Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/1062/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, шүүгч Б.Цолмонбаатар, Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух, Б*** овогтой Л.Г*** /РД: **** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Мангирт ** тоотод оршин суух Б.О*** / РД: **** /-т холбогдох
“Гэм хорын хохирол 973,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг, Л.Г*** 1 126 000 төгрөг гаргуулах тухай Б.О*** сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э***, хариуцагч Б.О***, иргэдийн төлөөлөгч Ж.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2013.06.08 ны өдөр Toyota Sprinter маркын **ДАА улсын дугаартай автомашинаар Шинэ Дархан төвөөс Дархан зочид буудлын чигт явах замд Гранд Марк 2 маркын **ДАР улсын дугаартай авто машин гарч ирэн зүүн талаас мөргөж хохирол учруулсан. Тухайн үед уг машины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ярьж тохирох гэтэл манай эхнэр болох Г.Ц*** нь түүний эхнэр Э*** Олон улс худалдааны төв дээр таараад бид тэр хохирлыг чинь төлж чадахгүй ээ миний нөхрийн буруугаас болоогүй гээд байгаа юм.  Иймээс намайг хохиролгүй болгож Б.О***ээс  973 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2 хүний хэн аль нь зөрчил гаргаж, машиндаа гэмтэл гаргасан байна. Гэвч Замын цагдаагийн газраас гаргасан дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.А*** хэлж байгаагаар бороооны тусгалаас болж эсрэг урсгалд орсон гэж хэлсэн нь энэ хүний эрх зүйн мэдлэггүйгээс өгсөн мэдүүлэг гэж үзэж байна. Энэ зам дөрөвөөс дээш эгнээтэй зам гэдэг боловч Дархан буудлаас ирэх энэ зам нь 4 эгнээтэй байдаг гэдэг дээр эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд энэ хүний архи уусан гол зөрчил байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013.06.08-ны орой эхнэр, 3 найзынхаа хамт Дархан зочид буудлаас Олон улс худалдааны төврүү явж байхад Toyoto Sprinter маркын ** ДАА улсын дугаартай автомашин зүүн талаас мөргөсөн. Тухайн үед би согтууруулах ундаа амссан, гэхдээ хэтрүүлэн хэрэглээгүй, өөрийгөө удирдан авж явах бүрэн чадвартай байсан. Л.Г*** нь урсгал сөрөн орж ирж миний машинийг мөргөснөөс энэ осол гарсан болохоос миний согтууруулах ундаа амссан нь ямарч холбоогүй.
Мөн Г*** эхнэр Олон улсын худалдааны төв дээр ирж эхнэр бид хоёрыг хараалын үг хэлж, орилж хашгирч баахан доромжилж байгаад явсан. Үүнийг нотлох харсан үзсэн хүмүүс зөндөө байгаа. Уул нь эхнэр намайг хохирлоо нэхэмжлэе ингэж өөрсдийн буруугаас болоогүй байж хохирчихоод дахиж хамт олныхоо өмнө ингэж доромжлуулна гэж юу байсан юм гэхээр нь би … за яахав хоёуланд нь шүүхээр явах зав байхгүй, ингээд орхиё гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг шүүхэд дуудсан. 
Г***ын нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд миний буруугаас болж осол гаргасан мэт болгож, Г***ыг ямар дүрэм зөрчиж осол гаргасныг бичээгүй, мөн тотоолыг тогтоох хэсгийн 3-т Б.Г*** нь өөрт учирсан хохирлоо Б.О***ээс иргэний журмаар нэхэмжлэх хэрэгтэй гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Би тогтоолыг шүүхэд дуудагдан ирэх үедээ л ийм тогтоолыг гарсан гэж мэдсэн. Мөн зам орчны байдлын дүгнэлт дээр намайг МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 зүйл “ Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдалыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэсэлийг жолоодохыг хориглоно” Мөн дүрмийн 9.1-р зүйл “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээвэрийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээвэрийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-р зүйл “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээвэрийн хэрэгсэлийн хурдыг хасж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн буруутай харин Г***ыг МУЗХД-н 8.4-р зүйл эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг  хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс энэ осол гарсан гэж дүгнэсэн. Согтуугаар жолоо барьж явсан нь минйи буруу, би энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж жолооны эрхээ 2 жилээр хасуулсан. Харин дээрх МУЗХД-н 9.1 9.2 т заасан заалтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед орой байсан өөрөө жаахан амссан байсан болохоор хурдаа сааруулж явж байсан, хурд хэтрүүлсэн тухай хэрэгт дурдаагүй байгаа, Г*** нь намайг мөргөх үед би цочирдож яг тэр доороо зогсоогүй. Гэтэл үүний төлөө намайг буруутгасан байна. Би эрх зүйн мэдлэггүй хүн, дээрхи зүйлсүүдийг өмгөөлөгчөөс зөвөлгөө авах үедээ мэдсэн. Одоо эдгээр дүгнэлт, тогтоолд гомдол гаргая гэсэн ч гомдол гаргах хугацаа дууссан учир боломжгүй гэж өмгөөлөгч хэлсэн. Иймээс намайг хохиролгүй болгож Л.Г***аас машиний хохирол 1.126.000 мянган төгрөг болон Улсын тэмдэгтийн хураамж 31.574 төгрөг нийт 1.157.574 мянган төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.
                                                          ҮНДЭСЛЭХ нь: 
Нэхэмжлэгч Л.Г***нь хариуцагч Б.О***т холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 973 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 
Хариуцагч Б.О*** нь нэхэмжлэгч М.А***д холбогдуулан зам тээврийн ослын  улмаас учирсан хохирол 1.126.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч Л.Г*** нь 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, ** дүгээр байрны арын зам дээр ** ДАА улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг 8.4-т заасан “... эсрэг хөдөлгөөнтэй түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцсон, хариуцагч Б.О*** нь **ДАР улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн ... 2 дугаар бүлэг 2.7 а”... жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-д “... жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөний хурдыг сонгон явна...”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-т “... жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын дүгнэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 456 тоот тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 
Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Л.Г*** жолоодож явсан Toyota Sprinter маркын ** ДАА улсын дугаар бүхий автомашинд 973.000 төгрөгийн хохирол, хариуцагч Б.О***ийн жолоодож явсан **ДАР улсын дугаар бүхий Гранд Марк 2 маркын автомашинд 1.126.600 төгрөгийн хохирол учирсан болох нь Даатгалын хохиролын үнэлгээний эрх бүхий BENDO компаний үнэлгээний   132/013, 157/013  тоот тайлангаар тогтоогдож байна.  
Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин  497.1–д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” мөн хуулийн 514 дүгээр зүлийн 514.1-д “...Гэм хор учирах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно “ гэж тус тус заажээ. 
Хариуцагч Б.О*** нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодсон гол буруутай байна гэж шүүх дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч М.А*** нь Замын хөдөлгөөний дүрмэнд заасан эсрэг усргалд орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн боловч тухай осол болсон зам дээр сөрөг урсгалыг заагласан замын тэмдэглэгээ тавигдаагүй байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн баримт гэрэл зургаар тогтоогдож байна.
Иймд 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 12 дугаар баг 21 дүгээр байрны арын зам дээр болсон ослын улмаас хохирол үүсэхэд тээврийн хэрэгсэлийн жолооч нарын гаргасан зөрчлийн шинж, үйлдэл зэргийг харгалзан нэхэмжлэгч М.А***д учирсан хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж 486 500 төгрөгийг хариуцагч Б.О***ээс гаргуулж нэхэмжлэгч М.А***д олгож, Б.О***ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514.1-д зааснаар хариуцагч Б.О*** 486 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г***т олгож , 486 500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Г*** 1.157.574 төгрөг гаргуулах тухай, Б.О*** сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1-д зааснаар хариуцагч Б.О***ээс 15 245 төгрөг гаргуулан Л.Г***т олгож, нэхэмжлэгчийн төрийн сангийн орлогод тушаасан 29 433 төгрөгийг, хариуцагчийн төрийн сангийн орлогод тушаасан 31 574 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.  
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ
            ШҮҮГЧИД                                        Б.ЦОЛМОНБААТАР
                                                                 Д.АЛТАНТУЯА