Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00081

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03277 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Н хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, хохиролд 10 620 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3 өрөө байраа барьцаалан Эрэл банкнаас 23 554 853 төгрөгийн зээл авсан. Төлбөрөө төлж чадаагүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1223 шийдвэрээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулсан. Иргэн С.Б-оос 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 600 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд С.Б-оос зээлсэн мөнгөө өгч чадаагүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар С.Н нь С.Б-д 23 000 000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч В.Уранцэцэг нь 1223 тоот шийдвэр гарахаас өмнө болон дараа нь С.Н-ийг ярилцъя, өмгөөлөгчөө шүүх хуралд битгий оруул гэхээс гадна байраа 2 дугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгнө гэж биччих, танд 23 000 000 төгрөгөөс илүү зөрүү мөнгө нэхэмжлэх эрх байхгүй. Байрныхаа үнийн саналыг өгөхгүй бол шинжээч томилж зардлыг төлүүлнэ гэх мэтээр өдөр болгон байнга утсаар болон биеэр очиход дарамталж зарим үед өдөржингөө өөрөө гадуур ажилтай гээд ирдэггүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгийн өрөөнд иргэн С.Б, В.Уранцэцэг нар уулзаад сүүлчийн дуудлага худалдааны үнэ 75 000 000 төгрөгийн зөрүү 52 000 000 төгрөгийг С.Н-т өгнө гэж С.Б зөвшөөрч зөрүү 52 000 000 төгрөг өгсөн тохиолдолд 3 өрөө байраа чөлөөлөхөөр гэрээ байгуулсан байхад В.Уранцэцэг нь “зөрүү нэхэмжлэх эрх байхгүй байраа султга” гэсэн шаардлага тавьдаг байсан. С.Н нь дуудсан цагт нь очдог, зээлээ төлөх гэж үл хөдлөх хөрөнгийн газрын худалдаа зуучлалын агентлагтай байгуулсан гэрээ баримтаа шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан санал шаардлагыг тухай бүрт нь зөвшөөрч зах зээлд 150 000 000 төгрөгөөр үнэлэгдэх тоосгон 3 өрөө байраа эхний удаа 105 000 000 төгрөг, дараагийн удаа үнийн 50 хувь буюу 75 000 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч байсан бөгөөд 2 дахь дуудлага худалдаанд өөрийн биеэр оролцоогүй. Гэтэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэл ирүүлсний дагуу тус газрын улсын байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон С.Н-ийн хүүхдүүд Б.На, Б.А, Б.Но нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүхэд хандах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл В.Уранцэцэг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байраа чөлөөлөхгүй бол албадан гүйцэтгэнэ гэсэн мэдэгдэл өгч 3 дугаар сарын 17-ны өдөр албадан гаргаснаас хойш байрны түрээсэлж түрээсийн төлбөрт 10 620.000 төгрөг зарцуулсан бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан. Улсын Дээд шүүхийн тогтоолд 23 000 000 төгрөгний өр төлбөрт шууд шилжүүлэн өгсөн тохиолдолд зөрүү үнийг хэрхэн шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь тодорхой болсон байх шаардлагатай бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн. Хүүхдүүд нь маргааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгч тул захиран зарцуулах ажиллагаанд хамааралтай эрх ашиг нь хөндөгдсөн этгээд мөн гэсэн учир шүүхэд хандсан. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тус газраас гэм хорын хохиролд 10 620 000 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоотод байрлах 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс ногдох хувийг Б.На, Б.А, Б.Но нарт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаартай захирамжаар С.Н-ээс 23 000 000 төгрөг гаргуулж С.Б-д  олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Н-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчээс харилцан тохиролцсон 150 000 000 төгрөгийн үнийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар тохиролцсон 50 хувь болох 75 000 000 төгрөгөөр худалдах гэсэн боловч худалдагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч С.Б-д  санал болгоход төлбөр төлөгч С.Н-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлбөр төлөх 45 хоногийн хугацаа, мөн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг төлбөр авагч С.Б-д  шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд зөрүү мөнгө гаргуулахаар хэлцэл байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг тус байгууллагаас бус хэлцлийн дагуу С.Б-оос нэхэмжлэх нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхэд гомдол гаргасан бол шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэх гэж байгаа талаар тэмдэглэлд дурдаагүй. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр орон сууцнаас чөлөөлөх мэдэгдлийг хүлээлгэн өгөхөд хүлээн авахаас татгалзаж байсан болохыг тэмдэглэж тэмдэглэлийг дуусгасан. Энэ үед шүүхэд хандсан бол тэмдэглэл дээр өөрсдөө тусгах байсан боловч шүүхэд хандсан талаар яриагүй. Тэмдэглэлд ярилцсан зүйлсээ тусган танилцаж гарын үсгээ зурсан бөгөөд тухайн үед Ш.Энхээ энэ талаар хэлээгүй гэжээ.

Гуравдагч этгээд С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр өмчлөгч нь С.Н-ийн нэр бүртгэлтэй тул нэг хүний өмч юм. Гэтэл хүүхдүүдийг нь хамтран өмчлөгч гэж Улсын Дээд шүүх үзсэн гэж байна. Дүүргийн үл хөдлөх хөрөнгө, эрхийн бүртгэлийн албаны даргатай уулзсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл, шүүхийн маргаан үүссэн эсэхийг шалгуулж байгаад нэр шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч зарим нэг тохиролцоог тусгана гэсэн боловч захирамж гарахад миний хэлсэн эд хөрөнгийн талаар тусгаагүй байсан бөгөөд энэ талаар эд хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэхэд болно гэж тайлбарласан. С.Н нь намайг залилан мэхэлсэн Шүүхийн шийдвэр дээр очсон, банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн 2014 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй тул хохиролтой байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг "...нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо" гэж танилцуулсан атлаа шийдвэрээ бичгээр үйлдэхдээ анх танилцуулсан шийдвэрээс өөр агуулгаар бичиж гаргасан байна. Энэ нь давж заалдах болон хяналтын шатны шүүх тухайн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал: Шийдвэрт "...орон сууцыг зарж зөрүүг төлбөр төлөгч С.Н-т төлсөн тохиолдолд орон сууцыг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоор тохирсон тохиролцоог төлбөр авагч биелүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаэг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна гэж бичсэн. Гэтэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 001 /хт2016/01200 дугаар тогтоолд "... 3 өрөө орон сууцыг 23 000 000 төгрөгийн өр төлбөрт шууд шилжүүлэн өгсөн тохиолдолд зөрүү үнийг хэрхэн шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь тодорхой байх шаардлагатай бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна" гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн 03346 дугаар шийдвэр, 1520 тоот магадлалыг хүчингүй болгох үндэслэлдээ дурдсан байдаг. Мөн шийдвэрт "... бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.На, Б.А, Б.Но нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх тул орон сууцны үнэлгээнээс өөрсдөд ногдох хувийг хохиролд тооцон шаардах эрхгүй байна" гэжээ. Энэ тухай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/01200 дугаар тогтоолд "... Б.А, Б.Но, Б.На нар нь маргааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгч тул түүнийг захиран зарцуулах ажиллагаанд хамааралтай эрх ашиг нь хөндөгдсөн этгээд мөн байна" гэж дээрх шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа маш тодорхой дурьдсаныг анхаарч үзэх хэрэгтэй. Шийдвэрт "нэхэмжлэгч тал 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс хойш шүүхэд хандаагүй, гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг хангах үндэслэлгүй байна" гэж бичгийн хэлбэрт оруулахдаа амаар сонсгосноос өөр агуулгаар бичсэн байна. Мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан үндэслэл нь дээрх хугацаа хэтрүүлсэнд хамааралгүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч удаан хугацаагаар хэргийг шийдвэрлэхгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаас 15 минут хоцорч очиход нэхэмжлэлийг 181/ШТ2017/00480 дугаар тогтоолоор "нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй" гэсэн үндэслэлээр буцаасанд гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хуулиар Баянгол дүүргийн шүүхэд хандах байсан боловч нэхэмжлэгч С.Н-ийн бие муудан эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж төлөх бололцоогүй байж байгаад 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хурлаар шийдвэрлэсэн нь хоёр удаагийн анхан шатны шүүх ямар хугацаанд хэрхэн шийдвэрлэснийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Н  НШШГГ-т холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93 тоот хурлын тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, 10 620 000 төгрөгийн хохирол гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Но, Б.А, Б.На нар нь Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол, 26/8 дугаар байрны 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага /хх1-4/ гаргасныг хариуцагч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү /хх147-148/ гэж маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 260 дугаар захирамжаар /хх63, 158/ өргөдөл гаргагч С.Б-д  23 000 000 төгрөгийг С.Н  2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлөхөөр тохиролцож эвлэрлийг баталж, дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бичигджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлж, /хх163/ 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлж, /хх164/ Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15/375 дугаар тогтоолоор битүүмжилж, /хх165/ 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн 15/419 дүгээр тогтоолоор хураасан /хх166/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12, 36 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, энэ талаар төлбөр төлөгч маргаагүй байна.

Төлбөр төлөгч С.Н-ийн 150 000 000 төгрөгөөр орон сууцыг үнэлэх талаар хариуцагчид гаргасан саналыг төлбөр авагч зөвшөөрсөн байх тул орон сууцыг дээрх үнийн дүнгийн 70 хувь болох 105 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд, үнийн дүнгийн 50 хувь болох 75 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоож энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлөгч С.Н-т мэдэгдсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлдийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

Албадан дуудлага худалдааг явуулахад худалдан авах санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул албадан дуудлага худалдааны комиссын хуралдаан хийх талаар талуудад мэдэгдсэн. Уг хуралдаанаар С.Н төлбөрөө 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөөгүй тохиолдолд орон сууцыг С.Б-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөр авагчийн нэр шилжүүлэх, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор байрыг зарж С.Н-т зөрүү мөнгийг өгөх хүртэлх хугацаанд орон сууцандаа амьдруулахаар талууд тохиролцон энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, /хх185/ үүнийг зөвшөөрч С.Н  гарын үсэг зуржээ.

Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх С.Н-ийн нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжээгүй тул шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан байна.

Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг буцааснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаагүй, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Иймд төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг эс зөвшөөрлийг 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн 10 620 000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Орон сууц нь зөвхөн С.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй талаарх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэргийн 67 дугаар талд авагдсан. Гуравдагч этгээд Б.Но, Б.А, Б.На нар нь Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад өмчлөх эрхтэйгээ нотолж эрхээ хамгаалуулахаар хандсан баримтгүй тул Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс ногдох хувийг болон хохиролд 10 620 000 төгрөг нэхэмжилснийг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хариуцах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, бие даасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/03277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гуравдагч этгээд нараас төлсөн 210 600 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 255 070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                                                  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ