Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.И-д холбогдох эрүүгийн 2539000000186 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаал

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.И нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... баг Хэрлэнгийн 07-07 тоотод байх байшинд Б.У-г шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000186 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Төгсбаяр: “Шүүгдэгч Э.И-д хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Э.И болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.

 

Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт.

Шүүгдэгч Э.И нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 07-07 тоотод байх байшинд Б.У-г шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16 дугаар тал),

-Хохирогч Б.У-ны “...2025 оны 5 дугаар сарын 07-ний өдөр 16 цагийн орчимд гэртээ халамцуу архи уусан байж байхад зүс таних И гэх залуу манайд орж ирэхдээ нэг шил хараа нэртэй архи, нэг пивотой орж ирээд чи муу намайг яагаад өдөөд байсан бэ? гэхээр нь яасан юм гэхэд би дээр айлын жорлонгийн нүх ухуулах гэхэд чадахгүй гээд биз дээ гэж уурлаад байсан. Тэгээд гэрээс маань манайд очиж архи ууя гэж авч гараад гэрт нь очиход гэр нь цоожтой байсан ба хадмынд нь буюу байшинд нь орсон. Тэгээд архиа ууж ч амжаагүй сууж байхад шууд намайг нүүр рүү маань нэг удаа буюу зүүн нүд рүү хүчтэй цохиод баруун зүүн хөл рүү маань өшиглөсөн. Тэгээд би айгаад гэрээс нь гарч гүйгээд цагдаа дуудсан. Би бол И-ын биед халдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Намуунтөгсийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай “1.2. Б.У-н биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор булан, дух, баруун сарвуу, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дух, баруун сарвуу, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-Шүүгдэгч Э.И-ын яллагдагчаар өгсөн “...2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд зүс таних ах болох Б.У гэх ахынд очиж нэг шил хараа нэртэй архи авч очоод тэгээд та нойлын нүхний шороо таталцаад өгөөч гэхэд үгүй гээ биз дээ гээд би уурласан. Тэгээд гэрээс нь гараад манай гэр рүү яваад гэртээ ирэхэд манайх цоожтой байсан. Тэгээд манай хадмын гэрт ороод би уурандаа У ахын нүүр рүү нь нэг удаа буюу зүүн нүд рүү нь нэг удаа цохиод хөл рүү нь өшиглөж улмаар хөнгөн зэргийн гэмтэл гаргасан асуудал үүсгэсэн. Тэгээд би цагдаагаас одоо намайг хорих байх гэж айгаад цагдаагийн байгууллагад ирэлгүй Улаанбаатар хот руу чимээгүй яваад өгсөн юм. Би буруу зүйл хийснээ ойлгосон. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч Э.И нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... баг ..... тоотод байх байшинд Б.У-г шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч нь хүний биед хууль бусаар халдаж цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Э.И хохирогч Б.У-ны эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Э.И нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Э.И-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

1.3.Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.У нь “..байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал) гэж мэдүүлжээ.

Хохирогч Б.У-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нь “ шүүх хуралдаанд 3.57% согтолттой” ирсэн болох нь илтгэх хуудсаар тогтоогдож байх тул  шүүх хуралдааны танхимаар оролцуулаагүй болно.

Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг баримтаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1.Шүүгдэгч Э.И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэгт хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэж өгнө үү” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

2.2.Бусад шийдвэрийн талаар:

Эрүүгийн 2539000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.И нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                А.МӨНХСАЙХАН