Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/984

 

А.ДХ-, П.Т-, М.Б-,

Г.Д-, У.А- нарт холбогдох эрүүгийн

               хэргийн тухай               

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Отгонтөгс,

шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.ДХ-, П.Т-, М.Б-, Г.Д-, У.А- нарт холбогдох эрүүгийн 2102 0009 70113 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. А.ДХ-, 1996 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

            2. Г.Д-, 2000 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ахын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            3. П.Т-, 1999 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            -  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр биелүүлсэн,

            4. У.А-, 2002 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            5. М.Б-, 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 нас 1 сар 15 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            А.ДХ- нь 2020 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн,

            мөн 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд У.А-, П.Т-, М.Б-, Г.Д- нарт 80.000 төгрөгөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

            2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 25,6 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

            У.А- нь П.Т-, М.Б-, Г.Д- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.ДХ-гээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон,

            П.Т- нь У.А-, М.Б-, Г.Д- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.ДХ-гээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан үйлдэлд хамтрагчаар оролцсон,

            М.Б- нь П.Т-, У.А-, Г.Д- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.ДХ-гээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан үйлдэлд хамтрагчаар оролцсон,

            Г.Д- нь У.А-, П.Т-, М.Б- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.ДХ-гээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан,

            мөн ганцаараа 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,4 грамм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: А.ДХ-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, П.Т-, У.А-, М.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.ДХ-г “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Д-ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт, шүүгдэгч П.Т-, У.А-,  өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан ” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

            шүүгдэгч А.ДХ-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар, шүүгдэгч П.Т-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хугацааг 6 сарын хорих ялаар тогтоож, шүүгдэгч А.ДХ-, Г.Д-, П.Т-, У.А- нарт  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад,  өсвөр насны шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

            шүүгдэгч Г.Д-, П.Т-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарт  оногдуулсан хорих ялуудыг  2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн буюу Г.Д-ийг 1 жил 3 сарын, П.Т-, У.А- нарыг тус бүр 1 жилийн, өсвөр насны М.Б-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

            шүүгдэгч П.Т-, Г.Д-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарын зорчих эрхийг шүүхээс тэдний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            шүүгдэгч А.ДХ-гээс гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 80.000 төгрөгийг гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт шилжүүлж, хэргийн хамт ирүүлсэн мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т- болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Экос гэсэн хаягтай, жижиг цэвэр усны хувцанцар сав, ИЖ8188339 гэсэн серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан мөнгөлөг цаас 1 ширхэг, 1 гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 25,9 грамм, цэвэр жин 16,4 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутны хамт жин нь 9,9 грамм, цэвэр жин 7,8 грамм, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт жин нь 1,8 грамм, цэвэр жин 0,4 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

            шүүгдэгч П.Т-, Г.Д-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.ДХ-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хууль зүйн хувьд хамгийн дээрдүүлсэн асуудлаар энэхүү гомдлыг гаргаж байна. Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо өөрийн үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч холбогдсон гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, холбогдогчийн хувийн байдал зэрэг нь дээрх хуулийн зохицуулалтын шалгуурт нийцэж байгаа, мөн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй гэж хориглоогүй бөгөөд миний үйлчлүүлэгч нь анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, дээрх гэмт хэрэгт холбогдсоноороо олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг учруулсан хохирол, хор уршгийн үр дагаваргүй болохыг анхаарч үзнэ үү. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтай үндэслэл биш юм. Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа холбогдсон хэргийн талаар үнэн бодитоор мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн байдлын тухайд заавал хорих ял оногдуулахаар нийгмийн эсрэг зан байдлын доголдолгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөн Оросын Холбооны Улсын Воронеж хотын Цэргийн нисэхийн сургуульд элсэн суралцах болсон нь энэ хүний хувьд амьдралын анхны гараа бөгөөд нэг удаагийн болчимгүй буруутай үйлдлийн улмаас насан туршийн боломжоо алдахад хүрээд байгаа билээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхгүй байх, хүндрүүлэх асуудал байхгүй тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Эдгээр хүүхдүүдийн холбогдсон гэмт хэргийн хэр хэмжээг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Миний үйлчлүүлэгч П.Т- нь тухайн мансууруулах бодисыг хэрэглээгүй, түүний биеэс нь илрээгүй, энэ төрлийн бодисоос хамааралгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнд мөн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийг хэрэглэх боломжтой. ...” гэв.

            Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бидний зүгээс тусгайлан гаргах саналгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Г.Д- нь өөрийн гэм бурууг маш сайн ухаарсан. Олуулаа нийлээд явж болохгүй гэдгийг ойлгосон. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна гэж заасан. Иймд хуульд заасан зохицуулалтын хүрээнд зорчих эрх хязгаарлах ялаар сольж өршөөлд хамруулсан. Үүнээс өөр ямар үндэслэлээр, хуулийн ямар зохицуулалтаар шүүгдэгч У.А-т өршөөлд үзүүлэх байсан нь давж заалдах гомдолд тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс хорих ял оногдуулсныг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь ашигтай үндэслэл биш гэж үзэж байгаа бол ямар үндэслэлийг ашигтай гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. 2021 оны хичээлийн жил эхлээд 2 сар өнгөрсөн. Энэ хугацаанд шүүгдэгч У.А-т сургуулиас нь ирүүлсэн урилга, эрх олгосон эрх зүйн баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            шүүгдэгч А.ДХ-гийн “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан хот руу ажил бүтээхээр очсон. ... Замын хажуугаар “каннабис” гэх нэршилтэй ургамал ургасан байсан. Тухайн ургамлаас би уутанд түүж аваад өөрийн үүрч явсан цүнхэндээ хийж цааш явсан. Дарханд нэг хоночихоод буцаад хот руу замын унаанд сууж ирсэн. Хотод ирээд гэртээ тухайн өвсийг хатааж хадгалсан. 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр А- миний фэйсбүүк хаяг руу өвс асуусан утга бүхий чат явуулахаар нь би А-ыг таних учир “Ахад нь бага хэмжээтэй байгаа” гэсэн. Тухайн өдөр А- өөрөө ирээгүй, танихгүй хоёр залуу ирж манай гэрийн гадна уулзаад тамхины хайрцагны гялгар уутны талаар өвс аваад явсан. Би ирэх үед нь А- луу утсаар залгаад “Чи өөрөө ирэхгүй яасан юм бэ” гэхэд “Манай хоёр найз байгаа юм аа” гэсэн.  2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр А- над руу чатаар залгаад “Дахиад байгаа юу” гэж асуухаар нь “Байгаа, ирж авбал ав” гэж хэлсэн. Орой 18 цаг өнгөрч байхад А- манай гэрт ганцаараа ирээд 40.000 төгрөгийг “Хүнсэндээ хэрэглээрэй” гэж хэлээд өгсөн. Өмнө өдөр дансаар 40.000 төгрөг бас өгсөн. ...” /1хх 53, 56-57, 2хх 136/ гэх тухайн ургамлыг бэлтгэх, хадгалах, худалдах болсон шалтгаан, санаа зорилго, болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,

            шүүгдэгч У.А-ын “...2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр над руу Б- инстаграмаар “Өвс олдох уу” гэж мессеж бичихээр нь би “Хүнээс асууя” гэж хариулсан. Би өмнө хүүхдүүдээс “ДХ- ах өвс татдаг” гэж сонсож байсан учир тэр ахаас асууж өгье гэж бодоод утасны дугаарыг нь олж өгсөн юм. Маргааш нь над руу 15 цагийн үед танихгүй дугаараас залгасан. Би утсаа автал Б- байсан. Намайг гараад ирээч гэхээр нь би очиход Б-, Д-, Т- нар байсан. Би тэр үед Т-ийг таньдаггүй байсан. ДХ- ахаас “Өвс дахиад байна уу, асуугаад өгөөч” гэхээр нь би чат бичсэн чинь хариу бичихгүй байсан. 18 цагийн үед ДХ- ахаас хариу ирсэн. “Танд өчигдрийн хүүхдүүд авсан юмнаас чинь дахиад байна уу, үлдсэн бол авъя” гэхэд байгаа “Ирээд ав” гэж хэлсэн. Би Б- руу “Байгаа гэнээ, ирээд ав гэж байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу залгасан. Б- “Гэрийн гадна ирчихсэн байна, гараад ир” гэхээр нь би гарч очиход Б-, Д-, Т- нар байсан. Намайг хамт очоод аваад өгчих гээд шалаад байхаар нь би зөвшөөрөөд хамт явсан. 10 дугаар хороололд очоод би гэрийг нь заалгаад ДХ- ахын гэрт очсон. Хаалгыг нь тогшоод Т-ийн өгсөн 40.000 төгрөгийг өгч тамхины хайрцагны гаднах гялгар уутны талаар хийсэн ургамлыг авсан. Буцаад нөгөө хэд дээр очиход Хаан банкны АТМ-ээс гарч ирсэн. Би Д-д “Авчихлаа” гээд өвсийг нь өгсөн. Таксинд суугаад 162 дугаар цэцэрлэгийн хашаанд орж сааданд суусан. Юм ярингаа нөгөө өвсөө ороож тойруулж сорсон. Их муухай байсан учир би ханиалгаад больсон. ...” /1хх 116-117, 2хх 90-91/,

            шүүгдэгч П.Т-ийн “...2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр найз Д-тэй чатаар холбогдож, 12 цагийн үед байрныхаа хажуу талд уулзахаар яваад очиход Б- байсан. Доороос Д- өгсөөд ирж байсан. Д- миний гар утсыг гуйж аваад хүнтэй утсаар яриад байсан. ... “10 дугаар хороолол ороод ирье” гэж хэлэхээр нь бид нар такси бариад очсон. ... Д- миний гар утсыг өгсний дараа ... Б- гуйж аваад хүнтэй утсаар ярьж байсан. ... миний утсанд дуудлага ирэхээр нь “Чиний ярьсан дугаар мөн үү” гээд Б-д гар утсаа өгсөн. Б- тэр хүнтэй яриад ертөнцийн зүгээр урд зүг рүү алхаад явахаар нь хэсэг хугацааны дараа араас нь явсан. Тэр үед өөдөөс гараад ирсэн. ... Маргааш нь буюу 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Д- над руу 16 цагийн үед утсаар залгаад “50.000-60.000 төгрөг байвал зээлээч” гэхээр нь “Надад 40.000 төгрөг байгаа” гэж хэлтэл “Болноо надад зээлүүлчих, өчигдрийн газраа уулзъя” гэсэн. Тэгээд би гэрээс гараад сааданд ирэхэд ... Д- доороос алхаад ирж байсан. Удалгүй Б-, А- нар хүрч ирсэн. А- бид нартай уулзсаныхаа дараа өөрийнхөө гар утсаар хүнтэй ярьж байсан. Д- “Өчигдрийнхөө газар луу хамт явчихаад ирье” гэхээр нь “Тэгье” гээд бид дөрөв 10 дугаар хороолол руу явсан. ... А- Д-тэй холдож юм ярьж байгаад буцаж ирээд “Урагшаа ахынх руу орчихоод ирье” гэж хэлээд явсан. ... Цаг гаруйн дараа А- ирж байхыг хараад бид нар гарч уулзсан. Тэгээд “За за болчихлоо” гэж хэлээд урагшаа зам гарч такси бариад “Модны 2” луу очоод 162 дугаар цэцэрлэг ороод юм ярьж тамхи татсан. ...” /1хх 97-98, 2хх 100-101/,

            шүүгдэгч М.Б-ын “...2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Д- ах надтай “Уулзъя” гээд чат бичсэн. Бид хоёр 13 цагийн үед уулзахад Т- бас ирчихсэн байсан. Тэгээд А-ын гэрийн гадна очсон. ... А-ыг утсаар дуудахад ... “Нөгөө хүнтэй холбогдчихлоо” гэж хэлээд бид нар 10 дугаар хороололд очсон. ... 30-40 минутын дараа А- буцаж ирээд “Болчихсон” гээд тамхины хайрцагны гадна талын уутанд хийчихсэн өвс үзүүлсэн. Буцаад бид нар “Модны 2” луу такси бариад явсан. Тухайн өвсийг тамхины цаасанд ороогоод бид нар хэрэглэсэн. Би тэр ороосон өвсийг нэг удаа сорсон. Дотор муухай оргиод дахиж сороогүй. Тухайн үед бид нар ... Мөнхтүвшин гэх хүний түрээслэн амьдардаг газарт очсон. Д- ах найз нартайгаа гараад явсан. Тухайн айлд хүлээгээд сууж байхад  цагдаа нар орж ирсэн. 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Т-, Д- бид гурав байрны гадна уулзаад А-тай холбогдож өвс байгаа гэх хүний утасны дугаарыг авч 10 дугаар хороололд очиж, тухайн хүнээс өвсийг 40.000 төгрөгөөр авсан. 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Т- ганцаараа 40.000 төгрөгийг гаргасан. 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр мөнгийг бид нар хувааж гаргасан. Би А-ын данс руу 10.000 төгрөгийг ээжээр шилжүүлүүлсэн. ...” /1хх 69-70, 2хх 121-122/ гэх тухайн ургамлыг олж авах болсон шалтгаан, санаа зорилго, болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

            шүүгдэгч Г.Д-ий “...2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 15 цагийн үед найз дүү Б-той инстаграммаар чатлаад “Уулзах уу, гараад ир” гэж хэлээд “Модны 2”-ын “Елаганс Таур” дээр уулзахаар болсон. 15 цагийн үед гэрээс гарч Б-той уулзсан. Б-, Т- гэх зүс таних залуутай хамт байсан. “40.000 төгрөг байна, маш удаан өвс хэрэглэсэнгүй ээ, олдох уу” гэхээр нь би тэр үед нь “А-аас асуугаад үзье” гэж хэлээд А-ын гэрт нь очиж уулзсан. А-аас “Өвс олдох уу” гэхэд “Асуугаад үзье, болох нь уу” гэж хэлсэн. ... 18 цагийн үед А-тай инстаграммаар холбоо барихад “Болчихлоо” гэж хэлээд бид нар “Елаганс Таур”-ын гадна уулзсан. Бид нар өвс авахаар такси бариад 10 дугаар хорооллын “Дашваанжил газ ШТС”-ын тэнд очсон. А- 40.000 төгрөгийг Т- гэх залуугаас аваад явсан. Хэсэг хугацааны дараа А- буцаад хүрээд ирсэн. Тамхины хайрцагны гадуурх уутны талаар өвс авч ирээд “Иймэрхүүг авлаа” гэж хэлтэл “Болно” гээд бид нар “Модны 2”-ын хажуу талд байрлах 162 дугаар цэцэрлэгийн хашаан дотор тухайн өвсөө татаж хэрэглэсэн. ... Би өөртөө байгаа А-аас авч үлдсэн бага хэмжээтэй өвсөө сайн дураар гаргаж өгсөн. ...” /1хх 64-65, 2хх 111/ гэх тухайн ургамлыг олж авах, хадгалах болсон шалтгаан, санаа зорилго, болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,

            шүүгдэгч А.ДХ-гийн түр оршин сууж байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон байр болон шүүгдэгч Г.Д-ий биед үзлэг хийсний үр дүнд “өвс” мэт ургамал, түүнийг хэрэглэхэд ашигласан хэрэглүүрүүдийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-18, 43-44/, эдгээрийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 49-50/,

            хураан авсан зүйл болон шүүгдэгч А.ДХ-, У.А-, М.Б-, Г.Д- нарын биеэс авсан биологийн дээжид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1116, 1117, 1118 дугаартай дүгнэлтүүд /1хх 130-131, 153-155, 169-171/,

            Худалдаа хөгжлийн банк дахь У.А-ын эзэмшлийн 4526363** дугаарын данснаас Голомт банк дахь А.ДХ-гийн эзэмшлийн 20251231** дугаарын данс руу 40.000, 20.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа /1хх 187, 2хх 30/,

            шүүгдэгч У.А-, М.Б- нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12, 14-15/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

            шүүгдэгч А.ДХ- нь 2020 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэж, уг бодисыг 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд У.А-, П.Т-, М.Б-, Г.Д- нарт 80.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан, мөн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тус орон сууцанд нийт 25,6 грамм жинтэй дээрх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

            шүүгдэгч У.А-, П.Т-, М.Б-, Г.Д- нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *** байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.ДХ-гээс уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан,

            шүүгдэгч Г.Д- нь ганцаараа 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ нийт 0,4 грамм жинтэй дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.ДХ-г “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад худалдсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Д-ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан”, шүүгдэгч П.Т-, У.А-, М.Б- нарыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим, шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.ДХ-д 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Д-д 1 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч П.Т-, У.А-, М.Б- нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ДХ-, Г.Д-, П.Т-, М.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Б-ын эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

            Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд шүүгдэгч Г.Д-, П.Т-, У.А-, М.Б- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байгааг харгалзан шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

            Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдсан гомдолдоо: “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохиролгүй, Оросын Холбооны Улсын Воронеж хотын Цэргийн нисэхийн сургуульд суралцахаар явах болсон гэх хувийн байдлыг үндэслэл болгожээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

            Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, доод хэмжээг оногдуулсан нь шүүгдэгч У.А-ын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

            Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

            Нөгөөтэйгүүр, шүүгдэгч У.А-ыг Оросын Холбооны Улсын Воронеж хотын Цэргийн нисэхийн сургуульд элсэн суралцаж байгааг тодорхойлсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүйн гадна, өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс тус шүүх хуралдаанд гаргаж өгсөн “виз мэдүүлэх маягт” нь түүнийг тус сургуульд элсэн суралцаж буйг нотлох баримт нотолгоо болж чадахгүй тул өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч А.ДХ- нь 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Шүүгдэгч А.ДХ- нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн байх боловч уг ялаа хэзээ эдэлж дууссан талаарх баримт хэрэгт авагдаагүйн гадна, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 190, 226, 236/-үүдэд дугаар огт бичигдээгүй, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хийсэн шүүх хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хийсэн мэтээр огноог буруу бичсэн байгааг дурдаж, цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21ий өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ДХ-гийн 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН