Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1510

 

МАГАДЛАЛ

 

2019.08.14                                                Дугаар 1510                                     Улаанбаатар хот

 

 

 

“ЧЛСМ ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01169 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЧЛСМ ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ч ” ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч ” ХХК-ийн талбайг засварлаж, тохижуулсан зардал 110 133 436 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ЧЛСМ н тухайн үеийн удирдлага нь Ч  ХХК-тай 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хойт талын 800 м.кв талбай бүхий хэсгийг автомашины зогсоол хэлбэрээр ашиглуулахаар гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь “Ч ” ХХК-тай дээрх гэрээг байгуулахдаа музейн тухайн үеийн удирдлага нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан илт хууль зөрчсөн гэрээ хэлцэл байгуулсан байна. Тухайлбал, 2001 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт хамгаалалтын бүсэд барилга байшин барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчит барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах, өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд ЧЛСМ  болон “Ч ” ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэх эзэмшил газрыг хууль бусаар бусдад эзэмшүүлж, ашиглуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хэсгийг үндэслэж байна. Манайх анхнаасаа ЧЛСМ н талбайг өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсан ба анх шээс, баасаар дүүрсэн, хогийн цэг шахуй балгас болсон газар байсан. Тухайн үеийн удирдлага н.П  бидэнд санал тавьж, энэ талбай эзэнгүй байна, тохижуулаад хамтран ажиллая гэсэн. Энэхүү саналыг манайх хүлээн аваад 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний 4.2, 4.3-т заасан үүргийг хариуцагч компаниас өнөөдрийг хүртэл биелүүлж ирсэн. ЧЛСМ д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын   30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай 2 га газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон. Энэ хугацаа 2015 оны 12 дугаар сард дуусаж, дахин сунгагдаагүй. Үүнтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг гэрээний үндсэн дээр эрхийн эзэмшлийн гэрчилгээгээр эзэмшлүүлнэ гэж заасан. Маргаантай холбоотой бүхий газрыг “Ч ” ХХК эзэмшиж байгаа гэсэн баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлээ: “Ч ” ХХК-иас ЧЛСМ н хойд талын талбайг тохижуулсан 110 133 436 төгрөгийг ЧЛСМ гээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбараа: “Ч ” ХХК нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн үндэслэл огт дурдаагүй байна. Нэхэмжилж буй төлбөр нь учирсан хохирол уу эсхүл хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу гаргаж буй шаардлага уу гэдэг нь тодорхойгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор мэргэшсэн төсөвчин нарын гаргасан тооцоо дүгнэлт гэдэг нь ажлын төсөв үү, эсхүл одоо ашиглаж буй зогсоолыг тохижуулахад гаргасан зардал уу гэдэг нь ойлгомжгүй байна. ЧЛСМ н хойд талын талбайг 11 жил зөвхөн өөрсдийн эзэмшилд байлгаж, түүнийгээ ашиглан хөрөнгөжсөөр ирсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЧЛСМ  УТҮГ-ын хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцож, газрыг чөлөөлж өгөхийг даалгахыг хүссэн үндсэн болон хариуцагч “Ч ” ХХК-ийн талбайг засаж тохижуулсан зардалд 110 133 436 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЧЛСМ  УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа музейн удирдлага нь тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны болон хамгаалалтын бүс дэх газар нутгийг бусдад ашиглуулах эрх хэмжээгүй буюу эрх бүхий этгээдийг төлөөлөн тухайн гэрээг байгуулах эрхгүй этгээд болох талаар дурдсан байдаг. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т "Төрийн захиргааны төв байгууллага нь дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана" гэж заасан байдаг. Мөн тусгай хамгаалалттай газарт аливаа этгээдэд газар ашиглуулах, тухай этгээд нь газар ашиглах хүсэлт гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 32-37 дугаар зүйлийг баримтлах ёстой. Гэтэл дээрх талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй, гэрээ байгуулах эрх бүхий этгээд байгуулаагүй зэргээс үзвэл илтэд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хамтран ажиллах гэрээ байгуулах үед ЧЛСМ д тухайн газрыг эзэмших, улмаар бусдад ашиглуулах эрх үүсээгүй байсан. Гагцхүү түүх, соёлын дурсгалтын газрыг хамгаалахын тулд хамгаалалтын бүс тогтоосон байтал ийнхүү бусдад ашиглуулахаар гэрээ    байгуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЧЛСМ ” УТҮГ нь хариуцагч “Ч ” ХХК-д холбогдуулан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч “Ч ” ХХК эс зөвшөөрч, талбайг засварлаж, тохижуулсан зардал 110 133 436 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчийн хооронд 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч музейн хойд талын 800 м.кв газрыг өөрийн хөрөнгөөөр засварлан, авто машины ил зогсоолын зориулалтаар ашиглах, гэрээг цуцалсан тал нь хохирогч талд хөрөнгө оруулсан нийт дүнг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож бүрэн барагдуулахаар тохиролцсон, нэхэмжлэгч нь уг гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн бол хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээний зүйлд оруулсан хөрөнгийг мөнгөн дүнгээр шаардаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 2 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан, газар эзэмших эрхийн хугацааг эрх бүхий этгээдээс сунгасан баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд хариуцагч газрыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч гэрээ байгуулах үед гэрээний зүйлд заасан газрыг эзэмших эрхтэй байсан ба уг гэрээний дагуу хариуцагч нь 800 м.кв газрыг эзэмшиж байсныг хууль бус эзэмшил гэж үзэх эсэх, нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн хэлцэлтэй холбогдох шаардлага гаргах хуульд заасан хугацааны талаар шүүх дүгнэх шаардлагатай.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн ба нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, газрыг зориулалтын дагуу ашиглахыг хариуцагчид даалгахыг хүссэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байв. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир газрыг албадан чөлөөлүүлэх, шаардлагаа дэмжсэн болох нь шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн ба газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзлыг зөвшөөрч нэхэмжлэгч тайлбарласан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь газар чөлөөлүүлхийг шаардах эрхтэй эсэх, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхийг шүүх дүгнэх байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтанд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ