| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2108000001153 |
| Дугаар | 2021/ДШМ/1012 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/1012
2021 11 25 2021/ДШМ/1012
Г.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2108000001153 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-а,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
Шүүгдэгч Г.Г-а нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжинд иргэн Д.Г-ийн эзэмшлийн “LG S6” загварын гар утсыг хүч хэрэглэн довтлон авч, 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн хохирогч Д.Г-ийн гар утсыг хүч хэрэглэн авах явцдаа түүний хөл дээр нь гишгэн, түлхэж унагаан чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 2 жил 6 сарын хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 (гуч) хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 7 (долоон) сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Г-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г-а давж заалдах гомдолдоо: “...миний бие Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 16-16 тоотод оршин суух хаягтай бөгөөд тус хаяг дээр .......... нарын хамтаар тогтвор суурьшилтай амьдарч байсан болно. Би Хан-Уул дүүрэгт байрлах “Ub town” гэх барилга барих төсөл дээр барилгын туслах ажил хийж энэ оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сар бүр 1.200.000 төгрөгийн цалин авч тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлж байсан. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оноож өгөхийг хүсэж байна. Цаашид ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, ажил хөдөлмөр эрхлэн, гэр бүлдээ тус дэмтэй амьдрах болно. ...” гэжээ.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Г-а нь ял хөнгөрүүлэх давж гомдол гаргасан. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Г.Г-а нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжинд явж байсан хохирогч Д.Г-ийн “LG S6” загварын гар утсыг хүч хэрэглэн авч, 310.000 төгрөгийн хохирол учруулж, гар утсыг хүч хэрэглэн авахдаа түүний хөл дээр нь гишгэн, түлхэж унагаан чирч эрүүл мэндэд нь баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Г-ийн “...гар утсаа оролдоод явж байтал араас 25-30 орчим насны, халамцуу, өндөр, туранхай залуу хүрч ирээд гар утсыг маань авах гээд татахаар нь булаацалдаж хоёр гараараа гар утсаа өгөхгүй гээд татаад зуурахад тэр залуу миний баруун хөл дээр хөлөөрөө гишгэж байгаад намайг түлхэж газарт унагаагаад гар утсыг аваад явах гэхээр нь хөлөөс нь зуурч чирэгдэж байгаад алдсан. ...” /хх 13, 16/,
гэрч Г.Д- “...машинтайгаа найз Хүрэлбаатар, Монхоо, Хүслэн нарын хамт явж байтал хажуугаар бид нарын үеийн залуу хурдан гүйгээд өнгөрсөн. Тэгтэл 50 гаран насны эгч машины урдуур орж ирээд “эгчдээ туслаарай, саяын гүйгээд явдаг залууд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлэхээр нь машиндаа суулгаад араас нь хөөгөөд, машинаараа шахаж очиж зогсоогоод бариад автал гар утсыг нь өвс рүү шидчихсэн. ...Тухайн үед намайг унагаасан тохой, хөл өвдөж байна гэж хэлж байсан...” /хх 24/,
Г.Г-ын яллагдагчаар өгсөн “...миний өөдөөс 50 орчим насны эгч ганцаараа гар утсаа оролдоод ирж байгаа харагдахаар нь хажуугаар нь холуур тойрч зөрөөд буцаж эргээд араас нь дагаад хажууд нь очоод гар утсыг нь булааж авах гэтэл гар утсаа өгөхгүй өөдөөс булаацалдаж, надтай ноцолдоод байхаар нь хөлөн дээр нь гишгэж байгаад түлхэж унагаагаад гар утсыг нь аваад явах гэтэл миний хөлнөөс зуурч чирэгдэж байгаад тавихаар нь доошоо уруудаж зугтаагаад явж байтал араас машинтай залуучууд хашаа руу шахаж барьж авахаар нь гар утсыг нь газар шидтэл утсаа булаалгасан эгч ирээд цагдаа дуудаж барьж өгсөн. ...” /хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
“...Д.Г-ийн биед баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хоёр тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 6302 дугаартай дүгнэлт /хх 26-27/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 31/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Г.Г-ын гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.Г-ын хохирогч Д.Г-ийн эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэн авч,ингэж авахдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2 жил, 7 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Г-ын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оноож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд дээрх зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Г-а 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-а нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН