| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2026/0171/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/278 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Энхжин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/278
2026 01 26 2026/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
иргэдийн төлөөлөгч Ц.Цэцэгдэлгэр,
улсын яллагч Б.Энхжин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,
шүүгдэгч О.Ж-, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт О-н Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай **** 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн эргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт О-н Ж-. /РД:****/
Шүүгдэгч О.Ж- нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байх “В” нэртэй караокены дотор болон гадна талд хохирогч Ц.Н-г “гэр рүүгээ харьсангүй” гэх шалтгаанаар түүний нүүр болон толгой тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, хөлөөрөө толгой тус газар нь 1 удаа өшиглөсний улмаас “баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цус хуралт, хоёр талын духны суурь хэсгийн аалзан хальсанд доорх цус харвалт, духны баруун хэсгийн цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулж улмаар хохирогч Ц.Н нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ж- “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургууд. /хэргийн 3-10 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М “Хохирогч болох миний ах Ннь намар 9 дүгээр сарын дунд үеэр над руу залгаж яриад Төв аймгийн Баян өнжүүл суманд мал маллаж байгаа гэж хэлж байсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 5 дугаар сарын 14-ний орой ажлаас буугаад 9 цагийн үед гэртээ ирэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдож Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт бэртэлтэй хүн ирсэн байна, танай ах мөн үү, ирээд хүнээ таниад өгөөч гэхэд би очиж ахыгаа таньсан.
Тухайн үед сэхээнд орсон, толгойндоо хагалгаа хийлгэсэн байдалтай, нүүр толгойг нь битүү боосон, хиймэл амьсгалын аппарат зүүсэн байсан. Тухайн үед шүүгдэгч хамт ууж идэж, толгой тархи руу нь зодож нүдчихээд яагаад хаяад явсан бэ, түргэн дуудаад өгөх боломж байгаагүй байсан уу. Миний ах эцэг, эхийн хүү, хүний ах, эгч нарын дүү хүн байсан. Хэдий миний ах бага зэрэг архи уудаг ч гэсэн ах, дүү нартаа яаж байгаагаа хэлээд мэдээлэл өгөөд явдаг байсан. Ээжийн биеийн байдал тааруу байгаа. Ээж нас барахдаа ганц хүүгээрээ хөлөө хучуулна гэсэн, гэтэл өөрөөс нь түрүүлээд хүү нь нас барсан. Тухайн үед түргэн дуудаад өгсөн бол эмчилгээ хийлгээд өдийд хөл дээрээ босоод явж байх байсан. Би үүн дээр гомдолтой байна. Амь хохирогчийн гурван хүүхэд байгаа бөгөөд гурван хүүхдийг хэн харж хандах бэ.
Цохиж зодсоны дараа өмссөн хувцсанд нь цусны толбо байхгүй, шороо болоогүй байсан, авч яваад хувцсыг нь солиод хаячихсан юм уу. Ажил явдлын үеэр бүх зардал мөнгийг манай гэрийн зүгээс гаргасан.
Холбогдох баримтууд байсан буяны ажлын үеэр шатаах юмнуудаа шатаагаарай гэхээр нь баримт авч үлдэх гэхэд манай аавын дүү авч үлдэж болохгүй, зарцуулсан зүйлийг нь хаядаг гээд хувцастай нь хамт шатаа гэхэд би мэдэхгүй шатаасан.
Миний өгсөн баримтаар 5.457.100 төгрөг бөгөөд өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 9 цагийн үед миний Хаан банкны данс руу 5.457.100 төгрөг орж ирсэн. Одоогоор өөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Хүний амь насыг 5 сая төгрөгөөр үнэлэхгүй” гэв.
Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 1 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 5-6 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 7-10 дахь тал/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт сувилагч хийдэг юм. 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэх явцад 13 цагийн орчим яаралтай тусламжийн 103-т хэн болох тогтоогдохгүй мөн ар гэр тодорхойгүй 50 орчим настай эрэгтэй хүн биеийн байдал нь муу хүргэгдэн ирсэн.
Тухайн хүн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, **** худалдааны төвийн авто машины зогсоол дээрээс хүргэгдэн ирсэн. Уг эрэгтэй хүний биеийн байдал муудсан тархины цус харвалт өгсөн байдалтай байсан. Тэгээд манай яаралтай тусламжийнхан уг хүний нэр, хаяг, ар гэр тодорхойгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.
Ямар нэгэн байдлаар гаднаас харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн хүн ногоон өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 117-18 дахь тал/
Гэрч С.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Орбитын тойрогт “Т центр В” бар, караокены газар хамгаалагч хийдэг, хэдний өдөр гэдгийг яг сайн санахгүй байна, тухайн үед шөнийн 00:00-01:00 цагийн хооронд миний ажиллаж буй бар дотор үл таних нэг залуу сандал дээр унтаж байх үед цуг явж байсан найз нь гэх үл таних залуу очин сэрээхээр хацар руу нь зөөлөн алгадаж байсан, тухайн үед бол чанга цохиж байсан зүйл байхгүй, сэрээх зорилгоор зөөлөн алгадаж байсан, тэр үед би очин тухайн найз гэх хамт явж буй залууд алгадуулахгүйгээр найзыгаа зүгээр авч гараа гэж хэлээд ганцаараа дийлэхгүй байхад нь алив би хамт гаргалцаад өгье гээд хажуу талаас нь сугадаад найзтай нь хамт барны хаалгаар түшилцээд гаргаж өгсөн.
Гаргаж байх үед найзыгаа чи адилхан уучихаад согтчихлоо гэж хэлээд байсан, тэгээд би шатны хажууд найзтай нь үлдээчихээд явсан найз нь уг залууг түшээд аваад гарсан.
Ямартай ч найзыгаа түшээд гарч байсан залуу саарал өмдтэй байсан. Би тухайн өдөр 22 цагт очиход уг хоёр залуу орж ирсэн сууж байсан, өөр хүмүүстэй маргалдаагүй, бас өөр хүн тэр хоёртой хамт суугаагүй, хамт сууж байгаад гарсан, өөр болсон асуудал байхгүй.
Би холоос харчихаад болиулах гэж очтол тэр алгадуулаад байсан залуугийн хамраас цус гарчихсан байхаар нь алгадаад байгаа залууд хандаж “битгий найзыгаа алгадаад бай, зүгээр аваад гарчих” гэж хэлээд цусыг нь арчих салфетка өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 21-22, 62 дахь тал/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 27-33, 38-46 дахь тал/
Гэрч З.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Н хүүгээ залгах байх гээд хүлээсэн гэтэл залгаагүй. Би хөдөө гэртээ байж байгаад цагдаагийн байгууллагаас холбогдож хүүгийнхээ эмнэлэгт ухаангүй байгаа талаар мэдсэн.
Н эхнэр, хүүхдийн хамт байрны жижүүр хийж амьдардаг гэж ярьдаг байсан. 2021 оноос хойш хамт амьдардаг гэж надтай холбогдохдоо хэлдэг байсан.
Н өмнө нь өвдөж байна гэж ярьж байгаагүй, харин эхнэрийнхээ дүү Г-д зодуулаад хавирга хугарсан гэж эгч Нямдаваад хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 49 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц.Н миний төрсөн ах байгаа юм, 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 5 хүүхэдтэй, айлын 4 дэх хүүхэд, миний дээд талын ах байгаа юм.
Ааш зангийн хувьд дөлгөөн, тайван, хүнд хоргүй, зөөлөн хүн бөгөөд архи дарс уусан ч унтаад л өгдөг хүн байсан. Харин цуг уудаг хадам талынх нь хүмүүс цуг уухаараа бөөнөөрөө нийлж зоддог гэж надад талийгаач өмнө нь буюу одоогоос 2-3 жилийн өмнө ээж Саруултуяа руу залгаж хэлж байсан.
2025 оны 5 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд талийгаач ээж С-н дугаар руу **** дугаараас залгаад “хүүдээ мобигийнхоо дугаарыг түр ашиглуулаач” гэж хэлж ярьж байсан. Тэгэхдээ ах маань архи уугаагүй эрүү саруул ярьсан гэж байсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2025 оны 5 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед цагдаагаас ээж бид хоёр луу залгаад ахыг эмнэлэгт ухаангүй байна гэж хэлж ярьсан юм.
Талийгаач нас барахаас өмнө нь буюу 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ээж бид хоёр талийгаачийн бичиг баримтыг олж авах зорилгоор хуучин амьдрагч Д-г хайгаад 25-д байх орцны подвол буюу гэрт нь очиход хамгийн сүүлд Д-н болон түүний ээж С нартай уулзаад Н-тай хамт амьдрах юм уу, яах юм гэж асуухад бид хоёр салаад удаж байна. Тэрнээс чинь хойш би нэг хүнтэй хамт амьдраад салсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н-тай хэзээ хамгийн сүүлд уулзсаныг асуухад хэд хоногийн өмнө буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр буюу 1 дэх өдөр Ж буюу Ж-тай хамт ирээд юм ачаад явсан гэж хэлж байсан. Тэгэхдээ цалин буусан гээд 500.000 төгрөгийг нь Ж-д өгсөн, өөртөө шинэ утас аваад, үлдсэн 100.000 төгрөгтөө хүүхдэдээ оймс бандааш, малгай, өмд хадам ээж С-д сүү, боорцог авч өгсөн гэж хэлж байсан.
Тэгээд бид нарын хажууд С, Ж буюу Ж- руу залгаж яриад Н-тай яръя гэж хэлтэл цаадах нь байхгүй гэж хэлээд байгаа бололтой байсан бөгөөд С шууд Ж-аас “та хэд дээр архи уугаад зодоон нүдээн хийсэн гэж хэлж байсан, тэрнээс хойш Н хаачсан юм” гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би С-с Ж-ы дугаарыг аваад залгаж ахыг асуухад хамт байхгүй гэж хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56, 59-60дахь тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 63-68 дахь тал/
Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н миний охин болох Долгормаатай 20214 оноос хойш 2021-2022 оныг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй болсон.
... Хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сарын эхэн үеэр ирээд манайд байж байгаад 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Орбит руу С гэх хүн дээр очиж ажиллахаар Ж буюу Ж-тай хамт явсан. Тэр хугацаанаас хойш дахиж ирээгүй, огт холбоогүй болчихсон юм. 2025 оны 5 дугаар сарын 15 билүү 16-ны өдөр Ж над руу залгаад “Заяа танайхаар ирсэн үү, Орбитын тойрог дээр өчигдөр хамт бааранд орсон чинь надтай маргалдаад, гараад явахдаа өөр хүмүүстэй явчихсан” гэж хэлж байсан. Өөрөөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй.
2025 оны 5 дугаар сарын 18-ны орой Заяагийн төрсөн ээж, эгч, дүү нар нь манайд ирээд Заяа болон хүүхдүүдийнх нь бичиг баримтыг асуугаад байсан.
Тэгэхдээ хамгийн сүүлд хэзээ ирж уулзсан, хэнтэй явсан талаар асуухаар нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж-тай хамт гараад явсан талаар нь хэлж ярьсан. Тэгээд Ж-ы дугаарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 70-71 дэх тал/
Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Амь хохирогч Ц.Н-тай хамт Төв аймгийн Баян өнжүүл суманд айлын туслах малчнаар ажилд явахаасаа өмнө Улаанбаатар хотод төмөр замд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад танилцаж байсан.
О-н Ж- гэх залууд сайн байсан болохоор амь хохирогч Ц.Н-с салж Улаанбаатар хотод ирж О.Ж-тай хамт амьдрах болсон. Амь хохирогч Ц.Н Улаанбаатар хотод ирж хүүхдүүдтэйгээ уулзахаар хотод үе үе ирдэг байсан. Ц.Н нь хүүхдүүдтэйгээ уулзахаар ирдэг байхдаа хэд хэдэн удаа О.Ж-тай маргалдаж хоорондоо зодолдож байсан.
О.Ж- нь талийгаач Ц.Н-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед талийгаач Н намайг харааж доромжлохоор нь О.Ж- талийгаач Н-г зодсон гэж хэлсэн. Яг яаж, хаан нь цохисон талаараа огт хэлээгүй.
О.Ж- Ц.Н нар өмнө нь хоорондоо 3-4 удаа маргалдаж зодолдож байсан. Энэ хоёр хоорондоо зодолдох болгонд Ж- амь хохирогч Н-г зодчихдог байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 73, 75 дахь тал/
Гэрч Б.С-г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ж-, Н буюу Заяа нар нь манайд байрлаж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 2025 оны 51 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим Ж-, Н хоёр гарчихаад ирье гээд манайхаас гараад явсан. 2025 оны 5 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим Ж- миний фэйсбүүк чат руу залгаад Н бид хоёр “Алаг тараг”-ийн караокед байна, та яваад ирээч гэхээр нь би үгүй ээ, би караоке орохгүй гээд очоогүй. 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 02 цагийн орчим Ж- ганцаараа 2 пиво барьчихсан манайд орж ирсэн.
Н буюу Заяаг яасан юм гэхэд нутгийнхаа хэдэн залуутай нийлээд намайг зодох гээд байхаар нь нөгөө хэдтэй нь орхичихоод ирлээ гэж байсан.
Ж- манайд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байрлаж байгаад би ээж, эгчтэйгээ уулзчихаад ирнэ гээд явсан. Би Ж-, Н нарыг хувцсыг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 67 дугаар байрны подволд аваачиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 79-80 дахь тал/
Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх. /1-р хавтаст хэргийн 103-205 дахь тал/
Нас барсны гэрчилгээ. /1-р хавтаст хэргийн 241 дахь тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн СХД0725/*** дугаартай шинжээчийн
“1.2. Ц.Н-н биед их тархины баруун тал бөмбөлөгт хатуу хальсан доорх цус хураа, аалзан хальс доорх цус хуралт, духны баруун хуйх дор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. 9. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. 5. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
7.8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 218-221 дэх тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн
“1. 4. Амь хохирогч нь баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цус хуралтын улмаас комын байдалд орж нас баржээ.
2. Амь хохирогчийн цогцост баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цус хуралт, хоёр талын духны суурь хэсгийн аалзан хальсанд доорх цус харвалт, духны баруун хэсгийн цус хуралт, зүүн гуяны II зэргийн түлэгдэлт, баруун гуянд зулгаралт, хоёр талын ухархайн дотор хажуу ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
3. 5. 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хоёр талын ухархайн дотор хажуу ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл ба хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.
Бусад гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас 7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цус хуралт гэмтэл нь хохирлын хүнд зэрэг, хоёр талын духны суурь хэсгийн аалзан хальсанд доорх цус харвалт, духны баруун хэсгийн цус хуралт, зүүн гуяны II зэргийн түлэгдэлт, баруун гуянд зулгаралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.
7. Үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй.
8. 9. Спирт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 227-235 дахь тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 5-8 дахь тал/
Шинжээч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баруун тал бөмбөлөгийн хатуу ясан доорх цус хуралт гэмтлийг цаг алдалгүй зохих эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Амь хохирогч Ц.Н нь эмнэлэгт ирэх үеийн үзлэг зовиураас үзэхэд биеийн байдал зэргээс үзэхэд өвчний тавилан муу амь нас аврагдах боломж бага байсан байна” гэсэн мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 14 дэх тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай шинжээчийн
“1. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1786 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчийн мэдүүлэгтэй санал нэг байна.
2. Амь хохирогчийн цогцост баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх „усан хураа, хоёр талын духны суурь хэсэг, сильвиевын ховил дагуух аалзан хальсан доорх зурвас цус харвалт, духны баруун талын арьсан доорх зурвас цус хуралт, зүүн гуяны II зэргийн түлэгдэлт, баруун гуянд зулгаралт, хоёр талын ухархайн дотор хажуу ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл, баруун тал бөмбөлгийн цусан хураа авах мэс засал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2025.05.14-ний өдрийн Ц.Н-н биед хийсэн эмчийн үзлэгээр зовхи, хамрын зөөлөн эдэд гэмтэлгүй, 2025.05.14-ний өдрийн толгойн компьютер томографикийн шинжилгээний хариунд зовхи, хамрын зөөлөн эд, этмойд хөндийн салстад гэмтэлгүй байгаагаас үзэхэд хоёр талын ухархайн дотор хажуу ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтэл байна.
1. Шинжилгээгээр үхэлд хүргээгүй элэгний архаг үрэвсэлт өвчтэй байжээ.
2. Баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын духны суурь хэсэг, сильвиевын ховил дагуух аалзан хальсанд доорх зурвас цус харвалт, духны баруун талын арьсан доорх зурвас цус хуралт, зүүн гуяны II зэргийн түлэгдэлт, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас 7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 2025.05.14-ний өдрийн толгойн компьютер томографикийн шинжилгээг шаардсан боловч ирүүлээгүй тул гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 22-33 дэх тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 649 дугаартай
“1. О.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. О.Ж- нь болж өнгөрсөн үйл явдлыг зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. О.Ж- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлт орсон гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна.
4. О.Ж- нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. О.Ж- нь хэрэг хариуцах чадвартай байна.
5. О.Ж- нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн гэх шинж тэмдэг илрээгүй байна.
6. О.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 40-42 дахь тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ЕГО825/*** дугаартай шинжээчийн
“1. Ц-ны М /РД:****/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
2.3. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын эсэх, цаашид хохирогч хэрхэн нөлөөлөх эсэх нь тухайн хүний сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах, гэр бүл, ажил хамт олны дэмжлэг бүхий орчин, хувь хүний сэтгэл зүйн онцлогоос хамаарна.
4. 5. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.” гэсэн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 174-177 дахь тал/
Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2025 оны 5 дугаар сарын 14-ний 13 цагийн орчим цагдаагийн байгууллагын 00 тоот дугаарын утсанд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэн болох нь тодорхойгүй, 50 орчим настай эрэгтэй хүн биеийн байдал муу ухаангүй хүргэгдэн ирсэн гэх дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход тухайн иргэн нь биеийн байдал муу тархины цус харвалт гэх оношоор яаралтай хагалгаанд орох гэж байсан. Тухайн иргэн 103 түргэнээр хүргэгдэн ирсэн байсан *** уг иргэнийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрогт байрлах Тунгалаг центр задгай зогсоол дээрээс очиж авсан, тухайн иргэний хэвтэж байсан гэх газарт очиж хэргийн газрын үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 179 дэх тал/
Яллагдагч О.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Н-г эмнэлэгт хүргэж өгсөн бол найз маань эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байж. Тухайн үед эмнэлэг хүргэж өгөөгүйдээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 66 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хавтаст хэргийн 70 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч О.Ж-, Ц.Н нар нь 205 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байх “В” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.
Ийнхүү согтуурсан үедээ шүүгдэгч О.Ж- нь амь хохирогч Ц.Н-г гэртээ харьсангүй гэх шалтгаанаар түүний нүүр болон толгой тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, хөлөөрөө толгой тус газар нь 1 удаа өшиглөсний улмаас “баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цус хуралт, хоёр талын духны суурь хэсгийн аалзан хальсанд доорх цус харвалт, духны баруун хэсгийн цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулж улмаар хохирогч Ц.Н нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нас баржээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч О.Ж- нь Ц.Н-н үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлийг учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.
Учир нь шүүгдэгч О.Ж- нь амь хохирогч Ц.Н-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахдаа амь насыг хохирооход чиглэсэн санаа зорилгогүй байсан байна.
Энэ нь “Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй ... боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан ... бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үзнэ гэсэн Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дүгээр тогтоолд тайлбарласантай нийцэж байна.
Ийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлт хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Ц дүгнэлтдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зохицуулсан.
Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ЕГО825/**** дугаартай шинжээчийн “Ц.М-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна.
Иймд дээрх дүгнэлтэд зааснаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 150 дахин дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 118.800.000 төгрөгийг шүүгдэгч О.Ж-аас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг удирдлага болгон шийдвэрлэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдөр өглөө 9 цагт миний Хаан банкны данс руу 5.457.100 төгрөг орж ирсэн, одоогоор өөр нэхэмжилсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Ж- нь нийт 5.457.100 төгрөгийг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй “Ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. Нийт хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай. 2025 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байхдаа цагдан хоригдож байсан. Үүнийг ажлыг 8 цагаар бодоход 90 хоног байх бөгөөд эдлэх ялд оруулан тооцож өгнө үү” гэсэн утга бүхий саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 68 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Ж-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил, 3 сарын хугацаагаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг хуурцгийг хэргийн хамт хавсарган үлдээв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-н Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ж-д 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 68 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Ж-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 жил, 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж- цагдан хоригдсон 242 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар О.Ж-д оногдуулсан 8 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ж-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 118.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР
ШҮҮГЧ Н.НЯМДАВАА