Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00735

 

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч З.У, Н.Л нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 152 844 441 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.У, Н.Л нар нь тус банктай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-RCC2013121208-1-н тоот орон сууцны зээлийн гэрээг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БГ-RCC2013121208-1-809-13/095-тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 160 000 000 төгрөгийг орон сууц худалдан авахаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь ЗГ-RCC2013121208-1 тоот орон сууцны зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаартай, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 37 тоот хаягт байрлах, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, зээлдэгч З.Уын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 77.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан баталгаажуулсан. Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 11 326 346.97 төгрөг, төлбөл зохих хүүгийн төлбөрөөс 54 282 778.73 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар ЗГ-RCC2013121208-1-н тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үүргээ биелүүлээгүй тул удаа дараа шаардан, зээл төлөх боломжит хугацааг олгосон боловч төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл, ЗГ-RCC2013121208-1-н тоот орон сууцны зээлийн гэрээний 9.2-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэлтэй. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 148 673 653 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 141 693 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 595 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 8 500 төгрөг, нийт 152 844 441 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн, сүүлийн 2 жилээс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн талаар маргахгүй. 3 өрөө байр банкны зээлээр худалдаж авсан. Уг байрны үнийн дүнгээр үлдэгдэл төлбөрөө төлж, зээлийн 30 хувийн барьцаанд тавьсан байрыг чөлөөлж өгөхийг хүсч байна. Гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүргийг нэхэмжилснийг зөвшөөрнө гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээл 148 673 653 төгрөг, зээлийн хүү 4 141 693 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 595 төгрөг, нийт 152 835 940.51 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 152 844 441 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол З.Уын өмчлөлийн Г-000288367 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37-р байр, 32 тоот хаягт байршилтай, 77.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, З.У, Н.Л нарын өмчлөлийн Г-000146678 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байр 37 тоот хаягт байршилтай, 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, өмгөөлөгч байхгүй үед шүүх хуралдаан болсон, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-RCC2013121208-1-н тоот орон сууцны зээлийн гэрээг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БГ-RCC2013121208-1-809-13/095-тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. График төлөлт алдагдсан дүнгээр төлөлтийн дээрх гэрээг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бололцоог хангасан шийдвэр гараагүй гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч З.У, Н.Л нарт холбогдуулан үндсэн зээл 148 673 653 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 141 693 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 295 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой зардалд 8 500 төгрөг, нийт 152 844 441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1-3/

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргахдаа зээлийн үлдэгдлийн тооцоололд маргахгүй гэжээ.

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр З.У, Н.Л нар “ХХБ” ХХК-тай ЗГ-RCC2013121208-1-н тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулан 160 000 000 төгрөгийг, жилийн 8 /сарын 0.6660 хувь/ хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж, зээлийг хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Орон сууцны зээлийн гэрээний /хх9-10/ 9.2.2-т хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор заасан болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргаагүй, нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэл нийт 152 835 940 төгрөг шаардсаныг болон гэрээнээс татгалзсантай холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан хохиролд тооцож нотариатын зардал 8 500 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар шаардсаныг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь зөв байна.

ЗГ-RCC2013121208-1-н тоот орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ-RCC2013121208-1-809-13/095-тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд З.Уын өмчлөлийн Г-000288367 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37-р байр, 32 тоот хаягт байршилтай, 77.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, З.У, Н.Л нарын өмчлөлийн Г-000146678 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байр 37 тоот хаягт байршилтай, 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд банкны зээлээр худалдаж авсан байрны үнийн дүнгээр үлдэгдэл төлбөрийг төлөх талаарх хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, /хх40-41, 52-53, 60-61, 68-69, 75-76/ өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяннэмэх өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /хх81/ тул хариуцагчийн шүүх өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 992 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ