| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тө. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/0454/И |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2013-09-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨ
Хэргийн индекс 171/2013/0454/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** баг, Их сургуулийн гудамж ** тоотод оршин суух Б*** овогт Д.Б***/регистрийн дугаар **, утас **/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н*** холбогдох
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н***ын "Ажлаас чөлөөлж, ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б***, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б***шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:
2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ** тоот Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн захирамж гарсан байна. 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүн ажлаас чөлөөлсөн. Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй учраас тус шүүхэд гомдол гаргаж байна.
Засаг Даргын ** тоот захирамжид намайг ажлаас чөлөөлөх үндэслэлээр хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.2, 40.1.4,40.1.5 дахь заалт болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.10 зэрэг хуулийг удирдлага болгожээ.
1. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “Ажилтан мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг баримталсан.
2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заажээ. Сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс удаа гаргасан байхыг ойлгохоос гадна давтан зөрчилд зөрчлүүдийн хоорондох хугацаа сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил хүлээгээгүй бол 6 сар байна гэсэн заалт бий. Мөн ноцтой зөрчилд гэрээний талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд юуг ноцтой зөрчил гэж үзэх ёстойг нэрлэн заасан байхыг ойлгоно гэж заасан.
2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын Засаг даргын 548 тоот захирамж гаргаж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь буруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Энэ асуудлаар шүүхийн байгууллагад гомдол гаргасан болно. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй юм.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 зааснаар ажил олгогч “Энэ хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэг байгууллага, түүний салбар нэгж татан буугдасны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж энэ хуульд заасны дагуу хэлэлцээр хийнэ” гэж заасан байдаг. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр авсан бөгөөд урьдчилсан байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай надад мэдэгдээгүй юм. Мөн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.10-д заасан заалт нь ажил олгогчийн өөрсдийнхөн нь эрх хэмжээгээ хэрэгжүүлэх заалт боловч холбогдох төрийн захиргааны байгууллага болох Боловсрол соёлын газартай зөвшилцсөн эсэх талаар тодорхой ойлголт байхгүй байна. Ер нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаал шийдвэр гаргана гэж заасан байдаг.
Э***, Б*** 2-тай холбоотой намайг захирал байх үеийн шийдвэрүүдийг хавсаргасан байна. 4 сарын 11-нд миний ажлаа хүлээлгэж өгсөн байх үеийн хурлын тэмдэглэл бас байна. Тэр үед халсан байсан болохоор би ямар ч байсан 4 сарын 11-нд ажлаа хүлээлгэж өгч байсан. Нэг даргаас нөгөө даргад нэг хүн дээр арга хэмжээ авах асуудал бол давхардаад байна. Энэ асуудал хоёр ч удаа гарч байна. Ер нь бол ямар ч хүн хийсэн ажлынхаа талаар танилцуулдаг. Тэгэхэд танилцуулаагүй байсан. Э*** даргын үеийн юм байна. Одоо бол Б***л дарга над дээр удаа дараа ирж ярилцаж байсан гэж байна. Энэ талаар бол мэдэхгүй юм байна. Надтай уулзаж байгаагүй. 6 сарын 10-нд энэ хүний ажил дээр би очиж танилцах гээд очиход надтай нэг ч уулзаагүй байж ажил авах тухай тушаал ирсэн байгаа. Тэр талаарх нотлох баримтууд ирсэн байна гэв.
Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн захирамж гэж үзэж байгаа учраас уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Г.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Юуны өмнө нэхэмжлэгч Б*** гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна. 2012 оноос үр дүнгийн гэрээ хийж ажилласан байгаа. Энэ гэрээг аймгийн Засаг дарга Боловсрол соёлын газраас нэрийг нь авч гэрээ хийсэн байгаа. Ер нь бол 2012 оны үр дүнгийн гэрээний 3.3-д тусгагдсан мөнгийг өр авлагагүй ажиллах ёстой санхүүгийн алдагдалгүй ажиллах, төсөв санхүүг тусгаж ажиллах, санхүүг ариг гамтай хэрэглэнэ гэж тусгагдсаны дагуу санхүү ажиллаагүй гэж үзсэний дагуу 2009 оны сүүлийн хагас жилээс 2010 оны эхэн үеийн тайлан байна. Ер нь бол санхүүгийн тайланг 2 жил тутамд 1 удаа хийдэг шалгалт байгаа. Энэ дээр ямар нэгэн иргэн юм уу Байгууллагаас хийдэг шалгалт биш. 2010-2011 оны сургалтын төлбөрийг хүлээн авсан боловч бүртгэлд тусгагдаагүй байсан. Энэ нь актаар тогтоогдсон. Мөн сургуулийн ойд зориулж 5 нэр төрлийн 6,8 сая төгрөгийг авсан боловч бүртгэлд бүртгэгдээгүй байгаа 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн актаар тогтоогдож байгаа үр дүнгийн урамшууллын гардуулсан байхад хүлээн авсан он сар байхгүй. Үр дүнгийн урамшуулал гэж 3 344 000 төгрөг бодож олгогдсон байгаа. Ингээд нийт 3 640 000 төгрөгийг Б*** төлүүлэх акт гарсан. Мөн цалинг үндэслэлгүйгээр Э***т олгогдсон байгаа. Түүний дагуу Э***, Д.Б*** нараас төлүүлэхээр акт гаргасан. Иймэрхүү санхүүгийн шаардлага хангахгүй гэх зөрчил илэрсэн байгаа. 2008 онд үр дүнгийн гэрээ байгуулсан байгаа үр дүнгийн гэрээнд заасан үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл Д.Б*** нь Байгалмаа, Э*** нарыг үндэслэлгүйгээр халсан байдал нь тогтоолоор тогтоогдсон байдаг. Энэ хүний гэрээнд заасан захирал хүний хийх үүргийг зөрчиж хийсэн байдаг. Дээрх зөрчлүүд нь актуудаар хангалттай тогтоогдсон тул ажлаас нь халж, сургуульд нь өөр орон тоон дээр ажиллуулж байгаа. Д.Б*** захирал өөрөө ... би тэтгэвэрт гарах нас хүртлээ ажиллана, өөр албан тушаал хашиж байгаа ч цалин минь хэвээрээ байх болно гэж хэлж байсан. Тэтгэврийн талаар бол манайх тусгаж байгаа, харин цалингийн хэмжээнд өөрчлөлт орсон талаар бол мэдэхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б***нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н***ын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаар захирамжаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар буюу мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б***г ажлаас чөлөөлсөн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Б*** мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын төвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдоогүй байх бөгөөд ажил олгогчоос Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө нэхэмжлэгч Д.Б***д мэдэгдэх үүргээ зөрчжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Энхсайханаас Д.Б***нь 2012 онд Дархан сумыг Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг зөрчсөн, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг баримталдаггүй, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль эрхзүйн мэдлэг дутмаг, үндэслэлгүйгээр нэмэгдэл хөлс, урамшууллыг олгосон, сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарсан тушаал шийдвэр нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн, хандивын хөрөнгийн санхүүгийн анхан шатны баримт материалын бүрдэл шаардлага хангахгүй тайлан зөрүүтэй, нягтлан бүртгэлийн шаардлага хангалтгүй, түүнд хяналт тавих зэрэг тодорхойгүйгээр хөрөнгө төвлөрүүлж зарцуулсан зэрэг зөрчлүүд гаргасан тул Дархан сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ” сахилгын шийтгэл ногдуулах тухай” 548 дугаар захирамжаар түүний үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тайлбар гаргасан байна. Гэвч Д.Б*** сахилгын шийтгэл оногдуулсан уг захирамжийг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нөгөө талаар ажил олгогч нь Д.Б***г Дархан сумын ** дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө “сахилгын зөрчил удаа дараа /3 удаа / гаргасан”, мөн “ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэсэн тухай гаргаж байгаа тайлбар нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаар захирамжид заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлд хамааралгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн Д.Б***нь 2009 оны 9 сарын 9-ний өдрөөс 2012 оны 6 дугаар сарын хооронд хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-ийн” Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” мөн хуулийн 131.4-ийн”Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу зөрчил хоорондын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Д.Б***нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээ ноцтой зөрчсөн, тогтоогдсон гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна. буюу ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н***ын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б***нь хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н***ын "Ажлаас чөлөөлж, ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б***г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ