Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2013/1563/и/

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, “ХЖ***” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар ****/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* хэлтэст холбогдох, 

"Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 5,150,700 төгрөг, зураг төсөл экспертизээр оруулсны төлбөр 513,320 төгрөг, инженер хайгуулын дүгнэлт гаргуулсны төлбөр 500,000 төгрөг, нийт 6,164,020 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-ийн захирал Б.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-ийн захирал Б.А*** шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Э*** Дархан сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт баригдах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний конторын барилга, 10 автомашины гаражийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь болох 5,150,700 төгрөгийг захиалагчаас авсан бөгөөд гүйцэтгэгч тал болох манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусган барилгын зургыг захиалагч талд хүлээлгэн өгсөн байхад одоог хүртэл үлдсэн 50 хувь болох 5,150,700 төгрөгийг өгөөгүй байна. 
Мөн манай компани нь бэлэн болсон зураг төслөө экспертизээр оруулах, инженер хайгуулын дүгнэлт гаргуулах зардлыг өөрөөсөө гаргаж холбогдох байгууллагуудаар гаргуулсан. Гэрээнд зааснаар бол уг хоёр ажлын зардлыг захиалагч тал хариуцахаар заасан байгаа. Манай байгууллага нь  Дархан-Уул аймгийн ******* хэлтэстэй гэрээг байгуулахдаа эрх бүхий албан тушаалтануудтай байгуулсан бөгөөд эдгээр хүмүүсийн хүсэлтийн дагуу ажил гүйцэтгэсэн юм. Хариуцагч нь хууль зөрчсөн буюу тендерийн хуулийг зөрчиж байгуулсан гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч энэ хууль зөрчсөн байдал нь манай компанийн буруу биш юм. 
Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 5,150,700 төгрөг, зураг төсөл экспертизээр оруулсны төлбөр 513,320 төгрөг, инженер хайгуулын дүгнэлт гаргуулсны төлбөр 500,000 төгрөг, нийт 6,164,020 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “ХЖ***” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэстэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг хуульд заасан хэлбэрийн дагуу байгуулсан. 
Талуудын хооронд байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-нд ажлын хөлсийн талаар тодорхой зааж өгсөн байгаагаас гадна ажлын зурагт экспертиз хийлгүүлсний болон дүгнэлт гаргуулсны зардлыг захиалагч тал хариуцна гэж заасан. “ХЖ***” ХХК нь гэрээнд заасны дагуу үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч байгууллага нь гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж хариуцагч тайлбарлаж маргаж байгаа боловч уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм. 
Мөн Тендерийн хууль зөрчсөн бол тухайн төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйлдэл болохоос бус харин “ХЖ***” ХХК-ийн буруу биш юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэв. 

Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс нь 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 32 дугаар тогтоолоор “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс” болон өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар 2012 онд ажиллаж байсан Г.С***, мэргэжилтэн Д.Э*** нар нь “ХЖ***” ХХК-ийн хооронд байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.  
Энэхүү үндэслэл нь уг гэрээг журмын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлах журамд заасны дагуу байгуулах ёстой юм. Манай байгууллагын 2012, 2013 оны үйл ажиллагааны зардал болон халамжийн сангийн зардалд гэрээний төлбөрт зарцуулах зардал тусгагдаагүй тул төлбөрийг төлөх боломжгүй юм. 
Төсвийн тухай хууль болон Нийгмийн халамжийн хуульд заасан журмын дагуу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглодог. 
Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 онд аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Нийгмийн даатгалын нэгдсэн загварын барилгын зураг, нэг стандартын дагуу бариулахаар шийдвэрлэсэн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Дархан-Уул аймгийн ******* хэлтсийн нэгдсэн барилгын зураг төслийн үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж “Очиртааб” ХХК шалгаран зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Иймд манай байгууллага Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн зураг төсөл, батлагдсан төсөв хөрөнгийн дагуу 2014 онд хэлтсийн конторын барилга баригдах болсон тул “ХЖ***” ХХК-ийн зургийн ажлыг хөлс төсөвт батлагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 
“ХЖ***” ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих  этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер, сонгон шалгаруулалт явуулалгүй хууль зөрчиж байгуулсан хэлцэл юм. “ХЖ***” ХХК нь өөрсдөө байгуулсан гэрээгээ хууль зөрчсөн эсэхийг шалгах ёстой байсан. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 42 дугаар тогтоолд зааснаар тендер зарлах ажил үйлчилгээний босго үнийг заасан байхад хуульд заасны дагуу тендер зохион байгуулалгүйгээр шууд гэрээ байгуулсан. Хүчин төгөлдөр бус гэрээ учраас мөнгө төлөх үндэслэлгүй юм.
Одоо манай байгууллага нь хуульд заасан журмын дагуу тендер зарлаж барилгын зургийг өөр компаниар гэрээ байгуулан хийлгэж байгаа бөгөөд “ХЖ***” ХХК-ийн хийж өгсөн зургийг ашиглаагүй. 
Манай байгууллагаас “ХЖ***” ХХК-д урьдчилгаа болгон өгсөн мөнгө халамжийн мөнгөнөөс өгөгдсөн байгаа учраас дараа тусдаа энэхүү мөнгийг нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч “ХЖ***” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэст холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 5,150,700 төгрөг, зураг төсөл экспертизээр оруулсны төлбөр 513,320 төгрөг, инженер хайгуулын дүгнэлт гаргуулсны төлбөр 500,000 төгрөг, нийт 6,164,020 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргажээ. 
    Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /хуучин нэрээр/ нь тус байгууллагын конторын барилга болон 10 автомашины гаражийн зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр “ХЖ***” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар конторын барилгын зураг төслийг боловсруулах ажлын хөслийг 8,555,400 төгрөг, 10 автомашины гаражийн зураг төслийг боловсруулах ажлын хөлсийг 1,746,000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцож, гэрээнд заасан ажлын хөлсийн 50 хувь болох 5,150,700 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр өгч, үлдэх 5,150,700 төгрөгийг ажлын зураг дуусмагц өгөхөөр гэрээнд заасан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №01/2012 дугаар “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ” болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. 
    Мөн дээрх гэрээнд ажлын зурагт улсын эксперт хийлгүүлсний болон галын дүгнэлт гаргуулсан зардлыг захиалагч хариуцахаар зааснаас гадна нэхэмжлэгч “ХЖ***” ХХК нь урьдчилгаа төлбөрт 5,150,700 төгрөг хүлээн авсан, барилгын ажлын зургийг гэрээнд заасны дагуу гүйцэтгэж Дархан-Уул аймгийн ******* хэлтэст хүлээлгэн өгсөн, “ХЖ***” ХХК нь барилгын зураг төсөл экспертизээр оруулсны төлбөрт Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газарт 513,320 төгрөг, инженер хайгуулын дүгнэлт гаргуулсны төлбөрт “Жоншт Уул” ХХК-д 500,000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, барилгын зураг, “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ”, “Инженер хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ”, ******* хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 тоот албан бичиг, гэрч Д.Э*** мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.   
    Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэс нь нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулалгүй “ХЖ***” ХХК-тай гэрээ байгуулсан, хууль зөрчиж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээнд заасан ажлын хөлс төсөвт суугдаагүй ...” гэж тайлбарладаг болно. 
    Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэс нь “ХЖ***” ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №01/2012 дугаар “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ”-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарладаг боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдаж байна. 
    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээнд зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэс нь хэлэлцэн тохиролцсон ажлын хөслийг “ХЖ***” ХХК-д төлөх үүрэгтэй байна. 
    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д “зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг хэлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар захиалагч нь үйлчилгээ худалдан авахдаа зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна гэж заасан байна. 
    Өөрөөр хэлбэл барилгын зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, энэхүү ажиллагааг хуульд заасан журмыг баримтлан ажиллах нь захиалагч болох Дархан-Уул аймгийн ******* хэлтсийн үүрэг юм. Харин захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмыг зөрчиж гэрээ байгуулсан нь “ХЖ***” ХХК-ийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм. 
     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам хэрэглэх худалдан авах ажиллагаанд уг журмыг хэрэглээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасан бөгөөд энэхүү хуулийг зөрчиж зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулсан нь тухайн албан тушаалтны буруутай үйл ажиллагаа юм. 
    Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 5,150,700 төгрөг, зураг төсөл экспертизээр оруулсны төлбөр 513,320 төгрөг, инженер хайгуулын дүгнэлт гаргуулсны төлбөр 500,000 төгрөг, нийт 6,164,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-д олгох нь зүйтэй байна. 
    Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан тул хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтэс нь өөрийн байгууллагад учирсан хохирлоо гэм буруутай этгээд /албан тушаалтан/-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн ******* хэлтсээс 6,164,020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,574 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 113,574  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХЖ***” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.ЦОЛМОНБААТАР