| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/1065/И |
| Дугаар | 1057 |
| Огноо | 2013-09-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/1065/И/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч : Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг “О***” сувиллын байрлах ******* ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн******* хэлтэст холбогдох
“4 014 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б***, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК-ийн Ерөнхий захирал С.Б*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
“Тус сувилал нь 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд групп нь тогтоогдсон Мэргэжлээс шалтгаалах өвчтэй 68 сувилуулагчийн ямар нэгэн гомдол саналгүй эмчилж сувилан гаргасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 9 тоот тогтоолын дагуу нэг сувилуулагчийн 12 хоног сувилан эмчилсний хувьсах зардалд 216 00 төгрөг авах ёстой бөгөөд 68 нь сувилагчийн хувьсах зардалд 14 688 000 төгрөгийн санхүүжилт авахаас 10 674 000 төгрөгийг дансаар авсан.
Дархан-Уул аймгийн******* хэлтсийн дарга байсан Сэлэнгээтэй уулзаж мэдэгдэхэд буцаан олгох үндэслэлтэй юм байна, дараагийн сарын санхүүжилтээр нөхөн олгох арга хэмжээ авъя гэж тохиролцсон боловч******* хэлтсийн дарга солигдож уг асуудал шийдэгдэхгүй өдийг хүрээд байна.
Иймд тусламж үйлчилгээг жигд хүргээгүй гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр хассан 4 014 000 төгрөгийг Дархан-Уул аймгийн******* хэлтсээс нэхэмжилж байна” гэжээ
Хариуцагч******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус сувилал нь 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 27-ны хугацаанд 68 сувилуулагчийг эмчилж сувилсан байна.******* үндэсний зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 9 тоот тогтоолын дагуу нэг сувилуулагчийг 1 хоног сувилан эмчилсний хувьсах зардалд 18000 төгрөг байхаар тогтоосон. Нэг сувилуулагчийг 12 хоног сувилан эмчилсний хувьсах зардал нь 216000 төгрөг болж байна. Гэвч******* хэлтсийн тэтгэмжийн байцаагч, хяналтын эмч нар тухайн үед хувьсах зардлыг өгөхдөө эмчлүүлэгчдийн эмчилгээний картыг үзэхэд О*** нөхөн сэргээх сувилал нь 68 сувилуулагчийг 12 хоног эмчлэн сувилахаас сувилуулагч тус бүрийн 2 хоногт нь ямар нэгэн эмчилгээ сувилгаа хийсэн тэмдэглэл мөн тухайн даатгуулагч 12 хоног бүрэн сувилуулсан гэх баримт байхгүй байсан учир хувьсах зардлаас 4 014 000 төгрөгийг хассан байна. Учир нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон иргэдийг сувилах сувилал нь сувилуулагчдын эмчилгээг баталсан стандартыг баримтлан явуулах бөгөөд хувьсах зардлыг эмчилгээ хийсэн хоногоор тооцон олгох ёстой байдаг. Иймд эмчилгээний картан дээр эмчилгээ хийсэн талаарх тэмдэглэл бичигдээгүй тул эмчилгээ сувилгаа хийгээгүй хоногт ногдох төлбөрийг хассан нь үндэслэлтэй бөгөөд ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа хувьсах зардлаас хасаж олгосон 4 014 000 төгрөгийг олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн******* хэлтэст холбогдуулан тусламж үйлчилгээ жигд үзүүлээгүй гэх үндэслэлээр хассан 4.014.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн О*** сувилал нь 2012 оны 05 дугаар сарын 27-аас 2012 оны 6 дугаар сарын 27-ыг хүртэл хугацаанд мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 68 хүнийг сувилсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн “О*** сувилал” нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 68 сувилуулагч тус бүрт хэвтэх үеэс эхлэн карт нээж, гарсан үе тус бүрийг тэмдэглэж эмчлэгч, тус тус түүхийг хүлээн авсан статистик эмч нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь өвчтөн тус бүрийн карт , нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн******* хэлтсийн байцаагчаас ******* ХХК-ийн О*** сувиллын анхан шатны эмчилгээний бүртгэлийг шалгахад зарим даатгуулагчид чөлөөгөөр гарсан байсан болон тэдэнтэй утсаар ярьсан тухай тайлбар гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Тухайн өвчтөнд эмчийн зааврын дагуу нөхөн сэргээх эмчилгээ хийгддэг онцлогтой, зарим тохиолдолд өвчний эрүүл мэндийн байдлаас эмчилгээ хийгдэхгүй байхыг үгүйсгэх боломжгүй байна.
Дээрх энэ тохиолдолд “өвчтөнд тусламж , үйлчилгээ жигд үзүүлээгүй” “анхан шатны бүртгэл хангалтгүй“ гэх үндэслэлээр ******* ХХК-ийн О*** сувилал нь 68 сувилагч тус бүрийг 2 хоног дутуу эмчилсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн******* хэлтсээс 68 даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сувилалд эмчлүүлж сувилуулсан зардал 4.014.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн******* хэлтсээс 4.014.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 174 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн******* хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 79 174 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ