Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/01044

 

2023 03 13 184/ШШ2023/01044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 7-р хороо, 3 ******* 30 байр 122 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 12-р хороо, ******* ******* 5 байр 48 тоотод оршин суух овогт ын //-т холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 13,959,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч Х.******* нь зээлийн гэрээний үүрэг 13,959,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Нэхэмжлэгч нь хариуцагч У.тэй 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулж тус гэрээний дагуу тус тус 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд 1 сарын хүү 4 хувь, зээлийн гэрээний хугацаа 12 сар байна гэж харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүг төлөөгүй. Нийт 3 удаагийн төлөлтөөр 800,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байдаг. Зээлийн хүү шаардах эрхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т талууд зээлийн гэрээг бичгээр байгуулан, хүү тохирсон бол талуудын хооронд ашиг орлогын зорилготой байх эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр байна гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад талууд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой зааж гэрээнд тусгасан үүнийг төлнө гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Зээл ашигласан хугацааны хариу төлбөр гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн хүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тооцож үзвэл 5,773,200 төгрөг үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 800,000 төгрөгийг хасаж тооцвол 4,973,200 төгрөгийг зээлийн хүүд шаардаж байна. Мөн талууд гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон. Алдангийн хэмжээ нь 0.5 хувь байхаар зээлийн гэрээний 6.2-т тусгаж энэ талаар бичгээр харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн болон зээлийн хүүгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон үзвэл 50 хувиас хэтэрч байгаа ба дээрх үнийн дүнгээр тооцон үзвэл 4,986,600 төгрөг болно ... Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүү 4,973,200 төгрөг, алданги 4,986,600 төгрөг нийт 13,959,800 төгрөг нэхэмжилж байна ... гэв.


2. Хариуцагч У., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,700,000 төгрөгийг дансаар, 300,000 төгрөгийг бэлнээр нийт 2,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр нийт 2,000,000 төгрөг тус тус зээлж авсан. Зээлийн төлбөрт 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг төлсөн ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг байнгын шинж чанартайгаар эрхэлдэг бөгөөд хуульд зааснаар эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр зээл олгосон нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл зээлийн үйл ажиллагааг зохих этгээдийн зөвшөөрөлгүй эрхэлсэн тул хүчин төгөлдөр бус юм. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.3-т зааснаар банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зөвшөөрөл авах ёстой гэсэн заалтыг зөрчиж үйлдсэн үйлдэл юм ... Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: зээлийн гэрээ, иргэн Д.т зээлсэн мөнгөний тооцоо, Хаан банк дахь Х.*******гийн , тоот дансны хуулга.


4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Хаан банк дахь У.ийн тоот дансны хуулга.

 

5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.11-ний өдрийн 181/ШЗ2022/15605 тоот иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, тус шүүхэд гаргасан Х.*******гийн нэхэмжлэл.


ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч У.т холбогдуулж зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 4,973,200 төгрөг, алданги 4,986,600 төгрөг нийт 13,959,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч У. нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Х.*******, хариуцагч У. нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ-үүд нотлох баримтаар авагдсан ба уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар шилжүүлэхээр тохиролцжээ.

 

5. Гэрээгээр нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч мөнгийг тохиролцсон хугацаанд, хүүгийн хамт буцаан өгөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурцгаасан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 196 дугар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,700,000 төгрөгийг дансаар, 300,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг нийт 800,000 төгрөг төлсөн үйл баримт Хаан банк дахь нэхэмжлэгчийн , тоот, хариуцагчийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үндсэн үүргээс гадна хүүгийн төлбөр, алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Улсын их хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэжээ.

 

9. Харин талуудын хооронд гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль буюу 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

 

10. Хуулийн дээрх зохицуулалтаар хувь этгээдүүдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцааг зохицуулсан бөгөөд аливаа этгээд эдийн засгийн хэрэгцээ шаардлагадаа үндэслэж бусадтай зээлийн харилцаа үүсгэх, зээлийн гэрээний төлбөрт хэлэлцэн тохиролцож хүү тогтоохыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

11. Тиймээс зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх нь Иргэний хуулийн хууль буцаан хэрэглэхгүй байх тухай ерөнхий зарчимд нийцэх бөгөөд талууд зээлийн гэрээ байгуулж, бичгийн гэрээндээ хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.


12. Нөгөө талаар нэхэмжлэгч мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнгын шинжтэй, ашиг олох зорилгоор эрхэлдэг болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь өөр этгээдэд холбогдуулж зээлийн гэрээний дагуу мөнгөн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь энэ талаар хариуцагчийн татгалзал, тайлбарыг хангалттай нотолж чадахгүй байна.

 

13. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 /2002 оны хуулийн/ дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний 2-т зээлийн хүү нь нэг сард 4 хувь буюу 80,000 төгрөг байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

14. Талууд зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан, үүнээс хойш зээлийн гэрээний хугацааг анх байгуулсан хэлбэрээр сунгаагүй байх тул хариуцагч нь нийт 4,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 12 сарын хугацаанд нийт 1,920,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

15. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ-ний 6-д зээлдэгч зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

16. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож шаардах эрхтэй боловч хуульд зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

17. Үүнээс үзэхэд зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл 4,000,000 төгрөг хүүгийн төлбөр 1,920,000 төгрөг нийт 5,920,000 төгрөг шаардах эрхтэйгээс хариуцагчийн төлсөн 800,000 төгрөгийг хасаж тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,120,000 төгрөгийн болж байна. Хууль, гэрээнд заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 2,560,000 төгрөг болох ба нийт 7,680,000 /5,120,000+2,560,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,279,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

18. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 137,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.ээс 7,680,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,279,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 180,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.ээс улсын тэмдэгтийн хураамж 137,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН