Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2013/1571/и/
 
             Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суугч, Б*** овогт Э.Т*** \регистрийн дугаар ****\-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, Их сургуулийн гудамжид байрлах ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захиралд холбогдох,

"Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э.Т*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Т*** нь Дархан дээд сургуульд ажиллаж байгаад 2008 онд  ******* Их сургуульд англи хэлний үндсэн багшаар орж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 жил ажилласан. Энэ хугацаанд ажлаа зохих ёсоор хийж байсан бөгөөд хичээлийнхээ хөтөлбөрийн агуулгын хүрээнд стандартын дагуу ажилласан. Энэ ч утгаараа ямар нэг сахилгын болон мэргэжил ур чадварын хувьд муу гэж дүгнэгдэж байгаагүй. Манай сургуулийн стандарт хөтөлбөр маш олон удаа өөрчлөгдөж, хөтөлбөрөө тэр дагуу хийгээд удаагүй байтал дахин өөрчлөх гэх мэтээр тогтворгүйгээр өөрчлөгдөж байсан боловч тэр дагуу л ажлаа хийж байсан. Ингээд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болоход Т*** ажилдаа орохоор очтол, шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр ажлыг маань өөр багшид өгч, ажилгүй болгосон учир халагдахаас өөр аргагүй болж 2013 оны 09 дүгээр сарын 04-нд захирлын тушаал гарсан. 
Захирлын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 83 тоот тушаалд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл нь ямар ч үндэслэлгүй заагдсан байсан бөгөөд намайг багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн, ажлын ур чадвар, эрүүл мэнд тэнцэхгүй нь тогтоогдсон, бусад багш нарын ажилд саад учруулсан, худал хов мэдээ тараасан, багшлах үүргээ биелүүлээгүй, хариуцуулсан үүргийг биелүүлээгүй гэх мэтчилэн дүрэм журмын заалтаар нөлөөлсөнд маш их гомдолтой байна. Намайг ажил үүрэг, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэдгийг хэн ч шалган тогтоогоогүй юм. Мөн ямар нэг талаар багшлах үүргээ биелүүлээгүй, багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь шалган тогтоогдоогүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил ч гаргаагүй билээ. Ийм байдлаар худал дүгнэлт хийж, өөрсдийнхөө дур зоргоор авирлаж, ажлын байр минь байсаар байхад шууд ажлыг минь булааж өөр хүн ажиллуулж байгаа нь надад үндсэн хуулиар олгогдсон ажиллаж хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчлөө гэж үзэж байна. 
Би одоо 1 нас 9 сартай хүүхэдтэй, гэм зэмгүй байж байгаад ажлаас халагдсанаа үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд, захирлын 83 тоот тушаал нь үндэслэлгүй гэж үзэн уг тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд 3 хүртэлх насны хүүхэдтэй хүнийг ажлаас халахыг хориглосон бөгөөд надад ажлаас халах болсон тухайгаа урьдчилж ерөөсөө мэдэгдээгүй. Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, Түвшинжаргалыг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* их сургуулийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай сургууль нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм журмуудыг үндэслэн иргэдэд дээд боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Суралцагч нарын сургалтын төлбөрөөр үндсэн санхүүжилт явагддаг төрийн боловсролын байгууллага бөгөөд суралцагч нарт өнөөгийн түвшинд шаардагдаж байгаа дээд боловсролыг эзэмшүүлэхийн тулд мэдлэг, ур чадварын өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нарыг ажиллуулах хэрэгтэй болж, энэ шаардлагыг удаа дараа хангаж чадахгүй байгаа Суурь боловсролын тэнхимийн багшаар ажиллаж байсан Э.Т***ыг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн юм. 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 139 тоот тушаалд \....2003 оноос эхлэн одоо болтол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа\... Сургуулийн захиргаа багш бүрийн нийтлэг болон тусгай шаардлагын биелэлтийг тогтмол хянан шинжилж, үнэлгээ дүгнэлт өгч, албан тушаалын орон тоог шинэчлэн жил бүр хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар цаашид багш нарыг чадваржуулах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж заасныг үндэслэн манай сургууль хичээлийн жилийн эхэнд багш нартай нэг бүрчлэн хөдөлмөрийн гэрээг байгуулах буюу эсхүл гэрээг сунгаж ажилладаг билээ. 
******* их сургуулийн ректорын 2009 оны 17 тоот тушаалын 1.6-д  “Багшийн ёс зүйн дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, түүний шаардлагыг бүрэн хангасан байх”, 2 дугаар зүйлийн 2.12-д “Гадаад хэлний багшийн хувьд TOEFL -550,  IBT-80,  IELTS-6.5 оноо авсан гэрчилгээтэй байна” гэсэн шаардлагуудын дагуу англи хэлний багш нарыг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн шалгалтуудын аль нэгийг өгч, гэрчилгээг авч ирсэн тохиолдолд гэрээ хийх тухай яригдаж, шалгалтанд бэлтгэж оролцон, гэрчилгээ авч ирэх үүргийг англи хэлний багш нарт өгсөн юм. 
Э.Т*** нь Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.3.1-д заасан хариуцлагаа ухамсарлан, хичээл заах ур чадвараа байнга дээшлүүлэх, 4.5.1-д заасан ажиллаж байгаа сургууль болон их сургуулиас санаачилсан, хариуцуулсан ажлыг гүйцэтгэх зэрэг үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Олон улсын хэлний шалгалт өгөөгүй, багш нарын англи хэлний нээлттэй шалгаруулалтад ч очиж ороогүй байсан. 
Тус сургуулиас англи хэлний багш нарын хувьд мэргэжлийн тэнхимүүдээс сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлага байнга тавигдаж, хичээл стандартын хөтөлбөрүүдийг шалгахад: Э.Т*** нь удаа дараа хичээлийн хөтөлбөр стандартаа шаардлагын түвшинд боловсруулж чадахгүй байсан тул Сургалт арга зүйн зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 10, 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн болон Эрдмийн зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус тус хөтөлбөр нь буцаагдаж, манай сургуулийн дэд захирлаас түүний Англи хэл-1, Мэргэжлийн англи хэл хичээлүүдийн стандарт хөтөлбөрүүдийг нь боловсруулан өгч эрдмийн зөвлөлөөр батлуулж байсан.
Сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Олон улсын хэлний шалгалт өгөөгүй багш нарыг нээлттэй сонгон шалгалт өгүүлэх тухай хэлэлцэж, багш нарт англи хэлний сонгон шалгаруулалтад орох үүрэг өгөхөд 2013 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн англи хэлний багш нарын сонгон шалгаруулалтад багш Бадамгарав, Номин нар оролцож шалгалт өгсөн, Э.Т*** Н.Э*** нар нь очиж шалгалт өгөөгүй байсан тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ шаардлагын түвшинд биелүүлээгүй, онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх тухай Боловсролын тухай хуулийн 44.2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас Э.Т***ыг чөлөөлсөн юм.
Манай сургууль жил бүр төгсөгчдөөс сэтгэл ханамжийн судалгааг авч, багш нарын талаар судалгаа явуулахад төгсөгч нар Э.Т*** багшийг нэр цохон доогуур үнэлгээг удаа дараа өгч байсан бөгөөд тус сургуулийн нийт ажиллагсдын 2012 оны ажлын үр дүнг захирлын 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот тушаалаар батлагдсан комисс 2013 оны 01 сард дүгнэхэд багш Э.Т*** нь нийт 300 оноо авахаас 91.57 оноо авч 30.5 хувьтай шалгагдаж мөн л маш доогуур үнэлгээг авч байсан юм.
Сургуулийн захиргаанаас Э.Т***ыг ажиллах хугацаанд багшийн зэрэглэлд ажиллуулах, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх, хөгжүүлэх боломжуудыг олгож байсан бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилд багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дайнед Мон”  ХХК-тай хамтран 5 сарын зайны сургалтыг зохион байгуулж, 66 багшийг хамруулж англи хэлний интерактив программд суурилсан тестээр үр дүнг нь тооцоход багш Э.Т*** нь маш доогуур үнэлгээ авч байсан. 
Багш нарыг 3 жилд нэг удаа мэргэжлийн аттестатчилалд хамруулдаг бөгөөд Э.Т*** нь 2011 оны аттестатчилалд 50.4 оноотой дүгнэгдсэн нь сургуулийн хэмжээнд хамгийн бага оноотой дүгнэгдсэн байсан. Манай сургууль хичээлийн шинэ жилд багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2012 онд сургалт арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлуулсан багш шалгаруулж авах журам, багш ажиллуулах журам болон өнгөрсөн жилийн гэрээний дүгнэлтийг тус тус харьцуулан гэрээг хийдэг Э.Т*** нь 2012-2013 оны хичээлийн жилд гэрээний үүргийг 10 хувьтай биелүүлсэн байсан. 
Сургуулийн зүгээс Э.Т***д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг урьдчилж өгөөгүй бөгөөд түүнийг бага хүүхэдтэй гэдгийг тухайн үед мэдээгүй байсан. Гэсэн хэдий боловч дээрх үндэслэлүүдээр Э.Т*** нь суралцагч, оюутан нарт дээд боловсролын мэдлэгийг өнөөгийн шаардлага, түвшинд нийцүүлэн олгож чадахгүй, боловсролын үйлчилгээг чанарын түвшинд биелүүлэх мэдлэг, ур чадвар дутмаг, шаардлага хангахгүй байгаа тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн юм.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
           
          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
       
Нэхэмжлэгч Э.Т*** нь хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захиралд холбогдуулан тус сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Э.Т*** нь ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* Их сургуулийн Суурь боловсролын тэнхимд дадлагажигч багш /англи хэлний/-аар ажиллаж байсан бөгөөд түүнийг тус сургуулийн захирлын тушаалаар 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 83 дугаар тушаал, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. 
Хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирал нь нэхэмжлэгч Э.Т***ыг дадлагажигч багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 83 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтууд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 139 дугаар тушаал, ******* Их сургуульд профессор багш ажиллуулах журам, Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм зэргийг үндэслэл болгон Э.Т***ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.  
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заажээ. 
Маргаан бүхий ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл ажил олгогч болох хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* Их сургуулийн захирал нь нэхэмжлэгч Э.Т***ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр дадлагажигч багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заажээ. 
Хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирал нь хуулийн дээрх заалтад заасны дагуу нэхэмжлэгч Э.Т***д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... ажлаас чөлөөлөх тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүй ...” гэсэн тайлбараар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч Э.Т***ын хүүхэд болох Т.Б*** нь 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд Э.Т***ыг 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөх үед түүний хүүхэд Т.Б*** нь 2 нас хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний №**** Г-** дугаар гэрчилгээгээр нотлогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирал нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох Э.Т***ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр дадлагажигч багшийн үүрэгт ажлаас чөлөөлж хуулийн дээрх заалтыг ноцтойгоор зөрчсөн байна. 
Иймд ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тушаалын Э.Т***д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.Т***ыг тус сургуулийн Суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч Э.Т*** нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээгүй болно. 
    
   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:
     
          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тушаалын Э.Т***д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.Т***ыг тус сургуулийн Суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Т*** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ******* Их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ******* сургуулийн захирлаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.   

      3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.


              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНБААТАР