Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/1098/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, **-н Шар Атарын ** тоотод оршин суух Х*** овгийн Д.Г***/РД: ****, утас: ****/-ийн 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, **-н Шар Дэнжийн ** тоотод оршин суух С.Н*** /РД: ****, утас: ****/-т холбогдох
“ 1 800 000 төгрөг гаргуулах тухай ” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр С.Н***тай ярьж тохиролцон Соната 4 маркын **ДАР улсын дугаартай авто машиныг худалдаж авахаар ярилцсан. Тэгээд 1 800 000 төгрөгөөр авхаар тохиролцсон юм. Тэгээд машинаа аваад, асааж Номгон ороход явж байсан боловч буцаад ирэхэд машин нь унтарчихсан юм. Машины эд ангиуд дутуу байсан бөгөөд астачер, машины араа зэргийг солиход болно гэж хэлсэн. Уг эд ангиудыг сольсон боловч машин нь асаж явахгүй, 5 бул нь өөр өөр машин машиний бул хийж, цаашид ашиглагдах боломжгүй байсан. Наймаагаа буцааж мөнгөө авъя, машинаа ав гээд 2013 оны 06 сарын 01-ний өдөр Наранбаатарын хашааны гадаа машиныг нь аваачиж өгсөн. Гэтэл мөнгийг чинь өгөхгүй хийсэн наймаа бол наймаа гээд машинаа авахгүй, хашаанаасаа түрж холдуулаад худгийн тэнд тавьсан байсан. Машиныг нь оношлогоонд оруулж үзэхэд астачер байхгүй, гэрэл байхгүй ашиглах боломжгүй байна гэж хэлсэн. Нэгэнт ашиглах боломжгүй учраас өгсөн 1 800 000 төгрөгийг Наранбаатараас гаргуулж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:
2013 оны 4 дүгээр сарын 24-нд Н*** тохиролцож Соната 4 маркын авто машин авахаар болж 1 740 000 төгрөгийг өгсөн юм. Бидний хооронд худалдах худалдан авах гэрээ хийгээгүй одоо уг машин Наранбаатарын нэр дээр өмчлөл хэвээрээ байгаа юм. Машиныг нь аваад Номгон 1 удаа очоод буцаад ирэхэд бензен нь тасалдаад астачер нь ажиллахаа больсон юм. Өөрийг нь дуудаад ахынх нь гадаа ирж үзүүлсэн боловч асахаа больсон. Тэгээд машин асахаа болихоор нь Зиг-Заг засварын газарт очиж машиныг нь үзүүлсэн юм. Зиг-Заг засварын газрын хүмүүсийн хэлснээр махевин араа 65 000 төгрөг, Астачер, гал хамгаалагч 6000 төгрөг, асахын реле 25 000 төгрөг, урьд лампа 35 000 төгрөг, консны доод аппарат 15 000 төгрөг, астачерын боолт 2000 төгрөг, бензин насос 12 000 төгрөгөөр солиулсан. Ингээд ч машин асахгүй л байсан. Нийт 160 000 төгрөг зардал гаргасан юм. Уг машиныг техник оношлогоонд оруулсан бөгөөд гэрэл, тэнхлэг тэнцэхгүй засвар хийж ирж ор гэж хэлсэн юм. Н*** наймаагаа буцаая гэж хэлээд 2013 оны 6 сарын 02-ны өдөр гэрийнх нь гадаа машиныг хүргэж өгөөд түлхүүр бичиг баримтыг нь өөрт нь хүлээлгэж өгсөн юм. Уг машиныг жолооч М***, Э***, Х***, Т***, Ц***, Б*** нарт үзүүлсэн юм. Уг машин эвдэрсэн засал авах боломжгүй гэж хэлсэн. Уг машиныг Н*** нь хүнд түрээслэж байсан машин эвдрээд 1 жил гаран хашаанд хэвтсэн байсныг би мэдээгүй юм. Ийм учраас Наранбаатараас миний өгсөн мөнгө болох 1 740 000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн мөнгийг хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болоод байгаа машины хувьд худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй, машин нь тухайн үед доголдолтой байсан байна. Хэдий хариуцагч С.Н*** нь би машинаа аваагүй гэж хэлдэг ч нэгэнтээ доголдолтой машин байсан тул нэхэмжлэгч нь буцааж өгсөн байна. Машиныг оношилгоонд оруулж, доголдолтой гэж оношилсон баримт нь хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. 
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний бие Д.Г*** харилцан ярилцаж тохиролцож Саната 4 маркын ** маркын ДАР улсын дугаартай авто машиныг зарж борлуулах болж 1 740 000 \нэг сая долоон зуун дөчин мянган\ төгрөг бэлнээр авч ямар ч чанарын доголдолгүй зүгээр явж байгаа машин Д.Г***өгч явуулсан. Энэ явдлаас өмнө буюу 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Д.Г***ирээд машиныг чинь унаад шалгаад үзээдхье гэж хэлээд Номгон авж яваад унаад үзлээ таалагдаж байна ах нь авъя гэж хэлээд авсан. Ингээд миний машиныг худалдан авчихаад 2013 оны 06 сарын 01-ний өдөр орой согтуу манай гадаа ирээд машинаа ав эвдэрхий юм байна гэж хэлсэн. Би зарагдсан машиныг авахгүй, та өчнөөн хоног 2 сар унаж яваад эвдчихээд юу яриад байгаа юм бэ гэж хэлээд аваагүй. Манай хашааны гадаа энэ машин нь одоо хүртэл байж байна. Манайхаас бүрэн бүтэн машин авсан, авч яваад 2 сар шахам унаж явсныг мэдэх хүмүүс ч бий. Эдгээр хүмүүсийг гэрчээр дуудаж асуулгах болно. Д.Г*** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй машины үнэнд авсан 1 740 000 төгрөгийг буцааж өгөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, наймаа буцахгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 
Г*** 2013 оны 4 сарын 21-ний өдөр машин авч яваад 3 хоногийн дараа буюу 2013 оны 4 сарын 24-ний өдөр машиныг чинь авъя мөнгөө ав гээд 1 740 000 төгрөг авчирч өгөөд явсан. Энэ хүн тухайн эвдрэл гэмтэл гарвал буцаах талаар ярилцсан, тохиролцсон хэлэлцээр хийгээгүй, яриагүй юм. Бичиг баримтыг нь шилжүүлье гэтэл Г*** дараа болье гээд орхисон Г*** нь машиныг 1 сар хагас унаж эдэлчихээд наймаа буцах талаар ярихыг би зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд хаагуур унаж яваад ямар эвдрэл гэмтэл гаргасаныг би мэдэхгүй хариуцахгүй. Г***той тухайн үед наймаагаа хийгээд машины асуудал дууссан гэж бодоод явсан. Энэ хүнд нэхэмжлэлийн дагуу мөнгө өгөх боломжгүй байна. Г*** нь 6 сарын 01-ний өдөр согтуу ирж гэрийн гадаа машин орхиод бичиг баримтыг нь шидчихээд явсан. Тухайн үед бичиг баримт түлхүүрийг нь аваагүй хүлээлгэж гарт өгөөгүй. Би нутгийн залуу Б***1 сар машиныг хөлслүүлж түрээсийн мөнгөө тухайн өдөр болон бөөнөөр авч автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарч байгаагүй. Үүнийг Б***гэрчилнэ. Би өөрийн өмчлөлийн 2 ширхэг авто машинтай байсан. Нэг нь газаар нөгөө нь бензинээр  явдаг байсан, газаар явдаг машинаа унаж бензин их иддэг машинаа унадаггүй байсан. Г*** нь хүний хувьд хүн чанар муутай энэ хүн нэхэмжлэл дээр худлаа зүйлийг бичсэн байна. Үнэн зөвийг зөв зүйтэй шийдэж өгч туслана гэдэгт итгэж байна гэжээ. 
                                                          ҮНДЭСЛЭХ нь: 
Нэхэмжлэгч Д.Г***нь хариуцагч С.Н*** 1.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд ДАР ** улсын дугаар бүхий Соната -4 маркийн автомашиныг  2013 оны  04 дүгээр сарын 24-ны өдөр 1 740 000 төгрөгөөр худалдах – худалдан авах гэрээ хийгдэн,  худалдан авагч Д.Г***нь гэрээний зүйл болох 1.740.000 төгрөгийг шилжүүлэн өгч,  худалдагч С.Н*** нь автомашиныг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна. 
Маргааны зүйл болж байгаа ДАР **улсын дугаар бүхий Соната -4 маркийн автомашин  доголдолтой байсан гэсэн шалтгаанаар одоо С.Н***т байгаа, тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн талаар шилжилт хөдөлгөөн хийгдээгүй нь хариуцагч С.Н*** ... бичиг баримт шилжүүлье гэтэл Г*** дараа болье гээд орхисон... гэсэн тайлбараар тогтоогдож байна. 
Хариуцагч С.Н*** нь ДАР ** улсын дугаар бүхий Соната-4  маркийн тээврийн хэрэгсэлийг ... ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсаныг би мэдэхгүй, хариуцахгүй гэж... тайлбарлаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтийг ирүүлээгүй тул С.Н*** 1.740.000 төгрөг гаргуулан Д.Г*** олгох үндэслэлтэй байна. 
Хариуцагч С.Н***т шүүх хуралдааныг товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн оролцоогүйгээр шүүх ухралдааныг явуулсан болно. 
      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 1.740.000 төгрөгийг С.Н***  гаргуулан Д.Г*** олгосугай.
 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ХААН банк 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдөр төлсөн 43 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн С.Н*** 43 750 төгрөг гаргуулан Д.Г***т олгосугай.  
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ