэн. 18 цаг өнгөрөөгөөд машины номер хөдөлгөөнд оролцох боломжтой болохоор нь яваад Яармаг орж Пүрэвийн таньдаг айлд очиж хоносон. Тэгээд өглөө нь морьны эзэн нь бололтой хүн Пүрэв ах руу утасдаж чи Төв шуудан дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Пүрэв ахтай Улаанбаатар хотын Төв шуудан дээр очиж уулзахад 2 машинтай хүмүүс байсан. Бид хоёрыг салгаад нэг нэг машиндаа суулгаад адуу үлдээсэн Эмээлт рүү очсон. Тэр үед Эмээлт дээр хэрүүл уруул болоод байсан, би машин дотор сууж байсан. Нэг харахад Пүрэв ахыг газар унагаасан байсан. ...Тэр үед би хулгайн адуу байсан гэдгийг хүмүүсийн ярианаас нь ойлгосон юм. Пүрэв надад хөлс мөнгийг нь гомдоохгүй өгнө гэхээр нь дагаад явсан юм. Пүрэв, Саруулбаяр нар миний хажууд ерөөсөө хулгайн талаар, морь малыг хаанаас, хэнээс авсан талаар юм ярихгүй байсан. Дараа нь бодоод байхад Пүрэв, Саруулбаяр нар хоорондоо зохион байгуулалттай хулгай хийсэн байсан. ...Анх уг тээврийн хэрэгсэлийг Мөнхтөр манай эцэг Цэвэлцэгмид гэдэг хүнд 2013 онд бэлэглэсэн. Манай эцэг Цэвэлцэгмид 2013 онд аймгийн алдараа тэмдэглэчихээд нас барсан. Одоо уг тээврийн хэрэгслийг эзэмшигч нь бол би байгаа юм. Ер нь ч уг машиныг анх шинэ авсанаас нь хойш би унаж байгаа юм” гэх мэдүүлэг,

- 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хулгайн хэрэг үйлдээгүй. Учир нь тухайн үед Пүрэв, Саруулбаяр нар хулгайн адуу гэдгийг надад хэлээгүй. Би дараа нь Эмээлт дээр хохирогч нар нь Пүрэвтэй уулзах үед гадарласан юм” гэх мэдүүлэг.

 

 4. Шүүгдэгч Ч.Энхтогтох

 Мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байхад өдөр 11 цагийн үед нутгийн найз Зоригтсайхан залгаад хоёулаа Драгон дээр уулзъя гээд дуудсан. Гэрээсээ гараад Драгон дээр өдөр 12 цагийн үед очиход тэнд Зоригтсайхан, Ч.Пүрэв гээд манай нутгийн ахтай хамт байсан. Тэгээд уулзаад байж байтал Ч.Пүрэв ах надад “чи цагдаа дээр очоод 2014 оны 8 дугаар сараас 10 сар хүртэл Төв аймгийн Жаргалант суманд Шинэбаяртай ногоо хураах ажил хамт хийж байсан” талаар мэдүүлэг өгчих гээд гуйгаад байсан. Мөн мэдүүлэг өгсний дараа чамайг дахиад цагдаагаас дуудахгүй, чамд ямар ч хамаа байхгүй, чи зүгээр мэдүүлэг өгчих гээд л байсан. Хэрэв мэдүүлэг өгвөл ах нь чамд урьд нь өгнө гэж амлаж байсан адуугаа өгье гээд гуйгаад байхаар нь би цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн юм. Намайг өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхөд ямар нэг байдлаар дарамталсан, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Ч.Пүрэв ах намайг цагдаа дээр очоод өөртөө итгэлтэй...мэдүүлэг өгчих, цагдаа чамд хууль сануулахаар чи зүгээр нүүр бардам хариуцлага хүлээнэ гээд хэлчих, цагдаа нар худлаа тэгж сүрдүүлдэг юм гэж байсан...Ер нь бол Ч.Пүрэв ах надад урьд нь адуу мал өгөх ёстой байсан. Учир нь би бага байхдаа түүний адуу малыг хардаг байсан болохоор  надад адуу өгөх ёстой байсан...” гэх мэдүүлэг.

 

5. Шүүгдэгч Г.Зоригтсайхан

Мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай арван жилийн ангийн таньдаг Хулан гээд охин над руу залгаад “чи манай аавтай нэг уулзчих, хоёулаа хот оръё” гээд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу өглөө 08 цагийн унаагаар яваад 10 цагийн үед Драгон дээр буусан. Тухайн үед Ч.Пүрэв ах Хулан бид хоёрыг тосч авсан. Тэгээд уулзаад байж байтал Ч.Пүрэв ах надад хандан “Шинэбаяр ахынх нь эсрэг худал мэдүүлэг цагдаад өгөөд намайг гүтгээд байна. Тийм учраас чи Шинэбаярын эсрэг мэдүүлэг цагдаа дээр очоод өгчих, мөн өөр нэг хүүхэд байвал сайн байна. Энхтогтох энд байвал дуудчих гээд байхаар нь би Энхтогтохыг Драгон дээр дуудсан юм. Тэгээд Ч.Пүрэв ах Энхтогтох бид гурав уулзаад машинд нь суусан. Тэгсэн Ч.Пүрэв ах нөгөө асуудлаа...хэлээд Энхтогтох бид хоёрыг цагдаа дээр очоод мэдүүлэг өгчих гээд гуйгаад байсан ба бид хоёрт юу гэж хэлэх, хэрхэн мэдүүлэг өгөх талаар хэлж өгөөд байсан. Тэгээд л бид хоёр цагдаа дээр ирээд худал мэдүүлэг өгсөн. Ч.Пүрэв ах намайг 2014 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Төв аймгийн Жаргалант суманд хамт байсан, Шинэбаярыг манай гэрт ажиллаж байсан гээд хэлчих, мөн 2016 оны 11 дүгээр сард Очирсүрэн Шинэбаяртай уулзаж ямар нэг учир шалтгаангүй мөнгө төгрөг өгсөн, би хамт байсан гэж мэдүүлчих гээд гуйгаад байсан болохоор би цагдаа дээр очоод Ч.Пүрэв ахын хэлснээр мэдүүлэг өгсөн...Ч.Пүрэв ахыг багаасаа л мэдэх болсон бөгөөд манай нутгийн уяач бөгөөд би охинтой нь нэг сургуульд суралцаж байсан. Мөн Пүрэв ахын хурдан морийг унадаг байсан. ...Ч.Пүрэв ах надад...дараа нь чамд ямар нэг асуудал болохгүй гээд байсан ба би бас танидаг болохоор тус болох гээд мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг.

 

V. Бусад баримт

- Ч.Пүрэвийн эзэмшлийн 98998085 дугаараас хийсэн яриа, мессэжийн жагсаалт (2 хавтаст хэргийн 64-66), мөн түүний эзэмшлийн гэх 86152525 дугаараас орсон, гарсан ярианы жагсаалт (2 хавтаст хэргийн 71, 72), Р.Саруулбаярын эзэмшлийн гэх 88894011 дугаараас орсон, гарсан ярианы жагсаалт (2 хавтаст хэргийн 69, 70),

- шүүгдэгч Ч.Пүрэвийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 152), оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 42), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 102), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 1), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 36-37, 3 хавтаст хэргийн 127-129), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (2 хавтаст хэргийн 39-41), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх баримт. Үүнд мал тооллогын баримт (2 хавтаст хэргийн 43-44, 2 хавтаст хэргийн 205, 206), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (2 хавтаст хэргийн 63, 2 хавтаст хэргийн 202), банкны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 74-76, 77), тээврийн хэрэгслийн лавлагаа (2 хавтаст хэргийн 79), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 516 дугаар дүгнэлт (3 хавтаст хэргийн 193-194),

- шүүгдэгч Р.Саруулбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 46), оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 45), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 43), шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай тодорхойлолт (2 хавтаст хэргийн 49-51), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх баримт. Үүнд банкны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 74, 77), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (2 хавтаст хэргийн 202),

- шүүгдэгч Ц.Нацагдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 52), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 53), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 54), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (2 хавтаст хэргийн 57, 58), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх баримт. Үүнд банкны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 74, 77),

- Шүүгдэгч Ч.Энхтогтохын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 167), оршин суугаа хаягийн тодорхойлолт (3 хавтаст хэргийн 219), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх лавлагаа, тодорхойлолт (3 хавтаст хэргийн 236), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 240), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (3 хавтаст хэргийн 245),  хувийн байдлын талаарх баримт (4 хавтаст хэргийн 19, 20, 22, 23),

- Шүүгдэгч Г.Зоригтсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 169), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаарх лавлагаа, тодорхойлолт (3 хавтаст хэргийн 236), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 241), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (3 хавтаст хэргийн 243, 244), хувийн байдлын талаарх баримт (4 хавтаст хэргийн 24, 26, 27) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:   

I. Гэм буруугийн талаар

- Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Пүрэв, Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Мал хулгайлах” гэмт хэргээр, мөн шүүгдэгч Ч.Пүрэвийг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,   

- шүүгдэгч Ч.Пүрэвийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнээс хохирогч Д.Очирсүрэнгийн 3 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Шинэбаярын мэдүүлгийг улсын яллагч үндэслэл болгож байгаа боловч тус мэдүүлэгт зарим зөрүүтэй зүйл авагдсан байна. Үүнд гэрч А.Шинэбаяр Ч.Пүрэвийг 2014 онд цэнхэр өнгийн портер машинтай явж байсан талаар дурдсан ба мөн тэрээр Ч.Пүрэвтэй таарсан гэх цаг хугацаа нь шөнийн 21-22 цаг байсан. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ч.Пүрэв нь цэнхэр өнгийн портер машингүй харин цагаан өнгийн портер машинтай, мөн А.Шинэбаяр нь намар харанхуй болсон байхад 21-22 цагийн орчим машин дээр ачсан адууны өнгө зүсийг нарийн сайн харах боломжтой эсэх дээр эргэлзээ төрж байна. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад гэрэл зургийн үзүүлэлт авагдсан байгаа. Харин Протер машин гэрэлтэй газарт байсан гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Ганбат, Алтангэрэл нарын мэдүүлэгт хохирогч Д.Очирсүрэнгийн 3 тооны адуу алга болсон гэх 2014 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд шүүгдэгч Пүрэв нь хаана байсан гэдгийг тодорхой мэдүүлсэн байгаа. Тийм учраас Ч.Пүрэвийн хохирогч Очирсүрэнгийн 3 тооны адуу хулгайлсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

- мөн түүний өмгөөлөгч С.Пүрэвдоржоос Ч.Пүрэв нь гэрч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарт ярих зүйлийг нь зааж өгч худал мэдүүлэг өгүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Ч.Пүрэв нь Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нартай уулзаад гэрч Шинэбаяр намайг хохирогч Д.Очирсүрэнгийн адууг 2014 онд хулгайлсан гэж гүтгээд байна гэж хэлэхэд Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нар өөрсдөө 2014 онд Шинэбаяр Жаргалантад ногоо хураагаад явж байсан талаар хэлсэн. Мөн гэрч нар нь мэдүүлэгтээ 2015 оныг 2014 онтой андуурсан талаараа мэдүүлсэн байгаа учир худал мэдүүлэг өгүүлсэн гэдэг нь хангалттай сайн нотлогдохгүй байна. Иймд Ч.Пүрэвт холбогдох худал мэдүүлэг өгүүлэхээр хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэргийн үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, 

-шүүгдэгч Ц.Нацагдоржийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас миний үйлчлүүлэгч Ц.Нацагдорж нь мал хулгайлах гэмт хэрэгт оролцсон эсэх нь эргэлзээтэй, түүнийг оролцсон гэх хангалттай нотлох баримт хэрэг цуглараагүй. Ц.Нацагдоржийг портер машинаар адуу ачиж Эмээлтэд буулгасан учраас буруутай гэж үздэг. Гэтэл цаана нь ямар яриа болсон, ямар үр дагавар гарсан гэдгийг ялгаж тогтоогоогүй. Ц.Нацагдорж мөрдөн байцаалтад удаа дараа тогтвортойгоор “...би хулгайн мал гэж мэдээгүй Ч.Пүрэв ах хөлс мөнгийг нь өгнө, мал ачаад яваад өгөөч гэхээр нь явсан...” талаараа мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг гэрч Батхишиг, Энхбаяр нар баталж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Ч.Пүрэв ч дээрх байдлаар мэдүүлдэг. Гэтэл дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн хэрхэн яаж үгүйсгэж Ц.Нацагдоржийг яллаж байгаа нь ойлгомжгүй, мал хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашигласан гэх үг байхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ашигтайгаар шийдвэрлэж Ц.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

- шүүгдэгч Р.Саруулбаярын өмгөөлөгч Ц.Раашзэвэгээс шүүгдэгч Пүрэв нь ганцаараа үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн гэрч Явуухүү нь Саруулбаяртай ах дүү хамаатан садан байсан бол түүнийг хулгай хийгээд ирэхэд нь адууны чинь гарал үүслийн гэрчилгээ байхгүй байна, адууныхаа учрыг ол гэж хэлж ярихгүй байсан. Тийм ч учраас шүүгдэгч Пүрэвийн хэлж ярьсан зүйлүүд няцаагдаж байна. Шүүгдэгч Р.Саруулбаяр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өгсөн “...явж байгаад хэсэг адуу байхаар нь шүүгдэгч Ч.Пүрэв, Ц.Нацагдорж хоёр машинаасаа бууж нэг адуу бугуйлдаад алдсан адуугаараа бариад өг гэж хэлсэн байгаа. Тэгээд Саруулбаяраар 3 тооны адууг бариулсан байгаа. Тэгээд Эмээлтэд ирээд таньдаг хүн байна уу гэхээр нь Саруулбаяр Явуухүүг зааж өгсөн байгаа. Шүүгдэгч Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нарын мэдүүлэг үгсэн хувилдсан дүр зураг харагдаж байна. Хэрвээ Саруулбаяр хулгайч байсан бол нэг нутгийн адуу малыг нь таньдаг хүмүүсийн хажууд хулгай хийх боломж байхгүй. Эдгээр байдлаас үзэхэд Саруулбаяр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

- шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарын өмгөөлөгч Н.Цэрэндуламаас манай хоёр үйлчлүүлэгч нь зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Гэтэл улсын яллагчаас миний үйлчлүүлэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллаж байна. Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нар нь 2014 оны 9 дүгээр сард Төв аймгийн Жаргалантад гэрч Шинэбаярыг байсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч нар мэдүүлэг өгөхдөө гэрч Шинэбаярыг байсан эсэх дээр эргэлзэж байгаад мэдүүлгийг өгсөн байна. Шүүгдэгч Зоригтсайхан нь зориуд худал мэдүүлэг өгөх санаа байхгүй байсан гэдгээ илэрхийлсэн. Харин шүүгдэгч Ч.Энхтогтох нь 2014 онд Шинэбаяр байсан эсэхэд эргэлзэж байсан. Мөн Ч.Пүрэвын малыг маллаж байхад Ч.Пүрэв адуу мал өгнө гэж байсан. Тэр адуугаа өгчих байх гэсэн санасанаас гэрч Шинэбаяр Жаргалантад ногоон дээр ажиллаж байсан талаар мэдүүлсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь зориуд хэргийг гуйвуулах гэсэн ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус мэтгэлцэж дүгнэлтийг гаргав.

Улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөөс гэм буруугийн талаар мэтгэлцэхдээ хууль зүйн үндэслэл, нотлох баримтгүй мэтгэлцэж хуулийг буруу тайлбарлахын зэрэгцээ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн мэтгэлцээн нь хэрэгт авагдсан доорхи бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэм бууртайд тооцов. Түүнчлэн улсын яллагчаас 2015 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцох болсон мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилсэнийг шүүх хэрэглэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.

 

1. Шүүгдэгч Ч.Пүрэв нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, төмөр замын 361 дүгээр гарамын ойролцоо “Их булаг” гэх газраас 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шижих шөнө, нууц аргаар, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Д.Очирсүрэнгийн гурван тооны адууг хулгайлж, хохирогчид 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд малаа маллуулж байсан юм. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай...ажилтан Жаргалсайхан над руу утсаар залгаад “2014 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам “Их булагт” гэх газар бэлчээрт байсан манай 200 гаруй адуунаас 3 тооны адуу алдагдсан” талаар хэлсэн....” (1 хавтаст хэргийн 20), “...3 адуу...алдсанаасаа хойш сураг чимээ гаргаж явсаар манай 3 адууг ачаад явж байхыг харсан гэрч болох нэг залууг олсон. Тэр залуу ярихдаа миний 3 морийг Эмээлт орчимд аччихсан явж байхыг нь харсан байсан....” (1 хавтаст хэргийн 22), “...тухайн үед манай адууг Ууганбаяр маллаж байсан...” гэх (2 хавтаст хэргийн 185) мэдүүлэг. Дээрх хохирогчийн мэдүүлэг буюу адуу алдагдсан талаарх мэдүүлгийн талаар гэрч Э.Мөнхбаяр мөрдөн байцаалтад: “...намар буюу 2014 оны 9 дүгээр сарын дундуур адуучин нь гээд Ууганаа над руу залгаад 3 морь нь алга болчихлоо гэж ярьж байсан” гэх (2 хавтаст хэргийн 188) мэдүүлгээр батлагдсан. Харин гэрч А.Шинэбаяр мөрдөн байцаалтад: “...2014 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна....Эмээлтэд очоод би тэр ахын машинаас арай буугаагүй явж байтал замын хажууд Пүрэв ах цэнхэр өнгийн Портер машин дээр 3 адуу аччихсан, өөрөө дотор нь сууж байсан. Тэгээд ямар 3 адуу байна гээд хартал манай гэрийн ойролцоо байдаг Очирсүрэн гэдэг хүний уядаг бор морь, ногоон морь хоёр нь байсан, нөгөө морь нь ямар морь байсныг би анзаараагүй. Тэр хоёр морь манай гэрийн ойролцоо байдаг, уяж уралдуулдаг болохоор нь таньсан. Би багадаа Жаргалант суманд хурдан морь унадаг байсан болохоор Пүрэв ахыг  мөн таньсан...” гэх (1 хавтаст хэргийн 27) мэдүүлэгээр иргэн Д.Очирсүрэнгийн алдагдсан гурван тооны адууг хэн аваад, хаана явж байсныг шууд нэрлэж зааснаар шүүгдэгч Ч.Пүрэв нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзэв. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Очирсүрэнд 24.000.000 сая төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар батлагдсан байна.

 

2. Шүүгдэгч Ч.Пүрэв, Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нар бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нууц аргаар, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, машин механизм хэрэглэн иргэн М.Энхбаярын хүрэн хязаалан, Б.Отгонбаатарын хээр, Д.Түгждоржийн хүрэн халзан соёолон буюу нийт гурван тооны адууг хулгайлж, хохирогч нарт 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим манай төрсөн ах Энхбат над руу утсаар яриад “танай тамгатай 3 адуу хотод Эмээлтэд ирсэн юм шиг байна, чи “хурдан хүрээд ир, би Эмээлт явлаа”...гэсэн. Манай ах Энхбатыг Эмээлтэд очиход Явуу гэх хүний мал нядалгааны газар манай 3 адууг алж төхөөрсөн байсан...Мал нядалгааны газар ажиллуулдаг Явуу гэх хүнээс “яагаад манай гурван адууг алчихваа” гэхэд Явуу...”Пүрэв гэж хүн бичиг нь араас ирж байгаа одоо алчих” гээд алуулсан гэсэн. Тэгээд Ч.Пүрэв, Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нар манай 3 адууг хулгайлсаныг мэдсэн....Манай адууг...Ч.Пүрэв авахдаа Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газар луу тууж байгаад Гэнэндарамын гэрийн ойролцооноос барьсан юм билээ....Ч.Пүрэв, Р.Саруулбаяр хоёр миний адууг сайн таньж мэддэг хүмүүс...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 158-160),

2. Хохирогч Д.Түгждоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны орой манай танил ах Энхбаяр 88248471 гэсэн дугаараас залгаад морио алдчихсан, хэдэн хүмүүс тууж явна гэсэн сураг гарсан гэж хэлсэн ба тэр дунд нь миний хүрэн халзан ногоон соёолон морь байгаа гэсэн. ...Би адууныхаа арьс, толгойг, тамгыг хараад шууд таньсан. Тэнд Энхбаяр ах, 2 найзтайгаа байсан бөгөөд Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нар баригдаад, Саруулбаяр зугтаачихсан байсан....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 150-151),

3. Хохирогч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Энхбаяр над руу утсаар залгаад “манай 3 тооны адууг Ч.Пүрэв хулгайлаад Эмээлтэд махлаад зарсан байна. Харин Ч.Пүрэв цагдаад мэдэгдэх хэрэггүй, өөрөө тохиролцоё гээд байна” гэхээр нь би түүнд хандан “Ч.Пүрэвийг надтай яриулах хэрэгтэй байна” гэхэд Ч.Пүрэв над руу залгаад “Цагдаад мэдэгдээд хэрэггүй, хоорондоо тохиролцоод хохирлыг чинь барагдуулья” гэсэн. Миний хээр морь Төв аймгийн Жаргалант сумын Зөөхий гэх газраас Энхбаяр, Түгждорж нарын 2 тооны адууны хамт алдагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97-98),

4. Гэрч Г.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын эхээр...ачиж ирсэн бүх адуугаа буулгачихаад Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нар яваад өгсөн. ...Тэгээд 23 цаг өнгөрч байхад Саруулбаяр манайд морьтой ганцаараа хүрч ирээд...Ч.Пүрэв ах намайг урагшаа Баянцагаан руу адуунд яваад өгөөч гэж гуйгаад байна би явлаа гэж хэлээд унаж байсан морио үлдээгээд эмээл хазаар аваад явсан ба манай гэрээс гарах гэж байхад үүдэнд бас нэг машин ирсэн ба энэ юун машин юм бэ гэсэн чинь Ч.Пүрэв ах машинтайгаа явж байгаа юм аа, би явлаа, морийг чинь гадна уялаа шүү гээд л явсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185-187),

5. Гэрч М.Явуухүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр...08 цагийн үед Р.Саруулбаяр над руу утасдаад “танай мал нядалгааны газар 3 адуу аваад ирлээ...та хаана байгаа юм бэ” гэхэд нь би түүнд “Би одоо очлоо, байж байгаарай. Адууны чинь гарал үүслийн гэрчилгээ байгаа юу” гэхэд “Ачиж явсан машинтай нь цуг хот руу явуулсан байгаа, одоо ирнэ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 12 цагийн орчим Эмээлтэд очиход Саруулбаяр ганцаараа байж байсан ба авчирсан гэх 3 тооны адууг нь үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон, нум суман тамгатай хээр, нум суман тамгатай хүрэн хязаалан адуунууд байсан. Намайг үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон адуу нь хурдан угшлын шинжтэй байхаар нь тусад нь үнээр авья гээд Саруулбаяраас биечлэн гуйхад та Ч.Пүрэв ахаас асуу гээд өөрийнхөө утсаар тэр хүнтэй яриулахад тэрээр надад “Наад адуу чинь бүдэрч унадаг урд хоёр хөлгүй адуу. Наад чинь махны адуу хэрэггүй” гэж хэлсэн...Ч.Пүрэв нь надад хэлэхдээ “3 адууны гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр ирж байна. Та наад 3 тооны адуугаа нядалгаанд оруулж бай. Санаа зоволтгүй, бичиг нь ирж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд тус 3 тооны адууг нядалгаанд оруулж байхад манай найз Отгонтөгс гэх залуу ирэхэд нь би түүнд хандан “танай Жаргалант сумаас гарал үүсэлгүй 3 тооны адуу ирж байна. Гэхдээ араас нь гарал үүсэл нь ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Отгонтөгс гэх залуу 3 тооны адууны тамгыг хараад өөрийн найз Энхбат гэх залуу руу энэ талаар утсаар миний хажууд ярьсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 106-107),

6. Гэрч М.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн...13 цагийн орчим хороололд явж байхад Отгонтөгс над руу залгаад “Эмээлтэд гарал үүсэлгүй 3 тооны адуу ирсэн байна, энэ 3 тооны адууг надад аваад өгөөч” гэхээр нь би түүнээс “хэний адуу юм бэ” гэхэд тэрээр “Ч.Пүрэвийн адуу гэж байна” гэж хэлсэн. ...Отгонтөгс над руу дахин утасдаад надаас юу болж байгаа талаар асуухад би түүнд хандан яг ямар учиртай 3 тооны адуу ирсэн байгаа талаар асууж тодруулахад тэрээр хээр үрээ, халзан үрээ, хүрэн үрээ байна гэж хэлэхээр нь би түүнээс хүрэн үрээ нь гонжгор үрээ байна уу гэхэд тийм гэсэн ба ямар тамгатай байна гэхэд нуман тамгатай байна гэсэн...тэгэхээр нь би Буктай шууд Эмээлтэд Явуу гэх хүний мал нядалгааны газар очиход манай дүү Энхбаярын эзэмшлийн нум суман тамгатай хүрэн хязааланг Түгждорж, Отгонбаатар гэх хүмүүсийн 2 тооны адуутай нядалсан байсан. ...Саруулбаяраас...чи энэ адууг яагаад нядалж байгаа юм бэ гэхэд тэрээр "Би ямар ч хамаагүй, наад 3 тооны адууг чинь Пүрэв ах мэдэж байгаа гэсэн. ...Пүрэв “Би танай дүүгийн адууны тамгыг мэдэхгүй юм байна. Би ч хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг бүгд сонссон. ...Энхбаярын адуу Ч.Пүрэвийн адуутай хамт өвөлжсөн бөгөөд үүнийг Пүрэв мэдэхгүй байна гэж байхгүй. Тэдний адууг Батхишиг харж өвөлжсөн. Энхбаяр машинд явж байхад “Пүрэв ахаа та яах гэж миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Пүрэв “тийм, тэгсэн юм” гэж хэлснийг би болон Дашдаваа сонссон. Мөн Эмээлтэд очоод “Би хулгай хийх болоогүй юм байна даа” гээд өөрийгөө зүхээд байсныг бид бүгд сонссон” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101-102),

7. Гэрч Ж.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 9-10 цагийн орчим ...явах замд Энхбаяр “Та ямар учраас миний адууг хулгайлж байгаа юм бэ, та миний адууг нядлаад зардал хийх гэж байсан юм уу” гэхэд Ч.Пүрэв “тиймээ, тэгсэн юм” гээд байсан ба...тэнд очоод нядлагдсан 3 тооны адууг үзээд байж байхад Ч.Пүрэв “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 103),

8. Гэрч А.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Эмээлтэд очоод нядлагдсан 3 тооны адууг үзэхэд Ч.Пүрэв “Би хулгай хийх болоогүй юм байна даа. Түүхийгээрээ байгаа юм байна даа" гэж хэлж байсан. ...Ч.Пүрэв өөрийн адуугаа Энхбаярын адуутай...Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Долоон худаг гэх газар байлгадаг. Би адуунуудыг нь энэ өвөл харсан. Тиймээс Пүрэв Энхбаярын адуунуудыг сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104-105),

9. Гэрч Т.Ариунзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Пүрэв 3 тооны адууг Энхбаярынд маллаж байгааг сайн мэднэ. Яагаад гэвэл Пүрэв, Энхбаяр нар нэг газар өвөлждөг” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111),

10. Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сард санагдаж байна, яг өдрийг нь санахгүй байна. Ажил дээрээ байж байхад...Явуу Пүрэвт хандан “чи гарал үүслийн бичигтэй араас ирж байгаа, алж бай баараггүй гэж хэлээд байсан яасан бэ? чи тэгэж хэлээ биз дээ” гэж загнасан. Харин тэгэхэд Пүрэв “тиймээ би хэлсэн” гэж хэлсэн....Ч.Пүрэв адууны эзэн бололтой хоёрт зодуулсаныхаа дараа “би хулгай хийх болоогүй юм байна даа” гэж хэлэхийг нь сонссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 108-109) зэргээр шүүгдэгч Ч.Пүрэв, Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бууртай болох нь нотлогдсон гэж үзэв. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нарт 15.020.000 сая төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар батлагдсан байна. Мөн шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан болохыг гэрч Г.Энхсайхан болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

 

3. Шүүгдэгч Ч.Пүрэв нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайхан зорчигч үйлчилгээний “Драгон” төвд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Энхтогтоход шан харамж амлах, Г.Зоригтсайханыг ятгах аргаар, гэм буруугаа нуун далдлах сэдэлтээр, мөрдөн байцаалтад өөрийн хүссэн мэдүүлгийг өгүүлэх зорилгоор, шууд санаатай үйлдлээр гэрч нарт хууль бусаар нөлөөлж тэднээр худал мэдүүлэг өгүүлсэн буюу гэрч Ч.Энхтогтоход, Г.Зоригтсайхан нараар мөрдөн байцаалтад “гэрч Шинэбаярыг 2014 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Төв аймгийн Жаргалант суманд ажил хийж байсан” гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгүүлсэн болон,

4. Шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нар нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа, шунахайн болон хувийн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд худал мэдүүлэг тус тус өгсөн болох нь

1. Хохирогч Д.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Пүрэв гурван хүүхдийг дуудаад цалин болон хүний нэг нэг адуу өгье гэж хэлээд хэрэгт худал мэдүүлэг өгүүлсэн ба энэ талаар Шинэбаяр надад 2017 оны 5 дугаар сарын эхээр өөрийн утас болох 8812...дугаараас залгаад хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 191),

2. Гэрч С.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Энхтогтохыг олж уулзаад “Пүрэв гэж хүн та нартай уулзсан уу?” гээд асуусан чинь Энхтогтох “Пүрэв бид хоёрыг (Энхтогтох, Зоригтсайхан) Драгон дээр дуудаж уулзаад, цагдаад ороод мэдүүлэг өгчих, та нарт ямар ч асуудал байхгүй, та нар Шинэбаярыг 2014 оны 9 дүгээр сард Жаргалантад байсан гээд хэлчих, хууль тайлбарлаж өгөхөөр нь мэдүүлэг өгнө гэж зөвшөөрөөрэй, ах нь та нарт урьд нь амлаж байсан адуу малнаасаа өгье, мөн цалин мөнгийг чинь өгье гэж байгаад мэдүүлэг өгүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 208),

3. Гэрч П.Оюун мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Энхтогтох ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байгаа. Надад өөрөө хэлсэн бөгөөд хүн гуйгаад байхаар нь тэр хүний хэлж өгснөөр нь мэдүүлэг өгчихсөн юм шиг байна лээ. Тэр хүн нь өмнө нь өгнө гэж байсан адуу малыг чинь өгье гэж худлаа хэлж байгаад мэдүүлэг өгүүлчихсэн юм. Энхтогтох надад бүх зүйлээ хэлсэн бөгөөд нэг хүүхдийг л хөдөө хамт байсан талаар хэлүүлсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 209) болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн өөрсдийнх нь мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

- шүүгдэгч Ч.Пүрэвийн хулгайн хоёр удаагийн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар, мөн дээрх гэмт хэрэгт шалгагдан, мөрдөн байцаалтад байхдаа гэрч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нараар зориуд худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарын Ч.Пүрэвтэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн хулгай нэг удаагийн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарыг шунахайн болон бусад хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч Ч.Пүрэвийн 2014 оны 9 дүгээр сар болон 2016 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан буюу нийт үнийн дүнгээр 38.400.000 төгрөгөөр тогтоогдсон учир Эрүүгий хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсаны сацуу, түүний бусдад учруулсан хохирол нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар үлэмж хэмжээний хохиролд тооцогдох болсон байна.

Мөн түүний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн гэрч нарт шан харамж амлах зэргээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан, тус зүйл, хэсэгт заасан ял нь “гэрчийг...зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр...ятгасан, шан харамж амалсан бол...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр зохицуулагдсан байна.

 

Шүүгдэгч Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарын 2016 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгий хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх заалттай байснаас гадна дээрх хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд зааснаар Ц.Нацагдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах хуулийн зохицуулалттай байсан байна. Харин 2015 оны Эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус зүйл, хэсэг, заалтад заасан ял нь “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчлагдсан.

 

Шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шунахайн болон бусад хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан, тус зүйл, хэсэгт заасан ял нь “...гэрч...мөрдөн шалгах ажиллагааны үед...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол ...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасч...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр тус тус хуульчлагдсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан байгаа боловч мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..үйлдэл эс үйлдэхүйд...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн болон дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан;

1. Ч.Пүрэвт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”, болон мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэх зохицуулалттай хөнгөрүүлсэн хуулийг,

2. Р.Саруулбаярт эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх зохицуулалттай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна. Учир нь Р.Саруулбаяр хэдийгээр бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэдий ч тус зүйл хэсэгт эд хөрөнгө хураах буюу хураахгүй гэсэн зохицуулалттай буюу нэмэгдэл ял хэрэглэхээр, мөн түүний хувийн байдал буюу урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

3. Ц.Нацагдоржид эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх зохицуулалттай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна. Хэдийгээр тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо хувь тэнцүүлэн бүрэн төлсөн хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийг түүнд хэрэглэсэн тохиолдолд түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох хууль зүйн зохицуулалттай байсан болно.

Нөгөө талаас шүүгдэгч Ч.Пүрэв, О.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хамтран оролцсон буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт нь тэдэнд   2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн өөр, өөр зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд тус үйлдсэн гэмт хэрэгт нь нэг шүүгдэгчид 2015 оны, бусад шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх зэргээр салгах, өөрөөр хэлбэл нэг үйлдэлд өөр өөр хууль хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийх нь харилцан уялдаа холбоо бүхий байдал алдагдаж, хууль ёсны байх зарчимыг зөрчих үндэслэл болох тул тус үйлдэлд дээрх шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн болно.

4. Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу 2015 оны эрүүгийн хуульд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасч...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ...720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” болсон байх тул зүйл хэсгээр ял шийтгэх нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч Ч.Пүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарыг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан, шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарыг мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Ч.Пүрэвийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялд нийцүүлэх саналтай байна.

Шүүгдэгч Р.Саруулбаяр, Ц.Нацагдорж нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 6 жил хорих ял оногдуулж шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргаж байна гэж,

- Шүүгдэгч Ч.Пүрэвийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийг 2014 он болон 2016 онд тус тус хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Ч.Пүрэвийн холбогдох 2014 оны хулгайн гэмт хэрэг нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөлийн хуульд хамрагдаж байгаа тул уг хуульд заасны дагуу 2014 оны үйлдлийг өршөөлийн хуульд хамааруулан зүйлчилж, 2016 оны үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тус зүйл хэсэгт заасан ял оногдуулахдаа хохиролоо бүрэн төлсөнийг харгалзаж тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж,

- Шүүгдэгч Ц.Нацагдоржийн өмгөөлөгчөөс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Иймд Ц.Нацагдоржийн хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа харгалзан. Ц.Нацагдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар буюу 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, тэнсэх зохицуулалттай хуулийг хэрэглэж тус зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж,

- Шүүгдэгч Р.Саруулбаярын өмгөөлөгчөөс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа. Тийм учраас 2002 оны хуулийг хэрэглэх боломжтой байна. Манай үйлчлүүлэгч Саруулбаяр нь хохирогч нар 1.310.000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тэнсэж болох учраас манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэж,

- Шүүгдэгч Г.Зоригтсайхан, Ч.Энхтогтох нарын өмгөөлөгчөөс манай хоёр үйлчлүүлэгчийг худал мэдүүлэг өгсөн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа учраас хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Манай үйлчлүүлэгч нар өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөр байхгүй. Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгч нарт 300 цагийн хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж байна. Иймд шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр нь ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэж тус тус мэтгэлцэж дүгнэлт гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Пүрэвийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч хэрэглэх боломжгүй бөгөөд учир нь Ч.Пүрэвийн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт хамаарч байна. Түүнчлэн түүний өмгөөлөгчөөс 2014 оны хулгайн гэмт хэргийн үйлдлийг өршөөлд хамааруулж шийдвэрлэх боломжтой гэх боловч гэм буруугийн дүгнэлт гаргахад тухайн үйлдэл эс үйлдэхүйн талаар талууд маргаж гэм буруугүйд тооцож цагаатгуулах дүгнэлт гаргаж байсан болно. Мөн тухайн хулгайн үйлдлүүд нь цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр илэрч гэмт хэргийн хохирлын хэмжээгээр 2002 оны Эрүүгийн хуулийн онц их хэмжээнд хамаарч байсан болно.

            Шүүгдэгч Р.Саруулбаярын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэрээр түүний үйлчлүүлэгч хохирол бүрэн төлөөгүй, хохирогч нарт учирсан гэм хор арилаагүй байхад Р.Саруулбаярыг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар тэнсэх зохицуулалтгүй бөгөөд тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд” тэнсэж хянан харгалзахаар байжээ.

 

Шүүгдэгч Ч.Пүрэвт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба харин тэрээр эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа буюу хохирогч Д.Очирсүрэнгийн гурван тооны адууг хулгайлсан болон хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж, Б.Отгонбаатар нарын гурван тооны адууг бүлэглэж хулгайлсан, мөн тэрээр хохирогч Д.Очирсүрэнгийн гурван тооны адуу хулгайлсан үйлдлийг нуун далдлах зорилгоор Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нараар худал мэдүүлэг өгүүлж нөлөөлсөн гэмт хэргийг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

Ч.Пүрэв нь өмнө нь эрүүгийн хуульд заасны дагуу хоёр удаа ял шийтгэгдэж байсан болон захиргааны зөрчилд удаа дараа холбогдож байсан, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалыг харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн хулгайн гэмт хэрэгт нь 5 жилийн хорих ял, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт нь 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэж дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлж, түүний эдлэх хорих ялыг нээллттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Саруулбаярт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба харин тэрээр хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж, Б.Отгонбаатар нарын гурван тооны адууг бүлэглэж хулгайлсаныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцов. Р.Саруулбаяр нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шийтгэгдэж байсан, тэрээр хохирогч нарт учирсан хохирлын зохих хувийн төлсөн, хохирогч нарт үлдэх хохирлыг 2017 оны 8 дугаар сарын 01-ний дотор барагдуулна гэх хүсэлт болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн хулгайн гэмт хэрэгт нь 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүний эдлэх хорих ялыг нээллттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Нацагдорж нь гэмт хэрэг үйлдсэний дараа буюу шүүхийн дүгнэлт гаргах шатанд хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж, Б.Отгонбаатар нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэрээр дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ц.Нацагдорж нь шүүх хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж байсан боловч түүнийг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо  нөхөн төлснийг харгалзан хуульд зааснаас доогуур буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээллттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлын буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нарт нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримтгүй, мөн эд хөрөнгөтэй эсэх нь тогтоогдохгүй байх тул тэдэнд хуульд заасны дагуу 240 цагийн хугацаагаар тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

III. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Очирсүрэнд 24.000.000 сая төгрөгийн хохирол, хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж, Б.Отгонбаатар нарт 15.020.000 сая төгрөгийн хохирол тус тус учиржээ.

Шүүгдэгч Ч.Пүрэв, Ц.Нацагдорж нараас хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж, Б.Отгонбаатар нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Р.Саруулбаяраас хохирогч М.Энхбаатарт холбогдох хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тэрээр хохирогч М.Энхбаяр, Д.Түгждорж нарт төлөх төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй  байна.

Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч Ч.Пүрэвээс хохирогч Д.Очирсүрэнд учирсан 24.000.000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Р.Саруулбаяраас 3.700.000 (гурван сая долоон зуун мянга) төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний дотор гаргуулж хохирогч Д.Түгждоржид 1.540.000 (нэг сая таван зуун дөч мянга) төгрөг, хохирогч Б.Отгонбаатар 2.160.000 (хоёр сая нэг зуун жаран мянга) төгрөг олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтбаатар нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

IV. Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ч.Энхтогтох, Г.Зоригтсайхан нар нь цагдан хоригдсон хоног үгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулахаар зохицуулсан байгаа хэдий ч шүүгдэгч Ц.Нацагдоржийн эзэмшиж байсан гэх тээврийн хэрэгсэл түүний мэдүүлгээр “өөрийн эзэмшилд байдаг” гэж тайлбарлах боловч тээврийн хэрэгслийн лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэл С.Мөнхтөр гэдэг хүний бүртгэлд байдаг нь тогтоогдсон. Мөн Ц.Нацагдорж нь өөрийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 4 дэх зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй байхын зэрэгцээ түүний гэх тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч болох С.Мөнхтөрд шилжүүлж, мөрдөн байцаагчийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас Ч.Пүрэв нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 206, 207),  мөн оны 4 дүгээр сарын 15-ны (1 хавтаст хэргийн 213) өдрийг хүртэл 9 хоног, 2016 оны 6 дугаар сарын 27-ны (1хавтаст хэргийн 231) өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 16-ны (1 хавтаст хэргийн 239) өдрийг хүртэл 81 хоног, 2017 оны 02 дугаар сарын 10-ны (3 хавтаст хэргийн 54) өдрөөс  мөн оны 4 дүгээр сарын 11-ний (3 хавтаст хэргийн 120) өдрийг хүртэл 59 хоног, 2017 оны 5 дугаар сарын 17-ны (3 хавтаст хэргийн 230) өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 60 хоног буюу нийт 209 хоног, Р.Саруулбаяр 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 203, 204) мөн оны 4 дүгээр сарын 21-ний (1 хавтаст хэргийн 217) өдрийг хүртэл 14 хоног, 2016 оны 6 дугаар сарын 27-ны (1 хавтаст хэргийн 231) өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 30-ны (2 хавтаст хэргийн 154) өдрийг хүртэл 95 хоног, Ц.Нацагдорж нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 209, 210) мөн оны 4 дүгээр сарын 15-ны (1 хавтаст хэргийн 215) өдрийг хүртэл 9 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хуульд заасны дагуу шүүгдэгч нарын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.