Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/1063/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг **-р байр **  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар ****, Х*** овогт З.О***ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч : Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг **-р хороолол ** байрны **  тоотод оршин суух, БИ*** худалдааны төвийн эрхлэгч ажилтай, регистрийн дугаар ****, Ш*** овогт Ц.У***т холбогдох 

өвлөгдөх эд хөрөнгөөс ноогдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.О***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П***, хариуцагч Ц.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э***, нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О*** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    Би талийгаач Ц.Б***тай 2002 оноос хамтран амьдарч байгаад 2012.03.28нд охин Б.Б***г төрүүлсэн. 2012.04.**-ны өдөр талийгаач, охинтойгоо гуравуулаа очиж төрсний гэрчилгээ хуулийн дагуу авсан. 2012.06.03-нд талийгаач нас барсан. Нас барснаас нь хойш Нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэжээгчээ алдсаны тэтгэмж 70200 төгрөг авч байгаа. Миний хувьд гэрлэсэн хүнтэй хамтран амьдарсан нь буруутай боловч төрсөн охин Б.Б***д нь хуулийн дагуу өвлөгдөх эд хөрөнгөнөөс ноогдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.

    Хариуцагч Ц.У*** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    Миний нөхөр Ц.Б*** нь 2012.06.03нд нас барсан. Гэтэл О***хамтран амьдарч байсан талаар шүүхийн шийдвэр гаргуулсан байна. Миний бие нөхөр Ц.Б***тай 1987 онд танилцаж, 1990.12.31нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 1990.10.20нд Б.А***, 1993.02.18-нд Б.А***, 1998.03.31нд Б.А*** нарыг төрүүлж гэр бүлээрээ хамт амьдарч байсан. Манай нөхөр хонуут, өнжүүт явж байгаагүй. Гэтэл шүүхийн шийдвэр гарсанд маш их гайхаж байна. Намайг 1 ч удаа шүүхээс дуудаагүй. Бид 23 жил хамт амьдарсан. 4 өрөө байр, 3 машины гараж, Баян Идэр худалдааны төв нь бид нарын хамтын амьдралын үр дүнд бий болсон. 3 хүүхдийн минь хөрөнгө. БИ*** худалдааны төвийг анх барьж эхлэхдээ корпусаар нь худалдаад урьдчилгаа төлбөр авч барьсан. Худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байгаа. Б***, Б***, Д***, С*** нарт худалдсан. Энэ хүмүүс нь одоо болтол өөрийн болгож чадаагүй. Надад маш их дарамт шахалт үзүүлж байгаа. Б.Б***г Ц.Б***гаар овоглосон асуудал хуулийн дагуу хийгдсэн эсэхэд эргэлзэж байна. Бүртгэлийн газар бичиж өгсөн өргөдөл нь Б*** биш байдаг. Хамтын амьдралтайг тогтоосон шүүхийн шийдвэр яаж тогтоолгосон бэ, нэг ч удаа намайг дуудаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
    Нэхэмжлэгч З.О*** нь хариуцагч Ц.У***т холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгөнөөс ноогдох хэсэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
    
    Нэхэмжлэгч З.О*** нь Ц.Б***тай хамтран амьдарч байгаад 2012 оны 03 дугаар сарын 28-нд охин Б.Б***г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23ны өдрийн 693 дугаар шийдвэр, Б.Б***гийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

    Ц.Б*** нь 2012 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байна. /нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар хх-ийн 6-р тал/

    Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэж мөн хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгө нь талийгаачийн хууль ёсны эхнэр Ц.У*** болон түүний 3 хүүхдэд шилжсэн байна. 

    Талийгаач Ц.Б*** нь хариуцагч Ц.У***тэй 1990 оны 12 сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, Б.А***, Б.А***, Б.А*** нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зохигчдын тайлбар мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 80-83 тал/

    Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх” нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байх тул Ц.У***, Б.А***, Б.А***, Б.А***, 2012 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн Б.Б*** нар нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

    Хариуцагч Ц.У*** нь талийгаач бид хоёр 1987 онд танилцаж, 1990.12.31-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 3 хүүхэд төрүүлсэн бид хамт 23 жил амьдарсан бидний хамтын амьдралын хугацаанд дээрхи өмч хөрөнгийг бий болгосон гэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад Дархан сумын **-р баг **-р хороо ** байр **тоот 50.5м2 талбайтай 4 өрөө орон сууц, Дархан сумын **-р баг **-р байрны урд байрлах 12х48 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, Дархан сумын **-р багт байрлах 4 автомашины гараж, 3 авто машины өмчлөгчөөр Ц.Б*** бүртгэлтэй байх боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан “гэрлэснээс хойш хамтын амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул хуулинд заасны дагуу дээрхи эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

    Мөн дээрхи хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж үнэлүүлсэн бөгөөд Дамно ХХК-ны үнэлгээгээр 1.189.676.**7 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлтэнд зохигчид гомдол гаргаагүй байна.

Дээрхи үнийн дүнгээс 2011.12.15-ны өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээгээр талийгаагаач Ц.Б*** нь Дархан сумын **-р багт байрлах үйлчилгээний зориулалттай шинээр баригдсан өөрийн эзэмшлийн барилгаас 12х12 буюу 144м2 зоорийн давхаргыг иргэн Х.Ганхүүд 57.600.000 төгрөгөөр,  Л.Б*** “БИ***” худалдааны төвийн нэг давхарын баруун хойд хэсгийн 144м2 талбайг 70.000.000 төгрөгөөр тус тус худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / хх-ийн 106-107, хх-ийн 113-р хуудас/  тогтоогдож байх тул үүнийг хасч тооцож 1189676**7-57600000= 1132076**7 төгрөг, 1132076**7 – 70000000 = 1062076**7 төгрөг болно.

    Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул 1062076**7 төгрөгийг гэр бүлийн бүх гишүүдэд хуваахад 1062076**7 : 5 = **2415233 төгрөг буюу талийгаачид **2415233 төгрөг ногдсоныг өв хүлээн авах бүх гишүүд буюу Ц.У***, Б.А***, Б.А***, Б.А***, Б.Б*** нарт тэнцүү хэмжээгээр хуваахад **2415233 : 5 = 42483046 төгрөг  байна. 

    Мөн талийгаач Ц.Б*** нь эхнэр Ц.У***ийн хамт 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан дахь салбараас 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан байх бөгөөд 2013.10.22-ны байдлаар 45000000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 103-105/

Иймд Иргэний хуулийн 535 дугаар 535.1-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хүлээх бөгөөд мөн хуулийн 535.2-т зааснаар хэд хэдэн өвлөгч байвал өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэсэн хуулийн дагуу өвлөгч Б.Б*** нь өвлөгдвөл зохих нийт эд хөрөнгийн 1062076**7 төгрөгөөс 42483046 төгрөг буюу 3.9 хувийг өвлөх бөгөөд зээлийн үлдэгдэл 45.000.000 төгрөгийн 3.9 хувь буюу 1755000 төгрөгөөр үүрэг хүлээх тул 42483046 төгрөгнөөс 1755000 төгрөгийг хасч үлдэх 40728046 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Б.Б***гийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй. 

Хариуцагч Ц.У*** нь С***, Д***, Б*** нарт  Худалдах, худалдан авах гэрээгээр хөрөнгө шилжүүлсэн гэж нотлох баримтыг / хх-91-102/ ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн 2012.07.04-ний өдрийн Ц.Б***, Ц.У*** нарын хамтран авсан барьцаат зээлийн гэрээ/ 84-89/-г нотлох баримтаар ирүүлсэн талийгаачийг нас барснаас хойш авсан зээл бөгөөд хэрэгт хамааралгүй байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1**, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.У***ээс 40728046 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.О***т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.О***ээс улсын тэмдэгтийн хураамжинд 291390 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас 361590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА