Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                   Прокурор Д.Ганцэцэг /цахимаар/

                   Хохирогч О.Б /цахимаар/

                   Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б /цахимаар/

                   Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан

                               Шүүгдэгч Л.З /цахимаар/

                               Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                               Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хохирогч О.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.З-д холбогдох эрүүгийн 1926004860101 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хөх овгийн Л.З

 

Л.З нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг “Тэс петролиум” шатахуун түгээх станцын урд талын асфальтан зам дээр “Газ-66” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10-р бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Б-н жолоодож явсан “Ланд-80” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгслийн урд талын суудалд зорчиж явсан О.Б-н биед зүүн түнхний мултрал, зүүн хөмсөг, хамрын нуруу, хамрын баруун самсайд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Б.Э-н биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цус хуралт, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, зүүн дээд уруулд шарх гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Хөх овгийн Л.З-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолохоор, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарт 15000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Б-д 15197916 төгрөг төлсөн, иргэний хариуцагч С.Б нь хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 3740000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын нэхэмжлэлээс 1678066 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Б-н нэхэмжлэлээс 418620 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нотлох баримтын шаардлага хангаагүй 6631289 төгрөгийн, амь насанд учирсан хохирлын үнэлгээ 84.632.300 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-гийн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин 1269747 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон 92.533.336 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч Л.З, иргэний хариуцагч С.Б нараас, шинжээч нар нь, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 471264 төгрөгийн нэхэмжлэлээ шүүгдэгч Л.З-с гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Л.З-д буцаан олгохоор, 1157627 дугаартай шүүгдэгч Л.З-н жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Л.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Л.З-г хорих ялаар шийтгэхдээ шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулсангүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирогч нарт гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, цаашид ч төлөхөө илэрхийлсэн байгаа нь түүнийг ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж, хүний эрхийн зөрчилгүйгээр хэрэг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг шүүгдэгч Л.З бүрэн хангаж байхад анхан шатны шүүх түүнд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь аав ээжгүй, ах дүүгүй өнчин ганц хүнийг ялгаварлан үзэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан нийгмийн шударга ёсны зарчимд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өөрчилж, шүүгдэгч Л.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Хохирогч О.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нар гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн зарим заалтыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 11 дүгээр талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч насанд хүрээгүй хохирогчийн амь насанд учирсан хохирлын үнэлгээг “Арвижих үнэлгээ” ХХК-д хүсэлтээ гаргаж хийлгэхэд 84 632 300 төгрөг гэж тогтоогдсныг анхан шатны шүүх үнэлэхдээ эрх бүхий ямар албан тушаалтны шийдвэрт үндэслэж гаргасан болох нь хэрэгт баримтаар авагдаагүй гэж дурьдаж, тогтоох хэсэгтээ дээрх үндэслэлээр хэлэлцэхгүй орхижээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу- дүрсний бичлэг, ул мөрнөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, мөн зүйлийн 10 дахь хэсэгт “хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана”, мөн зүйлийн 11 дэх хэсэгт энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Дээрх зохицуулалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд үндэслэн хийгдсэн үнэлгээ буюу “Арвижих үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, мэдээллийн дагуу хийгдсэн, эрх бүхий байгууллагын дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа эрх бүхий этгээдэд өгч хэрэгт хавсаргуулсан, эх сурвалж тодорхой зэргээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан байхад шүүх ямар нэгэн албан тушаалтны шийдвэр, тогтоолын дагуу дүгнэлт гаргах мэтээр тайлбарлаж сэтгэл санааны хохирол, амь насны үнэлгээтэй холбоотойг хохирлын төлбөрийг гаргаагүйд гомдолтой байна.

 Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 11 дүгээр талд эмчилгээ болон оршуулгын зардал 6631289 төгрөгийг нэхэмжилсэн НӨАТ-ын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд тус гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу талийгаачийг оршуулсан зардал нь зайлшгүй гарах ёстой зардал байхад шүүх уг зардалтай холбоотой баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дүгнэлт өгөөгүй нь хохирогчдын зүгээс дахин нотлох баримт бүрдүүлэхэд эргэлзээ төрүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүгийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн шүүх нийт нэхэмжилсэн хохирлоос гаргуулж шийдвэрлээгүй мөнгөн дүн болох 92 533 336 төгрөгийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь нээлттэй хэмээн дүгнэлт өгсөн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргээс тусдаа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэнэ гэж тодорхойлсноос үзэхэд дээрх хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу Иргэний хуулийн 505, 508 дугаар зүйлүүдэд заасан хохирол байх атал шүүх хууль болон тогтоолоос зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх иргэний нэхэмжлэлийг хэлэлцсэн заалтуудад өөрчлөлт оруулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Л.З-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тэнсэх саналыг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар уг зам тээврийн ослын улмаас 4 настай хүүхдийн амь нас хохирсон. Иймд хор уршиг арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.З-гийн гэм буруу болон үйлдсэн гэмт хэрэгт нь шударга ёсны зарчмын хүрээнд нийцсэн үндэслэлтэй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Л.З нь хохирогч О.Б-гийн цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцах шаардлагатай болж байгаа, мөн нэхэмжлээд байгаа амь насны хохирлыг нэгтгээд шийдвэрлэх боломжтой. Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой байна. Нөхөр Ч.Б-гийн гаргасантай санал нэг байна. Хоёр жолооч миний буруу гэж бодоод хохирлоо барагдуулж өгөөч. Би өөрөөрөө бие засаж чадахгүй босоогоороо бие засаж 2 жил болох гэж байна. Миний сууж явсан машины жолооч хүртэл нэг нутаг байж надтай нэг ч удаа ярьж миний биеийг яаж байна гэж асуугаагүй, энэ хүмүүст маш их гомдолтой байгаа. Эмэгтэй хүн 2 жил өөрөөрөө бие засахгүй, босоогоороо бие засаад явж байна гээд бодоод үз. Надад сэтгэл санааны хохирол маш их байна. Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн эмнэлэгт маш их гомдолтой байдаг. Намайг хэвтэрт байж байхад 3 удаа нуруунд наркоз тариа хийчихээд нэг эмч нь орж ирэхгүй алга болсон байсан. Асуухаар нь тэмцээнд орох гээд явсан гэж хэлж байсан. Нэг өдөр нэг дор 3 удаа маш их хүчтэй тариа хийсэн. Би оюун санаагаа алдаж, маш их мартамхай болсон гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүний амь нас хохирсон болон хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг болсон байхад тэнсэж өгөөч гэж байгаа гомдлыг зөвшөөрөхгүй тэнсэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулна гэсэн байдаг. Хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа, Л.З хэргээ хүлээн зөвшөөрөхгүй шүүх хуралдааныг хэсэг хугацаагаар хойшлуулсан. Шинжээчийн дүгнэлтэнд Газ-66 маркын машины гэрлийн хаалт замын хөдөлгөөнд оролцоход хориглосон тусгай зориулалтын хэрэгсэл гэж, энэ авто машины гэрэл бусдад харагдуулахгүй байх зориулалттай тиймээс Ланд-80 маркын тээврийн хэрэгслийн жолооч тулж ирэхэд харсан байх магадлалтай гэсэн. Энэ нь хувь хүний байдлыг дүгнээд хэлэхүйц дүгнэлт гарсан байна гэж үзэж байна. Хохирогч тал гомдолгүй гэж мэдүүлээгүй байхад тэнсэн харгалзах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа нь биднийг доромжилж басамжлах сэтгэгдэл төрүүлж байна. Би төрүүлж өсгөсөн хүүхдийнхээ эцэг хүний хувьд, ханилсан ханыхаа амь нас эрүүл мэндийг нэхэж тэмцэх үүрэгтэй. Хэвлэл мэдээлэл, өлсгөлөн аль ч хэлбэрээр эцсээ хүртэл би тэмцэнэ. Өнчин өрөөсөн ах дүү наргүй гэж яриад байгааг худлаа гэж бодож байна. Ах нь Л.З-г дагуулж ирж уулзаж байхдаа айлын бага хүүхэд, олон ах нартай, боломж бололцоотой яаж хийгээд хохирлыг барагдуулна гэж ярьж байсан. Сонссон гэрч хүртэл байгаа. Нэхэмжилсэн хохирлоо гаргуулж эмчилгээ, хагалгааг нь хийлгэхгүй бол хугацаа нь болж байна. Би шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэж байсан нь бодит байдлыг харуулах гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байсан. Шүүхээс хагалгаа эмчилгээнд нь хүрэлцэхгүй хохирол төлбөр гаргуулж байгаад маш их гомдолтой байна. Энэ хэргээс болж Л.З-д 2 жилийн ял оногдуулж байгаа нь ч шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна гэв.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Л.З-д оногдуулсан эрүүгийн хариуцлагын тал дээр ямар нэгэн санал байхгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой, мөн хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр надтай зөвлөлдөж 3 үндэслэлээр гаргасан гомдлыг дэмжиж байна. Сэтгэл санааны хохирол болох “Арвижих үнэлгээ” ХХК-ны гаргасан 84 632 000 төгрөг, мөн хэрэгсэхгүй болгосон 6 631 289 төгрөг нийт 92 533 336 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирол арилаагүйг ойлгож байна. Шүүгдэгчийн хувьд биеэр эдлэхгүй ялтай байвал ажил хийж цаашдын хохирлыг төлөх чин эрмэлзэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн бол тэнсэж болохоор хуульчилсан, мөн энэ нөхцөлийг хангавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Шүүгдэгч нь биеэр эдлэх ялаас зайлсхийж байгаа зүйл биш ажил хийж хохирогчид дэмжлэг болох чин эрмэлзэлтэй байгаа учраас ялыг тэнсэж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хохирогч нарын учирсан хохирлыг тэр нь их энэ нь бага гэх зүйл байхгүй. Хүнд хагацал зовлон шиг хэцүү зүйл байхгүй, тэрийг бол ойлгож байна. Тийм учраас хохиролтой холбоотой асуудлыг шүүх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байх. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорих ялыг тэнсэж өгнө үү. Хохирогч нарын нэхэмжилсэн мөнгийг ажил хийж төлбөрийг нь барагдуулна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.  

Шүүгдэгч Л.З-гийн жолоодож явсан “Газ-66” маркын тээврийн хэрэгсэл нь С.Бгийн жолоодож явсан “Ланд-80” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөд уг машинд  сууж явсан З.А, У.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол гардуулаагүй, давж заалдах гомдлуудыг танилцуулаагүй зэрэг хуульд заасан эрхээр тэднийг хангаагүй байна.

        Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, хохирогч О.Б нарт учирсан зарим хохирлыг /НӨАТ баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй ... гэх/ хэлэлцэхгүй орхин, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлж тооцоогүй, ямар баримтыг тооцсон нь ойлгомжгүй, тодорхойгүй. Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт өгөөгүй нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дахин нотлох баримт бүрдүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байгаа нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             

         Иймд энэ талаарх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлуудыг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Л.З-д холбогдох эрүүгийн 1926004860101 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.