Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/84

 

 

 

                Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д

                          нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Шүүгдэгч Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д

            Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Батмөнх, Г.Ганцэцэг

            Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа

            Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг

            Шүүгдэгч Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, Г.Ганцэцэг, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа, шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2034004400531 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Г, 

 

Монгол Улсын иргэн, М,

 

Монгол Улсын иргэн,  Б

 

Монгол Улсын иргэн, Д, 

 

Д.Г нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжийн дагуу Батсүмбэр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж тус сумын нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаартай хувийн дансаар дамжуулан 1.500.000 төгрөг хахуульд авсан.

 

2019 оны 10 дугаар сард Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасан “ Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.6, 7.1.7 гэх заалтуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө байр хуульд өгөхийг шаардсан,

 

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.181, 28.1.192, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.13 дахь хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байх өөрийн албан өрөөнд “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

Г.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.184, 28.1.195, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах 22.2 дугаар зүйлийн 22.2.16 дахь хэсэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ,

 

Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар зэрэг эд зүйлсийг тус тус хахуульд авсан,

 

Б.Д нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, Түшээ гүн гэх 1 га газрыг тухайн компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг сумын Засаг дарга Д.Год гаргасан. Сумын Засаг дарга Д.Г “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эзэмшүүлэх захирамж гаргах үедээ Б.Дгээс хахууль өгөхийг шаардсаны дагуу Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год тухайн үед Батсүмбэр сумын Засаг даргын нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

 

Тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр төмөр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр газар кабель утас, 14 бетон хөлтэй шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засах газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгсэлийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьж үйл ажиллагаа эхэлсэн цаг буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ,

 

Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,

 

Ч.Б нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалтан болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Засаг даргын ажлын өрөөнд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Д.Г, Г.Мт нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Түлээчин овогт Гансүхийн М, Бичээч овогт Дэнзэний Г нарыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан,

 

Шүүгдэгч Боржигон овогт Чулууны Бг бусдаар дамжуулж хээл хахууль өгөх,

 

Шүүгдэгч Боржгон овогт Баасансамбуугийн Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 3 жил 1 сар хорих,

 

2002 оны Эрүүгийн хууль тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх  хэсэгт

зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнсэн, хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн цагдаагийн газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засан, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Дд үүрэг болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас, шүүгдэгч Г.Мт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасах ялыг шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тус тус тоолох,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

                

            Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.М, Ч.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар 1 тооны шүдлэн үрээний үнийн дүн буюу 520.000 төгрөгийг шүүгдэгч Г.Маас, шүүгдэгч Д.Гоос 4.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

 

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ч.Б, Б.Дэмчигсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт авагдсан “сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалуулахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгөтэй шилэн ваарыг харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Нэг. Б.Д 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрээ байгуулж газрын гэрчилгээ олгох өдөр тус сумын баяр наадам зохион байгуулахад гэж Засаг даргын орлогч 1.500.000 төгрөг авсан гэж анх нэхэмжлэл гаргасан. Үүний дараа Авлигатай тэмцэх газарт 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Д.Гтой уулзахад нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг гэсэн. Нийгмийн хариуцлагын гэрээг Булгаа байгуулсан. Тухайн үед Д.Цэцэгжаргалын дугаарыг Булгаа өгсөн гэсэн...” гэж тайлбарласнаас үзвэл 1.500.000 төгрөгийг баяр наадмын үйл ажиллагаанд зориулж, Засаг даргын орлогч Булгаатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж өгсөн. Д.Цэцэгжаргалын дансны дугаарыг Булгаагаас авсан нь илэрхийлэгдэж байна.

 

Учир нь Засаг даргын орлогч Ц.Булганы 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Б.Д надтай ирж уулзаад танай сумын наадамд туслах хүсэлтэй байна гэсэн...” гэж мэдүүлсэн. Улмаар түүний байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээнд баяр наадамд хандивлав гэж зориулалтыг бичсэн нь гэрээ байгуулах үеийн анхны хүсэл зориг, энэхүү зорилгоо хэлсний үндсэнд гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

Ингэхдээ тухайн мөнгийг анх наадмын үйл ажиллагааны хандивт зориулж өгсөн боловч түүнийгээ хахуулийн зорилгоор өгсөн болгож ашиглах, тайлбарлахаар анхнаасаа төлөвлөж мөнгийг өгсөн нь түүний 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...сумын Засаг дарга Д.Г нарт адуу, мөнгө төгрөг өгөхдөө тэдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг заавал хуулийн байгууллагаар шалгуулна гэж бодож байсан учраас миний бие 2017 оноос хойш тус мөнгө төгрөг өгсөн баримтыг хадгалж, адууг хүнээр дамжуулж өгсөн...” гэж анхны санаа зорилго, төлөвлөгөөгөө хэлснээр илэрхийлэгдэж байна. Үүнээс үзвэл хандиваар халхавчилж, бусдыг гэмт хэрэгт буруутгахаар төлөвлөж 1.500.000 төгрөгийг өгчээ.

 

Учир нь Б.Д нь газрын эрхээ шилжүүлэхээр удаан хугацаанд хөөцөлдсөн боловч түүнийг нь шийдвэрлэхгүй удаасан тул 1.500.000 төгрөг өгсөн гэдэг нь үндэслэлтэй эсэхийг шалгах зорилгоор түүний анх хэзээ өргөдөл гаргасан, түүнийг нь ямар хугацаанд шийдвэрлээгүй удаасныг мөрдөн шалгаагүй хэрнээ миний биеийг ийнхүү удаашруулж, мөнгө шаардаж авсан гэж буруутгаж буй нь үндэслэлгүй юм. Хэрэв удаашраагүй нь тогтоогдвол газрын эрх шилжүүлэх зорилгоор 1.500.000 төгрөг өгсөн гэдэг нь няцаагдана. 2020 оны 09 дүгээр сарын 08-нд гэрчээр А.Цогмагнайг асуухдаа наадмын үйл ажиллагааны 1.500.000 төгрөгийг асуугаагүй.

 

Харин Д.Цэцэгжаргал нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “Засаг дарад мөнгийг 2017 оны 07 дугаар сарын 09-нд өгсөн. Мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан, би тайлан гаргаж өгсөн” гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн Д.Цэцэгжаргалын мэдүүлэг “...2017 оны 07 дугаар сарын 09-нд мөнгөө өгөхөөр Д.Гын өрөөнд ороход мөнгийг нь наадамд хэрэглэнэ байлгаж бай гэсэн учраас би түүнд мөнгийг өгөөгүй...” гэсний дараа 2020 оны 09 дүгээр сарын 04-нд мэдүүлэхдээ “... 2017 оны 07 дугаар сарын 16-нд өдөр Д.Г нь 1.500.000 төгрөгийг бэлнээр авч ирж өгөхийг хэлсний дагуу өгсөн...” гэж зөрүүтэй мэдүүлсэн.

 

Мөн 2 дугаартай хавтаст хэргийн 124 дүгээр хуудаст нягтлан Д.Нямдаваагийн үйлдсэн сумын наадмын тайлан “Бултлаг Рашаан” ХХК, “Сансари” ХХК, “Цагаан хус” амралтаас хандивласан нийт 3.500.000 төгрөгийн төсөв зарцуулсан гэж буй бөгөөд тус тайланд зааснаар зөвхөн асар, гэрийн бүрээс, зуух, яндангаас гадна бусад бараа, материал худалдан авах болон уралдаан тэмцээний бай шагнал зэрэг олон зориулалтаар зарлага гарсан байна. Ийнхүү зарцуулалтыг гэрч Д.Цэцэгжаргал хийсэн тул түүнээс асуух ёстой байсан ч асуугаагүй бөгөөд бусад зарцуулалт, түүний баримт тооцоог нягтлан Д.Нямдаваагаас ч асуугаагүй. Д.Цэцэгжаргалын мэдүүлгээр тэрбээр 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад дансанд шилжүүлсэн мөнгөөр баяр наадмын худалдан авалт хийсэн гэж мэдүүлж буй тул түүний дансанд хэдэн төгрөг орсноор хэдийг нь зарцуулсан болохоо сайн мэдэж байгаа.

 

Хоёр. Д.Г миний биеийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэтэл Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 131 дугаартай тогтоолд 120.000.000 төгрөгийн үнэтэй 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан гэж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний 532 дугаартай яллах дүгнэлтэд намайг шүүгдэгч Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө орон сууцыг өгөхийг шаардсан гэж буруутгасан. Гэхдээ мөрдөн шалгах явцад 2 өрөө байр шаардсан талаар огт ажиллагаа явуулаагүй бөгөөд “Эко шим мандал” ХХК-иас Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол болон Ч.Бгийн мэдүүлэгт Д.Г нь өөрийн хүүхэддээ 2 өрөө байр үнэгүй өгөхийг шаардсан. Энэ тухай бичлэг нь бий гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт холбогдох нотлох баримтгүй байхад намайг шүүхээс буруутгалаа.

 

Харин 80.000.000 төгрөгөөр хямдруулах тухай асуусан байр нь Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэтэй 3 өрөө байр болохыг Ч.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-нд гэрчээр өгсөн мэдүүлэгт Д.Г нь миний компаний зарж байсан 120.000.000 төгрөгийн 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр авах талаар санал болгосон гэж тайлбарласан нь 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудаст байгаа бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн эгч Д.Төмөрөө нь Алтай хотхонд 3 өрөө байр байсан, үзсэн гэж гэрчээр мэдүүлсэн.

 

Ч.Б нь түүний компанид бартераар ирсэн орон сууцыг өөрийн үнээс нь хямдруулж зарна гэсэн тул миний бие очиж үзсэн бөгөөд энэ үеэр Ч.Б нь бэлэн мөнгөнд сайн хямдруулна, чи хэдэд авах боломжтой юм, чамд хэдэн төгрөг байна вэ гэж асуухад нь би 80.000.000 төгрөг байна, зарах юм уу гэж асуусан. Гэтэл Ч.Б нь за ойлголоо, цаашаа асуугаад эргэж хэлье гэсэн бөгөөд хэдэн өдрийн дараа Ч.Б чи нөгөө байраа сонирхож байгаа хэвээрээ юу гэж асуухад нь би “Солонгосоос ирсэн миний дүү авах гэж байсан боловч буцаад Солонгос явахаар болж, зардалдаа мөнгөө зарцуулахаар болжээ. Мөн дүү хэлэхдээ тэр байрны орчин, замын түгжрэл нь таалагдаагүй гэсэн тул авахгүй болсон гэж хэлсэн. Ийнхүү орон сууцыг хямдруулж худалдах тухайгаа хэлсэн нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний “Шим мандал” ХХК-ийн гомдол болон Ч.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт орон сууцыг 10-20% хямдруулж өгнө гэснээр нотлогдоно.

 

Түүнээс 80.000.000 төгрөгт хямдруулж зарахыг Ч.Бгаас шаардаагүй, тухайн байрны саналаас би өөрөө татгалзсан бөгөөд тухайн байрыг миний төрсөн дүү үзэж танилцсан боловч Солонгос руу 2020 оны 01 дүгээр сард явсныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн эгч Д.Төмөрөө гэрчээр мэдүүлснээр нотлогдоно. Энэ байр нь Алтай хотхонд байрлах 3 өрөө байр байсныг би гэрчийн болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ тайлбарласан.

 

Гурав. Анх 2020 оны 07 дугаар сарын 19-ний “Шим мандал” ХХК-ийн гомдол болон 2020 оны 08 дугаар сарын 04-ний гэрчийн мэдүүлэгтээ Ч.Б нь 2017 оны 4-5 дугаар сард 50.000.000 үнэтэй самосвол өгсөн. Түүнийгээ 14.000.000 төгрөгөөр зарж 10.000.000 төгрөгөөр старекс авч суманд өгсөн. Үлдэх 3.000.000 төгрөгийг Д.Год өгсөн гэж тайлбарласан.

 

Гэтэл 50.000.000 төгрөгийн үнэтэй машиныг яагаад 14.000.000 төгрөгөөр зарсан. 10.000.000 төгрөгөөр старекс авч, үлдэх 3.000.000 төгрөгийг Д.Год өгсөн нь үнэн бодитой эсэхийг тогтоох зорилгоор самосвол машиныг хэзээ хэнд ямар үнээр зарсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй. Улмаар Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 25-нд гэрчээр мэдүүлэхдээ “Самосвол маркийн автомашиныг 14.000.000 төгрөгөөр зараад 10.500.000 төгрөгөөр старекс авч үлдэх 3.000.000 төгрөгийг өгсөн гэжээ. Гэтэл үлдэх мөнгийг өгсөн гэвэл 3.500.000 төгрөг болно. Цаашлаад Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 22-нд яллагдагчаар мэдүүлэхдээ тухайн өдрөө сумын Засаг дарга Д.Год 3.000.000 төгрөгийг өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан өгсөн, тухайн мөнгө ямар учиртайг Б.Билгүүн мэдээгүй гэж Б.Билгүүн нь 2020 оны 09 дүгээр сарын 30-нд гэрчээр мэдүүлэхдээ тус микрог хүлээлгэн өгөх өдөр аав өөрийн машины урд хайрцагт байсан ууттай боодол мөнгийг надад өгөөд Д.Год оруулаад өгчих гэхээр нь өгсөн гэж тайлбарласнаас үзвэл Б.Билгүүн нь ууттай мөнгө өгч буйгаа мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

Хэрэв тийм бол Б.Билгүүн нь хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхээр байгаа боловч мөнгө өгсөн гэх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний бие Ч.Б болон түүний хамаарал бүхий этгээдийн газар эзэмших эрхэд холбогдуулж ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, тэдгээрийн газрын эрх хөндөгдөөгүй байсан тул Б.Билгүүн нь 3.000.000 төгрөгийг надад өгсөн байх боломжгүй.

 

Дүгнэж хэлбэл 2017 оны 05 дугаар сарын 17-нд Ч.Б болон түүний хамаарал бүхий этгээдийн 2017 оны 07 дугаар сарын 08-нд Б.Дгийн, 2019 оны 10 дугаар сард Ч.Б болон түүний хамаарал бүхий этгээдийн газрын болон бусад ямар нэг эрх хөндөгдөж, зөрчигдөж байгаагүй тул тухайн хугацаанд миний бие тэдгээрийн ашиг сонирхлын төлөө хийх үйлдэл, үйл ажиллагаа байгаагүй нь Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны 451 дүгээр тогтоолд тодорхойлсон хээл хахууль авах гэмт хэрэгтэй тохирохгүй байна.

 

Харин Ч.Б болон түүний хамаарал бүхий этгээдийн газрын эрх нь Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны А/210 дугаартай захирамжаар Засаг даргын тамгын газрын дарга С.Отгонжаргалаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй комиссын шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэж Б.Дгийн газрын эрх нь Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/310 дугаартай захирамжаар хэрэгжсэн “Хашаа” нэгдсэн арга хэмжээний шалгалтаар илэрсэн зөрчлөөр үүссэн. Гэтэл энэхүү хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, бодит байдлын талаар ажлын хэсгээс асуугаагүй, ямар зөрчил илэрснийг тодруулах ажлыг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүй нь эргэлзээ үүсгэж байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Батмөнх гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд "Буянт үйлст сан" ТББ-аас Төв аймгийн Батсүмбэр сумын Баянцогт, III баг, Түшээгүн гэх нэртэй газарт байрлах, Мод үржүүлгийн зориулалттай 1га газрыг 2016 онд шилжүүлэн авч, түүний эрхийг өөрийн "Бултдаг Рашаан" ХХК-д шилжүүлэхээр тус сумын Засаг даргад удаа дараа хандсан боловч тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр газрын эрхийг шилжүүлэхээс татгалзаж, хахууль шаардсан гэж мэдүүлэх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 98, 100 дугаар хуудаст нотлох баримтаар цугларсан тус компанийн гэрчилгээ, дүрмээс үзвэл "Бултдаг Рашаан" ХХК-ийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан нь газрын эрх шилжүүлэх гэрээг "Буянт үйлст сан" ТББ-тай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан нь тогтоогдох бөгөөд тухайн газрын эрхийг шилжүүлэх хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 05-ны хооронд газрын эрх шилжүүлэх хүсэлт өгсөн эсэх, түүнийг нь ямар шалтгаан үндэслэлээр эсвэл үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзаж хясан боосон үйл баримтыг шалган тогтоогоогүй байна.

 

2. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Д мөрдөн шалган ажиллагаанд гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тус газрын эрхийг 2017 оны эхээр шилжүүлэн авч, эрх шилжүүлсэн захирамж гаргуулахаар тус сумын Засаг даргад хандсан боловч хүлээн аваагүй гэж тайлбарладаг тул Төв аймгийн Батсүмбэр сумын Баянцогт, III баг, Түшээгүн гэх нэртэй газарт байрлах, Мод үржүүлгийн зориулалттай 1 га газрын эрхийг шилжүүлэх хүсэлтийг хэзээ гаргасан эсэх, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсвэл шийдвэрлэлгүй хугацаа өнгөрсөн эсэх үйл баримтыг шалган тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарч буй боловч нотлогдоогүй байна.

 

3. Шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ газрын эрхээ шилжүүлж авахын тулд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний гар утасны дугаарт мессежээр ирүүлсэн дансны дугаарт 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээсээ агуулгын хувьд зөрүүтэй тайлбар өгсөн тул Д.Цэцэгжаргалын дансны дугаарыг хэн өгсөн буюу тухайн мөнгөн хөрөнгийг хувь хүний дансанд хийлгэхийг хэн заасныг, шүүгдэгч Д.Г заасан эсэхийг нэмж шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

 

4. Гэтэл газрын эрх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжсэн байхад түүнээс 2 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу шүүгдэгч Б.Дгийн эрх, ашгийг хөндөгдөөгүй байхад түүний ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлэх албаны чиг үүрэг шүүгдэгч Д.Год байсан эсэхийг нотлох шаардлагатай. Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудаст нотлох баримтаар цугларсан "Бултдаг Рашаан'' ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний нэмэлт тайлбар, тэмдэглэл хэсэгт хандивын зориулалтыг сумын баяр наадмын үйл ажиллагаанд хандивласан болохыг гэрээ байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бичсэнээс үзвэл иргэн Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь дансанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг хахуулийн зориулалтаар шилжүүлсэн Б.Дгийн хүсэл зорилгын илэрхийлэл гэж үзэхээр байна. Тиймээс хандивын хөрөнгийг тус зориулалтын дагуу ашиглаж, захиран зарцуулсан тайланг хоёрдугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудаст нягтлан бодогч Д.Нямдаваа тайлагнаснаас үзвэл шүүгдэгч Д.Гыг буруутгах үндэслэлгүй юм. Гэвч тус тайлангийн үнэн зөв байдлыг эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн бодитой нягталж, шалган тогтоохын тулд тайланг үйлдсэн этгээдээр нягтлан бодогч Д.Нямдавааг асууж мэдүүлэг авах ёстой боловч түүнийг гэрчээр асуухад тайлангийн талаар асуугаагүй, Д.Нямдавааг дахин асуугаагүй байна. Мөн тус сумын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн албан хаагчдаас ч энэ тайлангийн талаар асуугаагүй нь нотолбол зохих цагаатгах талын нөхцөл байдлыг шалгалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Тиймээс Д.Цэцэгжаргал гэрчээр өгсөн эхний мэдүүлэгтээ энэ тухай тайлбарлаж, хандивын хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсныг, дахин мэдүүлэхдээ тодорхойгүй шалтгаанаар хандивын хөрөнгийг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр биечлэн өгсөн гэж, сүүлд нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэж тайлбарласан гэж үзэхээр байна. Гэтэл нягтлан бодогч Д.Нямдаваагийн тайланд наадмын үйл ажиллагаанд зориулж олон тооны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан бөгөөд худалдан авсан эд хөрөнгийн нийт зардал 3.498.365 төгрөгт хүрсэн нь "Сансари" ХХК болон "Бултдаг Рашаан" ХХК-иас хандивласан нийт 3.000.000 төгрөгөөс хэтэрсэн байна. Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Дгээс хандивласан мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан бөгөөд харин хандив хүлээн авах журмыг зөрчсөн үйлдэлд шүүгдэгч Д.Г гэм буруугүй гэж үзэхээр байна.

 

6. Улмаар шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ шүүгдэгч Д.Г байнга хясан боогдуулдаг бөгөөд ингэхдээ миний газрын эрхийн гэрчилгээ хуурамч буюу газрын эрх үүсээгүй гэж тайлбарладаг боловч түүний газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр газрын эрхийг хуульд заасны дагуу шилжүүлэн олгосон байна гэж үзэж сэргээсэн нь хуурамч газрын гэрчилгээтэй гэх тайлбарыг эсрэгээр нотолж байна.

 

7. Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 10 дугаар сард “Зариг.мн” цахим хуудаст өгсөн сурвалжлагын видео дүрс бичлэгээс үзвэл 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Д.Гтой биш гэрч Ц.Булгантай уулзаж, дансны дугаар авсан гэж тайлбарласан нь нийтэд илэрхий болсон үйл баримт тул ийнхүү сурвалжлага өгсөн эсэхийг нотлох шаардлагагүй боловч 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Д.Гтой уулзсан эсэх үйл баримтад эргэлзээ үүсгэж байна. Учир нь 2017 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаарын хэм хэт халж, хуурайшсаны улмаас ой хээрийн түймэр олон газар гарсны зарим нь Төв аймгийн Батсүмбэр сумд гарсаныг тухай гэрчүүдийн мэдүүлэг нотолж, энэ түймэрт зориулж олон иргэн, хуулийн этгээдээс хандив тусламж үзүүлсэн тухай Д.Цэцэгжаргал гэрчээр мэдүүлсэн. Энэхүү түймэртэй 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон төрийн бусад өндөр албан тушаалтнууд газар дээр нь танилцах үед тэдгээрийг хүлээн авах, түймэртэй тэмцэх ажлын явц, бусад байдлыг тайлбарлах зорилгоор шүүгдэгч Д.Г нь сумын Засаг даргын хувиар оролцож явсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудасны гэрэл зургийн санд тэмдэглэгдсэн нь цахим орчинд нээлттэй байх тул тухайн өдөр Засаг даргын тамгын газарт байгаагүй, эзгүй байсан. Шүүгдэгч Д.Г 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлын байрандаа эзгүй, түймрийн голомтод томилогдон ажиллаж эзгүй байсан тул шүүгдэгч Б.Дтэй биечлэн уулзах боломжгүй юм.

 

2017 оны 10 дугаар сарын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1.13-т заасан  "Монгол  Улсын  иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Авлигийн эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.6, 7.1.7-д заасныг,  Нийтийн   албанд   нийтийн   болон   хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчиж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгдэгч Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө орон сууцыг өгөхийг шаардсан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.18', 28.1.192-т, Газрын тухай хуулийн 22.1.2, 22.2.1-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Ч.Бгаас түүний хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийг хахуульд авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэнийг дараах үндэслэлээр гомдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Б, Д.Г нар уулзах үеэр Д.Гоос "төрсөн дүү Солонгос улсаас ирсэн, орон сууц худалдан авах гэж байгаа" тухай Ч.Бд хэлэхэд, Ч.Б нь манай компанид бартераар ирсэн орон сууцнуудыг худалдана, түүнийг үзэж болно гэсний дагуу Д.Г очиж үзэх үеэр Ч.Б нь тухайн орон сууц ямар санагдав, бэлэн мөнгөнд хямдралтай худалдана, танайд хэдэн төгрөг байгаа вэ гэж асуухад нь Д.Г 80.000.000 төгрөг байна. 80.000.000 төгрөгт зарах юм уу гэж асуухад, Ч.Б за бодож үзье гэж хариулаад хэсэг хугацааны дараа Ч.Б нь нөгөө орон сууц авах нь юу болсон бэ гэж Д.Гоос асуухад нь манай дүү буцаад солонгос явах болсон тул зардалдаа мөнгөө хэрэглэнэ. Мөн үзсэн орон сууцны байршил, тохижилт, автозамын ачаалал нь дүүд таалагдаагүй тул худалдаж авахааргүй болсон гэж хариулсан.

 

Талуудын хоорондох харилцаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах санал гаргасан, тухайн саналаас татгалзсан иргэний эрх зүйн шинжтэй тул орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хямдралтай үнээр өгөхийг шаардсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарахгүй. Тиймээс ч хоёрдугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудаст нотлох баримтаар цугларсан “Эко шим мандал” ХХК-аас гаргасан гомдлын 3 дугаар догол мөрөнд болон хоёрдугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст шүүгдэгч Ч.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт орон сууцыг хямдралтай үнээр танилцуулсан үйл баримтын талаар бичигдсэн байдаг. Эндээс үзвэл Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сард орон сууц худалдах, худалдан авах хэлэлцээ болох үед шүүгдэгч Ч.Бгийн газар эзэмших эрх, хөндөгдөөгүй байсан тул Ч.Бгийн ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлэх албаны чиг үүрэг шүүгдэгч Д.Год байгаагүй учраас үүний тулд шүүгдэгч Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө орон сууцыг өгөхийг шаардсан байх боломжгүй нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлэхгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.Б, түүний хамаарал бүхий этгээдийн газар эзэмших эрхтэй холбогдуулж Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдээс гаргасан гомдлын дагуу гомдлыг шалгахаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн үйл баримтаас үүдэж шүүгдэгч Ч.Б, түүний хамаарал бүхий этгээдийн газар эзэмших эрх хөндөгдсөн бөгөөд ийнхүү хяналт шалгалт, түүгээр илэрсэн тохиолдлыг 2019 оны 10 дугаар сард талуудын хооронд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлэлцээ хийх үед аль хэдийн урьдчилан зохион байгуулсан байх боломжгүй. Тиймээс тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдээс тухайн ажлын хэсгийн хяналт шалгалтын явц, илрүүлсэн тохиолдол болон тухайн комиссыг ямар үндэслэлээр, хэний гомдол саналаар томилон ажиллуулах болсон, ийнхүү ажиллахад нь шүүгдэгч Д.Гоос ямар нэг даалгавар өгч ажиллуулсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай боловч нотлоогүй нь нотолбол зохих байдлыг орхигдуулсан гэх үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Ч.Бгаас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Билгүүнээр дамжуулж шүүгдэгч Д.Год 3.000.000 төгрөг өгсөн гэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.Б болон түүний хамаарал бүхий этгээдийн газар эзэмших эрх, хөндөгдөөгүй байсан тул Ч.Бгийн ашиг сонирхолын үүднээс хэрэгжүүлэх албаны чиг үүрэг шүүгдэгч Д.Год байгаагүй учраас үүний тулд шүүгдэгч Ч.Бгаас 3,000,000 төгрөгийг хахуульд өгөх, нөгөө талаас авах бодит нөхцөл, шаардлага үүсээгүй байсан. Тиймээс шүүгдэгч Ч.Б нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруу, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд 3.000.000 төгрөгийг хахуулийн зорилгоор өгөөгүй гэж тухайн цаг үед Ч.Бгийн ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлэх албаны чиг үүрэг шүүгдэгч Д.Год байгаагүйг илэрхийлсэн нь шүүгдэгч Ч.Б хахууль өгөөгүй, Д.Г хахууль аваагүйг үнэн зөвөөр тайлбарладаг.

 

3. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.18-д заасан тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэний үндсэн ба журамт үүргээ хэрхэн биелүүлж буйд хяналт тавих, 28.1.19-д заасан тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн захиргааны журам, дээд шатны болон иргэдийн Нийтийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүрэг, чиглэл өгч биелэлтийг нь хангуулах, тэдгээрээс дэмжлэг туслалцаа авах үүрэг, Газрын тухай хуулийн 22.1.2-т заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2.1. Газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаарх нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах үүргийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын ажлыг эрхлэхдээ шүүгдэгч Д.Г нь гүйцэтгэх үедээ шүүгдэгч Ч.Бгаас хахууль авсанд гэм буруутайд тооцохдоо 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Д.Г нь яг ямар эрх үүргийг Ч.Бгийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэснийг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр шалган тогтоож, нотлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд заасан үйл баримтыг нотлоогүйд хүргэж байна. Учир нь шүүгдэгч Д.Гыг зөрчсөн гэж буруутгасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22.1.2, 22.2.1 дүгээр хэсэг нь сумын Засаг даргын бус баг хорооны Засаг даргын бүрэн эрх тул өөрт харьяалуулаагүй бүрэн эрхийг шүүгдэгч Д.Г хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүгдэгч Д.Г нь яг ямар эрх үүргийг хэрэгжүүлэхдээ шүүгдэгч Ч.Бгийн ямар ашиг сонирхлын үүднээс 3,000,000 төгрөгийг авсан гэх үйл баримтыг шалган нотлох шаардлагатай байна.

 

4. Нөгөөтэйгүүр иргэн Б.Билгүүнээр дамжсан 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Год өгсөн үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, хөдөлбөргүй бүрэн бодитой тогтоогдоогүй.

 

5. Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар 2016 онд томилогдсон бөгөөд ийнхүү томилогдохоос өмнө тус сумын Засаг даргын Тамгын газарт шүүгдэгч Ч.Б нь Huyndai маркийн ачааны машиныг шилжүүлэн өгснийг нь тус сумын хогийг цуглуулж, тээвэрлэхэд ашиглаж байсан. Шүүгдэгч Д.Г Засаг даргаар томилогдох үед тус автомашиныг эвдэрэл гэмтлийн улмаас иргэн Ч.Б нь буцаан авч Улаанбаатар хотод хадгалж байсан бөгөөд шүүгдэгч Д.Г Засаг даргаар томилогдоод албаны эд хөрөнгийг тоолох үед тухайн автомашин Засаг даргын Тамгын газарт бүртгэгдсэн хэрнээ биетээрээ байхгүй байсан тул албаны эд хөрөнгө дутсан. Тиймээс эд хөрөнгийн талаар шүүгдэгч Ч.Бгаас асуухад тус автомашиныг засварлуулахаар авч ирж өгсөн боловч гарах зардал их тул засварлах боломжгүй тухай хэлсэн бөгөөд тодорхой шалтгааны улмаас тухайн автомашиныг тэрбээр буцаан авч, солих хүсэлтээ илэрхийлснийг нь хүлээн авсан. Ийнхүү Huyndai маркийн ачааны машиныг оронд Huyndai Starex маркийн автомашиныг 2017 онд тус сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлснийг анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б үнэн зөвөөр тайлбарласан нь мөрдөн шалгах ажиллагаанд түүний гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс зөрж буй тул үүнээс үүсэх эргэлзээг арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдалд хамаарч байна.

 

6. Үүнээс үзвэл Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.6, 7.1.7-д заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг ямар үйлдлээр хэрхэн зөрчсөнийг бүрэн тогтоогоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан нотолбол зохих байдалд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй тогтоохыг хуульчилсан бөгөөд тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч нь хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хүлээсэн бөгөөд ийнхүү тогтоохдоо зөвхөн хүндрүүлэх, яллахаас гадна хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зохицуулсан. Гэтэл дээрх эргэлзээ бүхий, өөр хоорондоо зөрчилдсөн, зохих хуулийг буруу хэрэглэж, тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн   албанд   нийтийн   болон   хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж шүүгдэгч Д.Гыг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж буй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй тул эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

 

Хахууль өгөгч Ч.Б нь Д.Год хахуульд өгсөн гэх 3.000.0000 төгрөгийг өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан өгсөн, Б.Билгүүн нь би хахуульд 3.000.000 төгрөгийг Д.Год өгсөн талаар 2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудсанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Би хахууль өгсөн гэж гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Билгүүний үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, гэмт хэргийн гүйцэтгэгч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2-т гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчоор тооцно гэж заасан.

 

Мөн хуулийн 3.2-т гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ гэж заасан. Б.Билгүүний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, 3.000.000 төгрөгийг Д.Год өрөөнд нь оруулж өгч, гэмт хэрэгт хамтран оролцсон. Гэтэл энэ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтаар шалгаж хянаагүй орхигдуулсан.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

 

Гэрч Д.Цэцэгжаргал мэдүүлгээ олон янзаар тогтворгүй өгсөн. Цэцэгжаргалын 3 өөрөөр өгсөн мэдүүлгийг шалгаж нягтлаагүй. Хахууль өгсөн гэдгийг нотолж байгаа гэрч Д Цэцэгжаргал нь өмнө нь Д.Гын удирдлага доор ажиллаж байхдаа зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсны улмаас ажлаас халагдсан хүн. Энэ хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө яагаад мэдүүлгээ өөрчилж янз бүрээр өгсөн болохыг шүүх анхаарч дүгнээгүй. Өмнө нь иргэд аж ахуйн нэгжээс хандивт өгсөн мөнгийг өөрийнхөө хувийн дансанд яагаад дандаа авдаг байсан. Зарцуулалт нь Д.Цэцэгжаргалын данснаас шууд гүйлгээ хийгдэж зарцуулагдсан нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Д.Цэцэгжаргалыг хандивын мөнгийг дур мэдэн өөрийн дансандаа хүлээн авч, өөрийн данснаас зарлагадаж байсан талаар тодруулан мэдүүлэг авах шаардлагатай. Гэрчээр өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байхад аль нэг мэдүүлгийг авахдаа бусад мэдүүлгийг нь яагаад үгүйсгэсэн талаар шүүх заагаагүй.

 

Мөн Ч.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө бас зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэрч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Год 3.000.000 төгрөгийг өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан хахуульд өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмнөх мэдүүлгээсээ буцаж би Д.Год 3.000.000 төгрөг хахуульд өгөөгүй гэж мэдүүлсэн. Яагаад мэдүүлгээсээ буцсан, ямар шалтгаан байсан, хүү Б.Билгүүнээ гэмт хэрэгт татан оролцуулснаа ойлгосон уу.

 

Гэрч Ч.Бг Д.Гыг гүтгэж санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4-т гэрч худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага тооцно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гэрч өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байхад яагаад өмнө нь худал мэдүүлэг өгснийг шалгаж тогтоогоогүй, худал мэдүүлэг өгсөнд нь Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй. Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хурал дээр мэдүүлгээ дахин өөрчилж Д.Год 3.000.000 төгрөг өгсөн. Д.Г намайг хахууль өг гэж шаардаагүй. Би энэ мөнгийг хахуульд өгөөгүй, хүү Б.Билгүүнийг хүмүүстэй танилцаж өөрийгөө мэдүүлэг гэж Б.Билгүүнээр энэ мөнгийг өгүүлсэн гэж мэдүүлдэг. Дээрх 2 гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, Д.Гыг санаатай гүтгэж худал мэдүүлсэн болох нь гэрчүүдийн зөрүүтэй өгсөн мэдүүлгээс харагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т   мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Иймд дээрх гэрчүүдийн  мэдүүлгийн зөрүүг арилгах, мэдүүлгээсээ буцсан худал мэдүүлэг өгсөн Ч.Бд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажиллагаа хийх зайлшгүй   шаардлагатай. Энэ   ажиллагааг   шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д заасан хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Д.Г нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр явагдсан. Гэтэл хавтаст хэргийн материалд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан шүүх хуралдааны тэмдэглэл одоо болтол хавсаргагдаагүй. Тэмдэглэлийг хуульд заасны дагуу ажлын 7 хоногт багтаан гаргаж прокурор хэргийн оролцогч нарт танилцуулах ёстой. Мөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гардаж авч байхад хэргийн материалд шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж прокурор, оролцогчид танилцуулна гэж заасан заалтыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

 

4. Прокурор хэргийг буруү нэгтгэсэн: Хуульд прокурорын яллах дүгнэлт, тогтоол, шийдвэр нь бичиг үсэг тооны алдаагүй байна гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болохгүй алдаатай байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Прокурорын нэгтгэсэн тогтоолоос харахад эрүүгийн ямар дугаартай хэргийг хэд гэсэн дугаартай хэрэгт нэгтгэсэн нь тодорхойгүй буруу нэгтгэсэн.

 

5. Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын орчим сумын орлогч дарга Ц.Булган 1.000.000 төгрөгийн хэрэг гарлаа гэхээр нь 400.000 төгрөгийг өгсөн. Ц.Булган энэ данс руу шилжүүлчих гээд танихгүй хүний дансны дугаар өгөхөөр нь тэр хүний данс руу нь 400,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Тэр танихгүй гэх хүн нь хэн болохыг тодруулан гэрчээр мэдүүлэг аваагүй. Энэ мэтээр худал мэдүүлэг өгч байгааг шалгаж тогтоох шаардлагатай.

 

6. Мөн Б.Д дахин өгсөн мэдүүлэгтээ Засаг дарга Д.Г, түүний орлогч Ц.Булган, багийн засаг дарга Г.М нар нь ганцхан намайг биш олон хүнийг хясан боогдуулж байсан, эдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэж мэдүүлсэн нь хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй орхигдуулж болохгүй асуудал тул Д.Г нь үнэхээр ийм үйлдэл байнга гаргаж байсан эсэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байсан эсэх хэзээ, ямар хүмүүсийг хясан боогдуулж хууль бус үйлдэл гаргаж байсныг асууж тодруулах, энгийн иргэдээс Д.Гын хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах зайлшгүй шаардлагатай.

 

Б.Д мод үржүүлгийн чиглэлээр газар авснаас хойш хэдэн онд хэдэн ширхэг мод суулгац тарьж ямар үр дүнтэй ажилласан. Монгол орныг ногоон хот болгоход ямар хувь нэмэр оруулсан, компани нь хэдэн ажиллагсадтай, хэдэн хүн цалинжуулж, ажиллагсдын нийгмийн даатгал төлдөг байсан эсэхийг тодруулах нь тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байхад шалгаж тогтоогоогүй. Ч.Бг орон сууц хахуульд өг гэж шаардаагүй, тухайн зарах гэж байсан орон сууц нь автомашины зогсоолгүй тул худалдан авахаас татгалзсан. Албан тушаалын байдлаа ашиглан ямар эрх үүргийг Ч.Бгийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэсэн нь тодорхойгүй, бүрэн шалгаж тогтоогоогүй. Хэргийг хэтэрхий нэг талыг барьж, гэрчийн олон янзаар өгсөн мэдүүлгийг үнэлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүх гэм буруутайд тооцож ял оногдуулж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

 

Хандивын хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх талаар нягтлан бодогч Д.Нямдаваагаас гэрчээр дахин мэдүүлэг авах, хандивын мөнгийг хэрхэн хүлээн авах, хэрхэн зарцуулахад хяналт тавих эрх бүхий Ц.Булганаас дахин мэдүүлэг авах, Д.Цэцэгжаргал нь Б.Дэшигсүрзнгийн хандивт өгсөн 1.500.000 төгрөгнөөс гадна бусад олон аж ахуйн нэгж хувь хүний өгсөн хандивын мөнгийг үргэлж өөрийн хувийн дансанд яагаад хүлээн авдаг, өөрийн данснаас буцаагаад зардлагаддаг байсныг шалгаж тогтоогоогүй, олон удаа хандивын мөнгийг өөрийн дансанд дур мэдэн авч зарлагадаж, зарцуулалтын талаар Засаг даргадаа тайлан гаргаж өгдөггүй байснаас харахад Д.Цэцэгжаргалыг хандивын мөнгийг ашиглах санаа зорилго агуулсан гэж үзэхээр харагдаж байгаа тул Д.Цэцэгжаргалын удаа дараагийн үйлдлээр хандивын мөнгийг дур мэдэн өөрийн хувийн дансандаа хүлээн авдаг байсан, өөрийн данснаас зарлагадаж байсан талаар тодруулан мэдүүлэг авч Д.Цэцэгжаргалын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянах мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд прокурор болон хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан" гэж заасан байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 451 дугаартай тогтоолоор "хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг" гэж тодорхойлсон байна.

 

Гэтэл хахууль өгсөн гэх Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө "Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М нь манай нутаг дэвсгэрт та үйл ажиллагаа явуулж байгаа бол хандив тусламж өгөх ёстой гэж шаардаж, тулгаж байсны дагуу 2018 онд н.Пүрэвдорж гэх хүнд 1 тооны шүдлэн үрээг, мөн багийн нийтийн хурлын батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний үеэр иргэний хувьд сайн дураараа оролцож 2018 оны 06 дугаар сар, 2019 оны 06 дугаар саруудад зохион байгуулагдсан багийн өдөрлөгийн үеэр өөрийн санаачлагаар багийн өдөрлөгийн үйл ажиллагаанд хандив болгон түрүү морины бай шагналд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрүү морины бай шагналд буюу түрүү морины эзэн О.Эрдэнэбаярт 3 сая төгрөгийн үнэтэй гэх ваарыг багийн өдөрлөгийн арга хэмжээн дээр өөрийн биеэр гардуулан өгсөн байдаг.

 

Г.Мт хахуульд өгсөн гэх уг ваарыг Б.Дгээс гардаж авсан түрүү морины эзэн Л.Эрдэнэбаярын "Би Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оролцсон ба тухайн үед миний шүдлэн насны уралдуулсан морь түрүүлж бай шагналд надад цэнхэр өнгийн айрагны ваар өгч байсан. Тухайн үед надад айрагны ваарыг Б.Д гэх хүн гардуулан өгсөн гэх мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар хуудсанд, мөн 2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд Л.Эрдэнэбаяраас хүлээлгэн өгсөн эд зүйлийн “...3 дугаар багийн өдөрлөгт түрүү морины бай шагналд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр авсан гэх 1 ширхэг цагаан, цэнхэр хосолсон шаазан ваарыг хүлээн авав...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан ба дээрх нотлох баримтуудаас үзэхэд хахуульд өгсөн гэх эд зүйлсийг Г.М өөртөө авсан, өөртөө ашиг олсон гэх үйл баримт байхгүй, тийм зүйл огт болоогүй болох нь маш тодорхой харагдаж байна.

 

Мөн Г.Мын хувьд өнөөдрийг хүртэл хугацаанд хахууль өгөгч буюу Б.Дгийн ашиг сонирхлын үүднээс албаны ямарваа нэгэн чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл болон эс үйлдэхүй өнөөдрийг хүртэл хийгээгүй, түүнчлэн хахууль өгөхийг шаардсан, авсан, өөртөө ашиг олох, нөгөө талаар хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс аливаа нэгэн асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй огт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан Б.Дгийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас маш тодорхой харагдаж байна.

 

Түүнчлэн Б.Дгийн яллагдагчаар өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 229-р хуудас/ "сумын Засаг дарга Б.Г гэх мэтийн хүмүүсийн хууль бус үйлдлийг хуулийн байгууллагаар заавал шалгуулна гэж бодож байсан учраас миний бие нь 2017 оноос хойш мөнгө, төгрөг өгсөн баримтыг хадгалж, мөн адууг хүнээр дамжуулан өгч байсан" гэх мэдүүлгээс үзэхэд Б.Д нь Г.Мыг хийж байгаа ажил, албан тушаалтай нь холбогдуулан хэрэгт холбогдуулах гэсэн сэдэл санаа зорилго 2017 онд бий болсон байсан ба үүнээс хойш багийн өдөрлөг гэх мэт багаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд өөрийн санаачлагаар оролцохдоо өөрөө сайн дураараа хандив болгон эд зүйл өгч байсан нь урьдаас төлөвлөсөн хувийн болон бусад таарамжгүй байдлаас улбаатай гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2. Хахууль өгсөн гэх Б.Дашигсүрэн нь мэдүүлэгтээ “...манай багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компани мөнгө өгөх ёстой, үгүй бол үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн байдлаар Засаг дарга Г.М харьцдаг байсан, миний хувьд мөнгө өгөхгүй бол үйл ажиллагаа явуулахад хэцүү юм байна гэж бодсон тул өөрөөсөө шүдлэн үрээ, эд зүйл өгч байсан, үйл ажиллагаа явуулж байгаа бол бидний хэлснээр бай, орон нутгийн үйл ажиллагаанд тусал тэгэхгүй бол үйл ажиллагааг чинь зогсоож болно гэж дарамталдаг байсан...” гэж мэдүүлдэг боловч багийн Засаг дарга нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоох эрхий бүхий албан тушаалтан эсэхэд дүгнэлт хийх ёстой, мөн хахуульд өгсөн гэх шүдлэн үрээ болон ваарыг Т М өөртөө аваад ашиг олсон зүйл байгаа эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй /Б.Д нь шүдлэн үрээг Ж.Пүрэвдорж гэх хүнд өгсөн гэдэг, ваарыг Т.Мт өгч байсан гэдэг болов уг ваарыг Б.Д нь багийн өдөрлөгт өөрөө түрүү морины эзэн О.Эрдэнэбатад бай шагнал болгон гардуулан өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

 

Гэтэл Б.Дгийн хэлснээр Т.Мт өгөөрэй гээд Ж.Пүрэвдорж гэх хүнд үлдээсэн гэх 1 тооны шүдлэн үрээг багийн өдөрлөгийн үеэр түрүү морины бай шагналд өгсөн талаар Т.М мэдүүлдэг боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Наад захын багийн өдөрлөгийг зохион байгуулах комиссын гишүүдээс морины комиссыг хариуцаж байсан хүмүүсээс мэдүүлэг авч бай шагналыг хаанаас, хэрхэн гаргах талаар ярилцаж шийдвэрлэсэн зүйл байдаг эсэх, хэдэн насны хэчнээн морь уралдаж хаанахын хэн гэдэг уяачийн ямар морь түрүүлсэн, түрүү морины бай шагналд юу өгсөн, Б.Дгээс багийн өдөрлөгийн үеэр бай шагналд ваар болон 1 тооны адууг гардуулан өгсөн эсэхийг асууж тодруулаагүй. Б.Д нь ваарыг өгч байхад Л.Эрдэнэбаатар гэх сумын малчин залуу байсан гэж мэдүүлсэн байдаг тул уг хүнээс мэдүүлэг аваагүй, шүдлэн үрээг үнэхээр багийн өдөрлөгийн үеэр бай шагналд өгсөн эсэх, өгсөн бол хаанахын хэн гэдэг хүн түрүүний морины бай шагнал болох шүдлэн үрээг авсан, шүдлэн үрээг Т.Мын мэдүүлээд байгаа шиг бай шагналд өгсөн эсэх, Б.Д өөрөө гаргуулан өгсөн эсэхийг асууж тодруулахад чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг.

 

Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Г.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг гаргасан давж заалдах гомдолдоо: Ч.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр самосвол машин сумандаа ашиглаарай гэж өгсөн боловч ашиглаж чадахгүй байна гэхэд нь буцааж аваад 10.500.000 төгрөгөөр старекс машин авч өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг мөн өдөр өгсөн, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр старекс автомашин бэлэглэсэн өдөр 3.000.000 төгрөг өгсөн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 15 тонны даацтай самосвол сумын үйл ажиллагаанд хэрэглээрэй гэж бэлэглэсэн боловч ашиглах боломжгүй гэсэн тул буцаан авч 14.000.000 төгрөгөөр зарж, 10.500.000 төгрөгөөр старекс автомашин авч өгөөд үлдэгдэл 3.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг өгсөн гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөн тус автомашиныг сумын тамгын газар хүлээлцсэн акт, орлогын баримт, үндсэн хөрөнгөд хүлээн авсан баримтууд хэрэгт авагджээ.

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Ч.Б 3.000.000 төгрөгийг автомашины үлдэгдэл мөнгө гэж өгсөн гэж үзэхээр байх тул энэ байдлыг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийж, авилгад өгсөн мөнгө үү, нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сумын үйл ажиллагаанд зориулж өгсөн автомашиныг /самосвол/ буцааж авч 14.000.000 төгрөгөөр зараад 10.500.000 төгрөгөөр старекс авч өгөөд үлдэгдэл 3.000.000 саяыг нь өгсөн үйлдэл үү гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч Д.Цэцэгжаргал мөрдөн байцаалтын шатанд гурван удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Түүний надад 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх өдөр нь би сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймэртэй Монгол улсын Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс танилцахаар ирсэн байсан тул тэдгээр хүмүүстэй түймрийн голомтод ажиллаж байсан. Намайг яллаж байгаа хэргүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын захирамж гарсан өдөр нь Д.Гын өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би хүн гүжирдээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа, ял шийтгүүлсэндээ гомдохгүй байна гэв.

 

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрийн ажлыг хуулийн дагуу хийсэн тул надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Гыг хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэнгүй гэж яллаад байгаад гомдолтой байна. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч шалгалгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад алийг нь үнэлсэн, алийг нь үнэлэлгүй орхигдуулсан гэдгээ дүгнээгүй, энэ нөхцөл байдалд ач холбогдол өгч анхаарч үзээгүй. Ч.Б өөрийн хүүхэд Б.Билгүүнээрээ мөнгө өгүүлсэн гэж мэдүүлсээр байтал мөрдөн байцаалтын шатанд Б.Билгүүн нь энэ хэрэгт хамжигчаар оролцсон уу гэдгийг ч шалгаж тогтоогоогүй. Мөн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлүүд шийтгэх тогтоолыг гардан авах үед хавсаргагдаагүй байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.Мын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд Ч.Бгийн үйлдсэн гэх гэмт хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Ийм учир түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ч.Б, Б.Д нар нь өөрсдөө Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан атлаа яллагдагчаар татагдсандаа маш их гайхаж байгаа. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.

 

Прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Д.Г, Г.М нар нь нийгмийн хариуцлагын гэрээ гэх нэрийн дор бусдаас хандив нэртэй мөнгөн хөрөнгө авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ч.Б болон Б.Д нар нь өөрсдийн ашиг сонирхолын үүднээс Д.Г, Г.М нарт авлига өгч байсан нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй  тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна.

 

“Бултдаг Рашаан” ХХК-ний захирал Б.Дгээс  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахдаа хууль бусаар бусдын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэмээн гомдол[1] гаргасан байдаг.

 

Уг гомдлынхоо дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрчийн мэдүүлэг[2] өгөхдөө “...засаг даргын орлогч Ц.Булгаа гэх залуу надад Д.Цэцэгжаргал гэгчийн 5727122188 гэсэн дансны дугаар өгсөн..., ...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн..., ...2019 онд засаг даргын орлогч Ц.Булгаа сумын газрын даамал Б.Мөнхбаяр нар Улаанбаатар хотод ирээд танай газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12.000.000 төгрөг болно гэсэн, надад тийм мөнгө байхгүй гэж хэлсэн, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр засаг даргын газар чөлөөлөх тухай захирамж гарсан..., ...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус сумын 3 дугаар багийн засаг дарга Г.М багийн өдөрлөгт зориулж бай өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гэж тулгасан тул Г.Мт нэг шүдлэн үрээ өгсөн, 2019 оны багийн өдөрлөгт бай, шагнал нэхэхээр нь Хятад улсаас ирсэн айрагны ваар, мөн ондоо овооны наадам зохион байгуулна гээд надаас 200.000 төгрөг авч байсан..., 2018 оны 06 дугаар сард сумын орлогч дарга Ц.Булган надаас 1.000.000 төгрөгийн хэрэг гараад байна гэхэд тухайн үед би түүнд 400.000 төгрөг байна гэхэд танихгүй нэг хүний дансны дугаар өгөхөөр нь шилжүүлсэн...” хэмээн мэдүүлсэн байдаг.

 

Мөн “Эко Шим Мандал” ХХК-ний захирал Ч.Бгаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт хандан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г “...2019 онд Улаанбаатар хотод байрлах түүний компанийн эзэмшлийн байрыг 50 хувийн хямдралтай үнээр худалдан авах, 2020 оны 05 дугаар сард 2 өрөө байр хүүхэд дээ өгөх нэрийдлээр орон сууц нэхсэн, 2016 онд Д.Гын шаардсаны дагуу 3.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан, 2017 онд 4 тонн буюу 4.000.000 төгрөгийн үрийн төмс Д.Год өгснөөс 675.000 төгрөгийг нүүрсээр төлж үлдэх 3.325.000 төгрөгийг өгөөгүй үлдэгдэлтэй...” хэмээх гомдлуудыг тус тус гаргасан байдаг.

 

Дээрх гомдол, мэдээллүүдийн дагуу Авлигатай тэмцэх газар Д.Г, Г.М нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан холбогдох ажиллагаануудыг хийсэн байх боловч зарим үндэслэлүүдэд дурдагдсан, тухайн үйлдэл холбогдолд нь гэм буруутай байж болох этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, зарим нэг үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол прокурорын тогтоолын дагуу хэрэгсэхгүй болголгүй орхигдуулсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлэхээр заасан ба мөн хуулийн 32.3 дугаар зүйлээс 32.10 дугаар зүйл хүртэл прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар хуульчилсан.

 

Гэтэл прокурорын шатанд дээр дурдагдсан үндэслэлүүдийн талаар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан үзэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх прокурорын шийдвэрүүд хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэж үзнэ.

 

Тухайн суманд нярваар ажиллаж байсан Д.Цэцэгжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлгүүд Д.Гын бусдаас 1.500.000 төгрөгийн авлига авсан гэх үйлдлийнх нь хувьд цаг хугацаа, үйл баримтын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн байх тул түүний мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах зайлшгүй шаардлагатай.

 

Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Д.Гыг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.Цэцэгжаргалын дансаар дамжуулан “Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Дгээс 1.500.000 төгрөгийн хээл, хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Б.Дг тухайн газарт үйл ажиллагаа явуулах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хээл, хахуульд 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн,

 

Тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хятад улсад үйлдвэрлэсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг тус тус хахуульд өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Г.Мыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хятад улсад үйлдвэрлэсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг тус тус хахуульд авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан эрүүгийн 2034004400531 тоот,

 

Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Д.Гыг холбогдох хуульд заасан хэм хэмжээг зөрчин, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан буюу Ч.Бгийн 120.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг 80.000.000 төгрөгөөр зар гэж хясан боогдуулсан, Ч.Бгаас 3.000.000 төгрөгийн хахууль авсан, 10.000.000 төгрөгийн үнэлгээ старикс, 4 тонн буюу 4.000.000 төгрөгийн үнэ бүхий төмсний үр зэргийг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан эрүүгийн 2034005410542 тоот[3],

 

Ч.Бг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалтан болох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год өөрөө буюу бусдаар дамжуулан 3.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан 2034004400531 тоот эрүүгийн хэргүүдийг тус тус нээж, яллагдагчаар мэдүүлэг авчээ.

 

Прокуророос Д.Год холбогдуулан нээсэн 2034005410542 тоот хэргээ Д.Г, Г.М, Б.Д, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2034004400531 тоот хэрэгт нэгтгэх нь зүйтэй байна гэж үзэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 135 тоот тогтоол гаргасан хэдий ч уг тогтоолын “ТОГТООХ нь” хэсэгт эрүүгийн 2034005410542 хэргийг эрүүгийн 2034005410542 тоот хэрэгтэй нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл хэргийг буруу нэгтгэж, прокурорын яллах дүгнэлт нь нэгтгэсэн хэргийнхээ хүрээнээс хальсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн яллагдаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгахаар заасан байхад прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ зарим яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хуульд заасан уг шаардлагыг бүрэн гүйцэд ханган тусгалгүй орхигдуулжээ.

 

Мөн Д.Гыг Ч.Бгийн Улаанбаатар хотод байрлах 120.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг 80.000.000 төгрөгөөр надад зар гэж хясан боогдуулсан гэж үзэн яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байхад прокурор Д.Г нь Ч.Бгаас Улаанбаатар хотод байрлалтай 2 өрөө байр хахуульд өгөхийг шаардсан гэж яллах дүгнэлтийн “ТЭМДЭГЛЭХ нь” болон “ТОГТООХ нь” хэсгүүдэд дурдсан байгаа нь түүнийг яллагдагчаар татсан тогтоолтой эрс зөрүүтэй гэмт хэргийн шинжийг дурдсан нь ойлгомжгүй болжээ.

 

Түүнчлэн Ч.Бд эрүүгийн хэрэг үүсгэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татахдаа уг хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх ба яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд дээр дурдагдсан ажиллагаануудыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авч ханган, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Г.Ганцэцэг “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...”, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа “...Г.Мыг цагаатгуулах...” нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Магадлалд дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь цаашид тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэхийг хянах зэрэгт чухал ач холбогдолтой болно.

 

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

 

Уг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрүүдийг хянан үзэхэд хэргийг хянан шийдвэрлэн гарсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар  бичигдсэн байна...” гэсэн хуулийг шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт зарим шүүгдэгч нарын нэрийг буруу бичсэн, шийтгэх тогтоол нь бүрэн эхээрээ хэргийн материалд хавсаргагдаагүй байгаа зэргийг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарт анхан шатны шүүхээс хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарт холбогдох хэрэгт магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Год хэрэглэсэн цагдан хорих, шүүгдэгч Г.М, Ч.Б, Б.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

                                                                                        М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 1-р хавтаст 03-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 20-24-р тал

[3] хх-ийн 2-р хавтас 68-69-р тал