Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж

Нарийн бичгийн дарга                   Б.Алтансүх

Улсын яллагч                                 Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч       С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  сэтгэл зүйч мэргэжилтэй, “Атибус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо Орчлон хороолол 43-48 тоотод оршин суух, Саварт  овогт Мөнхбаярын Өлзийхүү /РД:ШД86100410/-т холбогдох эрүүгийн 201710010101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Өлзийхүү нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох ховор ургамал болох 219,4 кг нарсны төрлийн ургамлын үрийг /Сибирь хуш/ 00-89 УНЦ улсын дугаартай автобусны тээшний хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Өлзийхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хийсэн хэрэг үнэн. Хэрэгт энэ талаараа урьд нь мэдүүлсэн тул өөр ярих зүйлгүй...гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс эрүүгийн хэрэгт тогтоогдсон 767900 төгрөгийг нэхэмжилнэ. Хуралд оролцохгүй...гэжээ.

Замын-Үүд дэх Гаалийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулсан материал/ 5-11 тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 18-21 тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 24-26 тал/

Эд зүйл устгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 34-35 тал/

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 38 тал/

Иргэний нэхэмжлэгч Т.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 40 тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 44 тал/

Атибус ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45 тал/

Гэрч А.Сакен мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Автобусны нуувч хөндий ихтэй учир рентген зургаа авахуулаад ир гээд уг автобусыг рентгений гаалийн бүс рүү явуулсан. Ойролцоогоор 1 цаг гарны дараа автобусны жолооч болох Есөнбаяр нь рентген зургаа барьж ирсэн. жолоочийг ирэхээс өмнө рентгений байцаагч нар манай ахлах Мөнхжаргалаар дамжуулан уг автобусны гарах хаалганы доод хэсэгт самар байх магадлалтай гэж хэлүүлсэн байсан. Тэгээд зөрчлийн байцаагч Ганхүүг дуудаж хамт автобусанд үзлэг хийсэн, үзлэг хийх явцад уг автобусны арын гарах хаалганы доод хэсэгт лүкэн дотроос 4 том, 1 жижиг шуудайтай нийт 219,7 кг хуш модны цайруулсан буюу чөмөөгүй самар гарч ирсэн... анх автобусны жолооч Есөнбаяр самар байгаа талаар хэлээгүй. Дараа нь рентгенээр орчихоод гарч ирэх үедээ лүкэнд байгаа талаар хэлсэн...” гэжээ /хх-ийн 46 тал/

Гэрч Б.Есөнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:“2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос 00-89 УНЦ улсын дугаартай Zhoug tong маркийн саарал өнгийн автобусаар БНХАУ-ын Эрээн хот хүртэл хүн тээвэрлэсэн. Автобус Амгалангийн авто вокзалаас хүн суулгаж байхад надтай хамт явж байсан жолооч Өлзийхүү дайвар авсан. Тухайн үед би автобусанд хүн суулгаж байсан ба Өлзийхүүг хаанаас хэнээс ямар зүйлийг дайвар гэж авсан болохыг нь мэдээгүй...тухайн үед Өлзийхүү их хэмжээний самар автобусны багажанд хийсэн талаараа мэдээгүй. Харин сүүлд Замын-Үүд сум дахь Шалган нэвтрүүлэх боомтоор рентгенээр гарах гэж байгаад мэдсэн. Багажанд сүүлд харахад 25 кг-ийн нийт 4 шуудай, мөн тал шуудай самар гарч ирж байсан... тээшний хэсэгт байх хаалганаас өөр хаалга байхгүй тийшээ самрыг хийхийн тулд тээшэнд байх хаалтыг боолтоор нь тайлж авч онгойлгон самрыг хийнэ...” гэжээ. /хх-ийн 48-50 тал/

Гэрч Л.Ганхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “автобусны зорчигчийн хэсэг рүү орох лукены хэсэгт угалник төмөр гагнаж наагуур нь нимгэн шахмал модны гадуур нь цулхайгаар бүрж хаалга мэт зүйлийг авахад дотор нь 5 шуудай хуш модны цайруулсан самар байсан… гэжээ. /хх-ийн 51-52 тал/

Гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 53 тал/

Гэрч Ц.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 54 тал/

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 тал/

Шүүгдэгч М.Өлзийхүүгийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын хуулбар /хх-ийн 101-103 тал/

Шүүгдэгч М.Өлзийхүүгийн иргэний  үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 112-113 тал/

Шүүгдэгч М.Өлзийхүүгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117-118 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Өлзийхүү нь  2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хязгаарласан бараа болох 219,4 кг нарсны төрлийн ургамлын үрийг /Сибирь хуш/ 00-89 УНЦ улсын дугаартай автобусны тээшний хэсэгт нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэн 767900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг гэрч А.Сакен, Б.Есөнбаяр, Л.Ганхүү нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч М.Өлзийхүүг Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 767900 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг хохирлоо нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн тул түүнээс 767900 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт 00-89 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж иргэний нэхэмжлэгч “Атибус” ХХК-д буцаан олгохоор тогтов.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Саварт овогт Мөнхбаярын Өлзийхүүг хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өлзийхүүг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өлзийхүү нь 450 000 төгрөгийн торгуулийн ялыг уг тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн дотор багтаан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өлзийхүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өлзийхүүгээс 767900 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 00-89 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч “Атибус” ХХК-д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч М.Өлзийхүү нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ