Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/1084/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р байрны ** тоотод оршин суух,  М*** овгийн Д.Т***/ РД: ****/-ийн 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р байрны ** тоотод оршин суух,Ш***овгийн Н.Д*** /РД: ****/-т холбогдох 
“ 17 491 496 төгрөг гаргуулах тухай ” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т***, хариуцагч Н.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 
Н.Д*** нь 2010 оны 04 сарын 30-ны өдрөөс 2010 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл 8,000.000 \ найман сая \ төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй төлөхөөр, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцож  албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч  Н. Дарханчимгээс үндсэн зээл болох 8.000.000 төгрөг, хүү 960.000 төгрөг, алданги 4.480.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн Н.Д*** нь хугацаандаа төлөөгүйн улмаас 2013 оны 08 сарын 28-ны өдөр ХХ банкнаас 1.6%-н хүүтэй зээл авсан 2012 оны 08 сарын 28-наас одоог хүртэлх хугацаанд зарцуулж алдагдалд орсон нийт мөнгөн дүнгийн 14.442.384 төгрөгийн хүү болох 3.772.936 төгрөг, 2013 оны 06 сарын 27-ны Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245 470 төгрөгийг тус тус гаргуулж нийт 17 491 496 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд надад сэтгэл санааны дарамт болон их хэмжээний мөнгөн хохирлыг учрууллаа өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн хөлс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан зардалыг Д.А*** шүүгч дээр иргэний хэрэгт нэмж шийдүүлнэ. Ингээд 1 278 560 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байна. 2011.06.20нд Н.Д***тэй уулзаад та надад яаралтай миний мөнгийг өгөхгүй бол би байраа зарах хэмжээнд хүрээд байна гэхэд за за гээд л мөнгөө өгөлгүй алга болчихсон. Тэгээд аргагүйн эрхэнд би 3 өрөө байраа хямдхан зарсан гэтэл одоо 3 өрөө байр 70 сая хүрээд байна. Мөн бизнес эрхэлдэг бөгөөд дээрх мөнгөө энэ 3 жилийн хугацаанд эргэлдүүлсэн бол мөнгөө эргэлтэнд оруулж өсгөх боломжтой байсан. Намайг ингэж их хохироочихоод өдийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй явж байгаад гомдолтой байна гэжээ. 
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Т*** 8.000.000 \ найман сая төгрөгийг \ зээлэн авсан нь үнэн болно. Ар гэрийн гачигдал болон бусдад мөнгөө алдсан зэргээс хамааран зээлээ төлж чадаагүй. Д.Т*** гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Т*** нэхэмжилж байгаа үндсэн зээл, хүүг зөвшөөрч байна. Алданги төлөхийн хувьд бид гэрээ хийхдээ хүмүүсийг дуурайгаад нотариатын хүнээс асууугаад 0.5 % гэж тохирсон. Мөн Д.Т***д зээл аваад төлөх зэргээр олон дахин санал тавихад зөвшөөрөөгүй нь хугацаа алдаж алданги үүсэхэд нөлөөлсөн тул 50%-г нь хүлээн зөвшөөрч байна. Бусад алданги зардал мөнгө төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй харилцан тохироход болох байтал шүүхэр олон удаа явж чирэгдэл болсон. Энэ нь өөрийнх нь санаа байсан. Зарим үйлдэл нь шаардлагагүй бусдын нэр төрд халдсан, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад үл нийцсэн үйлдлүүд байгаа тул энэ төлбөрийг би төлөх ёсгүй гэж үзэж байна. Д.Т***гын нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд ирсэн, уулз гэж шүүхээс дуудахад нь би уг хэргийг Сэлэнгэ аймгийн шүүхэд хэлэлцэж байгаа мөн Д.Т***гийн хэрэгтэй гуравдагч этгээдээр татагдсанс хэрэгтэй андуурсан тул ирээгүй, сайн ойлгоогүй учир хүлцэл өчиж байна гэжээ. 
                                                          ҮНДЭСЛЭХ нь: 
Нэхэмжлэгч Д.Т***нь хариуцагч Н.Д*** 17 491 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасган  2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 8 000 000 төгрөг, хүү 960 000 төгрөг, алданги 4 480 000 төгрөг, Н.Д*** хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ХХБанкнаас зээл аван  төлсөн хүү 3 010 560 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн  шаардлага гаргасаныг дараах байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч Д.Т***нь  Д.Г***, А*** / Н.Д*** / нарт холбогдуулан гаргасан Орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад өмгөөлөгч З.Э*** төлсөн өмгөөллийн хөлс 800 000 төгрөг, бусад зардал 478 560 төгрөг  тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах тухай энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамт  хэлэлцүүлээгүй, нэхэмжлэлийн  шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан болохыг дурьдаж байна. 
Талууд  2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай зээлийн гэрээ байгуулж  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, зээлийн гэрээний  1-т зааснаар зээлдүүлэгч  Д.Т***нь зээлдэгч Н.Д***  өмчлөлд  8 000 000 төгрөгийг  шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд зээлдэгч  Н.Д*** нь шилжүүлэн авсан  8 000 000 төгрөгийг тохирсон хугацаа буюу 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буцаан өгөх үүргээ биелүүлээгүй талууд энэ талаар маргаангүй байна.
Талууд зээлийн гэрээ болон Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.1 –д зааснаар  хүүг 6  хувь гэж  хэлэлцэн тохиролцож,  мөн хуулийн  283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг буцааж төлөх хугацааг тогтоон, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 5-д зааснаар  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр  алданги төлөхөөр тогтоосон  энэ талаар маргаангүй байна. 
Талууд гэрээний 5-д  0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар ...  хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ ... гэсэн шаардлагыг  хангасан тул алданги гаргуулах үндэслэлтэй, хариуцагч Н.Д***ийн ...   гэрээ хийхдээ хүмүүсийг дууриагаад алданги төлөх заалт хийсэн. Д.Т***д зээл төлөх талаар олон санал тавихад зөвшөөрөөгүй, хугацаа алдалт болон алдангийн хэмжээ ихэсгэхэд нөлөөлсөн тул алдангийн  50 хувийг төлнө гэсэн ... хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Н.Д*** зээлийн төлбөр 8 000 000 төгрөг, хүү  960 000 төгрөг, алданги 4 480 000 төгрөг гаргуулан Д.Т***д олгох үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч Д.Т***хариуцагч Н.Д*** хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ХХБанкнаас зээл аван төлсөн хүү 3.010.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараах байдлаар нэхэмжлэлийн   шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Талууд 8 000 000 төгрөгийг зээлдүүлэх гэрээг 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  байгуулсан бөгөөд, маргааны зүйл болж байгаа 8 000 000 төгрөгийг Д.Т***нь хувь хүн болон банкнаас зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авч Н.Д*** зээлдүүлсэн эсэх нь тодорхойгүй, ХХБанктай үл хөдлөх хөрөнгө барих зориулалтаар 100 000 000 төгрөг 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүргээ биелүүлж байгаа тул энэ гэрээний дагуу хариуцагч хохирол гэж 3 010 560 төгрөг шаардах боломжгүй байна.
 Хариуцагч Н.Д*** нь 2010 оны 04 дүгээр сарын  30-ний өдөр байгуулсан гэрээний дагуу  шилжүүлэн авсан 8 000 000 төгрөг, тохиролцсон хүү 960 000 төгрөгийг хугацаандаа төлөх  үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн  222.5 –д зааснаар ... Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч  хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй ... гэж хуульчилсаны дагуу  8 960 000 төгрөгийг талуудын гэрээний нөхцөлөөр тооцон хүү 1 075 200 төгрөгийг Н.Д*** гаргуулан Д.Т***д олгон, 1 045 094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 
      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээл 8 000 000 төгрөг, хүү 960 000 төгрөг, алданги 4 480 000 төгрөгийг Н.Д*** гаргуулан Д.Т***д олгосугай. 
2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар 1 075 200 төгрөгийг хариуцагч Н.Д***ээс гаргуулан нэхэмжлэгч Д.Т***д олгон, 1 045 094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ХААН банк 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 245 410 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн Н.Д***ээс 245 407 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т***д олгосугай.  
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ