Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,  хохирогч ‘П.Н, шүүгдэгч ‘Б.О, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн От холбогдох эрүүгийн 2439005480160 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ‘Б.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын ….. тоотод байрлах монгол гэрт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ‘П.Н-г бусадтай хардаж улмаар хохирогчийн цээж хэсэг рүү хоёр удаа өшиглөж, хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохиж, баруун шилбэ хэсэг рүү өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөх, баруун, зүүн хацар, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439005480160 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэвээс: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаангүй оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч ‘Б.О: “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэж,

Хохирогч ‘П.Н “гэмт хэргийн улмаас хохирсон хор уршигтай холбоотой баримтаа иргэний журмаар нэхэмжилнэ” гэж тус тус мэдүүлсэн болно.

 

1.Шүүгдэгч ‘Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хохирогч ‘П.Н-н “.. Б.О 10 дугаар сарын 14-ний орой намайг гэртээ ганцаараа байхад архи уусан байдалтай 0.5 литрийн Хараа нэртэй архи авч орж ирсэн. Бид хоёр архийг нь хуваагаад уугаад сууж байхад О гэнэт уурлаад намайг байхгүйд өмнөх салсан нөхрөө авч ирсэн хэд хоног хүлээж чадахгүй Батцогттой унтаж хэвтсэн гээд надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд О-нь намайг гичий, янхан минь гээд миний цээж хэсэг рүү маань хоёр удаа маш хүчтэй өшиглөсөн, тэгээд би доошоо тонгойж байхад цээж хэсгээс маань татаад дээшээ бол гээд хамар хэсэг рүү маань нэг удаа гараараа цохисон, миний хамраас цус гараад тогтохгүй би доошоо хараад байж байхад миний баруун шилбэ хэсэг рүү маань нэг удаа өшиглөсөн.О намайг утсаар ярихаар хэн юм гээд хардаад байдаг өөрөө эхнэртэй байж намайг маш их хардаж байдаг. Би тэгээд энэ асуудлаа цагдаад хэлээгүй байсан юм. Тэгээд сүүлд О 10 дугаар сарын 21-ний өдөр манайд ирсэн хөдөө явж байгаад ирлээ гээд тэгээд манайд 2, 3 хонож байгаад 10 дугаар сарын 24-ний орой бид хоёр нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байгаад бас намайг О хардаж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгсэн манай хашаанд байдаг манай хөрш эгч болох Ц эгч бид хоёр маргалдаад байхаар нь цагдаа дуудсан байсан. Тэгээд би цагдаа нар ирэхээр нь О  цагдаа нартай хамт эмнэлэг дээр очсон чинь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр О цээж хэсэг рүү маань хоёр удаа өшиглөснөөс нь болж миний зүүн талын хөх маань нэлээн хөхөрч цус хурсан байна гээд би 2024 оны 10 дугаар сарын 24-ний орой хагалгаанд орсон юм. Тэгээд би цагдаад бүх болсон зүйлээ хэлсэн. Ийм л зүйл болсон...О бид хоёр л байсан... Миний цээж хэсэг рүү маань хоёр удаа маш хүчтэй өшиглөсөн, хамар хэсэг рүү маань нэг удаа гараараа цохисон, баруун шилбэ хэсэг рүү маань нэг удаа өшиглөсөн...Би тухайн үедээ эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй бас цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөгүй. Сүүлд манай хөрш Цэцэгмаа эгч хэлэхэд л эмнэлэг дээр очиж үзүүлж цагдаа нарт болсон зүйлээ хэлсэн...хагалгаанд орж өдөр болгон эмнэлэг орж боолт хийлгэсэн...миний хохирлыг барагдуулах юм бол нээх гомдол байх юм алга...би өөрийн сэтгэл санааны хохирлыг тогтоолгомоор байна...Миний зүгээс О-т гомдолтой. Би сэтгэл санааны хохирол гэж 3,000,000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 15-17 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч ‘П.Нн “...Би О-т зодуулснаас болж эмчилгээний зардалд өөрөөсөө 3,000,000 төгрөг зарцуулсан энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

-Гэрч О.Ц “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Нэргүй гэх хөрш эмэгтэйн хоёр нүд нь хоёулаа хөхөрсөн байсан. Би Н-с нүд амаа яачхаад байгаа юм гэсэн чинь Н өчигдөр оройОзодсон та хүн амьтан ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн. Н-н хоёр нүд, зүүн талын хөх нь тэр чигтээ хөхөрсөн, баруун шилбэ хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 24-ний 15 цагийн орчим Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай бас нөгөө О гэх залуу бас байсан энэ хоёр хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байж байсан. Би Нгээс энд юу болоод байгаа юм гэж асуухад Н юу ч болоогүй зүгээр, зүгээр гэж хариулсан. Тэгэхээр нь би ээж рүү залгаж хэлсэн чинь ээж нь цагдаа дуудаад өг гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ийм л асуудал болсон...Би яг зодож байхыг нь бол хараагүй нүд ам нь хөхөрсөн байхаар нь асуусан чиньОзодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын  2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 529 дугаартай “ 1.2.’П.Н-гийн биед хамар ясны хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөх, баруун, зүүн хацар, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),

-Шүүгдэгч ‘Б.О-ын яллагдагчаар өгсөн “...би Нг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу өөр ярих зүйл байхгүй “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

-Хохирогч ‘П.Н-гийн “О-д зодуулсан гэх миний бие сэтгэл санааны хохирол гаргуулах гэсэн хүсэлтээсээ татгалзаж байна, хүсэлтийг маань хангаж өгнө үү” гэх Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 115 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 6а-12 тоотод байрлах монгол гэрт ‘П.Н-г бусадтай хардаж улмаас хохирогчийн цээж хэсэг рүү хоёр удаа өшиглөж, хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохиж, баруун шилбэ хэсэг рүү өшиглөх зэргээр зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөх, баруун, зүүн хацар, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч ‘Б.О нь хохирогч ‘П.Нгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамар ясны хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөх, баруун, зүүн хацар, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ‘Б.О нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч ‘Б.Оыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ‘Б.О хохирогчийг бусадтай хардсаны улмаас хохирогчийн цээж, баруун шилбэ хэсэгт өшиглөх, нүүрэн тус газарт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөх, баруун, зүүн хацар, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ‘Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч ‘П.Н нь “миний бие сэтгэл санааны хохирол гаргуулах гэсэн хүсэлтээсээ татгалзаж байна...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 115 дугаар тал) бичсэн байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд би сэтгэл санааны хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжилмээр байна гэдгээ илэрхийлсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нь гэмт хэргийн улмаас шууд хохирсон хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт (хавтаст хэргийн 86-87 дугаар тал) тусгуулсан байна.

Энэхүү нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нийт 345,300 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсны дараа шүүгдэгч нь хохирогч 345,300 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримт болон бусад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаангүй оролцсон. Хохирогчид учирсан 345,300 төгрөгийг төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдал харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ‘Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч ‘Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ‘Б.Оыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ‘Б.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч ‘Б.О-аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтаа болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН