Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/985

 

      2021           11            18                                         2021/ДШМ/985

    М.М-, Б.Д- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

иргэний нэхэмжлэгч Б.А-,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/558 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 1809 00084 0355 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. М.М-, 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Б.Д-, 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

             Шүүгдэгч Б.Д-, М.М- нар нь ганцаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг хоногоор түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний буюу нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулсан, Үүнд:

            Шүүгдэгч Б.Д-, М.М- нар бүлэглэн:

            1. 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мed Town оффисын гадаа хохирогч Г.Э-гийн эзэмшлийн 45-64 УНН улсын дугаартай, “Toyota Premio загварын автомашиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Д.Бу-ын эзэмшлийн 94-29 УНУ улсын дугаартай, “Toyota Prius 20 загварын автомашиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 65 дугаар байрны гадаа хохирогч О.У-ын эзэмшлийн 57-49 УБН улсын дугаартай, “Toyota Prius 20 загварын автомашиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын орчим хохирогч Т.З-гийн эзэмшлийн 48-80 УБЗ улсын дугаартай Mitsubishi Pajeroзагварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 99 дүгээр байрны гадаа хохирогч С.Г-ын 05-08 УНД улсын дугаартай, “Lexus-470 загварын автомашиныг залилан авч, 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо хохирогч Ц.А-ын 49-84 УБЧ улсын дугаартай, “Toyota Prius 20 загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хорго 20/4 дүгээр байрны гадаа хохирогч Э.Ц-ын эзэмшлийн 57-81 УБС улсын дугаартай, “Toyota Prius 11 загварын автомашиныг залилан авч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Д- нь ганцаараа:

            1. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч З.М-ын эзэмшлийн 48-10 УБХ улсын дугаартай, “Toyota Prius 20 загварын автомашиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, хохирогч Э.Т-гийн эзэмшлийн 64-82 улсын дугаартай, “Toyota Prius 30 загварын автомашиныг залилан авч, 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гадаа хохирогч Э.Ба-ын эзэмшлийн 76-17 УНА улсын дугаартай, “Toyota Alphard загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Ц.Ал-ийн эзэмшлийн 80-73 УНӨ улсын дугаартай, “Toyota Prius 30 загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Д.З-ийн эзэмшлийн 78-13 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20 загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байранд хохирогч Ү.О-ын эзэмшлийн Canon 5D mark2 загварын камер, 2470F 2.8 мэргэжлийн дуран, Sony загварын хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрийдлээр залилан авч, 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цээнэ 3-80б тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулгын 4 чулуу” ХХК-иас 62-10 УБВ улсын дугаартай, Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, хохирогч И.Ту-т 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтан төгрөг худалдааны төвийн урд хохирогч Г.Га-ийн эзэмшлийн 55-85 УАЕ улсын дугаартай, Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, арктай шар байрны зогсоол дээр хохирогч Н.Н-ийн эзэмшлийн 10-55 УНН улсын дугаартай, “Toyota Crown 204 загварын автомашиныг иргэн Б.Ц-гийн жолоочийн үнэмлэхийг үзүүлэн залилан авч, бусдад худалдан борлуулж 15.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дэргэд хохирогч Ж.Бу-ын эзэмшлийн 53-22 УАВ улсын дугаартай, “Тoyota Sai загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 17.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хохирогч А.Ш-ийн эзэмшлийн 41-25 УНИ улсын дугаартай, “Тоyota Prius загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 7.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарьд” ордны үүднээс хохирогч С.У-ын эзэмшлийн 44-38 УНЕ улсын дугаартай, “Тoyota Prius загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 8.995.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.М- нь ганцаараа:

            1. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр хохирогч Б.Х-ийн эзэмшлийн 34-63 УБК улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. Яллагдагч Ж.Б-тай бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, хохирогч Б.О-ийн эзэмшлийн 80-73 УБӨ улсын дугаартай, Toyota Prius 30 загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М-, Б.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                              

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-, М.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-г 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч М.М-г 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч М.М-г Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар  шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 592 хоног, шүүгдэгч М.М-гийн цагдан хоригдсон 644 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гаас нийт 80.125.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Г-ад 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А-од 13.300.0000 төгрөг, Б.Х-т 700.000 төгрөг, П.Б-эд 4.000.000 төгрөг, С.Ч-ад 4.000.000 төгрөг, М.Л-т 3.350.000 төгрөг, Н.Г-ид 5.000.000 төгрөг, Д.Ө-д 6.000.000 төгрөг, Б.О-т 5.000.000 төгрөг, хохирогч Э.Ц-од 2.575.000 төгрөг, Э.Т-д 12.500.000 төгрөг, А.Ш-т 3.450.000 төгрөг, Г.Га-т 13.500.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.М-гаас нийт 31.325.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Г-ад 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А-од 7.500.000 төгрөг, Ц.П-д 6.200.000 төгрөг, хохирогч Э.Ц-од 2.575.000 төгрөг, Б.Х-ид 8.300.000 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Ж.Н-оос нийт 4.500.000 төгрөг гаргуулан хохирогч А.Ш-т олгож, хохирогч Б.О-, Н.Г- нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлсэн ба хохирогчийн эд хөрөнгийг авахад дэмжлэг үзүүлж, хэдийгээр буцааж өгч чадаагүй ч хохирогчтой утсаар ярьж, сунгалтын мөнгө төлж байсан зэргээр буцаан өгөхгүй байх санаа зорилго анхнаасаа агуулаагүй болохыг анхаарч үзнэ үү.

            1. Би “автомашинаа түрээслүүлнэ” хэмээн өөрийн хүсэл З- илэрхийлсэн хүмүүстэй зарын дагуу холбогдож уулзаад тавьсан нөхцөлөөр нь автомашин түрээслэх гэрээг өөрийн нэрээр байгуулж, гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг урьдчилан төлж, барьцаа мөнгө өгөх зэргээр автомашиныг эзэмших, ашиглах эрхийг иргэний эрх зүйн хэлцлийн дагуу олж авсан. Өөрөөр хэлбэл, хохирогч эд хөрөнгөө гэрээний дагуу итгэмжлэн хариуцуулсан болох нь хохирогч Г-, Э-, Ц-, Бу-, У-, А-, З-, Х-, О- нарын мэдүүлгээр тогтоогдоно. Иймээс залилах гэмт хэргийн үндсэн шинж болгон заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй. Харин бусдын итгэмжлэн хариуцуулж эзэмших, ашиглах эрх олгосон эд хөрөнгийг цааш нь бусдад барьцаалж мөнгө зээлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.

            2. Шүүгдэгч Д-гийн бусадтай гэрээ байгуулж автомашин түрээслэн авсан үйлдэлд түүний нэг талж болж хамтран үүрэг хүлээж оролцоогүй, хохирогчийг ятгах, хуурах хэлбэрээр залилах, хөрөнгө завших гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхэд хамтран оролцоогүй бөгөөд Д-гийн түрээсэлсэн автомашиныг барьцаанд тавьж байгаа үйлдэл нь залилах, хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх хэм хэмжээг хангахгүй гэж үзэж байна. Уг эд хөрөнгийг өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд тавьж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг түрээслэх гэрээг өөрийн нэрээр байгуулсан буюу бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй этгээд байх тул хөрөнгө завших гэмт хэргийн субъект болж чадахгүй юм. Түүнчлэн “залилах” гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг тул Д-, Б- нарын үйлдэл төгссөний дараа уг эд хөрөнгийг бусдад М- миний нэрээр барьцаалж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлээгүй болохыг анхаарч Д-тай бүлэглэсэн гэх 5 үйлдэл, Б-тай бүлэглэсэн гэх 1 үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            3. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч буюу түрээслүүлэгч Х-ийн автомашиныг Ба-гийн хамт түрээсэлж авсан байдаг. Уг автомашиныг барьцаанд тавих, мөнгийг нь ашиглах зэрэгт огт оролцоогүй. Гэтэл уг хэргээс Ба-г ямар үндэслэлээр тусгаарласан болох нь тодорхойгүйн дээр намайг уг хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Ба- бид хоёрын түрээсэлж авсан хохирогч Х-ийн автомашиныг Д-, Г- нар “Цаца” гэгчид 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, уг мөнгийг завшсан байдаг ба уг эд хөрөнгө нь 8.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ үнэлгээгээр 8.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл тухайн үед буюу 2018 оны 5 дугаар сард мөрдөгч Болор-Эрдэнэ уг автомашиныг “Цаца” гэгдэг хүнд зээлийн барьцаанд тавьсан болохоо мэдүүлсэн. Үүний дагуу бидний зааж өгснөөр “Цаца”-г дуудаж мэдүүлэг авсан. “Цаца” нь автомашин барьцаалж мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэн. Зээлдүүлсэн 4.000.000 төгрөгийг найз хүүхнийхээ данснаас Д- руу шилжүүлсэн. Тэр хүн нь олны танил учраас асуудал үүсгэлгүй мөнгөө өгөөд автомашинаа ав гэсэн. Тийм учраас та хэд хурдан мөнгө олж “Цаца”-д өгөөд автомашиныг нь эзэнд нь авч өг гэж мөрдөгч Болор-Эрдэнэ хэлээд бид мөнгө олж өгч чадаагүй, мөрдөгч автомашиныг хурааж аваагүй. Мөн миний түрээсэлж авсан хохирогч Ц-ын автомашиныг Д- нэр бүхий хүнд 2.000.000 төгрөгт барьцаалсан. Уг автомашин барьцаалсан хүн нь М- гэдэг хохирогчийн автомашиныг Д-гаас мөн барьцаалж авсан үйлдэлд мөрдөгч Болор-Эрдэнэд мэдүүлэг өгсөн ба тухайн үед хохирогч Ц-ын автомашиныг түүнд барьцаалсан гэдгээ мөрдөгч Болор-Эрдэнэд хэлсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй, мөрдөгч солигдоход хэлсэн боловч мөн л ажиллагаа хийгээгүй. Гэтэл уг эд хөрөнгө 5.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба энэ хэмжээгээр нэхэмжилсэн байдаг. Бидний хувьд дээрх 2 автомашиныг хаана, хэнд барьцаалуулсан болохоо тухай бүр нь мөрдөгчид зааж мэдүүлсэн. Харин мөрдөгч нар болон прокурор зохих ажиллагаа хийгээгүйгээс хохирогч Х-, Ц- нар эд хөрөнгөө эргүүлэн олж авч чадаагүй. Түүнчлэн мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс уг эд хөрөнгийг барьцаалан зээлдэж завшсан хэмжээгээр нь биш уг эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээр хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зүй нь мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эд мөрийн баримтыг хурааж авах ёстой байсан. Иймээс эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

            4. Миний Баянбүрд орчмоос түрээсэлж авсан “Toyota Prius 20” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч П-д 3.000.000 төгрөгөөр барьцаалсан үйлдэлд яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлтэд байхгүй, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаагүй, танилцуулаагүй болно. Үүнийг шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч прокурор ойлгомжгүй тайлбар хийсэн тул шалган тогтоож өгнө үү.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Түмэннастын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ...” гэж шүүгдэгчийн нэрийг сольсон, хохирогч У-ын “Toyota Prius 20” загварын автомашиныг “Pajero” загварын гэж автомашины загварыг өөрчилсөн, “...шүүгдэгч Д-, М- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл нэр бүхий 12 хохирогчийг...” гэж хохирогчийн тоог нэмэгдүүлсэн, “..шүүгдэгч М- нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл...” гэж огноог буруу бичсэн зэрэг зөрчлүүдийг гаргажээ.

            Иймд хуулийн хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, хамтарч үйлдээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, процессын зөрчилтэй ажиллагааг тухайн шатанд нь засуулахаар хэргийг прокурорт буцааж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн гэмт хэрэг хамтран үйлдсэн гэх этгээдийг шалгаагүй, үндэслэлгүйгээр тусгаарласан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            1. М- нарын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар хохирогч нарыг шууд санаатай, шунахай үйлдлээр хууран мэхлээгүй, харин иргэний эрх зүйн хэлцлийн дагуу зохих төлбөр, барьцаатайгаар гэрээ байгуулж, тухайн эд хөрөнгө болох автомашины эзэмших, ашиглах эрхийг олж авсан. Түүнийхээ үндсэн дээр хариуцуулан өгсөн эд хөрөнгийг бусдад барьцаалж, мөнгө зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

            2. Ба-н гэм бурууг тогтоогоогүй байж М-г гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр М-гийн бусдын итгэмжлэн хариуцуулсан, эрх олгосон эд хөрөнгийг цааш нь бусдад барьцаалж мөнгө зээлсэн буюу уг эд хөрөнгийн өмчлөгч биш, захиран зарцуулах эрхгүй атлаа “буцаагаад авчихна” гэж хөнгөмсөгөөр найдаж, барьцаанд тавьж мөнгө зээлсэн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзэж байна. Мөн тухайн үед хохирогч Ц-, Х- нарын автомашиныг барьцаалсан газраа хэлж өгөөд байхад мөрдөгч Болор-Эрдэнэ, Мөнхболд нараас огт ажиллагаа хийгээгүй, эд хөрөнгийг хураан аваагүйгээс болж автомашины үнэлгээгээр хохирол тогтоогдсон, дээрх хохирогч нар эд хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй нөхцөл байдал бий болж, тэр хэмжээгээр хохирол төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

            Түүнчлэн шүүх “...шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн хохирогч нарын эрх ашиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай явуулах зорилтод нийцнэ хэмээн үзэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно...” гэсэн нь ойлгомжгүй, харин ч хэргийг цаг хугацаанд шахан, түргэн шуурхай, удаан хугацаанд шүүхэд байсан гэх агуулгаар баригдан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын 29 дэх талд “...амьдралын эх үүсвэр болгосон...” гэж дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь гэмт хэрэг үйлдэх замаар гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдлийг илэрхийлсэн ойлголт. Гэтэл анхан шатны шүүх ийнхүү хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг амьдралын эх үүсвэртэйгээ хэрхэн холбогдож байгааг тогтоогоогүй. Шийтгэх тогтоолд “...Б.Д-, М.М- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл нэр бүхий хохирогч нараас автомашиныг түрээсэлж авах замаар буцааж өгнө гэж хууран мэхэлж шүүгдэгч Б.Д- 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл нэр бүхий 7 хохирогчийг залилсан. Шүүгдэгч М.М- 2020 оны 8 дугаар сарын 26-наас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл /цаг хугацааг нь ухраасан байдалтай буруу бичсэн/ залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шинж болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг...” гэж дүгнэсэн боловч орлогын эх үүсвэр нь амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд уг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд миний хохирлын хэмжээг буруу бичсэн байсан. Надад шүүгдэгч нар 23.500.000 орчим төгрөгийн хохирол барагдуулах ёстой. Би дансаар шилжүүлсэн бүх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Энэ талаар дахин нягтлан зөвтгөж өгнө үү. ...” гэв.

            Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрээ гаргасан. М.М- нь Б.Д-тай бүлэглэн 7 удаагийн, ганцаараа 2 удаагийн нийт 8 удаагийн үйлдэлд буруутгагдсан. М.М-, Б.Д- нар нь хохирогч нарын автомашиныг түрээслэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар буюу хохирогч нарын автомашиныг түрээсэлж авахдаа “...Булган яваад ирье, Эрдэнэт орчихоод ирье, Тэрэлжээс гадаадын хүмүүсийг автомашинаар хүлээж аваад үйлчлэх гэж байгаа юм...” гэх зэргээр хэлдэг байсан. Тухайн автомашиныг түрээсэлж байгаа хэлбэр нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл бөгөөд автомашин авсан өдрөө шууд иргэний нэхэмжлэгч нарт түрээсэлдэг, эсхүл задаргаанд оруулж худалддаг. Иргэний нэхэмжлэгч нарт өгсөн автомашинуудыг буцааж авах боломжгүй. Авсан мөнгөөрөө спорт тоглоом буюу покер тоглоом тоглодог бөгөөд тухайн тоглоомыг тоглоод хожих боломжгүй нөхцөл байдалд хүргэдэг. Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 3 ба түүнээс дээш үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нарын хувьд энэ гэмт хэргийг олон дахин үйлддэг. Уг гэмт хэргээс олсон ашгаа буудалд хонох, хоол унд авч идэх зэрэг зөвхөн өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулдаг. Тиймээс М.М-, Б.Д- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх шинжийг бүрэн хангасан, мөн бусдыг хуурч мэхлэн буцааж өгөхгүй байх, залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Мөн 2019 онд хэргийг шүүхэд шилжүүлэх үед М.М- нь А.Ба- гэх хүнтэй хамт үйлдсэн гэдэг. Гэтэл тухайн үед авсан гэрч Г.Г-, А.Ба- нарын мэдүүлгээр түүний тайлбар үгүйсгэгддэг. Мөн хохирогчийн мэдүүлгээр н.Буяндоржийн автомашиныг Б.Х-, Б.Х-ийн автомашиныг М.М-, А.Ба- нар хамт ирж авсан. А.Ба-н иргэний үнэмлэхээр тухайн автомашиныг түрээсэлсэн гэдэг. Автомашиныг түрээслэхэд ямар нөхцөл байдалтай байсан болохыг гэрч А.Ба- тодорхой мэдүүлдэг. Тиймээс А.Ба-, Г.Г- нар нь хэрэгт ямар нэг байдлаар хамааралгүй, хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Түүнчлэн давж заалдах гомдолд Баянбүрдийн орчмоос түрээсэлж авсан автомашиныг Ц.П-д 3.000.000 төгрөгөөр барьцаалсан үйлдэлд яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлтэд байхгүй, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаагүй гэж байна. Гэтэл яллах дүгнэлтийн дугаарласан гэмт хэргийн 21 дэх дугаарт Ж.Б-тай бүлэглэж үйлдсэн гэж тодорхой бичигдсэн. Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн нэрийг “М.Түмэннаст” гэж,, автомашины нэрийг “Mitsubishi Pajero гэж “12” гэснийг “7” гэж, “2020 оны 8 дугаар сарын 26-наас 2018 он” гэж буруу бичсэн зэрэг нь бичилтийн алдаа байх тул үүнийг зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Хэрэгт 2019 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулсан буюу харьцангуй удаан явагдсан тул хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийсэн, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн тогтоосон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Д-г 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ганцаараа 12 удаагийн, М.М-тай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр нэр бүхий 19 иргэний автомашин, гэрэл зургийн төхөөрөмж, хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг түрээслэх нэрийдлээр гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар залилан авсны улмаас бусдад 235.645.000 төгрөгийн,

            М.М-г 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ганцаараа 1 удаагийн, Б.Д-тай бүлэглэн 7 удаагийн, Ж.Б-тай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр нэр бүхий 9 иргэний автомашиныг түрээслэх нэрийдлээр гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар залилан авсны улмаас бусдад 119.900.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М.М-, Б.Д- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний хүрээнд хорих ялыг тус бүрд оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээ, ял эдлэх дэглэм, нөхцөл болон хариуцан арилгах хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

            Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэх 7 удаагийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгаагүй, шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцохдоо тухайн онцлон хүндрүүлэх шинж нь хэргийн үйл баримтад хэрхэн нийцэж тохирч байгаа эсэхэд тодорхой хууль зүйн дүгнэлт өгөөгүйн зэрэгцээ, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгах, хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг зөв тогтоох, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, хэргийг прокурорт буцаах” талаар гаргасан санал, түүний үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг баримтаар нотлогдсон хэмжээнд хэрхэн үнэлсэн талаар тодорхой дүгнэлтийг хийгээгүй буюу зарим хохирогч болох Э.Ба-, Ц.Ал-, О.У-, Т.З-, С.Г-, Ц.А-, Б.Х-, Б.О- нараас нэхэмжилсэн “дутуу авсан түрээсийн төлбөр, автомашинд учирсан хохирол, автомашинаа хайж олоход гарсан зардал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбогдох торгууль” гэх зэрэг шаардлагыг хангаагүй орхих болсон үндэслэл, хохирогч Э.Т-, Г.Га-, А.Ш-, Э.Ц-, Б.Х- тус бүрд олговол зохих хохирлын хэмжээнээс барьцаа, түрээсийн төлбөрт урьдчилан авсан мөнгийг хасаагүй шалтгаан зэргийг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтуудын шаардлагад нийцээгүй байна.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруу, хохирлын талаар дүгнэхдээ, “...М.Түмэннастын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.” гэж шүүгдэгчийн нэрийг сольсон, “...М.М- нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 2 хохирогчийг залилсан...” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг буруу бичсэн, “...хохирогч О.У-ын эзэмшлийн “Pajero загварын автомашин...” гэж автомашины загварыг сольсон, “...шүүгдэгч нар бүлэглэн 12 хохирогчийн автомашиныг түрээсэлж аваад...” гэж хохирогчийн тоог ихэсгэсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

            Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.М-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.М-, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, хэргийг прокурорт буцаах тухай” давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шууд болон бусдаар дамжуулж өөртөө шилжүүлэн авдаг. Ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.

Хэд хэдэн шүүгдэгч нарт холбогдох энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдгээрийн гэм буруу, үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг эргэлзээгүй тогтоох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх этгээдийг зөв сонгож, хохирол төлбөрийн хэмжээг ялгамжтай хариуцуулахад ач холбогдолтой.

2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онцлон хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг.

Хэргийн материалыг судлахад “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /3хх 32/-т шүүгдэгч М.М-г 2 удаагийн ял шийтгэлтэй буюу “Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан” талаар тэмдэглэсэн байхад уг шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдаагүй ба яллах дүгнэлтийн тэмдэглэх болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд түүнийг урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан мэтээр тусгасныг буруутган тэмдэглэж байна.

Иймээс шүүгдэгч М.М-гийн урьд ял шийтгүүлсэн байдлыг тодорхойлох дээрх шүүхийн шийдвэрийн хуулбарыг хэрэгт нөхөн хавсаргах, цаашид шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг илтэд хангаагүй зөрчлийг прокурор хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу эсэргүүцэл бичих замаар арилгуулж байхыг анхааруулав.        

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/558 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-, Б.Д- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.М-, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН