Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/1710/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг ** дүгээр байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, Б*** овогт Б.Г***ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг ** тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Анагаах ухааны коллежид багш ажилтай, регистрийн дугаар ****, Ш*** овогт Н.Д***т холбогдох

Б.Г***, Н.Д*** нарын хооронд хийгдсэн 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц***, хариуцагч Н.Д***, гуравдагч этгээд Д.Т***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б***, нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г*** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А***, өмгөөлөгч Д.Ц*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 оны 09 сард Д***харилцан тохиролцож өөрийн орон сууцаа Н.Д***ийн нэр дээр шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ хийж банкнаас 16 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн бөгөөд үр дүнд хүрэхийг чухалчлаагүй, гаднах байдлаараа дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Иргэний хуулийн 56.1.2-т заасан хэлцэл хийсэн энэ хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус тул дээрхи худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү. бид энэ байрандаа одоо ч амьдарч байгаа бөгөөд худалдах сонирхол байгаагүй. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Н.Д*** шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г***, түүний эхнэр А*** нартай харилцан тохиролцож орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн. Г*** өмчлөлийн байрыг миний нэр дээр түр шилжүүлж банкнаас мөнгө зээлж, хуваан хэрэглэсэн. Г*** банкнаас зээлсэн мөнгөө төлөөд би мөнгөө төлж чадалгүй, хүнээр зээлээ чөлөөлүүлж, миний нэр дээр байсан байсан байрны өмчлөх эрхийг Туяа гэж хүний нэр дээр түр шилжүүлсэн. Авсан зээлээ төлж дуусгаад байрны өмчлөх эрхийг Г***ын нэр дээр шилжүүлэн өгөхөөр давхар хэлцэл хийж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Би энэ байранд  нэг ч хоноогүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд Д.Т***, түүний өмгөөлөгч П.Б*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Энэ хоёр хүн нийлээд намайг залилсан. Энэ худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Иймд зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар мэдсээр байж Т*** нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж 8 сая төгрөг авсан. Ингэсний дараа дээрхи хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Туяа 8 сая төгрөг өгөөгүй байсан бол байр зарагдах байсан. Иймд энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Г*** нь хариуцагч Н.Д***т холбогдуулан 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаж буй Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр байр ** тоот 39.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх нь Б.Г***аас Н.Д***т 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байна. 

Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан …үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг гэрээний талууд хангасан бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар …үл хөдлөх өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөлийн эрх дуусгавар болохоор хуульчилсан тул өмнөх өмчлөгч Б.Г***ын тухайд өмчлөгчийн эрх дуусгавар болсон байхаар байна. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй бөгөөд Б.Г***, Н.Д*** нарын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 11 дүгээр баг 9-р байрны 56 тоот 39.0 мкв орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууц нь Н.Д***ийн өмчлөлд шилжээгүй, банкнаас авах зээлийн барьцааны зүйл болгох зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан буюу дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхи гэрээ хийгдсэнээс хойшхи хугацаанд уг байранд Б.Г*** гэр бүлийн гишүүдийн хамтаар оршин сууж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү****тоот гэрчилгээг авсан болох нь гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2013.10.28-ны өдрийн 2/252 тоот лавлагаа холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2441 дугаартай захирамжаар Д.Т*** хүсэлтийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч Д.Т***нь өөрийн шаардлагын талаар шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна гэж тайлбарлаж байх тул шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр түүний хүсэлтээр оролцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондох маргаанд аль нэг талыг нь дэмжиж оролцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г***, хариуцагч Н.Д*** нарын хооронд хийгдсэн Дархан сумын ** дүгээр баг ** дүгээр байр ** тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх учиртайг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г***ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 109150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д***ээс улсын тэмдэгтийн хураамж 109150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г***ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     


                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА