Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1535

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.19                                                Дугаар 1535                                     Улаанбаатар хот

 

 

 

Т.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01776 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.О-д холбогдох,

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Хариуцагч: Ч.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Б маань 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа ирэхэд      1 000 000 төгрөг олоод өгчих, би машин аваад хүүхдээ сургуульд нь зөөж байя гэхээр нь өвчтэй хүний сэтгэлийг бодоод мөнгө олж өгсөн. Нөхөр маань хариуцагч                  Ч.О-ийн эзэмшлийн 63-18УБК улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, митсубиши RVR маркийн авто машиныг 2 000 000 төгрөгөөр авахаар боллоо гэсэн. Би нөхрийн хамт 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө Өгөөмөр зах дээр Ч.О-д    1 000 000 төгрөг аваачиж өгсөн. Ч.О уг мөнгөнөөс 450 000 төгрөгөөр соната донс маркийн авто машины мотор худалдан авч уг машинд тааруулж тавьж өгсөн. 3-4 хоногийн дараа машинаа аваад нөхөр маань унаад явж байтал кроп нь эвгүй дуугараад байсан тул өглөө нь буцаагаад аваачиж өгсөн. Нөхөр маань туяа эмчилгээ хийлгэсэн байсан ба агаарт гарах хэрэгтэй гэсэн тул 2018 оны 6 дугаар сарын 1-ний өөрийн эзэмшлийн леганз маркийн авто машинаар Төв аймгийн Эрдэнэсант руу яваад 6 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд машиныг засаагүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нөхөр дахиад хөдөө явах болсон тул би 7 дугаар сарын 4-ний өдөр Хаан банкнаас 950 000 төгрөг авч өөрт байсан 50 000 төгрөгөө нэмэн маргааш нь  Ч.О-ийн гэрт нь аваачиж өгөхөд нөхөр нь байсан. 2018 оны 7 дугаар сарын 5-ны орой ажлаасаа ирэхэд машины кропыг зассан гээд гэрт авчраад өгсөн байсан ба нөхөр машин засагдсан гэсэн. Нөхөр 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр замын унаагаар Төв аймгийн Эрдэнэсант сум явсан ба 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нөхрийн бие муу гэсэн учир би худалдан авсан машинаа дүүгээрээ унуулаад явсан ч Төв аймгийн Лүн сумын наана очоод машин эвдэрсэн. 2018 оны 8 дугаар сарын 12, 13-ны үед хариуцагчийн хашаанд машинаа чирж аваачсан ба Ч.О-ийн нөхөр Ж.Ч өөрсдөө эвдсэн, кроп авах 450 000 төгрөг өг гэж над руу дайрсан. Би 8 дугаар сарын 25, 26-ны орчим 450 000 төгрөг өгсөн. Машиныг унаад явахад машин араандаа орохоо больсон байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр буцаагаад аваачиж өгсөн. Машиныг засуулж авах боломж байхгүй. Машины үнэд өгсөн 2 000 000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Н-ийн нөхөр Т.Б ахыг надтай хамт ажилладаг н.М  эгч таньдаг учир түүгээр дамжуулж танилцсан. Би Т.Б ахад орж ирсэн машин биш, хөгшин онтой машин гэхэд зүгээрээ чи ахыгаа машинтай болгоод өгчих гэсэн. Ингээд 2018 оны 5 дугаар сарын үед би өөрийн 63-18УБК улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, митсубиши RVR маркийн авто машиныг худалдах талаар тохирсон ба Т.Б ах эхнэр Д.Н болон хүүхэдтэйгээ ирээд машиныг аваад явсан. Маргааш нь машины доод хэсгээр юм дуугараад байна гэхээр нь би дунд гүп байх, солиод өгье гэхэд ах нь уул өөд явах шаардлага байх биш, тэрийг нь аваад хаячиж болно гэсэн. Машиныг унаж яваад хэд хоногийн дараа кроп нь болохгүй байна гээд манай хашаанд орхиод явсан. Нөхөр бид хоёр ижилхэн өөр машины кроп сольж тавиад сар гаруй унахад, Дундговь аймаг руу 1 хоног явахад уг машинд ямар ч асуудал гараагүй. 2018 оны 6 дугаар сард байх Т.Б ах яриад машиныг н.М д өгөөд явуулчих гэсэн. Би Жуковын музейн хажуугаас өгч явуулсан. Дараа нь машин яаж байна гээд асуухад зүгээр байна гэсэн. 2018 оны 9 дүгээр сард машиныг буцаагаад авчирч өгсөн. Эд авснаасаа хойш хэзээ яаж эвдсэнийг мэдэхгүй байна. Би анх 900 000 төгрөг, дараа нь 300 000 төгрөг 2 удаа, 200 000 төгрөг 2 удаа, авсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сард 250 000 төгрөг авсан. Нөхрийн нэр дээр хоёр машин байсан учир уг машиныг би өөрийн нэр дээрээ авсан. Уг машиныг би Б.Б гэж хүнээс 2018 оны 1 дүгээр сард 2 500 000 төгрөгөөр худалдан авсан ба би хүн хуураагүй, зүгээр машин өгсөн. Мөнгийг буцааж өгөх боломж байхгүй, янзлаад өгч болно. Өөрсдөө хүсэж машиныг маань худалдаж авсан, хуучин машин гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Мотор, кроп нь болохгүй байна гэхээр нь шинээр авч тавьж өгсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч-О-ээс 2 000 000 төгрөг гаргуулан Т.Б Д.Н нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч-О-ээс 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б Д.Н нарт олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Одоо машин Т.Б-д байгаа. Т.Б-ны хүсэлт гуйлтаар түүний зөвшөөрснөөр 2 удаа машины эд ангийг сольж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж заасан. Худалдагчийн хувьд дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан. Өөрөөр хэлбэл, Т.Б нь эд хөрөнгө хүлээн авахдаа үзэж шалгаж авсан, хуучин машин авсан гэдгээ мэдээд хямд авсан байдаг. Гэсэн ч миний зүгээс Т.Б машин аваад, 1-ээс 2 сар унаж, унаж хэрэглэж хэрэглэчихээд, буцаж ирэх болгонд нь худалдан авагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн удаа дараа эд ангийг сольж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ч.О-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “худалдан авагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн удаа дараа эд ангийг сольж өгсөн, өөрсдөө эвдсэн” гэж эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл Ч.О нь нэхэмжлэгч Т.Б-д митсубиши маркийн 63-18 УБК улсын дугаартай, хар хөх өнгийн суудлын авто машиныг 2 000 000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүх уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ.

Талуудын хооронд үүссэн гэрээний аль нэг тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар зохицуулсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Т.Б нь гэрээнээс татгалзаж, гэрээний үнийн дүнд төлсөн 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ. Харин шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн митсубиши маркийн 63-18 УБК улсын дугаартай, хар хөх өнгийн суудлын авто машиныг хариуцагчид буцаан гаргуулаагүй орхисон нь буруу байна.

Гэвч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Хариуцагчийн гаргасан “...эд хөрөнгө хүлээн авахдаа үзэж шалгаж авсан, хуучин машин авсан гэдгээ мэдээд хямд авсан...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/01776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч-О-ээс 2 000 000 төгрөг гаргуулан Т.Б-д олгож, “Митсубиши RVR” маркийн, 63-18 УБК улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгчээс гаргуулж Ч.О-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ