Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 2539000000297 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 8 дугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ......улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /1,56%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал),

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-Гэрч Н.Ш “...2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож байсан ......улсын дугаартай Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Дэрийлаа  овогт Баасанхүү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгслийг хураан авч согтуурлын зэрэг шалгах зорилгоор драгер багаж үлээлгэхэд 1,56% бүхэл гарсныг гэрэл зургийн аргаар баримтжуулан авч илтгэх хуудас бичиж эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн... Д.Б өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Баасанхүүгийн яллагдагчаар өгсөн: “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 8 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон асуудал гаргасан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа... Тухайн үед намайг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 1.56%-тай гарч байсан... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу амьсгал дахь спиртийн агууламж 1.56 процент промиль байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

Шүүгдэгч Д.Б нь урьд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 30 дугаар тал/-ын хуудсаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2025 оны 8 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Приус-30 маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Баасанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй болно.

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний  дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шүүгдэгч нас барсан” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.

Иймд нэгэнт шүүгдэгч нас барсан болох нь түүний нас барсныг бүртгэсэн бүртгэх байгууллагын гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн 2539000000297 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн 2539000000297 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН