Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/1007

 

 

 

 

 

      2021         11            25                                         2021/ДШМ/1007    

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 21100013710696 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Э-, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, “Замайн сервис” ХХК-д механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ЖЭ88090133/,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.200.000 төгрөгийн торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялаас үлдсэн 1656 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.656.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2.556.000 төгрөгөөр тогтоож, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2.066.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй;

 

Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Сааралын 7 дугаар байрны 6 тоотод өөрийн төрсөн хүү, 7 настай А.А-ыг “та явахгүй юм уу, би дүүгээ харж чадна” гэж хэлсэнд уурлан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөн “хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар А.А-ыг үсдэх, хөлнөөс нь татаж газарт унагаах, шанаадах зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, харгис хэрцгий харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Э-г хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хүүхдийн эсрэг хүч хэрэглэн үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1723 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.556 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.556.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 2.066 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.066.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо: “...манай гэр бүлд үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг тогтоож туслалцаа үзүүлэхийг би холбогдох байгууллагуудаас хүсэж байна. Мөн хүүхдүүд маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа нь үргэлж санаа зовоож байгаа. Би энэ бүхний эсрэг ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэхгүй байсан боловч өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авахад харьяалал бүхий дүүргийнхээ “Гэр бүл хүүхэд хамгаалах төв”-д хандаж шинжээч томилуулан тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Миний хүүхдүүдийн ээж болох А- нь сэтгэл гутралын гүн эмгэгтэй, маш идэвхгүй амьдралын хэв маягтай, үргэлж уур уцаартай сөрөг хандлагаар юманд ханддаг, архи тамхи, согтууруулах ундаа ойр ойрхон давтамжтай хэтрүүлэн хэрэглэдэг зэрэг нь хүүхдүүдийг маш их зовоодог. Бага хүү Энх-Эхлэл маань одоо 1 ой 7 сартай, дэндүү нялх байгаа. Энэ хэрэг болдог өдөр А- мөн л хоёр хүүг гаднаас нь цоожилж орхиод шөнийн 12 цагийн үед дуудлагаар архи хүргэж өгдөг хүмүүсийн машинд суугаад явчихсан байсан. Би гэрийнхээ цонхоор орж уйлж байсан бага хүүгээ аргадаж, сүү найруулж уулгаад унтуулсан. Маргааш нь өглөөний 09 цагт шал согтуу ирсэн. Энэ шөнө А-тай хажуу байрных нь Дөшкө гэх хүүхэн цуг явсан гэдгээ надад хэлж “Амраа гэртээ хариагүй юм уу” гэж надаас асуугаад гэрээсээ гарч ирж хүүхдүүдийг маань харж өгсөн. Тиймээс энэ шөнө болсон явдал нь амьд гэрчтэй үйл явдал юм. Мөн тэр шөнийн бүх үйл явдлыг гэрчлэн утасны камераар хийсэн дүрс бичлэг надад байгаа. Гэтэл энэ бүхнийг хуулийн байгууллагууд огт шалгаж үзэхгүй байгаа нь манай гэр бүлд үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг тогтоох эрмэлзэлгүй байгаа мэт ойлгогдох юм. Миний хүүхдүүдийн ээж болох М.А- нь өөрийн хүүхдүүдийг асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, биелүүлэх чадамжгүй байгаа нь түүний олон удаагийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хэрцгий догшин авирлаж, эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд 3-4 удаа давтан эрүүлжүүлэгдэж байсан зэргээр нотлогдоно. Би өөрийн гэр бүлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн ах, дүүс болон А-гийн ах, эгч нартай нь зөвлөлдөж үзээд гэр бүлийн сэтгэл зүйчид хандаж, хоёр талаасаа бүх сэтгэлээ уудлан ний нуугүй ярилцахыг сүүлийн бүтэн жилийн турш маш олон удаа санал болгосон боловч огт хүлээж аваагүй. Энэ байдал удаан үргэлжилбэл хоёр хүүхдэд маань юу ч тохиолдож магадгүй байдалтай байна. Түүнээс гадна би 2016 оноос хойш өөрийн эзэмшсэн механик инженер мэргэжлээрээ уул уурхайн салбарт ахиж дэвшин амжилттай ажиллаж, хоригдох хүртлээ “Замайн сервис” ХХК-д механикчаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ бүх хугацаанд ажиллахдаа Хаан банкнаас цалингийн зээл авч өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Одоо сар бүр зээлийн хүү болох 1.050.000 төгрөг төлдөг. Гэтэл шүүхээс хорих ялаар шийтгэсэн тул ажлаасаа халагдаж, зээлээ төлж чадахгүйд хүрсэн нь намайг болон манай гэр бүлийг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулаад байна. Иймд миний гэр бүлд үүсээд байгаа нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие өөрийн уурын мунхагт ялагдан долоохон настай хүүгээ зодож гэмтээсэн үйлдэлдээ өөрийгөө маш их буруутган гэмшиж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах,  цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасныг мөрдөн байцаалтын шатанд зөрчсөн гэж үзэж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад цагаатгах талын нотлох баримт байхгүй. Асуусан хоёр гэрч нь Б.Э-гийн эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Мөн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр М.А-г тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан хүнийг хэлдэг. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг өгөхдөө дандаа өөрийнхөө байдлын талаар мэдүүлсэн. 7 настай хүүгийнхээ өмнөөс төлөөлөх ёстой байхад хүүхдийнхээ талаар ярьсан мэдүүлэг байхгүй. Энэ үйлдлийг хоёр зүйл ангиар зүйлчилсэн бөгөөд зорчих эрх хязгаарлах ялын санкц аль алинд нь байгаа. Иймд өмгөөлөгчийн зүгээс хэргийн нөхцөл байдал, Б.Э-гийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь айлын эхнэр хүн, шөнө оройн цагаар, бага насны хүүхдээ орхиод гарсанд Б.Э- уурлаж энэ үйлдлийг хийсэн. ...” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Оролцогч нарын эрхийг хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх нөхцөл байдал байхгүй. Б.Э-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Б.Э-д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч нарын гомдолтой гэсэн зэргийг харгалзан...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Э- нь өөрийн төрсөн хүү, насанд хүрээгүй хохирогч А.А-ыг /7 нас, 2 хоногтой/ биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр үсдэх, хөлнөөс нь татаж газарт унагаах, шанаадах, компьютерын залгуураар гар, хөл рүү нь ороолгох зэргээр зодож, харгис хэрцгий харьцаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхад түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан байхад хуульд байхгүй /3 сар/ хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Э-гийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21ий өдрийн 2021/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН