| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0039/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/22 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Азжаргал, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З холбогдох эрүүгийн 2539007420364 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Знь 2025 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 2 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын … багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ддух, нүд орчим гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд дух яс, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539007420364 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.Азжаргал: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч С.З: “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.
1.Шүүгдэгч С.З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хохирогч Б.Д “...2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын….. багт нутаглах О гэх айлд өдрийн 16 цагийн орчимд эхнэр Гэнэнчимэдийн хамтаар очсон. Эхнэр бид хоёрыг очих үед О эхнэрийнхээ хамт, З эхнэр Б хамт, Э эхнэр Б-н хамтаар бид 8-уулаа уулзалдсан. Ингээд О-ы гэрт нийлэлдэж бид 8-уулаа архи согтууруулах ундааны зүйл болох 4 шил 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Ингээд миний бие тухайн архиндаа согтоод гэрээс Э-ын хамт гарч юм яриад зогсож байгаад цааш юу болсныг санахгүй байна. Ингээд өглөө 06, 07 цагийн орчимд сэрэхэд зүүн нүд хавдсан, өвчин зовуурьтай, толгой маш их өвдөлттэй болсон байсан. Ингээд тэр өглөө босох гэхэд толгой өвдөөд орноос босож чадалгүй 1 хоног хэвтэж байгаад 8 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт байх гэртээ ирсэн. Ингээд гэртээ ирээд амарч байх үед оройн 00 цагийн орчимд толгой маш хүчтэй өвдөөд байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Ингээд тэр шөнө яаралтайгаар Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн... Миний бие шүүх эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Миний зүүн талын нүд хавдаж улайсан, толгойн дагз хэсэг нугасаа дагаж хүчтэй өвдөж байгаа. Гэмтлийн эмнэлэгт яаралтайгаар очоод үзүүлэхэд эмч нь Менингит гэдэг оноштой байна гэсэн... Би гомдолтой байна. Хөл дээрээ босож явж чадахгүй хэвийн байгаа... Тэр өдөр буюу 8 дугаар сарын 01-ээс 02-ны шилжих шөнө хамт уусан Зтой маргалдсан гэсэн. Тухайн үед гэрийн хойд талд юм ярьж байгаад хүчтэй цохисон хамт ууцгаасан найзууд болон гэр бүлийн хүн болох эхнэр Г надад хэлж байсан. Би өөрөө бол санахгүй байгаа. Маргааш өглөө нь босоод хэн намайг цохисон талаар асуухад З надад хандан би чамайг цохисон юм аа уучлаарай гэж хэлж байсан. Тэр асуудлын дараагаас З эмчилгээний мөнгө болох 2,250,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),
-Хохирогч Б.Д дахин өгсөн “...Одоогоор миний биеийн байдал сайжирч байгаа, босоод явдаг болсон. Тухайн цаг үед буюу 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Батноров сумын … багт нутаглах О-ы гэрт очих үед миний зүүн нүд хөх туяатай, хөмсөг дээрээ бага зэргийн шалбархай байсан. Тухайн зүүн нүдний хөх туяа болон хөмсөгний шалбархайг 3 хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 29-ний өдөр тус сумын 3 дугаар багт хөдөө байх үедээ хамаатны дүү М-н араас автомашинд суух гэж байгаад санамсаргүй байдлаар М-д тохойлдуулсан. Тухайн үйлдэл санамсаргүй болсон. Тэр цаг үед миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тэгээд 7 дугаар сарын 30-ны өглөө сэрэхэд зүүн нүд бага зэргийн хөх туяа орчихсон, зүүн нүдний хөмсөг дээр жижигхэн хэсэг газар шалбарсан байсан. Миний зүүн нүдэнд ямар нэгэн зовуурь, хөндүүр байгаагүй. Харин Зт цохиулснаас болж толгой өвдөж, удаан босож явж чадахгүй болж, зүүн нүдэндээ гэмтэл аван эмнэлгээр явах болсон. Тэр цаг үеэс хойш З надтай байнга холбоотой байж, эмчилгээнд минь зориулж 3 сая гаран төгрөг өгсөн... Тухайн цаг үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Зтой маргалдсан, зодолдсон зүйл байгаа. Бүгдийг нь сайн санахгүй байна... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлага байхгүй гэж бодож байна. Би дүгнэлт тогтоолгохгүй... Миний бие цаашид эрүүл саруул болсон үедээ гомдолгүй гэсэн бичгээ албан ёсоор гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар тал),
-Гэрч Г “...2025 оны 7 дугаар сарын 30-ны өглөө тус сумын 3 дугаар багт нутаглах Мөнх-Эрдэнийн хөдөө гэрт амарч байх үед нөхөр Д шөнө ирээд унтаж амарсан байсан. Ингээд өглөө 09 цагийн орчимд Д-тэй уулзаад харахад түүний зүүн нүд нь бага зэрэг хөхөрсөн байдалтай зүүн хөмсөгнийх нь дээхэн талд шалбарсан байдалтай байсан. Тэгээд Д-с нүдээ яасан талаар асуухад өчигдөр шөнө М санаандгүй тохойлдсон юм гэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр тэдний хамаатны дүү болох М-н хөдөө гэрт нь 4, 5 хоносон. Ингээд 8 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Д-н хамтаар тус сумын … багт байх О-ы гэрт очсон. Ингээд тэднийд найзуудаараа нийлж, уулзалдсан. Тэгээд тэр орой нь уусан архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Ингээд өглөө нь 07 цагийн орчимд сэрсэн. Тэгэхэд нөхөр Д О-ы зүүн талын илүү гэрт нь унтаж байхаар нь сэрээгээд уулзахад зүүн талын нүд нь тэр чигээрээ хавдсан, тагларсан харах боломжгүй хүнд зодуулсан байдалтай байсан. Тэгээд Д-г босгоод цай унд уулгах гэхэд толгой нь маш хүчтэй өвдөлттэй, босож явж шээж чадахгүй байсан. Тэр үед нь хаванг нь буулгах зорилгоор хүйтэн жин тавиад нэмэргүй байсан. Тэгээд Д-с урд шөнө юу болсон талаар асуухад надад хандан З обо буюу З намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд З-c асуухад тиймээ би цохисон гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш 14 цагийн орчимд аймгийн төв рүү гэртээ хүргүүлсэн. Аймгийн төвд ирээд удалгүй оройн 22 цагийн орчимд толгой нь хүчтэй өвдөж зүүн нүдээр нь хатгуулж өвдөөд байна гэхээр нь аймгийн эмнэлгээс түргэн дуудаж өвчин намдаах тариа хийлгүүлсэн. Тэгээд дахин хүчтэй өвдөөд байхаар нь 04-ний өглөө 08 цагт аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлээд яаралтайгаар Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү түргэний автомашинаар явсан. Тэр цаг үеэс хойш З ирж уулзаад эмчилгээнд нь зориулж мөнгө төгрөг өгсөн. Тийм л зүйл болсон. Миний зүгээс нөхрөө эрүүл саруул болгомоор байна. Одоогоор ажил төрөл хийхгүй гэртээ хэвтрийн дэглэмтэй, эмчийн хяналтад байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
-Гэрч М.М “...Ингээд 2025 оны 8 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд тус сумын … багийн нутаг дэвсгэрт …. нэртэй газарт хамаатан ахынхаа улсын аваргын баяр наадамд очсон. Ингээд тухайн наадамд очоод байж байх үед хамаатны Д ахтай таарсан. Ингээд бид хоёр юм яриад сууж байгаад Д ахтай хамт ээжийн унаж явсан автомашины арын суудал руу суух үедээ, араас суух гэж байсан Д ахын зүүн нүд хэсэг рүү нь зүүн гарын тохойгоороо санамсаргүй байдлаар нэг удаа тохойлдсон. Тухайн цаг үед Д ах бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан... Тухайн цаг үед миний бие Д ахын нүд рүү хүчтэй тохойлдоогүй. Нүднээс нь цус гарсан болон хавдсан зүйл байгаагүй. Тэр өдрийн маргааш орой нь хөдөө гэрт Д ахтай уулзахад зүүн нүднийх нь дээр, хөмсөгнийх нь доод талд бага зэргийн хөх туяа орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Гэрч Ж.О-ы “...2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хамаатан Д эхнэрийнхээ хамт манай хөдөө гэрт ирсэн. Ингээд бид хэд ярилцаж байгаад найзуудаараа уулзаж суухаар болж сумын төв рүү өдрийн 14 цагийн орчимд Д, Э, З бид 4 хамт яваад 16 цагийн орчимд хөдөө гэрт ирцгээсэн. Ингээд Э эхнэртэйгээ, Д эхнэртэйгээ, З эхнэртэйгээ бид 8-уулаа уулзаж ярьж суусан. Ингээд тэр өдрийн орой 8 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Д З хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн цаг үед бид бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухай цаг үед З Д-д хандан чи миний нүүр рүү өшиглөлөө гээд хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг хаана хэзээ маргалдаж зодолдсон гэдгийг мэдээгүй. Ингээд Д З хоёрыг Э бид хоёр салгаад болгосон. Тэгээд би тэр хоёрыг салгачхаад гэрт ороод сууж байх үед гэрийн гадна талаас З ганцаараа орж ирээд эхнэрийгээ аваад гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Ингээд удалгүй гаднаас Д гэрт орж ирсэн. Тэгэхэд Д нүдээ бариад З намайг цохьчихлоо гэж хэлээд орж ирсэн. Тухайн цаг үед Д-гийн нүд хавдсан байдалтай орж ирсэн. Тийм л зүйл болсон. Тэгээд маргааш өглөө нь Дгийн зүүн нүд хавдсан, нүд нь харахгүй байсан. Ингээд манай гэрт хоёр хонож байгаад аймгийн төв рүү З-р хүргүүлсэн. Манай гэрт байх үедээ толгой нь өвдөөд байна гэж хэлж байсан. Мөн гэрт байх үедээ хавдсан нүдэндээ хүйтэн жин тавьж байсан... Тухайн өдөр буюу 8 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед манайд ирэхдээ Д-гийн зүүн талын нүд бага зэргийн ягаан туяатай ирсэн. Мөн хөмсөгнийх нь дээхэн талд бага зэргийн жижигхэн язарсан гэмээр хар хүрэн өнгийн тав байсан. Тухайн цаг үед би бодохдоо хүнд цохиулаа юм болов уу гэж бодож байсан. Тухайн цаг үед би Д-гээс зүүн нүдээ яасан юм гэж асуугаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 505 дугаартай “1.Б.Д биед дух яс, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дугаар тал),
-Шүүгдэгч С.З./ З миний бие О гэх найзынхаа гэр Э-тай тоглоод ноцолдоод байж байсан чинь гаднаас Д орж ирээд миний толгой хэсэгт шууд өшиглөсөн яагаад өшиглөсөн гэдгийг нь би сайн мэдээгүй. Тэгээд Д гэрээс гараад явсан би ардаас нь гараад яагаад өшиглөсөн бэ гэж тодруулахад тайлбарлахгүй надтай маргалдаад байсан. Э О хоёр бид хоёрын муудалцах болгонд салгаад байсан. Хэсэг хугацааны дараа Д тайвширсан 2 найз ч гараад явсан. Д бид гэрээс гараад гэрийн хойд талд гадаа суугаад ярилцаж байгаад бид маргалдаж зодолдсон би Д-гийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл байхгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан учир энэ мэдүүлэг дээр товчхон ярьчихлаа. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна, ажиж ийм асуудал гаргахгүй би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа... Намайг зүгээр байхад гэрт орж ирж толгой хэсэгт өшиглөсөн. Дараа нь эвлэрэх гэтэл зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Үл ойлголцсон учраас миний уур хүрч бид хоёр маргалдаж зодолдсон. Би их харамсаж байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өмнө нь амьдралд ахуйд нь их тус болдог байсан. Бид хоёр уг нь гэр бүлийн найзууд... Би Д-гийн хохирол мөнгийг барагдуулсан бид хоёр төрөл садан ах дүү нарын л хүүхдүүд, би одоо хүртэл уудаг эмийнх нь мөнгийг өгч байгаа... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч С.З-нь 2025 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 2 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын … багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д дух, нүд орчим гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд дух яс, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.З нь хохирогч Б.Д эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед дух яс, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананд хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч С.З-нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.З-г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.З нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн дух нүд хэсэгт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд дух яс, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананд хугарал гэмтэл бүхий хүнд хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Д-гээс “...би С.З-т хохирол гомдолгүй, биеийн байдал сайжирсан эмнэлгийн төлбөрт 4,000,000-5,000,0000 төгрөг авсан. Энэ хүнд гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар тал) байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.З-r Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-г 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч С.З-с шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН