Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Н.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нийн Вд холбогдох эрүүгийн 2538005290589 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Нийн В,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.В нь Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багт байх гэртээ 2025 оны 11 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.Бгийн толгой руу гутлаараа дэвсэж, үснээс нь зулгааж, нуруу, хөл, гар руу нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, чих баруун шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багт байх гэртээ 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.Бгийн нуруу хэсэгт нь хутгаар зүсэж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр архины шилээр толгой, нуруу, хөл, гар руу нь цохиж эрүүл мэндэд нь хуйх, нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хуйх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэнд  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.В нь Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багт байх гэртээ 2025 оны 11 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Бгийн толгой руу гутлаараа дэвсэж, үснээс нь зулгааж, нуруу, хөл, гар руу нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, чих баруун шуу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн **** сумын ** дугаар багт байх гэртээ 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Бгийн нуруу хэсэгт нь хутгаар зүсэж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр архины шилээр толгой, нуруу, хөл, гар руу нь цохиж эрүүл мэндэд нь хуйх, нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хуйх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 52-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 20-21-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хх-ийн 81-82-р хуудас),

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 83-84-р хуудас),

Шүүгдэгч Н.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хамтран амьдрагч М.Б-г архины шилний бөгсөөр толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Дараа нь архины шилээр нуруу хэсэгт 1-2 удаа цохисон. Мөн гараараа толгойн дагз хэсэг рүү цохисон...Би хоол хийх санаатай хоолны мах хэрчээд сууж байсан чинь эхнэр намайг хардаад хэрүүл хийгээд эхэлсэн би согтуу байсан болохоор гэнэт уур хүрээд мах хэрчиж байсан хутгаараа Б-ийн нуруу хэсэг рүү хоёр удаа зүссэн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би байшин дотроо 15 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ мөн 3 настай хүүхэд 2 хүүхэдтэйгээ унтаж байсан... В согтуу Тэргүүн нэртэй архины шил авч орж ирээд миний толгой руу уг архины шилний бөгсөөр цохиод байсан. Би эхэндээ тоолоод байсан, 10 хүртэл тоолоод тоогоо алдсан. Тэгээд миний толгойн ар дагж хэсэг болон духнаас цус гарсан. Тэгэх үед В намайг үргэлжлүүлээд зодоод л байсан. Мөн нөгөө архины шилний бөгсөөр нь миний нуруу руу, бөгс руу, хөл, гар руу зөндөө л цохисон. Тэгээд намайг зодоод байж байхад Б буюу Б хаалга тогшсон тэгээд В гэрийн хаалга очиж онгойлгосон. Быг ороод ирсэн чинь В улам онгироод намайг Бын хажууд архины шилээрээ 2 удаа цохисон...2025 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө намайг зодсон...2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.В нь өдөр гэртээ зүгээр эрүүл байж байсан. Тэгээд В бид хоёр хальт хэрэлдэж маргалдсан чинь хутга аваад миний ар нуруу руу 2 удаа хутгаараа зүссэн. Үүнийгээ Мөрөн сум орохдоо шинжээч эмчид үзүүлсэн байгаа...Нэхэмжлэх зүйл бол байхгүй гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57-р хуудас),

Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн удалгүй эхнэр нь орилаад унахаар нь би хойд байшин руу орсон чинь эхнэрээ зодож байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод боль ахын дүү гээд болиулсан. Тэгээд В намайг гараад байж бай гэсэн. Тэгээд би гэрээс нь гараад одоо гайгүй байлгүй гэж бодоод гараад гэр рүүгээ харьж хоносон. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),

Шинжээч Х.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Бгийн биед учирсан хуйхны шарх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нурууны шарх гэмтэл ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...М.Бгийн нуруунд үүссэн шарх гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Уг нурууны шарх нь хуйхны гэмтэлтэйгээ нийлээд мөн хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 477 дугаартай:

1. М.Бгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, чих баруун шуу, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 15-16-р хуудас)

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 513 дугаартай:

1. М.Бгийн биед хуйх, нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хуйх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. М.Бгийн биед учирсан хуйх болон нурууны шарх гэмтэл  нь тус тусдаа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэг, 2 нүдний дээд, доод  зовхи, духанд цус хуралт хуйх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 72-73-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538005290589 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.В нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Вг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

        Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 477 дугаартай, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 513 дугаартай  дүгнэлтүүдээр хохирогч М.Бгийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд  энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Н.В нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч М.Бтай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч М.Бгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Н.Вгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, эхнэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч М.Б нь шүүгдэгч Н.Втай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хууль тогтоогчоос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Н.В нь хамтран амьдрагч М.Бтай маргалдаж, улмаар хохирогчийн биед халдаж цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Н.Вгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг төдийгүй шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлсэн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддагүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.  Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог ба үйлдлүүдийн хоорондох хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан эсэхийг мөн тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.В нь 2025 оны 11 дүгээр сарын 01-02-ны шилжих шөнө хамтран амьдрагч М.Бгийн толгой руу гутлаараа дэвсэж, үснээс нь зулгааж, нуруу, хөл, гар руу нь өшиглөсөн, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.Бгийн нуруу хэсэгт нь хутгаар зүссэн, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр архины шилээр толгой, нуруу, хөл, гар руу нь цохисон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч М.Бгийн бие махбодид халдсан дээрх 3 удаагийн үйлдэл хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байна.

 Шүгдэгч Н.В нь хамтран амьдрагч М.Бгийн биед нь байнга халддаг болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа байдлаас дүгнэвэл шүүгдэгчийн хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Н.В нь хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч М.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Вг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 380,460 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Н.Вгаас 380,460 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Н.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Н.Вд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 86, 92-94, 96-98-р хуудас)-ууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.В нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 86, 96-98-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Н.В нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, 8 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн  шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Н.В нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь оршин суух тодорхой хаягтай, эх дүү нарын хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.В нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

 Эрүүгийн 2538005290589 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн 2538005290589 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 32 см урттай, ажлын хэсэг 21 см, бариул 11 см бор өнгийн модон бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Вгийн цагдан хоригдсон 4 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор буюу 4 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас хасах нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Вд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.В нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нийн Вг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Нийн Вг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.Вд оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Вгийн цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор буюу 4 хоногоор тооцож,  8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Вгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хилийн дээсээр тогтоож, 8 (найм) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.В нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Вгаас 380,460 (гурван зуун наян мянга дөрвөн зуун жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Эрүүгийн 2538005290589 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 32 см урттай, ажлын хэсэг 21 см, бариул 11 см бор өнгийн модон бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Вд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР