Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2013/1593/И
   Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар  баг, ** байрны ** тоотод оршин суух Б*** овгийн А.А*** / регистрийн дугаар ****/ утас ****/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: “*******” ТӨХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч  А.А*** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:
“А.А*** миний бие 1996 оны 4 сард “*******” ТӨХК-ний аж ахуйн хэсэгт гуанзны үйлчлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 2003 оны 5 сард тус үйлдвэрийн харуул хамгаалалтын албанд сахиулаар шилжин ажилласан. 2012 оны 10 сард орон тооны цомхотголоор үйлчлэгчийн ажилд шилжин ажилласан бөгөөд энэ үйлдвэрт 17 жил тасралтгүй ажилласан юм. Миний бие ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд үйлдвэрээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж Дархан-Уул аймгийн жуух бичиг, Аймгийн тэргүүний ажилтан, Найрамдлын Дархан тэмдэг, ҮХАА Яамны жуух бичиг, Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг зэрэг шагналаар шагнагдаж байсан. 2013 оны 4 сараас эхлэн миний бөөр болон баруун хөл байнга өвдөж үйлдвэрийн эмчдээ олон удаа хандаж өвчин намдаах эм уугаад 2 сар гаруй явсан бөгөөд 2013 оны 07 сарын 18- ны өдрөөс миний баруун талын гуяа дагаж өвдөөд хувинтай усаа даахгүй зовууртай болсноос “Амин холбоо” өрхийн эмнэлгийн эмч Сэлэнгэд үзүүлж зөвлөгөө авсан. Сэлэнгэ эмч мэдрэлийн гаралтай өвчин юм шиг байна чи шинжилгээ өгөөдөх биеийн байдал чинь муу байгаа тул 7 сарын 18-наас 7 сарын 22 нийг хүртэл 5 хоногийн эмчийн магадалгаа бичиж өгье гээд магадалгаа бичиж картанд тэмдэглэгээ хийсэн. Миний бие эмчид үзүүлсэн өдрөө 3 төрлийн шинжилгээ өгч хариуг авсан бөгөөд шинжилгээний хариуг Сэлэнгэ эмчид үзүүлж, эмчийн магадлагааг 07 сарын 31-ийг хүртэл сунгуулсан юм. Өвчтэй байх хугацаандаа Улаанбаатар хот уруу явж “Отгонтэнгэр” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авч эход харуулсан. Эмнэлгийн карт авсан тухайгаа “*******” ТӨХК-ний захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Гансүхэд 7 сарын 18-ний өдөр утсаар мэдэгдсэнээс гадна үйлдвэрийн эмч Дорждэрэмд биеэр очиж картаа үзүүлж эмчилгээгээ харуулсан. Эмчийн бичиж өгсөн эмчилгээг гэрээрээ 14 хоног хийлгээд 7 сарын 31 -нд үйлдвэр дээр очиж эмнэлгийн листээ аваачиж өгсөн. Эмнэлгийн чөлөө дуусаад ажилдаа орсон бөгөөд 8 сарын 27-ны өдөр үйлдвэрийн хуулийн зөвлөх Б.Цо***р дуудаж таныг 6 хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр   ажлаас чинь халж байна гэж мэдэгдсэн. Би өвчтэй эмнэлгийн акттай байсан тухайгаа хэлэхэд таны актыг шалгасан үйлдвэрийн дотоод журмын дагуу таныг халж байна гэж хэлсэн. 8 сарын 27-ны өдрийн үдээс хойш үйлдвэрийн сургалтын менежер Ундармаа тойрох хуудсаа ав гэж дуудсан бөгөөд би очиж тойрох хуудсаа, тушаалын хуулбарын хамт авсан. 
Намайг өвчтэй эмнэлгийн чөлөөтэй байхад “хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан” гэсэн үндэслэлээр ажлаас халсанд миний бие гомдолтой байгаа бөгөөд миний бие өвчний улмаас эмчид зохих журмын дагуу үзүүлж эмч эмнэлгийн листийг өгч, би уг листийг хугацаанд нь үйлдвэрийн захиргаанд өгсөөр байтал Дархан-Уул аймгийн НДХ-ийн магадлагч эмч улсын байцаагч Д.М*** эмнэлгийн хуудас шалгасан тухай албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. НДХ-ийн магадлагч эмч, улсын байцаагч ДМ***ийн албан бичигт А.А*** нь “Амин холбоо” өрхийн эмнэлгийн эмч М.С*** дээр 2013 оны 7-сарын 18-аас 07 сарын 31 -нийг дуустал 14 хоног нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл гэсэн оноштой эмчлүүлж 0541388 тоот эмнэлгийн хуудас бичүүлж авсаныг шалгахад дээрх хугацаанд эмчийн хяналтад орж үзлэгт хамрагдаж эмчлүүлэгчдийн картанд бичилт хийгдсэн байсан ба эмчийн үзлэгийн хуудсанд 07-сарын 18,24 -нд үзсэн бүртгэлтэй боловч 07 сарын 29-нд бүртгэлгүй, нурууны рентген зураг авахуулаагүй, мэдрэлийн эмчийн зөвлөгөө аваагүй зэргийг үндэслэн 2013 оны 07 сарын 25-аас 07 сарын 31-ны хоорондох эмнэлгийн хуудсыг үндэслэлгүй гэж үзлээ” гэсэн нь надад акт өгсөн эмч өөрийн үзлэгийн бүртгэлдээ 07 сарын 29-ны үзлэгийг бүртгээгүй байгаа нь миний буруу биш бөгөөд би хуурамчаар бичиг баримт бүрдүүлээгүйг нотолж байгаа баримт юм. Иймээс А.А*** миний бие шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож ******* ТӨХК -ний гүйцэтгэх захирлын 2013 оны 08 сарын 27 ны өдрийн 647 тоот тушаалыг хүчингүй болгох, “*******” ТӨХК-ны үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ******* ТӨХК-иас гаргуулж өгнө үү.     гэжээ.
  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Ц*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
 Тус үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан А.А*** нь нэхэмжлэлдээ “ Миний бие ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд үйлдвэрээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсан.” гэжээ. Энэ нь үнэнд нийцэхгүй бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 10-ний өдөр ажлаас хоцорч сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээсэн нь гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны 937 тоот тушаалаар нотлогдоно. 
 А.А*** нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өвчний учир эмчлүүлэх шаардлагатай боллоо гэдгээ ЗХНХ-н  даргад огт мэдэгдээгүй бөгөөд үйлдвэрийн эмчид хэлсэн байдаг. ЗХНХ нь А.А***гийн шууд харьяалагдах хэлтэс бөгөөд эмчлүүлэх болсноо заавал хэлэх ёстой байсан. 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Амин холбоо “  өрхийн эмнэлгийн эмч М.С*** тамгатай 0541388 тоот эмнэлгийн хуудсыг үйлдвэрийн эмчид авч ирж өгсөн. Улмаар үйлдвэрийн эмч тухайн эмнэлгийн хуудсыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгч шалгуулахад 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 31-ний хоорондох эмнэлгийн хуудас нь үндэслэлгүй буюу хүчингүй болох нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, улсын байцаагч ДМ***ийн албан ёсны дүгнэлтээр нотлогдож байна. Дээрх зөрчлүүдийн улмаас гарсан гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 647 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх, 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.4.1 дэх заалтуудыг үндэслэж гарсан нь хуулийн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А.А***  нь хариуцагч *******ийн ТӨХК-д холбогдуулан ******* ТӨХК -ний гүйцэтгэх захирлын 2013 оны 08 сарын 27 ны өдрийн 647 тоот тушаалыг хүчингүй болгох,  урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч А.А***  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор буюу 2013 оны 09 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан  байна. 
 Хариуцагч *******ийн ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.А***г хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд ажил тасалсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, тус компаний хөдөлмөрийн  дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.4,  хөдөлмөрийн гэрээний 6.4.1 дэх заалт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, улсын байцаагчийн албан бичгийг  үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн цуцлажээ.
 Зохигчид нь  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны хооронд эмнэлгийн хуудас хүчинтэй эсэх талаар маргаж байгаа боловч 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэл G54 буюу “нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл” гэсэн оноштой эмчлүүлж, өвчтэй байсан нь 0541388 дугаартай эмчлэгч эмчийн гарын үсэг бүхий  эмнэлгийн хуудас, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нийгэмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, улсын байцаагчаас 2013 үны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эмнэлгийн хуудсыг шалгаад “ ...эмчийн үзлэгийн хуудсанд  07 дугаар сарын 29-нд бүртгэлгүй байгааг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны хооронд эмнэлгийн хуудсыг үндэслэлгүй”  гэж үзсэн нь А.А***г хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
 “Амин холбоо” өрхийн эмнэлгийн эмч М.С*** нь А.А*** биеийн байдлыг үзэж, ажлаас чөлөөлөх магадлагаа олгосон атлаа түүнийг  үзсэн тухай  үзлэгийн хуудсанд бүртгээгүй  нь үзлэг хийсэн эмчийн ажлын хариуцлагатай холбоотой. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.А***  нь акт авсан тухайгаа утсаар мэдэгдэж, улмаар үйлдвэрийн эмчид картаа үзүүлсэн,  14 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгийн лист өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд түүнийг хариуцагч талаас нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Нэхэмжлэгч А.А***д олгосон эмнэлгийн хуудас, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг бичгийн нотлох баримтууд болон хариуцагч талын “2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Амин холбоо “  өрхийн эмнэлгийн эмч М.С*** тамгатай 0541388 тоот эмнэлгийн хуудсыг үйлдвэрийн эмчид авч ирж өгсөн” гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.А*** эмчийн хяналтанд орж үзлэгт хамрагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчаас  А.А*** нь  2012 оны 12 дугаар сарын 10-нд ажлаас хоцорч сануулах сахилгын шийтгэлийг  ногдуулсаны дараа 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдрүүдэд  ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  байгаа үндэслэлээ тайлбарлажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасныг ойлгох бөгөөд А.А*** нь 2012 оны 12 дугаар сарын 10-нд сануулах сахилгын шийтгэл хүлээсэн хэдий ч  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь нотлогдоогүй тохилдолд  түүнийг  сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч  А.А*** нь  2012 оны 12 дугаар сарын 10-нд  сахилгын зөрчил гаргасан, хуурамч бичиг баримт бүрдүүлж,  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд ажил тасалсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна. 
Иймд *******ийн ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгч А.А***г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
 А.А***гийн  сүүлийн 3 сард олгогдсон цалингийн дунджаар нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг  694 365 төгрөг гэж тодорхойлж, түүний ажилгүй байсан 2013 оны 9 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 25 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /694 365:21.5 хоног= 32 296 төгрөг х 25 хоног / 807 400  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.А***д олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх  хэргийн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч  А.А***г  *******ийн ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 807 400  төгрөгийг хариуцагч *******ийн ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.А***д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А*** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ийн ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 23 927 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.
 


ШҮҮГЧ                                             Т.ЭНХЖАРГАЛ