Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, хохирогч О.А , шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2539000000433 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О-г 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашаанд байршуулсан О.А-н өмчлөлийн Toyota Prius-20 маркийн ...... ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан,

мөн дээрх газар, цаг хугацаанд буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашаанд байршуулсан Toyota Prius-20 маркийн ...... ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1.Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.М нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 399 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 82-84 дэх тал),

-Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дахь тал),

-Хохирогч О.А-н “...Би 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод эхнэр Х  хамт ээжийн дүү О  эгчид хүүхдийн хувцас хүргэж өгөх гээд Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашааны дотор талд тээврийн хэрэгслээ асаалттай үлдээгээд эхнэрийн хамт эгч О ын гэрт ороод удаагүй байж байтал гадаа машин юм мөргөх чимээ гарсан. Гараад хартал миний ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үл таних цагаан цамцтай эрэгтэй хүн жолоодож арагшаа ухраад хашааны хаалга мөргөсөн байсан. Би очоод ахаа энэ миний машин гэхэд чиний машин биш миний машин гэж хэлээд байсан. Тухайн хүнтэй ноцолдож байгаад машинаасаа буулгаад цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн. ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хойд гүпер жолооч талаар зурагдаж, хойд гэрэл хагарсан, крлан хонхойсон эвдрэл гэмтэл учирсан. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн зах зээлийн үнэлгээг гаргаж, үнэлгээний мөнгөн дүнг буруутай хүнээс нэхэмжилж байна. ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний төрсөн ээж Оюунсүрэнгийн нэр дээр байдаг ч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би гомдолтой байна. Миний машиныг хулгайлж байсан эрэгтэй хүнийг би огт танихгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

-Хохирогч З.Б “...Би 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед эхнэр 3 хүүхдийн хамт Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашаанд байх гэртээ байж байхад эхнэрийн төрсөн хүү Алтанбагана, эхнэр Халиунзул хамт машинтайгаа хашаанд орж ирээд гэрт орж ирсэн. Манайд хүүхдийн хувцас өгөх гэж ирсэн юм. Гэтэл удалгүй гадаа машин юм мөргөх чимээ гарсан. Гараад хартал дүү А ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үл таних цагаан цамцтай эрэгтэй хүн жолоодож арагшаа ухраад манай хашааны хаалга мөргөсөн байсан. А ч гүйж очоод энэ миний машин гэхэд нөгөө эрэгтэй чиний машин биш миний машин гэж хэлээд байсан. Тухайн эрэгтэй нэлээн согтуу байсан. Манай хашааны хаалга төмөр шонгийн хамт гадагшаа хазайсан гэмтэл учирсан байсан. Одоо тэр хэвээрээ байгаа. Хашаанд учирсан эвдрэл гэмтлийн зах зээлийн үнэлгээг үнэлгээний байгууллагын гаргасан мөнгөн дүнгээр нэхэмжлэх болно... Миний өөрийн эзэмшлийн хашаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Гэрч С.Х  “...Би 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед нөхөр А хамт ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хадам ээжийн дүү О  эгчид хүүхдийн хувцас хүргэж өгөх гээд Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашааны дотор талд тээврийн хэрэгслээ асаалттай үлдээгээд нөхрийн хамт эгч О ын гэрт ороод удаагүй байж байтал гадаа машин юм мөргөх чимээ гарсан. Гараад хартал миний нөхөр А ...... ХЭН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үл таних цагаан цамцтай эрэгтэй хүн жолоодож арагшаа ухраад хашааны хаалга мөргөсөн байсан. Нөхөр А гүйж очоод тухайн хүнд энэ миний машин гэж хэлэхэд нөгөө хүн чиний машин биш миний машин гэж хэлээд байсан. Тухайн хүнтэй нөхөр А ноцолдож байгаад машинаасаа буулгаад цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн. Нөхрийн маань машиныг хулгайлах гэж байсан эрэгтэй хүнийг огт танихгүй. Тухайн хүн их согтуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-Гэрч Д.О “...Приүс-20 маркийн ...... ХЭН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй боловч миний төрсөн хүү О.А-н тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг хүү А нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-Бодит Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаартай “......... ХЭН улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хойд буфер, баруун хойд крыло, баруун хойд гэрэл зэргийн зах зээлийн үнэлгээ 630,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал),

-Бодит Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 471 дугаартай “...төмөр хаалганы шон засварлах зах зээлийн үнэлгээ 200,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-55 дахь тал),

-Шүүгдэгч Э.М яллагдагчаар өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Хохирлыг барагдуулах болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал)  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашааны гадуур гарч явахдаа хашаанд байршуулсан О.А-н өмчлөлийн Toyota Prius-20 маркийн ...... ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөж авч явах гэж байгаад тухайн айлын хашааг мөргөж зогссон. Хохирогч нь машиныг нь хүн хөдөлгөөд хашаа мөргүүлсэн байдлыг хараад очиход машиныг хөдөлгөсөн Э.М /согтуу байсан/ нь өөрийн машин мэтээр хэлсэн.

            Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган зүйлчилсэн нь үндэслэлтэй тохирчээ.

           

            1.2.Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт:

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан байдаг.

Тодруулбал, гэмт этгээд тухайн автотээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн зорилгогүй, түр унах, дүрсгүйтэх, хорхойсох, зугтаах, оргох зэргээр авч явах үйлдэл юм.

Энэ гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг. Гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгддэг буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.

Шүүгдэгчийн хувьд хохирогч О.А-н тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн санаа зорилго агуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөх явцдаа хохирогч З.Б өмчлөлийн хашааг мөргөж зогссоноор түүний гэмт үйлдэл туйлдаа хүрээгүй буюу тээврийн хэрэгслийг дөнгөж хөдөлгөөд хашаа мөргөж зогссон.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах  нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй. Тиймээс түүнийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамласан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

1.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу амьсгал дахь спиртийн агууламж 1.55 процент промиль байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Э.М нь урьд 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 399 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 82-84 дэх тал)-аар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ............. 17-04 тоот хашаанд байршуулсан Toyota Prius-20 маркийн ...... ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Прокуророос дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй бөгөөд тодруулбал, шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул түүнийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохоор байна.

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч О.А  “шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нөхөн төлбөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан.

 

1.4.Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.М нь хохирогч О.А д учирсан 630,000 төгрөгийн, хохирогч З.Б 200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь “Бодит үнэлгээ” ХХК-ийн 456 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал), мөн 471 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-55 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 830,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.А д 630,000 төгрөгийг, хохирогч З.Б 200,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь “би энэ хохирол төлбөрийг ажлын 5 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэж хүсэлтээ илэрхийлснийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсны дараа шүүгдэгчээс 830,000 төгрөгийг хохирогч нарт нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан”,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3,200,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хохирол нөхөн төлсөн” байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН