| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0042/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/27 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч М.Г , шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г холбогдох эрүүгийн 2539000000455 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.Г нь 2025 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн ........тоотод байх өөрийн гэртээ Д.Б унтсангүй, агсам тавьсан гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа хэд, хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000455 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г ын эрх ашгийг хамгаалж миний бие өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн хэргийн үйл баримттай холбоотой гаргасан нотлох баримтыг судалж оролцохгүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно.” гэж байр суурийг тус тус илэрхийлсэн болно.
Шүүгдэгч М.Г : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
1.Шүүгдэгч М.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-23 дугаар тал),
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-47 дугаар тал),
-Хохирогч Б “...2025 оны 10 сарын 17-ны өдөр Бор-Өндөр сумаас Хэрлэн суманд замын хүмүүс авч ашиг олох гээд 4 зорчигч аваад Хэрлэн суманд орой 20 цагийн үед ирсэн. Аймагт ирээд хүмүүсээ буулгаад дүүгийн гэрт очих үед дүү гэртээ байгаагүй. Би яг хөдлөх гэж байсан чинь дүү ирсэн. Тэгээд дүүгийн гэрт ороод хоол цай идэж уугаад дүүтэй хамт Ханбүргэд дэлгүүр ороод нүүрс бас 0.75 хэмжээтэй Хараа нэртэй 1 шил архи аваад дүүгийн гэрт очиж бид хоёр хувааж уусан би дүүг цохиж байсан гэдгээ санаж байна дүүгээ би уурлуулсан би өөрөө л болсон надад өөр нэмж ярих зүйл байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... (хавтаст хэргийн 07-08, 10 дугаар тал)
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Намуунтөгсийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаартай “1.2.Б биед баруун нүдний доод зовхи, дотор булан, толгойн зулай, дух, чамархайн хуйх, баруун чихний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),
-Шүүгдэгч М.Г ын яллагдагчаар өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой 21 цагийн үед ажлаасаа тараад ирэхэд ах гэрийн үүдэнд машин дотроо намайг хүлээгээд байж байсан. Тэгээд гэр рүүгээ ороод хоол цай хийж идээд, дэлгүүр ороод 7 шуудайн нүүрс ахдаа авч өгөхөд ах дүүдээ 0.75 литрийн Хараа авч өгье гээд тэгээд архи, нүүрсээ аваад гэр рүүгээ явсан архи ууж дуусаад ахын утас дугараад хүнтэй уулзана гээд гарсан тэгээд цаг гаруй хугацааны дараа гадаа түжигнээд байсан. Тэгээд ах орж ирээд чи намайг зодлоо гээд агсан тавиад байсан ах орж ирэхдээ нүүр цус болсон, хавдсан байдалтай байсан. Тэгээд би ахыгаа 2 удаа цохиод 1 удаа алгадсан, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн ........тоотод байх гэртээ унтсангүй, агсам тавьсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж хохирогчийн биед баруун нүдний доод зовхи, дотор булан, толгойн зулай, дух, чамархайн хуйх, баруун чихний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.Г нь хохирогч Б эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, биед баруун нүдний доод зовхи, дотор булан, толгойн зулай, дух, чамархайн хуйх, баруун чихний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч М.Г нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.Г ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.Г тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт цохих, алгадах идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний доод зовхи, дотор булан, толгойн зулай, дух, чамархайн хуйх, баруун чихний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Б “...миний бие нь Г ямар нэгэн гомдол, саналгүй...” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 71 дүгээр тал) ирүүлсэн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН