Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 284

 

  

 

 

 

                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энхбат, /томилолтоор/,

шинжээч М.Золжаргал,

гэрч Д.Батсүх, Б.Оюундалай,

хохирогч Б.Төмөрхуяг,

шүүгдэгч Б.Цэрэнпил, түүний өмгөөлөгч Б.Тэнгис (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518),

шүүгдэгч З.Батсүхийн өмгөөлөгч Г.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0474) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харуул овогт Болдбаатарын Б.Цэрэнпилийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, Зундуй хиад овогт Зундуйн Батсүхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010117 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Харуул овогт Болдбаатарын Б.Цэрэнпил, Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, Сантехникийн инженер мэргэжилтэй, “Арбэл-Алтай” ХХК-д сантехникийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 5 дугаар гудамж 185 “а” тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЕ88030518.

Зундуй хиад овогт Зундуйн Батсүх, Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, Төвд судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 5 дугаар гудамж 177 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШБ70110877.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Цэрэнпил нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны 5 дугаар гудамжинд байрлах “Далайхүү” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Төмөрхуягтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож бие махбодид нь “дээд баруун 1 дүгээр шүд, дээд зүүн 1, 2, 4 дүгээр шүдний булгарал, доод баруун 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, буйл, хүзүүнд цус хуралт бүхий” ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

яллагдагч З.Батсүх нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 5 дугаар гудамжинд байрлах “Далайхүү" нэртэй хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Цэрэнпилтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ

1. Шүүгдэгч Б.Цэрэнпил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа ирээд 12 цагийн үед тамхи авах зорилгоор дэлгүүр явж байгаад найз Билэгдэмбэрэлийн гэрт орсон. Тэднийд Билэгдэмбэрэл, Наранхорол, Ганзориг нар байсан. Бид нар 0.5 литрийн “Ерөөл” архи хувааж уусан. Гэтэл З.Батсүх ах нилээн муудахаар нь гэрт нь хүргэж өгөх гээд Билэгдэмбэрэлийн гэрээс гараад бид хоёр гудамж өгсөөд явж байтал Төмөрхуяг Батсүх ахын гэрийн харалдаа зогсож байсан. Тэгээд Төмөрхуяг Батсүх ах хоёр юм яриад маргалдаад байсан. Тэгэхээр нь би Батсүх ахыг явъя гэж хэлэхэд тэрээр намайг “яах гээд байгаа пизда бэ” гэж хэлсэн. Тэгээд Төмөрхуяг цаашаа хашаа руугаа явж байтал Батсүх ах Төмөрхуягийг дуудсан. Тэгээд Батсүх ах Төмөрхуягтай уулзаад маргалдаад архины мөнгө нэхээд байсан. Тэгээд 2-3 минут хүлээж байгаад Батсүх ах дээр очоод явъя гэхэд хүлээж бай гэж хэлсэн. Гэтэл Д.Батсүх, Өлзий-Учрал хоёр хүрээд ирсэн. Тэгээд З.Батсүх ах гэрч Өлзий-Учралаас мөнгө асуугаад Өлзий-Учралыг заамдаад авахаар нь би болиулсан. Гэтэл Төмөрхуяг, Өлзий-Учрал, Д.Батсүх нар дэлгүүр орсон. Харин би хойноос нь тамхи авах гээд ороод хохирогч Төмөрхуягтай би маргалдаад зогсож байсан. Гэтэл З.Батсүх ах гаднаас орж ирээд Төмөрхуягийг 2-3 удаа цохисон. Тэгээд би салгах гээд дундуур нь ороход З.Батсүх ах намайг цохисон. Тэгэхээр нь би Батсүх ах руу дайрахад Оюундалай намайг тэвэрч аваад гаргах гэтэл Төмөрхуяг намайг заамдаад тавихгүй байсан. Би Төмөрхуягийг нэг удаа нүүр рүү нь түлхээд гараад явсан. Намайг дэлгүүрийн гадаа зогсож байхад Төмөрхуяг шүд унасан талаар хэлж байсан. Гэтэл Төмөрхуягийн дээд талын хоёр шүд унасан байсан. Тэгээд цагдаа дуудсан гэхээр нь би цагдаагаа дуудаад үнэн зөвийг нь ол гэж хэлсэн. Цагдаа иртэл дэлгүүрийн гадаа 15-20 минут зогссон. Цагдаа нар ирэхэд Төмөрхуяг намайг цохисон гэж хэлээд цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Энэ талаар би байцаагчид хэлэхэд ах дүү хоёр юм чинь ямар ч хамаагүй гэж хэлээд намайг цохисон гээд байсан. Тэгэхээр нь би дэлгүүр камертай, камерын бичлэгтэй шүү гэж хэлсэн гэв.

-Хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Надад гомдол санал, нэхэмжилсэн зүйл байхгүй гэв.

 

2. Шүүгдэгч З.Батсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагаас 18 цагийн хооронд малгайгаа олж авах гээд явж байсан. Тэгээд Билэгдэмбэрэл гэдэг залуугийн гэрт ороход Цэрэнпил, Билэгдэмбэрэл нар нэг шил архи задлаад сууж байсан. Тэр архинаас нь уучихаад Цэрэнпил бид хоёр Билэгдэмбэрэлийн гэрээс хамт гарсан. Тэгээд би гэр рүүгээ орох гэж байтал Төмөрхуяг миний урдаас хүрээд ирсэн. Би Төмөрхуягийг “хашаанд байгаа хогоо янзал шувуу эргээд хэцүү байна” гэж хэлээд зогсож байхад Цэрэнпил Өлий-Учралтай зодолдох гээд байгаа юм уу, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хөөгөөд байсан. Гэтэл удаагүй Цэрэнпил Төмөрхуяг бид хоёр дээр ирээд бид хоёрын яриан дундуур ороод Төмөрхуяг руу дайраад “чи намайг хогийн машины ачигч” гэлээ гээд байсан. Гэтэл Төмөрхуяг Цэрэнпилд хандаж “миний дүү бид хоёр чамтай яриагүй байна. Би ахтайгаа гэр орны талаар ярьж байна” гэж хэлсэн. Тэгээд уурлаад Төмөрхуяг руу дайраад барилцаж авах гээд байхаар нь би Цэрэнпилийг айлаас зүгээр хамт гарч ирчихээд нэг гудамжинд зөндөө олон жил хамт байчихаад боль гэж хэлсэн. Тэгээд Төмөрхуяг дэлгүүр лүү явж тамхи авах гээд орох үед Цэрэнпил хойноос нилээн ууртай явахаар нь би дэлгүүрийн таамбар дотор ороод Цэрэнпилийг битгий хүнтэй муудалцаад бай хэрэггүй гэж хэлсэн. Гэтэл Цэрэнпил би зүгээр гэж хэлээд дэлгүүр рүү ороод Төмөрхуяг тамхи авах гээд зогсож байхад Цэрэнпил хажууд нь зогсож байгаад Төмөрхуягийг гэнэт цохиод авсан. Гэтэл Төмөрхуягийн уруул  язарч шалан дээр хоёр ширхэг шүд унасан. Тэгээд би шүдийг нь хайгаад үлдсэн шүдний сүүнд хийгээд бөхлөх санаатай дэлгүүрийн худалдагчаас сүү асуугаад байж байтал Төмөрхуяг гараад явсан. Мөн Цэрэнпил дахин Төмөрхуягтай зодоон хийх гээд байхаар нь би Цэрэнпилийг дэлгүүрийн таамбар дотор дахин барьж болиулсан гэв.

 

3. Хохирогч Б.Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхошуунд байдаг өөрийнхөө хашаанаас хог ачуулах гээд ирсэн. Гэтэл Далайхүү дэлгүүрийн үүдэнд З.Батсүх, Цэрэнпил хоёр хоёулаа зогсож байсан. Тэгээд би дэлгүүр орох гээд явж байтал З.Батсүх намайг дуудсан. З.Батсүх ах надаас юу хийж яваа юм гэж асуухаар нь хогоо ачуулж байна гэж хэлсэн. Гэтэл Цэрэнпил хажуугаас нь би хогийн машин шиг харагдаад байна уу гээд байхаар нь би Цэрэнпилд чамтай яриагүй байна. Би өөрийнхөө ахтай ярьж байна гэж хэлсэн. Тухайн үед би Өлзий-Учралыг хог ачуулахаар дуудсан байсан. Тэгээд Цэрэнпил, З.Батсүх, Өлзий-Учрал нар дэлгүүрийн гадаа үлдсэн. Харин би дэлгүүрээс бээлий, тамхи авахаар ороод цонхоор харахад Цэрэнпил, Өлзий-Учрал хоёр маргалдсан байдалтай зогсож байсан. Гэтэл Цэрэнпил гаднаас орж ирээд “ямар атаман залуу бэ” гэж хэлээд намайг шууд цохисон. Би шүдээ 16.800.000 төгрөгөөр эмчлүүлж байгаа. Энэ хэрэг болсны маргааш нь Цэрэнпил ээжтэйгээ хамт ирээд тохиролцоё гээд явж байсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Эмнэлгийн зардалд 10.500.000 төгрөгийг төлсөн байгаа. Мөн 200.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Энэ баримтыг бүгдийг нь хавтаст хэрэгт өгсөн байгаа гэв.

 

4. Гэрч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өлзий-Учрал бид хоёр Төмөрхуяг ахтай хамт ажил хийхээр ярилцсан байсан. Тэгээд Өлзий-Учралыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд зогсож байхад З.Батсүх, Цэрэнпил хоёр гудамж уруудаад ирж байсан. Тэгээд З.Батсүх нь Өлзий-Учрал руу дайраад байсан. Өлзий-Учрал нь Батсүх ахыг согтуу явж байхад гэрт нь оруулж өгсөн байсан. Гэтэл З.Батсүх ах Өлзий-Учралыг миний юмыг авсан гээд дайраад байхаар нь Цэрэнпил ах салгасан. Тэр үед Төмөрхуяг ах бээлий авах гээд орохоор нь Өлзий-Учрал бид хоёр хойноос нь орсон. Гэтэл Цэрэнпил, Өлзий-Учралыг өмөөрч Төмөрхуягтай маргалдсан. Гэтэл З.Батсүх гаднаас орж ирээд Төмөрхуяг, Цэрэнпил хоёрыг цохисон. Тэгэхээр нь би З.Батсүхийг дэлгүүрээс аваад гарсан. Тэгээд бид дэлгүүрийн гадаа гараад З.Батсүх ахыг яагаад хүн цохиж байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл дэлгүүр дотор шүд унасан талаар яриа гарсан гэв.

 

5. Гэрч Б.Оюундалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүртээ зогсож байхад гаднаас Төмөрхуяг ах орж ирээд тамхи авах гэж байсан. Гэтэл Төмөрхуяг ахын хойноос Цэрэнпил ах орж ирээд тэр хоёр хоорондоо муудалцаад барьцалдаж авсан. Тэгтэл З.Батсүх ах дэлгүүрт орж ирээд Төмөрхуяг, Цэрэнпил хоёрын дундуур ороод салгаад Төмөрхуяг, Цэрэнпил хоёрыг нэг нэг удаа цохисон. Тэгээд Д.Батсүх, З.Батсүхийг дэлгүүрээс аваад гарсан. Харин би Цэрэнпилийг аваад дэлгүүрээс гарах гэж байтал Цэрэнпил ах Төмөрхуяг ахын нүүр рүү нэг удаа түлхсэн. Төмөрхуягийн шүд Цэрэнпил ах нь мангасдах үед унасан байх гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 01дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 5 дугаар гудамжны 37 тоотод байх агуулахдаа очоод...хашаан доторх цас, хогийг ачуулчихаад...хүнсний дэлгүүр...орох гээд хашаанаас гартал гудамжинд манай хадам ах З.Батсүх, намайг цохьсон зүс таних залуу хоёр хоорондоо юм яриад зогсож байсан. Би тэр хоёр луу явж очоод З.Батсүх ахад “дүү нь хоёр ажилчин олоод хашаан доторх цас, хогоо ачуулж байна” гэж хэлтэл, ...зүс таних залуу нь надад “би хог шиг харагдаад байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөртэй чинь яриагүй байна гэтэл,...юм ярилгүй дуугүй болсон. ...Тэгээд би дэлгүүр орж...бээлий, тамхи, ундаагаа авчихаад зогсож байтал дэлгүүрийн гаднаас нөгөө зүс таних залуу ганцаараа орж ирээд надад хандаж “яасан атаман хулгайч вэ” гээд баруун гараараа миний толгойн хэсэгт 2 удаа, шүд рүү 2-3 удаа цохисон юм. Би тэр залууг эсэргүүцээд хоёр гараараа хоёр мөрнөөс нь бариад...чи миний шүдийг унагаачихлаа ш дээ гэж хэлээд дэлгүүр дотор доошоо суухад...гаднаас З.Батсүх ах орж ирээд болиоч чи гээд намайг цохисон залууг чирээд дэлгүүрээс гарсан....Миний шүдийг цохисон залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байдалтай харагдсан. Би толгойны томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, буйлны эмчилгээнд 51.000 төгрөг, нэг шүд авахуулахад 10.000 төгрөг, нийтдээ 180.000 төгрөгний бодит зардал гарсан байгаа. Гэхдээ би унасан шүдээ хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилнэ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),

2. Хохирогч Б.Цэрэнпилийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр...З.Батсүх ахыг...гэрт нь хүргэж өгөхөөр Билэгдэмбэрэлийн гэрээс гэрээс дагуулж гараад...гэр лүү нь дөхөж явтал замд Б.Төмөрхуяг гэх хүнтэй тааралдсан. Энэ үед тэр хоёр хоорондоо... 2-3 минут  хог энэ тэр гээд юм яриад байхаар нь би З.Батсүх ах руу явж очоод явъя гэж хэлээд гарнаас нь таттал “жаахан байж бай” гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас нь Б.Төмөрхуяг гэх хүн надад хандаж яах гээд байгаа пизда вэ, гэж хэлээд...бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгтэл Б.Төмөрхуяг дэлгүүр орохоор алхсан. Энэ хооронд би Батсүх ахыг “наанаа байж бай би дэлгүүр орж тамхи авчихаад хүрээд ирье” гэж хэлээд дэлгүүр лүү явсан. Тэгээд би дэлгүүр дотор ороод Б.Төмөрхуягт хандаж чи ч том юм аа гээд хэлтэл миний урдаас би том ш дээ гэж хэлээд бид хоёр бие биенийгээ заамдалцаад маргалдаад зогсож байтал дэлгүүрт З.Батсүх ах орж ирээд юм ярилгүй миний баруун чихний ойролцоо 2-3 удаа гараараа цохисон...Энэ үед дэлгүүрт Бөмбөөлэй гэх худалдагч, мөн Д.Батсүх гэх залуучууд байсан ба бид нарыг салгаж дэлгүүрээс гаргасан. Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг З.Батсүх ах гараараа учруулсан...Би толгойн томографт үзүүлэхэд 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3.000 төгрөг нийтдээ 123.000 төгрөгний хохирол учирсныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Гэрч Э.Наранхоролын мөрдөн байцаалтад өгсөн “...тухайн өдөр манай нөхөр Билэгдэмбэрэл, найз Ганзоригийн хамт гэртээ ганц шил архи уугаад сууж байхад, гаднаас найз Б.Цэрэнпил нь орж ирсэн. Тэгээд тэр гурав нэг шил архиа хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас З.Батсүх ах нэг шил архи барьчихсан нэлээн халамцуу байдалтай орж ирээд... тэр дөрөв дахиад тэр архийг хувааж ууцгаагаад бүгд нилээн согтоцгоосон. Удалгүй Б.Цэрэнпил манайхаас З.Батсүх ахыг хүргэж өгөхөөр гарсан...ба манайд нөхөр болон, Ганзориг хоёр үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

4. Насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр хамаатны ах Оюундалайгийн хамтаар дэлгүүрийн худалдагчийн ажил хийгээд байж байтал зүс таних Б.Төмөрхуяг ах ганцаараа орж ирээд тамхи худалдаж аваад, дэлгүүрт өгөх ёстой байсан өрөө төлөөд зогсож байхад...гаднаас Б.Цэрэнпил ах ганцаараа орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

5. Гэрч Б.Оюундалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэрэг гардаг он, сар, өдрийг санахгүй байна. Тэр өдөр би дэлгүүр дотроо худалдагч хийгээд зогсож байхад 16 цаг 30 минутын орчим Б.Төмөрхуяг гэх хүн ганцаараа орж ирээд тамхи аваад, манай дэлгүүрт өгөх ёстой өрөө төлөөд зогсож байсан. Тэгтэл гаднаас Б.Цэрэнпил ах, Батсүх ахын хамтаар орж ирээд Б.Цэрэнпил ах Б.Төмөрхуяг ах хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцаад байсан. Тэгтэл З.Батсүх ах Б.Цэрэнпил ахын хажуу талаас толгой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохиж харагдсан. Үүний дараа Б.Цэрэнпил ах Б.Төмөрхуяг ахын шанаа хэсэгт нь 1-2 удаа цохиод Батсүх ах салгах гээд байх шиг харагдсан. Тэгэхлээр нь би лангууныхаа араас гүйж гараад...З.Батсүх ах болон Б.Цэрэнпил ах нарыг дэлгүүрээс гаргасан. Харин Б.Төмөрхуяг ах дэлгүүр дотор нүүр нь улайчихсан байдалтай, шүд унагаачихлаа гээд амаа дараад зогсож байсан. Тэр үед Б.Төмөрхуяг ах өөрийнхөө утсаар 102 луу залгаж цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 27),

6. Гэрч Д.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Төмөрхуяг, Б.Цэрэнпил, З.Батсүх ах гурав чанга чанга яриад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Гэхдээ хэн нь хэнтэйгээ муудалцаж байгааг мэдэж чадаагүй. Тэгтэл Б.Төмөрхуяг ах Өлзий-Учрал бид хоёрыг дэлгүүр оръё гээд орсон. Би Б.Төмөрхуяг ахын араас явахад дэлгүүрийн гадна Өлзий-Учрал Б.Цэрэнпилтэй юм яриад хоцорсон. Би дэлгүүрээс түрүүлээд ганцаараа гарахад Б.Цэрэнпил зөрөөд дэлгүүр лүү орсон. Тэгтэл дэлгүүрийн үүдэнд Б.Цэрэнпил, Б.Төмөрхуяг хоёр муудалцсан байсан. Дэлгүүр дотор юу болсонг би мэдээгүй. Б.Төмөрхуяг шүд унагаачихлаа гээд Б.Цэрэнпил рүү зааж ярьж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29)

7. Гэрч Б.Өлзий-Учралын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэрэг гарсан он сар өдрийг сайн санахгүй байна. ...дэлгүүрийн үүдэнд Батсүх ах, Б.Цэрэнпил ах, Б.Төмөрхуяг ах гурав хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад байгаа харагдсан. Тэгэхээр нь би найз Д.Батсүхтэй дэлгүүр орох гээд хажуугаар нь өнгөртөл Б.Цэрэнпил ах намайг дуудсан, тэр үед Б.Төмөрхуяг ах бид хоёрын хажуугаар зөрж дэлгүүр лүү ганцаараа орсон. Тухайн үед Б.Цэрэнпил ах надаас өрөө нэхэхээр нь мөнгө байхгүй байна гэтэл тэрээр наанаа хүлээж байгаарай гэж хэлээд дэлгүүр лүү орчихсон. Тэгтэл удалгүй дэлгүүр дотор Б.Цэрэнпил ах Б.Төмөрхуяг ах хоёр бие биенийгээ заамдалцаад зогсож байсан. Тэр үед З.Батсүх ах дэлгүүр лүү ороод Б.Цэрэнпил ахын эрүү болон нүүр лүү 2-3 удаа цохиж харагдсан. ...дэлгүүр дотроос  Б.Төмөрхуяг ах гарч ирээд шүд унагаачихлаа ш дээ гээд...амаа дарчихсан үүдэн дээд шүдний 2-3 уначихсан байсан....Энэ үед Б.Төмөрхуяг ах эрүүл байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

8. Гэрч Л.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 04 минутад Ачит-10-аас “Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 5 дугаар гудамжинд хүнд зодуулаад үүдэн хоёр шүд нь уначихлаа” гэх дуудлага ирсний дагуу яаралтай очиж шалгахад тус гудамжинд байрлах хүнсний дэлгүүрийн үүдэнд Б.Төмөрхуяг гэгч нь намайг энэ хүн цохиод шүд унагачихлаа гээд Б.Цэрэнпил гэгч рүү заагаад гарын алган дээр 2 ширхэг шүд барьчихсан, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай зогсож байсан. Тухайн үед Б.Цэрэнпил гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түр саатуулж хохирогч Б.Төмөрхуягийг хэлтэс дээр үлдээсэн. Б.Төмөрхуяг гэгч нь эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1479 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэг: Дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2 дугаар шүднүүд булгарч унасан, буйланд цус хуралттай, буйл хонхойсон. Дээд зүүн 4-р шүд, доод баруун 1-р шүд урагшаа хойшоо ганхаж хөдөлнө. Дээд уруулын дотор салстад 0.2х0.3см цагаан өнгөр бүхий шархтай, хүзүүний зүүн доод хэсэгт 1.0х1.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

2017.01.11-ний Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгт: Нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ.

2017.01.11-ний “Med Trauma”-ийн Компьютер томографийн хариунд:...Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...Дээд үүдэн 3 шүд унасан. Зүүн талын том үүдэн шүд ёзоор хэсгээр хугарсан ба хугарсан шүдний ёзоор хэсэг үүдэн шүдний нүхэндээ /formen incisivum/ үлдсэн...

2017.01.13-ны Шүд эрүү нүүрний төвийн Нүүр амны мэс заслын үзлэгт 11, 21, 22-р шүд булгарч унасан. 25-р шүд 3-р зэргийн хөдөлгөөнд орсон. Онош: гэмтлийн гаралтай шүдний бүрэн булгарал...гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Б.Төмөрхуягийн биед дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2, 4-р шүдний булгарал, баруун доод 1-р шүдний сулрал, дээд уруулд шарх, буйл хүзүүнд цус хуралт гэмтэл тогоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Б.Төмөрхуягийн дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2, 4-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1780 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт:...2017.01.19-ны Гэмтлийн эмчийн үзлэгт: нистагм/-/, регидност 2.0см. Онош тархи доргилт гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Б.Цэрэнпилийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41)

11. Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Төмөрхуягийн биед учирсан баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2, 4-р шүдний булгарал бүхий гэмтэл нь хүндэвтэр, доод баруун 1-р шүдний сулрал, дээд уруулын шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт буйл, хүзүүний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулна гэдэг нь тэр хүний шүд 100 хувь ямар нэгэн зүйлийг бутлах, жижиглэх бол дээрх гэмтлээс болж 15 хувийг алдаж байгаа гэсэг үг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45, 46),

“...Б.Цэрэнпилийн биед үзлэг хийхэд толгой өвдөнө, дотор муухайрна, бөөлжинө гэсэн зовиуртай байсан. Мөн хоёр нүдний алим дээр дарахад зовиур өвдөлт үүсэх шинж тэмдэг илэрсэн тул эмнэлзүйн шинжээр нь тархи доргилт  гэсэн дүгнэлт гаргасан. Түүний биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 48),

12. Шүүгдэгч Б.Цэрэнпилийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр...Билэгдэмбэрэлийн гэрт ороход...1 шил 0.5 литрийн архи байсан. Мөн тэр үед тэднийд З.Батсүх ах нэг шил архи барьчихсан орж ирээд Билэгдэмбэрэл, Ганзориг, би, З.Батсүх ах бид дөрөв авчирсан архийг хувааж уусан. Харин Билэгдэмбэрэлийн эхнэр Наранхорол архи огт уугаагүй. Энэ үед З.Батсүх ах нилээн муудсан учир гэрт нь хүргэж өгөхөөр Билэгдэмбэрэлийн гэрээс гараад явж байтал хохирогч болох Б.Төмөрхуягтай тааралдсан. Тэгтэл З.Батсүх ах тэр хоёр хоорондоо хогны талаар яриад нилээн удсан. Тэгэхээр нь би З.Батсүх ахыг гэртээ ор гээд мөрнөөс нь таттал жаахан байж бай гэж хариулсан. Яг энэ үед Б.Төмөрхуяг надад “чи яах гээд байгаа пизда вэ” гэхээр нь би “тэгээд яах гээд байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Б.Төмөрхуяг хүнсний дэлгүүр явсан ба явах замдаа Д.Батсүх, Өлзий-Учрал нарыг дуудаж байгаа харагдаад...дэлгүүр лүү орсон. Тэгэхээр нь би З.Батсүх ахыг гудамжинд үлдээчихээд Б.Төмөрхуягийн араас тамхи авахаар дэлгүүрт ортол Б.Төмөрхуяг дэлгүүрт ганцаараа зогсож байсан. ...Дэлгүүрт бид хоёр маргалдаад зогсож байтал гаднаас З.Батсүх ах орж ирээд миний толгой хэсэгт 2-3 удаа цохьсон. Тэр үед би доошоо тонгойгоод баруун гараараа 2-3 удаа цохьсон. Би хэнийг онож цохьсоноо харж чадаагүй. Бид нарыг тухайн үед Д.Батсүх, Б.Оюундалай нар салгаад дэлгүүрээс гаргасан. ...дэлгүүрийн гадна талд зогсож байхад дэлгүүр дотроос Б.Төмөрхуяг гарч ирээд миний шүдийг унагаачихлаа, гэж хэлээд гарын алга дээр 2 ширхэг шүд тавьчихсан бариад гарч ирсэн...би хоёр ширхэг шүдийг нь харсан, ...мөн амыг нь харахад дээд үүдэн шүднээс унасан онгорхой харагдаж байсан. Гэхдээ би хэдэн ширхэг шүд унасаныг нь харж чадаагүй. Би бодохдоо 2 ширхэг шүд унасан юм байна гэж бодсон юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 50),

13. Шүүгдэгч З.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед би гэртээ харихаар Билэгдэмбэрэлийн гэрээс гартал Б.Цэрэнпил намайг гэр лүү дөхүүлж өгөх зуураа “Далайхүү” хүнсний дэлгүүр лүү явахаар алхсан. Энэ үед манай хүргэн Б.Төмөрхуяг хашаанаасаа гарч ирээд хүнсний дэлгүүр лүү орохоор алхсан. Тэгэхлээр нь би хашаа руугаа орох гэснээ гэнэт болиод хүргэнээ угтаад өөдөөс нь алхаад хүнсний дэлгүүрийн харалдаа уулзсан. Энэ хооронд Б.Цэрэнпил манай гудамжны банди болох Өлзий-Учралтай юм яриад араас нь өшиглөх гээд дайраад байгаа бололтой харагдсан. Тэр үед Б.Төмөрхуяг бид хоёр хоорондоо хогны машины талаар ярилцаад хашаан доторхи хогоо хэзээ ачуулах гэж байна гэж асуугаад зогсож байтал Б.Төмөрхуяг би өөрийнхөө машиныг оруулаад хоёр хог ачих хүн аваад ирсэн гэж яриад зогсож байтал бид хоёрын хажуу талд Б.Цэрэнпил хүрч ирээд манай хүргэн Б.Төмөрхуяг руу би хог ачигч юм уу, би хогны машин юм уу гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Б.Цэрэнпилээ ахын дүү бид хоёр гэр орныхоо ажпын талаар ярилцаж байна, чамд хамаагүй шүү дээ, яагаад манай хүргэнтэй муудалцах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Энэ үед манай хүргэн Б.Төмөрхуяг залгуулаад энд бид хоёр ярилцаж байна, чамд хамаагүй шүү дээ гэж хэлээд бага зэрэг дургүйцсэн байдалтай дэлгүүр лүү орсон. Тэгтэл Б.Төмөрхуягийн араас Б.Цэрэнпил бас уцаарласан байдалтай дэлгүүр...лүү орсон...дэлгүүрт Б.Төмөрхуяг Хонгорзултай худалдаа хийгээд зогсож байхад хажуу талаас нь Б.Цэрэнпил түүний нүүрэн хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-56),

 

            14. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 3), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 34), Толгойн компьютерт томографийн шинжилгээ (хавтаст хэргийн 35), Шүд эрүү нүүрний төвийн Нүүр ам мэс заслын эмчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 36), Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага лавлагааны PCIA 12065825 дугаар хуудас (хавтаст хэргийн 109)

- шүүгдэгч, хохирогч Б.Цэрэнпилийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 89), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68), хувийн байдлын талаарх баримт, тодорхойлолт (хавтаст хэргийн 69-85, 90), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 86, 88)

            - шүүгдэгч З.Батсүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 103, 104, 106), цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (хавтаст хэргийн 94-97) хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 98-100), хохирлын баримт (хавтаст хэргийн 40),

            - хохирогчийн хохирлын баримт, гэрээ (хавтаст хэргийн 10-14, 37) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас талууд:   

I. Гэм буруугийн талаар

            - Улсын яллагч: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан учраас шүүгдэгч Б.Цэрэнпилд 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж гэм буруутайд тооцох, харин шүүгдэгч З.Батсүхийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргав.

           

- Шүүгдэгч Б.Цэрэнпилийн өмгөөлөгч Б.Тэнгис “...миний үйлчүүлэгч Б.Цэрэнпил мөрдөн байцаалтад “З.Батсүх гэдэг хүн Б.Цэрэнпил, Б.Төмөрхуяг хоёрыг цохисон гэж мэдүүлэг өгсөн байсан. Би өөрөө тухайн мэдүүлгийг харсан болохоор З.Батсүхийг шалгуулахаар хүсэлт гаргаж байсан. Гэтэл сүүлд хавтаст хэргийн материалтай танилцахад Батсүх гэдэг хүн Б.Цэрэнпил Б.Төмөрхуяг хоёрыг цохисон гэх зүйл байхгүй байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Д.Батсүх, Б.Оюундалай нар З.Батсүх Б.Цэрэнпил, Б.Төмөрхуяг хоёрыг цохисон талаар мэдүүлсэн. Мөн Б.Цэрэнпилийн цохилтын улмаас Б.Төмөрхуягаас цус гарсан эсэх, унасан гэх 3 ширхэг шүдийг хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй. Иймд нотолбол зохих асуудлыг мөрдөн байцаалтаар нотлоогүй, гэмт хэргийн шинж байгаа эсэх нь эргэлзээ бүхий байгаа учраас Б.Цэрэнпилийг цагаатгаж өгнө үү гэж.

- Шүүгдэгч З.Батсүхийн өмгөөлөгч Г.Тунгалаг “...З.Батсүх нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэрэг үйлдсэн гэх шинжгүй байгаа тул “хэргийг хэрэгсэхгүй” болгож биш харин түүнийг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү. Учир нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болон З.Батсүхийг буруутгаж байгаа гэрч Д.Батсүх, Б.Оюундалай, Б.Өлзий-Учрал, Б.Хонгорзулын нар мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нь эргэлзээтэй байна. Шинжээч эмч дүгнэлтийнхээ үндэслэл болгосон баримт бичгийг тайлбарлаж чадахгүй, асуултад эргэлзээтэй мэдүүлэг өгч, тайлбар гаргаж байна. Мөн гэрч Д.Батсүх, Б.Оюундалай нар шүүхийн хэлэлцүүлэгт “З.Батсүх нь Б.Төмөрхуяг, Б.Цэрэнпил хоёрыг цохисон” талаар мэдүүлж байгаа зэрэг нь тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл тэдний аль мэдүүлгийг үнэн зөв, алийг худал гэдгийг тогтоох боломжгүй байгаа тул хохирогч Б.Төмөрхуягийн мэдүүлэгт үндэслэж миний үйлчлүүлэгч З.Батсүхийг цагаатгаж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж дүгнэлт гаргав.

Дээрх мэтгэлцээн, дүгнэлтээс үзвэл улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь дараах байдлаар няцаагдаж байх тул шүүгдэгч нарыг дараах нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            1. Шүүгдэгч Б.Цэрэнпил нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар гудамжинд байрлах “Далайхүү” хүнсний дэлгүүрт, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Төмөрхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, шууд санаатай үйлдлээр, түүний нүүрэнд цохиж “дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2, 4-р шүдний булгарал гэмтэл буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулсан” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            2. Шүүгдэгч З.Батсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар гудамжинд байрлах “Далайхүү” хүнсний дэлгүүрт, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Цэрэнпилээс хүргэн Б.Төмөрхуягийг өмөөрч хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан, шууд санаатай үйлдлээр, түүний толгойд цохиж “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь,

-Хохирогч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр хоёр луу явж очоод З.Батсүх ахад “дүү нь хоёр ажилчин олоод хашаан доторх цас, хогоо ачуулж байна” гэж хэлтэл, ...зүс таних залуу нь надад “би хог шиг харагдаад байна уу” гэж хэлсэн. ...Тэгээд би дэлгүүр орж...бээлий, тамхи, ундаагаа авчихаад зогсож байтал дэлгүүрийн гаднаас нөгөө зүс таних залуу ганцаараа орж ирээд надад хандаж “яасан атаман хулгайч вэ” гээд баруун гараараа миний толгойн хэсэгт 2 удаа, шүд рүү 2-3 удаа цохисон юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),

-Хохирогч Б.Цэрэнпилийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би З.Батсүх ах руу явж очоод явъя гэж хэлээд гарнаас нь таттал “жаахан байж бай” гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас нь Б.Төмөрхуяг гэх хүн надад хандаж яах гээд байгаа пизда вэ, гэж хэлээд...бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгтэл Б.Төмөрхуяг дэлгүүр орохоор алхсан. Энэ хооронд би Батсүх ахыг “наанаа байж бай би дэлгүүр орж тамхи авчихаад хүрээд ирье” гэж хэлээд дэлгүүр лүү явсан. ...бид хоёр бие биенийгээ заамдалцаад маргалдаад зогсож байтал дэлгүүрт З.Батсүх ах орж ирээд юм ярилгүй миний баруун чихний ойролцоо 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

-Гэрч Э.Наранхоролын мөрдөн байцаалтад өгсөн “...тухайн өдөр манай нөхөр Билэгдэмбэрэл, найз Ганзориг...Б.Цэрэнпил...З.Батсүх нар архи хувааж ууцгаагаад бүгд нилээн согтоцгоосон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- Насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзул мөрдөн байцаалтад: “...Б.Төмөрхуяг ах ганцаараа орж ирээд тамхи худалдаж аваад, дэлгүүрт өгөх ёстой байсан өрөө төлөөд зогсож байхад...гаднаас Б.Цэрэнпил ах ганцаараа орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Гэрч Б.Оюундалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Цэрэнпил ах Б.Төмөрхуяг ах хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдалцаад байсан. Тэгтэл З.Батсүх ах Б.Цэрэнпил ахын хажуу талаас толгой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохиж харагдсан. Үүний дараа Б.Цэрэнпил ах Б.Төмөрхуяг ахын шанаа хэсэгт нь 1-2 удаа цохиод Батсүх ах салгах гээд байх шиг харагдсан....Б.Төмөрхуяг ах дэлгүүр дотор нүүр нь улайчихсан байдалтай, шүд унагаачихлаа гээд амаа дараад зогсож байсан.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 27),

-Гэрч Д.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүрийн үүдэнд Б.Цэрэнпил, Б.Төмөрхуяг хоёр муудалцсан байсан. Дэлгүүр дотор юу болсныг би мэдээгүй. Б.Төмөрхуяг шүд унагаачихлаа гээд Б.Цэрэнпил рүү зааж ярьж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29)

-Гэрч Б.Өлзий-Учралын мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүр дотор Б.Цэрэнпил ах Б.Төмөрхуяг ах хоёр бие биенийгээ заамдалцаад зогсож байсан. Тэр үед З.Батсүх ах дэлгүүр лүү ороод Б.Цэрэнпил ахын эрүү болон нүүр лүү 2-3 удаа цохиж харагдсан. ...дэлгүүр дотроос  Б.Төмөрхуяг ах гарч ирээд шүд унагаачихлаа шүү дээ гээд...амаа дарчихсан үүдэн дээд шүдний 2-3 нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

-Гэрч Л.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дуудлага ирсний дагуу яаралтай очиж шалгахад тус гудамжинд байрлах хүнсний дэлгүүрийн үүдэнд Б.Төмөрхуяг гэгч нь намайг энэ хүн цохиод шүд унагачихлаа гээд Б.Цэрэнпил гэгч рүү заагаад гарын алган дээр 2 ширхэг шүд барьчихсан, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1479 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 38),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1780 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 41)

-Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Төмөрхуягийн биед учирсан баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2, 4-р шүдний булгарал бүхий гэмтэл нь хүндэвтэр, доод баруун 1-р шүдний сулрал, дээд уруулын шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт буйл, хүзүүний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулна гэдэг нь тэр хүний шүд 100 хувь ямар нэгэн зүйлийг бутлах, жижиглэх бол дээрх гэмтлээс болж 15 хувийг алдаж байгаа гэсэг үг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45, 46),

“...Б.Цэрэнпилийн биед үзлэг хийхэд толгой өвдөнө, дотор муухайрна, бөөлжинө гэсэн зовиуртай байсан. Мөн хоёр нүдний алим дээр дарахад зовиур өвдөлт үүсэх шинж тэмдэг илэрсэн тул эмнэл зүйн шинжээр нь тархи доргилт гэсэн дүгнэлт гаргасан. Түүний биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 48),

-Шүүгдэгч Б.Цэрэнпилийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэлгүүрт бид хоёр маргалдаад зогсож байтал гаднаас З.Батсүх ах орж ирээд миний толгой хэсэгт 2-3 удаа цохьсон. Тэр үед би доошоо тонгойгоод баруун гараараа 2-3 удаа цохьсон. Би хэнийг онож цохьсоноо харж чадаагүй. ...дэлгүүр дотроос Б.Төмөрхуяг гарч ирээд миний шүдийг унагаачихлаа, гэж хэлээд гарын алга дээр 2 ширхэг шүд тавьчихсан бариад гарч ирсэн...би хоёр ширхэг шүдийг нь харсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 50),

-Шүүгдэгч З.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүрт Б.Төмөрхуяг Хонгорзултай худалдаа хийгээд зогсож байхад хажуу талаас нь Б.Цэрэнпил түүний нүүрэн хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-56) зэргээр шүүгдэгч Б.Цэрэнпил, З.Батсүх нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Цэрэнпилийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Төмөрхуягт 10.706.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хавтаст хэргийн 10, 11 дэх хуудсанд байгаа баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч Б.Цэрэнпил нь мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Батсүхээс нийт 123.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаар баримтгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

- шүүгдэгч Б.Цэрэнпилийн үйлдсэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар,

- шүүгдэгч З.Батсүхийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

            Б.Цэрэнпилд ял сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “251-ээс 450 цаг хүртэл албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан байх ба тус хэсэгт заасан ял нь “...450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр,

            З.Батсүхэд ял сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах” ял шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан байх ба тус хэсэгт заасан ял нь “...450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр тус тус өөрчлөн найруулжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан байгаа боловч мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..үйлдэл эс үйлдэхүйд...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн, дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж,

1. Б.Цэрэнпилд хөнгөрүүлсэн буюу ...хорих ялын зохицуулалтгүй болсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            2. З.Батсүхийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Б.Цэрэнпилийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, З.Батсүхийн холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэм буруугийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай дүгнэлтийг гаргасан учир улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Цэрэнпил нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68)-аар ял шийтгэгдэж байгаагүй байх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, болон түүний хувийн байдал буюу  “Арбэл-Алтай” ХХК-д ажилладаг, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа зэргийг харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч З.Батсүх нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101)-аар ял шийтгэгдэж байгаагүй байх тул түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуульд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Тэрээр шүүгдэгч З.Батсүхийг шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа дууссан байх тул шүүгдэгч З.Батсүхийг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн харуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

III. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Төмөрхуягт хэрэгт цугларсан баримтаар 10.706.000 төгрөгний (хавтаст хэргийн 10, 11) хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Б.Цэрэнпилээс  Иргэний хуульд заасны дагуу хохирогч Б.Төмөрхуягт учирсан 10.706.000 (арван сая долоон зуун зургаан мянга) төгрөгийг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Харин хохирогч Б.Цэрэнпил нь мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Батсүхээс нийт 123.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаар баримтгүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч З.Батсүхийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.