Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0539

 

 

 

 

 

 

2017 оны 7 сарын 27 өдөр                   Дугаар 221/МА2017/0539                          Улаанбаатар хот

        

Т.*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Т.******* нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Т.*******ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөхморьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж олгоогүй. Мөн хуульд зааснаар албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан тохиолдолд өөр ажлын байраар хангах ёстой байгаа.

Өдий хүртэл намайг ажлын байраар ч хангаагүй. Нийгмийн ажилтны ажлын байр хасагдаад байгаль орчны байцаагчийн ажлын байр нэмэгдсэн. Үүнд би ажиллах бүрэн боломжтой байсан.

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 сумын Засаг даргын захирамж нь илт хууль бус тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул миний гомдлыг хүлээн авч тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Т.******* нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус Тамгын газрын Нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан байх ба маргаан бүхий Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталж, Нийгмийн ажилтны орон тоо хасагдаж, оронд нь Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоо нэмэгдсэн байна.

Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг Нийгмийн ажилтны албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд “дээрх Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын А/66 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын Б/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тусгаагүй байна.

Тэрчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллах боломжтой байсан..., ...мэргэжил таарахгүй гэвэл төрийн хөрөнгөөр 6 сар мэргэшүүлж, өөр ажлын байраар хангах байсан..., ...ажлаас халагдсаны тэтгэмж олгоогүй...,  ...захирамж үндэслэлтэй гэж үзвэл ажлын байраар хангах ёстой...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөрөөр тодорхойлж, нэхэмжлэгчийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж, шүүхээр ямар шийдвэр гаргуулахаар шаардлага гаргасан нь ойлгомжгүй байхад шүүх энэхүү байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинээр бий болсон Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлах хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэх, тус албан тушаалд ямар журмаар, ямар хүнийг, ямар шалгуураар томилсонтой холбоотой нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй тайлбар гаргасан байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН