| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/46 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/46
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ц-О-ын Н-д холбогдох эрүүгийн 2613000000007 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ....... дүгээр сарын ........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Баян- Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр /Хөх эрэг/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Ц-О-ын Н-, БЕ..........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н- нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр /хөх эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ байхдаа “...танай хамаатан чинь надаас хулгайлж авсан тэр малын үнийг одоо болтол надад өгөөгүй байгаа, та нар надаас өөр юу нэхмээр байна...” гэх шалтгаанаар хохирогч А.Ц-ы хажуугаар явж байх явцдаа гартаа барьж байсан аягаар толгойн орой хэсэгт цохиж, биед нь тархины доргилт, хамрын таславч мурийлттай, зулай хэсэгт шархтай бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуульд зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчээс 106,946 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна” гэв.
2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгч Ц.Н- нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр /хөх эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ байхдаа “...танай хамаатан чинь надаас хулгайлж авсан, тэр малын үнийг одоо болтол надад өгөөгүй байгаа, та нар надаас өөр юу нэхмээр байна...” гэх шалтгаанаар хохирогч А.Ц-ы хажуугаар явж байх явцдаа гартаа барьж байсан аягаар толгойн орой хэсэгт цохиж, биед нь тархины доргилт, хамрын таславч мурийлттай, зулай хэсэгт шархтай бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн БӨА0726/020 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/, хохирогч А.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07 дахь тал/, гэрч А.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/, гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 тал/, гэрч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Э.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, шүүгдэгч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч Ц.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Хохирогч А.Ц- нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Н-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 106,949 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Н-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Шүүгдэгч Ц.Н- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
13. Шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ц-О-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Н-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 106,949 /нэг зуун зургаан мянга есөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК