| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/1570/И |
| Дугаар | 1314 |
| Огноо | 2013-10-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2013/1570/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул, Дархан сум, ** дүгээр баг, **-р байрны ** тоотод оршин суух З*** овогт Н.Э*** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* их сургуульд холбогдох
Ажлаас халагдсан тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц***, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М***, Д.О*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э*** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Н.Э*** миний бие 1992 онд Гадаад хэлний дээд сургуулийг Орос хэлний багшаар мэргэжлээр төгсөөд, өөр орон нутагт мэргэжлээрээ ажилласан. 2005 он хүртэл ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаад 2005 оны 9 дүгээр сарын 05-нд ХААИС-д Орос-Англи хэлний гэрээт багшаар орж ажилласан. Одоог хүртэл 9 дэх жилдээ ажиллаж байлаа. Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 1-нд ажилдаа очтол миний оронд өөр багш авч тушаал гарган аваад хичээлийн хуваарь дээр нэрийг нь тавьсан байсан бөгөөд удалгүй 2013 оны 9 дүгээр сарын 4-нд ажлаас халах тушаал гаргасан юм.
Би тус сургуульд 9 жил ажиллахдаа ямар ч дутагдал, доголдол гаргаагүй, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй намайг ажил мэргэжилдээ тэнцэх тэнцэхгүйг хэн ч шалгаж тогтоогоогүй.
Захирлын 83 тоот тушаалд баахан хууль дүрэм, журмын заалтыг баримталсан байгаа боловч энэ бүгдэд заагдсан зөрчил, дутагдлыг би огт гаргаж байгаагүй. Дан худал дүгнэлт бичигдсэн байна. Хүний хөдөлмөрлөх эрх, амьдралын баталгааг минь дур зоргоороо ноцтой зөрчиж байгаад үнэхээр гомдолтой байна.
Намайг дээр дурьдсан хууль дүрмээ зөрчсөн гэж үзэж байгаа бол шалгаж тогтоож, ядахдаа надад мэдэгдэж баталгаажуулсан байх ёстой. Иймгүй байж, санааныхаа зоргоор бүх л ажлаас халагдах үндэслэл болсон заалтуудыг жагсааж бичсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.
Иймд би үндэслэлгүй халсан 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид П.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Н.Э***гийн нэхэмжлэлтэй ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Хөдөө Аж Ахуйн Сургуульд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.
ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Хөдөө Аж ахуйн Сургууль нь дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэн эрхийн дагуу Дээд боловсролын тухай хуулийн 12.1.4 дүгээр заалтыг үндэслэн Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод журмыг боловсруулан мөрддөг төрийн өмчийн их сургууль болно. Тус сургуулийн нийт хамт олны хурлаар хэлэлцэж баталсан хөдөлмөрийн дотоод журмын 2.1.6 дугаар заалтыг үндэслэн багш ажиллагсадтай нэг улирал нэг жил хүртэл зэрэг тодорхой хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Энэхүү гэрээг уг журмын 2.1.5 дугаар заалтын дагуу сургалт эрхэлсэн дэд захирал тэнхим нэгжийн эрхлэгч багш ажилтнуудтай байгуулдаг. Сургалт эрхэлсэн дэд захирал багш ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахад хөдөлмөрийн дотоод журмын 2.7 дугаар заалтыг үндэслэн сунгадаг. Суралцагч нарт гадаад хэлний боловсрол олгох үйлчилгээг чанартай сайн үзүүлж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ шаардлагын төвшинд гүйцэтгэж чадахгүй байгаа суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багш Н.Э***г 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн захирлын 83 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаа чөлөөлөх үндэслэлүүдийн талаар
Н.Э*** нь 1992 онд Гадаад хэлний дээд сургуулийг Орос хэлний багш мэргэжлээр төгссөн. Англи хэлний багшийн дээд боловсролын зэргийг илтгэх мэргэжлийн дипломгүй тул дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан заалт зөрчигдөж байсан. Тус сургуулийн мэргэжлийн тэнхимүүдээс англи хэлний сургалтын чанарыг сайжруулах шаардлага байнга тавигддаг. Багш нар нь хичээлийн жилийн эхэнд орох хичээлийн хөтөлбөр стандартаа Сургалт арга зүйн зөвлөл болон эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулан орох үүрэгтэй байдаг атал багш Н.Э***гийн заадаг хичээлүүдийн хөтөлбөр стандартууд САЗЗ болон Эрдмийн зөвлөлийн хурлаар орж шаардлага хангаагүй тул буцаагдаж байсан. Орос хэл 1,2 хичээлийн хөтөлбөр дээрх хурлуудаар хэлэлцэгдэж батлагдаагүй байгаа нь багшийн ёс зүйн дүрмийн 4.2.1-ийн в-д заасан хичээлийн батлагдсан стандарт хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх боловсролын тухай хуулийн 44.2.2-т заасан боловсролын стандартыг хэрэгжүүлэх зэрэг заалтуудыг болон сургалтын технологийг ноцтой зөрчиж байна. Сургалт арга зүйн зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 10, 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн болон эрдмийн зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, жил бүр багшийн ажлыг дүгнэхдээ удирдлага сургалтын албаны үнэлгээнээс гадна оюутны үнэлгээг харгалзан үздэг бөгөөд оюутны сэтгэл ханамжийн судалгааг дотоод хяналт мониторинг хариуцсан ажилтнаар ахлуулсан баг авч эс пи эс эс програм дээр боловсруулан тайланг сургуулийн захиргаанд хүлээлгэн өгдөг. Энэ судалгаанд багш Н.Э*** нь хангалтгүй үнэлэгдэж байсан ба тус сургуулийн оюутан суралцагсдын гадаад хэлний мэдлэг чадвар эзэмшилтийн талаарх сэтгэл ханамж 45.8 хувьтай байгаа нь төгсөгчдийн гадаад хэлний мэдлэгт хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байх гол үндэслэл болж байна.
Сургуулийн захиргаанаас багш нь Н.Э***г багшийн зэрэглэлд ажиллуулж мэргэжлийн чадвараа дээшлүүлэх өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг олгож байсан бөгөөд 2011 оноос 2012 оны хичээлийн жилд багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дайнед Мон” ХХК-тай хамтран 5 сарын зайны сургалтыг зохион байгуулж 66 багшийг хамруулж англи хэлний интерактив програмд суурилсан тестээр үр дүнг тооцоход багш Н.Э*** англи хэлний багш нар авах 2.0/100 онооноос 1.0/80 оноо авсан
Тус сургуулийг багш ажиллуулах журмын 3 дугаар зүйлийн 3.12-т зааснаар багш нар 3 жилд нэг удаа мэргэжлийн аттестатчилалд хамрагддаг ба энэхүү аттестатчиллыг төв сургууль болох ХААИС-ийн профессор багшийг аттестатчилах журмын дагуу багш нарын ажилд хөндлөнгийн комисс оюутан болон сургуулийн удирдлага үнэлгээ өгдөг ба 2009 оны шалгалтаар Н.Э*** нь 59 оноо авч 60 доош оноо багшийн зэрэглэлд тавигддаг ерөнхий шаардлагыг хангаж чадаагүй тул 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 26 тоот тушаалаар багшийн зэрэглэлээс дадлагажигч багшийн зэрэглэлд буурч ажиллаж байсан. 2011 оны аттестатчилалд ахлах багшийн зэрэглэл шалгуулж 65.39 оноо авч 80 доош оноо авч ахлах багшийн зэрэглэлд ахих шаардлага хангаагүй тул багшийн зэрэглэл дээрээ ажиллаж байгаа.
Тус сургуулийн нийт багш ажиллагсдын 2012 оны ажлын үр дүнг захирлын 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05-тоот тушаалаар батлагдсан комисс 2013 оны 1 дүгээр сард дүгнэхэд багш нь Н.Э*** нь нийт 300 оноо авах шалгуур үзүүлэлтээс 134 оноо авч 47.6 хувьтай дүгнэгдсэн. Сургалт эрхэлсэн дэд захирал миний бие 2012 оноос 2013 оны хичээлийн жилд багш ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг англи хэлний багш нэрт мэргэжил боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байгааг анхааруулан ХААИС-ийн ректорын 2009 оны 17 тоот тушаалын 2.12-т заасан: Гадаад хэлний багшийн хувьд ТОЕFL-550, IBT-80, IELTS-6.5 оноо авсан гэрчилгээтэй байна гэсэн шаардлагуудын дагуу англи хэлний багш нарыг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний шалгалтуудын аль нэгийг сонгож өгөх 9 сард хичээл эхлэхэд гэрчилгээгээ авч ирээд гэрээгээ сунгуулах тухай хэлж шалгалт өгч гэрчилгээ авч ирэх үүрэг өгсөн. Захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлын протокол гэтэл багш Н.Э*** нь англи хэлний олон улсын шалгалт өгөөгүй. Англи хэлний багш нарын нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулахад санаатайгаар ороогүй зэрэг нь боловсролын тухай хуулийн 44.2.3-т заасан онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх багшийн үүргээ биелүүлээгүй, багшийн ёс зүйн дүрмийн 4.3.1-т заасан хариуцлага ухамсарлан хичээл заах ур чадвараа байнга дээшлүүлэх 4.5.1-т заасан ажиллаж байгаа сургууль болон их сургуулиас санаачилсан зохион байгуулсан хариуцуулсан ажлыг гүйцэтгэхгүй байх санаатайгаар саад учруулах зэрэг заалтуудыг зөрчсөн байна. Суурь боловсролын тэнхимийн 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл сургалт эрхэлсэн дэд захирал миний бие 2012-2013 оны хичээлийн жилд багш ажилтнуудын ажлыг дүгнэж хөдөлмөрийн гэрээг сунгахад багш Н.Э***гийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн биелэлт 50 хувьтай байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр Н.Э*** оюутан суралцагсдыг өнөөгийн шаардлагын түвшинд сургах чадваргүйн батлагдсан. Мэргэжил ур чадварын хувьд шаардлага хангахгүй гэж үзсэн тул хөдөлмөрийн хуулийн 37.1.3, 38.1.2, 40.1.2-т заасныг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн юм. Н.Э***гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Э*** нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* их сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд
буюу 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх
хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Э*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус сургуульд 9 жил ажиллахдаа ямарч зөрчил дутагдал гаргаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй, намайг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж хэнч шалгаж тогтоогоогүй. Захирлын тушаалд баахан хууль, дүрэм, журмын заалтыг баримталсан боловч энэ бүгдэд заагдсан зөрчил дутагдлыг гаргаж байгаагүй гэж тайлбарлажээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ манай сургууль хичээлийн эхэнд багш нартай нэг бүрчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулах буюу эсхүл гэрээг сунгаж ажилладаг, Н.Э*** нь мэргэжлийн димломгүй, хичээлийн хөтөлбөр стандартаа шаардлагын түвшинд боловсруулж чаддаггүй, багшийн зэрэглэлд тавигддаг ерөнхий шаардлагыг хангаагүй, төгсөгчдын сэтгэл ханамжийн судалгаагаар доогуур үнэлгээ авсан, багшийн ёс зүйн дүрмийг биелүүлээгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Н.Э*** нь тус сургуульд 2005 оны 5 дугаар дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн багшаар ажилласан байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* их сургуулиас Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-д ажиллаж буй Н.Э***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нь түүнтэй тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх тул Н.Э***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлын протоколоор 2012-2013 оны хичээлийн жилд англи хэлний багш нарт мэргэжил боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байгааг анхааруулаад, англи хэлний шалгалтуудыг аль нэгийг сонгож өгөхыг болон 9 сард хичээл эхлэхэд гэрчилгээ авчраад гэрээгээ сунгуулах тухай үүрэг өгсөн байх боловч энэ нь ажил олгогчоос Хөдөлмөрийн хуулийн 40.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Э***д ”сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулах” хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар Н.Э***г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Э*** мэргэжил, ур чадварын ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох болон аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэх үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан ХААИС-ийн харъяа Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор багш нарын Аттестатчиллын 2009,2011 оны нэгдсэн дүн, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлын 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 5 тоот тушаал, Дайнед Мон ХХК-тай хамтран зохион байгуулсан гадаад хэлний сургалтын төгсөлтийн шалгалтын дүн, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн Эрдминй зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, , ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн Сургалт арга зүйн зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн Сургалт арга зүйн зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, , ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн Сургалт арга зүйн зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, , ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн суурь боловсролын тэнхимийн 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл , Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа 2006-2007, төгсөгдчийн сэлтгэл ханамжийн судалгаа 2007-2008, Оюутны сэтгэл ханамжийн судалгааны тайлан 2012 он зэрэг шалгалтын талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүд зэрэг нь нэхэмжлэгч Н.Э***г мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсоныг нотлох албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үнэлэх үндэслэлгүй байхаас гадна Н.Э*** “ мэргэжлийн димломгүй” гэх шалтгаан нь ажил олгогчоос Н.Э*** байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Дээрхи байдлуудаас дүгнэлт хийхэд хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* их сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээ р сарын 04-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 83 дугаар тушаал нь эрх зүйн хувьд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Э***г тус сургуулийн Суурь боловсролын тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Э*** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э***г Дархан-Уул аймаг дахь ******* их сургуулийн Суурь боловсролын тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 / далан мянга хоёр зуун / төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ