Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар  2021/ДШМ/1004

 

      

 

 

 

     2021          11             23                                       2021/ДШМ/1004                             

 

 

Д.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2106 01035 1218 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Д-ийн Б, ......... оны .... дугаар сарын ...-ны өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт .................... дүүргийн ... дугаар хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................................/;

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас өршөөн хассан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баясах” супермаркетын дэргэд тээврийн хэрэгсэл дотор тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг, авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хохирогч Б.Бас цагдаагийн албан хаагчийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй холбогдуулан Д.Бод бусадтай маргаан үүсгэсэн, хүч хэрэглэн халдсан үйлдлээ зогсоох талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн гэмт хэрэг,

мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж биед нь хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохисны улмаас хохирогч Б.Бын биед баруун ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, хамрын баруун хажуу ханын зөрүүгүй хугарал, баруун нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, М овогт Д-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг өдрийн хорих ялаар тооцож 1 /нэг/ сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Д.Бын бүгд биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бын урьд цагдан хоригдсон нийт 21 /хорин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б нь төлсөн төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б миний бие хийсэн хэрэгтээ сэтгэлийн гүнээс харамсаж, өөрийн гэм буруугаа үнэн зөвөөр нь хүлээж шийтгүүлсэн. Би урьд үйлдсэн алдаа дутагдлуудаа ухааралгүй өдийг хүргэлээ. Яг одоо ухаарч, гэмшиж байгаа минь үнэн болно. Учир нь, Д.Б нь өнгөрсөн 2 сарын хугацаанд өөрийн биед дүгнэлт хийж, хэр хэмжээний алдаа дутагдалтай, харанхуй бүдүүлэг нэгэн явснаа ухаарч, гэмшиж байна. Энэ цаг мөчөөс ирээдүйд хэн байж болох эсэхээ ухаарсан гэдгээ эрхэм шүүгч танд болон цаашлаад гэр бүл, хамаатан, садан, найз, нөхөд, эх орондоо зөв шударга сайн иргэн байхаа амлан тангараглаж байгаадаа хүмүүжигч миний бие баяртай байна. Миний бие бүрэн дунд боловсролтой, уран барималч, үсчин мэргэжилтэй. Сайхан ч мэргэжилтэй. 3 эгч, 1 дүүтэй. Миний гэм буруугаа үнэн зөвөөр нь хүлээж, гэмшиж байгаа байдал, хохирогч Б.Бас уучлалт гуйсан, хохиролгүй болгосон, намайг уучилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 7 сарын хорих ялыг өөр бусад ялаар сольж шийтгэж өгнө үү. Миний бие урьд шийтгэгдэж байсан хэргүүддээ тэнсэн харгалзах ялд, давж заалдах шатанд ямар нэгэн өргөдөл гомдол гаргаж байгаагүй болно.” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүхээс Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн зүйлчлэлтэй тохирсон байна. Тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баясах” супермаркетын дэргэд тээврийн хэрэгсэл дотор тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг, авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хохирогч Б.Бас цагдаагийн албан хаагчийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй холбогдуулан Д.Бод бусадтай маргаан үүсгэсэн, хүч хэрэглэн халдсан үйлдлээ зогсоох талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Бын нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Бын “...цагдаагийн дэд ахлагч Б.Эрхэмбаярын хамт дуудлага мэдээлэл дээр очтол явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч дотоодын цэргийн алба хаагч нар хүмүүсийг нь салгасан байдалтай байсан. Тэгэхээр нь зөрчил гаргасан 3 эрэгтэй хүмүүсийг нь аваад автомашинтай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү явж байсан ба Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Баясах” супермаркетын харалдаа явж байсан чинь ард талд сууж явсан хүмүүс хоорондоо маргалдаж намайг цохидог залуу хамт явж байгаа эрэгтэйг цохихоор нь би эргэж харсан чинь шууд миний нүүрэн тус газар буюу хамар руу нөгөө үл таних эрэгтэй баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Миний хамрын баруун тал чихэгдсэн, баруун талын нүд хөхөрч, хавдсан байдалтай байгаа ба шүүх эмнэлэгт үзүүлнэ... тэнд байсан 2 залуугийн хамт зодуулсан гэх залууг аваад хэлтэс рүү явж байхад машины арын суудал дээр хоёр нь хоорондоо маргалдаад байсан. Гэтэл намайг цохидог Б гэх залуу нь нэг залууг цохиод авсан. Тэр үед би боль гээд эргээд харахад намайг шууд цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан, тэгээд тэр залууг буулгаж гарыг нь гавлаад буцааж машинд суулгаад хэлтэс рүү ирсэн...” /хх 9-10, 12/,

гэрч Б.Э-ын “...Б.Б надад цээж нүцгэн залууг гаргаад машиндаа суулгачих гээд би тэр залууг аваад машиндаа суулгах гэж байхад уг залуу нь өөдөөс эсэргүүцэл үзүүлээд... машинд суулгаад цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү хөдлөөд зүүн дөрвөн замын уулзвараар ертөнцийн зүгээр хойд зүгт эргээд явж байхад ард сууж явсан цээж нүцгэн залуу тэнд байсан нэг залуутай нь муудалцаад тэр залуугаа цохиод авсан. Тэгэхэд дэслэгч Б.Б эргэж хараад болиоч гэхэд машины голын цонхоор цээж нүцгэн залуу гараа гаргаж ирээд Б.Бын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэр үед Б.Б дэслэгчийн хамраас цус гарч, би машинаа зогсоогоод тэр цохисон залууг машинаас буулгаж түүний гарыг нь ард нь гавлаад буцаж машинд суулгаад хэлтэс дээр ирсэн...” /хх 27-28/,

шүүгдэгч Д.Бын “...2 залуутай би коридорт зогсож байхад цагдаагийн алба хаагч нар буудалд орж ирсэн. Тэгтэл цагдаагийн алба хаагч нар намайг авч явна гэхээр нь би ямар ч буруугүй ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад авч явж яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн. ...Тэгээд намайг цагдаагийн алба хаагч нар зочид буудлаас авч гаргаад машинд суулгасан. Тэгээд тэндээс цагдаагийн алба хаагч нар бид гурвыг машинд суулгаад хөдөлсөн. Хөдлөөд явж байх хугацаанд нь би өөрийн зүүн гар талд сууж явсан хүн рүү хартал манай танилтай маргалдсан гэх үл таних залуу миний зүүн гар талд сууж явж байхыг хараад би тэр залууд хандан “чамаас болж чи миний танилтай маргалдсанаас болж цагдаа нар намайг ингэж авч явах ёстой юм уу, гай болсон новш чинь” гээд би тэр залууг цохих гээд далайж байхад тэр залуу миний гарыг хаахаар нь би гараа хүчтэй буцаан татах үедээ цагдаагийн алба хаагчийг зангидсан гараараа цохичихсон юм болов уу гэж бодсон. Тэгээд намайг саатуулах байранд хүргэсэн. ...миний олон нийтийн газар архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж улмаар Цагдаагийн алба хаагчийн биед өөрийн эрүүл ухамсраа хянах чадваргүй болсон үедээ санамсар,й болгоомжгүй байдлаасаа болж тус цагдаагийн алба хаагчийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Миний болчимгүй гаргасан үйлдлийг дахиж өөр хэн нэгэнд гаргахгүй гэсэн өөртөө харамсаж гэмшсэн болон ирээдүйн нийгэмд зөв хүн болж амьдрах итгэл найдварыг миний харгалзан үзэж хэргийг минь хялбаршуулсан байдлаар хөнгөн шийдэж өгнө үү...” /хх 96-97/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2358 дугаартай “...Б.Бын биед баруун ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, хамрын баруун хажуу ханын зөрүүтэй хугарал, баруун нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 34-35/ гэх шинжээчийн дүгнэлт,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарийн хуулбар /хх 41-43/,

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоох үед явган эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгооны хуулбар /хх 43-44/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,  450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг өдрийн хорих ялаар тооцож 1 сарын хорих ялыг 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнээд түүний “...7 сарын хорих ялыг өөр бусад ялаар сольж шийтгэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 64 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Оюунцэцэгээс “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн зүйлчлэлтэй тохирсон байна. Тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал, дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                

           

 

                        ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ