Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 396

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 627 дугаар магадлалтай, 201625014494 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1955 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй,

-1978 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,

-2001 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

-2002 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдриййн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

-2017 онд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн, Сорхонболд овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол болон Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 8 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 71.240.391 төгрөг гаргуулж 40.000.000 төгрөгийг хохирогч Ч.Энхболдод, 31.240.391 төгрөгийг хохирогч Ц.Оюунбилэгт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 493 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.Цогзолмааг тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн нь хийсвэр болсон. Д.Б нь Ц.Оюунбилэгийн итгэлийг эвдэж, хууран мэхэлж хэлцэл хийсэн болохыг шүүх тогтоосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “энэ зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх” гэсний дагуу Ц.Оюунбилэгийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 дүгээр байрны 701 тоот 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө байрны өмчлөгч болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Оюунбилэгийн орон сууц өмчлөх эрх дуусгавар болсон гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх Д.Б-ыг 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 2-ны хооронд Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарыг хуурч мэхлэн Ч.Энхболдын өмчлөлд байсан 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцож, өөрийн хамаатан болох Ц.Оюунбилэгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, дараа нь өөрийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч иргэн Н.Цогзолмаад худалдаж бусдад 76.240.391 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тухайн орон сууцыг гуравдагч этгээд буюу Н.Цогзолмаад хууль ёсны дагуу шилжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед 90.000.000 төгрөгийн үнэтэй байсан байр Д.Бын буруутай үйлдлийн улмаас 50.000.000 төгрөгөөр зарагдаж, хууль ёсны өмчлөгч гэх Н.Цогзолмаа нь 33.000.000 төгрөг Д.Б-д өгсөн ба одоо түүнд ямар ч эд хөрөнгө байхгүй.

Шийтгэх тогтоолд “анх байрыг худалдаж авахад Ч.Энхболдоос 30.000.000 төгрөг, Ц.Оюунбилэгээс 20.000.000 төгрөг гаргаж байсан” гэж зөвхөн Ч.Энхболдын анх цагдаад өгсөн өргөдөл, түүний мэдүүлгээр дүгнэлт хийж байгаа нь өрөөсгөл болсон. Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Оюунбилэг “Солонгост хамт ажил хийж байгаад энэ байрны мөнгө бий болсон, эмэгтэй хүн арай бага хөлстэй ажил хийдэг болохоор л Ч.Энхболд өргөдөлдөө бичсэн. Бид хамт ажиллаж мөнгө олсон. Тусдаа амьдрахаар болоод байраа зарахдаа 90.000.000 төгрөгөөр зараад хувааж авахаар тохирсон” гэдгийг Ч.Энхболд үгүйсгээгүй тул хохирогч нарыг тэнцүү хохирсон гэж үзэх нь шударга ёсонд нийцнэ.

Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч миний гомдлыг хэлэлцсэн боловч дүгнэлт хийгээгүй, энэ талаар тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хохирогч Ц.Оюунбилэгийн зөрчигдсөн эрхийг сэргээж, иргэний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Н.Цогзолмааг байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосныг өөрчлөх боломжгүй. Н.Цогзолмаа нь байрыг 50 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон, дутуу төлбөрийг төлөхөөс татгалзахгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Н.Цогзолмаагаас 17 сая төгрөг нэхэмжлэх эрх Д.Б болон Ц.Оюунбилэг, Ч.Энхболд нарт байгаа. Энэ асуудлыг урьдчилан шийдвэрлэх боломжгүй тул хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь 2015 оны 10 дугаар сард хохирогч Ч.Энхболдын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 байрны 701 тоот 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж Ц.Оюунбилэгийг хуурч мэхлэн, дээрх орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Ц.Оюунбилэгийн өмчлөлд шилжүүлж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны дрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, уг орон сууцыг иргэн Н.Цогзолмаад 33.600.000 төгрөгөөр худалдаж, Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарт 76.240.391 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Иргэн Н.Цогзолмаа нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 95-701 тоот 47.2 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан болох нь Иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул хохирогч Ц.Оюунбилэгийн орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх талаар өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Боос Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 95-701 тоот 47.2 м.кв орон сууцны үнэ 76.240.391 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

Харин дээрх хохирлын мөнгийг хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарт тэнцүү хувааж олгуулах талаар гаргасан өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байх тул хохирогч Ч.Энхболдод олгох хохирлын хэмжээнээс шүүгдэгч Д.Б-ын төлсөн 5.000.000 төгрөгийг хасч Ч.Энхболдод 33.120.195 төгрөг, хохирогч Ц.Оюунбилэгт 38.120.195 төгрөг олгуулах, мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д өмнөх болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолын 3 болон 8 дахь заалтад тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Боос 71.240.391 төгрөг гаргуулж хохирогч Ч.Энхболдод 33.120.195 төгрөг, хохирогч Ц.Оюунбилэгт 38.120.196 төгрөг тус тус олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 627 дугаар магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “хохирогч Ц.Оюунбилэгийн орон сууц өмчлөх эрхийг сэргээлгэх” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН