Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00682

 

Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 157 дугаар шийдвэр,        

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Болормаад холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхсайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Т.Батжаргал, хариуцагч С.Болормаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум дундын 27 дугаар шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 282а дугаартай шийдвэрээр Д.Раднааханд, С.Болормаа нараас 6 164 863 төгрөг гаргуулж, Хас банканд олгохоор шийдвэрлэсэн. Сум дундын 27 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1/970 дугаартай албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч С.Болормаагийн өмчлөлийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002019 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 48 м.кв бүхий 8*6 м.кв хэмжээтэй палкан байшинг, нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 мкв газрын хамт барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Хас банкны нэр дээр бүртгэл хөдөлгөөн хийхийг мэдэгдээд байсан юм.Гэтэл зээлдэгч нь шүүхээр маргаан шийдвэрлэгдэх хугацаанд банктай 2009 онд байгуулсан Баталгаат ипотекийн гэрээний 3.2.8 дахь заасан барьцаалуулсан газар дээрээ барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ барих тохиолдолд энэ тухай банкинд урьдчилан мэдэгдэх ба тухайн барилга байгууламж баригдаж дууссаны дараа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, Хас банкинд нэмж барьцаалуулах үүрэгтэй гэж заасныг зөрчин барьцааны газар дээр 8*6 м.кв харьцаатай палкан байшин, 3х6 гараашийг Хас банкинд мэдэгдэлгүйгээр шинээр нэмж барьсан байсан.Үүнээс шалтгаалж, Хас банкны барьцаанд буй нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газар мөн уг газар дээр байсан барьцаалагдсан үйлчилгээний зориулалттай 48 м.кв бүхий 8*6 м.кв хэмжээтэй палкан байшинг худалдан борлуулж төлбөр төлүүлэхэд хүндрэл үүсч байгаа юм. Шинээр баригдсан палкан байшин, гараашийг барьцааны бусад хөрөнгөтэй хамт худалдан борлуулбал худалдан борлуулах үнэлгээ нэмэгдэж, худалдан авагчийн худалдан авах боломжийг бууруулах, зөвхөн барьцааны хөрөнгийг худалдан борлуулбал газрыг зориулалтын дагуу ашиглахад хүндрэл учруулах, газар дээрээ бусдын өмчлөлийн байшинтай байгаа байдал нь боломжит худалдан авагчийн сонирхлыг бууруулах зэрэг нөхцөл байдал үүсч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаанд хүндрэл учруулж байна.Мөн барьцааны газар дээр барьсан барилга байгууламжийг буулгаж газрыг худалдахыг өмчлөгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба эдгээр шалтгааны улмаас барьцаалагчийн барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрх зөрчигдөж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад Иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаална гэж заасны дагуу Хас банкны эрхийг зөрчиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа нөхцөл байдлыг арилгуулах буюу барьцааны газар дээр барьсан барилга байгууламжийг буулгаж албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь би Хас банкнаас ямар нэгэн зээл авч ашиглаагүй. Харин миний төрсөн эх Д.Раднааханд нь 2008 оны 6 сард Хас банкны Хөвсгөл салбараас 20 сая төгрөгийн зээл авч Улаанбаатар хотод нэг өрөө байр худалдаж авсан.Зээл авах үедээ Хас банк ээж Д.Раднаахандыг өөр банкинд давхар зээлтэй гээд хүүхдийнхээ нэр дээр зээл авч өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж зээлээ авч болно гэсэн гээд 18 дугаар байрны гурван өрөө орон сууцаа С.Болормаа миний нэр дээр шилжүүлж зээл авч байсан. Ээж зээлээ төлж дуусгаад 3 өрөө байрныхаа гэрчилгээг авах гэхэд банк доллараар шилжүүлж авсан гээд долларын ханшны зөрүү төлбөр шаардахад манай хашаа байшингийн гэрчилгээг өөрийнхөө машины хамт барьцаалж 4 сая төгрөгийн үлдэгдлийг 18 сарын хугацаатай төлөхөөр 2 дахь гэрээг хийсэн байсан.Энэ гэрээг байгуулахдаа ээж Д.Раднааханд нь банкинд миний өмнөөс хүсэлт гарган өгч Хас банк болон Д.Раднааханд нар нь намайг байлцуулахгүйгээр өөрсдөө харилцан тохиролцож гэрээг хийсэн. Манай хашаа байшингийн гэрчилгээг ээж Хадгаламж банкны өөрийн хүүгийн зээлийн барьцаанаас дөнгөж суллаж аваад Хас банкинд барьцаалсан байсан. Дахин 2009 оны 10 сард хийсэн энэ зээлийн гэрээндээ намайг ээж Д.Раднааханд гарын үсэг зуруулахын тулд 6-7 хоног гуйж бас шаардсан....Уг нь Хас банк ээжийн автомашиныг банкны нэр дээр болгож үлдэгдэл 4 сая төгрөгөө төлүүлсний дараа манай хашаа байшингийн гэрчилгээ барьцаанаас чөлөөлөгдөх байсан. ...манай гэр бүл өөрсдийн амьдарч буй сууцны байшингаа 2005 онд барьж эхэлсэн бөгөөд 2007 онд дуусгаад 2007 оны 03 дугаар сарын 11-нд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тул Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хас банкны Хөвсгөл аймаг дахь салбарын барьцааны эрх бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв эзэмшлийн газраас Ү-1723003611 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбай бүхий 6*8 м.кв хэмжээтэй палкан байшин, 3*6 м.кв харьцаатай гараашийн хамт чөлөөлөхийг хариуцагч С.Болормаад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Болормаагаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 718 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн 157 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хас банкны Хөвсгөл аймаг дахь салбарын барьцааны эрх бүхий Хөвсгөл аймгийн мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв эзэмшлийн газраас Ү-1723003611 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбай бүхий 6x8 м.кв хэмжээтэй палкан байшин, 3x6 м.кв харьцаатай гараашийн хамт чөлөөлөхийг хариуцагч С.Болормаад үүрэг болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 282а дугаартай шийдвэрт “...хариуцагч нарыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-1723002019 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хашаа байшин, ...худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж” гэж шийдвэрлэсэн байгаа болохоос давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нэгж талбарын 210701388 дугаар бүхий гэрчилгээтэй 600 м.кв газрыг дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчсөн байна гэсэн нь буруу байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх ёстой.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэсэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаална гэсний дагуу Хас банкны эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа нөхцөл байдлыг арилгуулах буюу барьцааны газар дээр барьсан барилга байгууламжийг буулгаж албадан нүүлгүүлэх нь зүйтэй бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн магадлалд буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Хас банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 49 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч С.Болормааг барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн буюу газар дээр байшин байгууламж нэмж барьснаас барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах боломж буурсан гэж үзэж, барьцааны газар дээр шинээр барьсан барилга байгууламжийг буулгах, албадан нүүлгэх шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч С.Болормаа нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 65000049\01\ дугаартай барьцаат зээлийн гэрээнд УБД1723002019 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу 48 мкв талбай бүхий, 2004 онд ашиглалтад орсон, “5-73-1” хаягт байршилтай палкан байшин, 600 мкв талбай бүхий газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээ зэргийг барьцаалжээ \хх-ийн 7 дугаар тал\.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2829 дүгээр шийдвэрээр С.Болормаа, Д.Раднааханд нарын “Хас” банкинд төлөх зээлийн өр төлбөрийн хэмжээг тодорхойлж, төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцааны 1723002019 улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшин болон автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Харин барьцааны гэрээнд тусгагдсан 600 мкв талбай бүхий газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрт заагаагүй байна. Шүүхийн шийдвэрт заагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар явуулсан шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тодорхой эд хөрөнгө барьцаалах нь үүрэг гүйцэтгүүлэгчид тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх үүсгэхээс бус өмчлөх эрхийг үүсгэхгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар “Хас” банкны нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй шинээр баригдсан гэх 8х6 хэмжээтэй палкан байшин нь улсын бүртгэлийн Ү-1723003611 дугаарт 2007 оны 3 дугаар сарын 11-нд буюу зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө бүртгэгдсэн байх тул уг барилгыг “барьцааны газар дээр барьцаалуулагчид мэдэгдэлгүйгээр шинээр нэмж барьсан” гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Хас” банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй, нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус тусгасан байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4.-т заасан барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болоогүй учир саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д заагдсан эрх нэхэмжлэгч “Хас” банкинд үүсээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хүчингүй болгож” гэсний дараа “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 157 дугаар зүйлийн 157.4.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул С.Болормаад холбогдох барьцааны газар дээр барьсан барилга байгууламжийг буулгаж, албадан нүүлгэх тухай “Хас” банкны Хөвсгөл салбарын” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН