Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00178

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02272 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-гийн хариуцагч Ч.Б-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 19 183 764 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатайгаар Ч.Б-т зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Ч.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12 067 528 төгрөг, хүү 1 082 472 төгрөг төлөгдөөгүй. Зээлийн гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон ба 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 38 595 250 төгрөгийн алданги үүссэн. Иймд үндсэн зээл 12 067 528 төгрөг, хүү 1 082 472 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 6 033 764 төгрөг, нийт 19 183 764 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр Ч. Батбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 5 дугаар хороолол Усны гудамж 12/1 байрны 31 тоот хаягт байрлах 62.15 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан тул уг барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэрт тусгаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 868.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н-тай Зоос банк болон Төрийн банкинд 16 жил хамт ажиллаж байсан. Д.Н хүмүүст мөнгө зээлдэг байсан тул 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 600 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 04-ний 860 000 төгрөгийг Голомт банкны зээлээ төлөхөөр зээлж авсан. Цалингийн зээл авахад бусад зээлээ төлөх шаардлагатай болсон тул 2016 оны 8 дугаар сарын 17-ны 12 000 000 төгрөгийг Голомт банкны зээлээ төлөхөөр авсан. Нийт 16 960 000 төгрөгийн зээлээ цалингийн зээл авч төлөх гэж байтал гэнэт цус харвасан учир зээлээ авч чадаагүй. Олон жил хамт ажилласан найз нөхөд учир зээл авахдаа баримт үйлддэггүй. Д.Н намайг эмнэлгээс гарах өдөр машинаараа авч явж нэг газар очиход нотариатч нь машинд орж ирж, Д.Н-гийн бичсэн мөнгө зээлсэн гэсэн бичгээ надаар хуулж бичүүлж энэ гэрээнд гарын үсэг зур гэж зуруулсан. Орон сууцны ордер миний сейфэнд байсан боловч ордер алга болсон байсан. Д.Н-д ордерийг би өгөөгүй. 5 550 000 төгрөг төлсөн, орлогогүй байгаа хэдий ч хүү тохирч 17 000 000 төгрөг зээлсэн тул төлөхийг зөвшөөрнө. Алданги торгуулийн талаар тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн 2-р хороо 5-р хороолол Усны гудамж 12/1-31 тоот үл хөдлөх 000042237 дугаар гэрчилгээтэй 2 өрөө байрыг барьцаалсан байгаа тул орон сууцаа алдахгүйн тулд төлбөрөө төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 183 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203017089 дугаартай, орон сууцны зориулалттай Ч.Б-ын өмчлөлийн 000042237 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 2-р хороо 5 дугаар хороолол, Усны гудамж 12/1 байрны 31 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 324 068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч цус харвах өвчний улмаас эмчлүүлж дөнгөж эмнэлгээс гарах өдөр Д.Н авч явж гэрээнд гарын үсэг зуруулсан, энэ талаар ойлгоогүй, ямар нэг алданги торгуулийн талаар тохироогүй гэсэн тайлбар гарган маргаж байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийн цус харвах өвчнөөр өвдсөн, эмнэлгээс гарах өдөр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг үгүйсгээгүй, харин гэрээнд алдангийн талаар заасан гэсэн үндэслэл гарган тайлбарлаж байгаа нь гэрээний уг заалт хуулийн шаардлага хангахгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол үндэслэлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасны дагуу гэрээний хариуцлагыг талууд бүрэн ойлголцож зөвшилцсөн гэж үзэх үндэслэлгүй тул алданги шаардах эрхгүй” гэж миний байгаа нөхцөл байдлыг зөв дүгнэсэн атлаа тухайн үед цус харвасан сэтгэцийн болон ухаан санаа тогтворгүй байхад хүчээр гэрээ хуулж бичүүлэн гарын үсэг зуруулсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орой гэртээ харих замдаа гэнэт бие муудаж гудамжид унан, эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд байнгын асаргаанд байх шаардлагатай байгаа. Цус харвалтын өвчний улмаас одоо ч ухаан санаа эрүүл бус, мартах санах нь их байдаг. Намайг эмнэлгээс гарч ирсэн өдөр найз гэж итгэж байсан Д.Н намайг авч явж өөрийн бэлдэж ирсэн гэрээнд гарын үсэг зуруулан миний ажлын сейфэнд байсан байрны гэрчилгээг хулгайлан авч, миний хүсэл зоригийг бүрэн тусгагдаагүй хуурамч 2 гэрээг үндэслэн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 16 960 000 төгрөгийг Д.Н-гаас зээлсэн ба 5 550 000 төгрөгийг төлсөн. Иймд 11 410 000 төгрөгийг төлнө. Нийт авсан 17 000 000 төгрөгөө төлнө, үүнээс 5 550 000 төгрөгийг төлсөн байгаа гэсэн санаагаа анхан шатны шүүхэд зөв илэрхийлж чадаагүй бололтой. Гэр бүлийнхээ гишүүдээс бусад хүмүүстэй ойлголцох надад төвөгтэй, зөв үг хэрэглэж санаагаа илэрхийлэхэд хүндрэлтэй байдлаас үүдэн шүүх бүрэлдэхүүнд буруу ойлголт өгсөн гэж бодож байна. Цус харвасан өвчний тухайн магадлах эмнэлгийн дүгнэлтүүд байнгын хяналтын картанд байдаг тул эх хувиар авчрах боломжгүй байсан. 11 410 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 183 764 төгрөг гаргуулан, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Б 17 000 000 төгрөгийн зээл авснаа зөвшөөрнө, үүнээс 5 550 000 төгрөгийг төлсөн, өвчтэй байсан тул хугацаа хэтрүүлэн үүргээ бүрэн биелүүлээгүй, харин алдангийн талаар тохиролцоогүй гэж маргажээ.

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 600 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 860 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 12 000 000 төгрөг, нийт 16 960 000 төгрөгийг итгэлцлийн үндсэн дээр ямар нэгэн баримт үйлдэлгүйгээр зээлсний дараа гэнэт бие муудаж, цалингийн зээл авч чадаагүй. Өвчтэй байхад Д.Н авч явж 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж хариуцагч тайлбарласан ба зохигчдын хооронд  байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн төлөх үүрэг үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, хариуцагч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид өөрөө өгөөгүй гэх боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2-р хороо 5-р хороолол Усны гудамж 12/1 байрны 31 тоот үл хөдлөх 000042237 дугаар гэрчилгээтэй 2 өрөө байрыг барьцаалсан барьцааны гэрээнд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул уг хэлцлийг талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэсэн нь зөв.

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчаас нийт 5 550 000 төгрөгийг төлсөн баримт хэргийн 20-30 дугаар талд авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийг хүлээж авснаа шүүх хуралдаанд тайлбарлажээ. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч “хүү алданги төлөхгүйгээр 12 000 000 төгрөг төлөх боломжтой юу” /хх45/ гэж нэхэмжлэгчээс асуусан нь тэмдэглэлд тусгагдсан байх тул хариуцагч 17 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар өгч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэвэл шүүх зохигчдын тайлбар, бичгийн баримтыг зөв үнэлээгүйг залруулан зээлийн гэрээний дагуу хариуцагчид үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 700 000 төгрөг, нийт 18 700 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс төлсөн 5 550 000 төгрөгийг хасч үлдэх 13 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Хариуцагч алдангийн талаар тохиролцоогүй гэж маргажээ. Зээлийн гэрээний /хх5/ “2.6-д алданги 0.5” гэж бичсэнийг “хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тохиролцсон хувиар алданги тооцон төлөх” тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцсэн алдангийн тохиролцоо гэж үзэхгүй. Учир нь гэрээний уг заалтыг хариуцагчийн татгалзалдаа дурдаж буй “цус харвах өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарах өдөр Д.Н авч явж гэрээнд гарын үсэг зуруулсан, энэ талаар ойлгоогүй, ямар нэг алдангийн талаар тохиролцоогүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй байдалтай харьцуулан үзвэл гэрээний уг заалтыг “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д нийцжээ.

Барьцааны зүйл болох орон сууцыг өөр этгээдийн өмчлөл, гэр бүлийн гишүүдийн дундын өмч эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгө гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хангаж Ү-2203017089 дугаартай, орон сууцны зориулалттай Ч.Б-ын өмчлөлийн 000042237 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 2-р хороо 5 дугаар хороолол, Усны гудамж 12/1 байрны 31 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгасан нь зөв болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02272 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...17 000 000 /арван долоон сая/ төгрөг” гэснийг “13 150 000 төгрөг” гэж, 2 183 764 /хоёр сая нэг зуун наян гурван мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гэснийг “6 033 764 төгрөг” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “242 950 төгрөг“ гэснийг “223 700 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 174 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                       ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ