| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0283/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/28 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, гэрч О.Ц /цахимаар/, М.Р, шинжээч И.Базаррагчаа /цахимаар/, иргэний хариуцагч “ Э Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2339003670527 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М Хэнтий аймгийн ...... гэх газарт Улаанбаатар-Чингис чиглэлийн Дорнын их зам дээр 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Lexus LX470 маркийн...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Н.А нас барж зорчигч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:
1.1.Хэргийн үйл баримт, түүний нотлогдсон байдлын талаар:
Шүүгдэгч Э.М нь Хэнтий аймгийн .... гэх газарт 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Lexus LX470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эсрэг урсгал руу сөрж өөдөөс ирж явсан Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Н.А нас барж зорчигч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( I хавтаст хэргийн 08-15 дугаар тал),
-Цогцост хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 16-20 дугаар тал),
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт (I хавтаст хэргийн 24-25, 36-37 дугаар тал),
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( I хавтаст хэргийн 26-32 дугаар тал),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 38-43 дугаар тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (I хавтаст хэргийн 46-47, 48-51 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эгийн “...Манай нөхөр талийгаач Н.А энэ ажилдаа 3 дахь жилдээ явж байна. Үндсэн ажил нь энэ ажил нь биш. Уг нь А зочид буудалд менежер хийдэг. 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирээд 2023 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 07 цагт гэрээсээ гарсан. Өглөө болгон над руу залгадаг тэр өглөө над руу залгаагүй. Тэгээд 6 хоногийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цуг ажилладаг Э гэх найз нь над руу мессенжерээр залган Э мөн үү? гэж асуухад үгүй хэмээн тоглож хэлэхэд утсаа тасалсан. Удалгүй гар утас дуугарч авахад мөн Э гэх найз нь залгаж А нас барчихлаа хэмээн хэлсэн. Тэгээд би итгэхгүй захирлынх нь дугаарыг аван ярьж асуухад “Манай компани нэг машин осолдчихлоо, А газар дээрээ өнгөрсөн, цуг явж байсан 2 хүнийх нь биеийн байдал муу, хот руу аваад явж байна” гэсэн. Тэгээд би хотоос гарч хэргийн газар ирэхэд миний нөхөр нас барсан нь үнэн байсан... Авто осолд орсны улмаас нас барсан гэж бодож байна. Нарийн зүйлийн сайн мэдэхгүй байна... Уг нь өглөө болгон залгадаг байсан. Харин 8 сарын 12-ны өдөр бол огт холбоо бариагүй. Утас нь холбогдохгүй байсан учир би нөхрийгөө хөдөө явчихсан байна л гэж бодсон... Гомдолтой. Жолооч болон тухайн компаниас нөхрийнхөө амь насны болон сэтгэл санаа бусад хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Хохирогч Р.О-н “...Тухайн өдрийн өглөө миний бие хадам ээж Т хамтаар Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд замын унаанд суугаад гарсан. Өмнөх өдөр нь зар дээрээс нэг машины жолоочийн утас олоод тухайн хүнтэй ярилцаж тохиролцоод өглөө нь “Тэнгэр плазагаас хөдөлсөн. Саарал өнгөтэй билүү цагаан ч билүү Приус машин байсан. Тухайн үед ээж маань хотод хорт хавдрын химийн эмчилгээ хийлгээд буцах гэж байсан тул аль болох зөөлөн явах тухтай машин хайж байж олсон нь энэ. Ингээд ээж бид 2 тухайн машины арын суудал дээр суугаад замдаа гарсан. Замдаа Хэрлэнгийн гүүр өнгөрөөд явж байхдаа унтах гээд нүдээ аниад явж байсан чинь гэнэт л түс тас гээд л машин нэг юм мөргөсөн үү эсвэл замаасаа гарсан уу би нь хадам ээжийгээ л гялс тэврээд авсан. Тэгээд хартал манай машин замаасаа гараад замын гуу руу ороод зогссон байсан. Өөр нэг хар машин нэлээн зайтай манай машинаас баруун тийш зогсож байсан. Ингээд манай машины жолооч ээж бид 2-ыг Хэнтий аймаг орох унаанд суулгаж өгөөд Хэнтийгээс Дорнод аймаг орох унаанд ээж бид 2 дамжиж суугаад аймагтаа ирсэн... Осол болох үед манай машиныг 40 орчим насны эрэгтэй хүн жолоодож явсан. Замын унаа болохоор жолоочийг нь хэн гэдгийг мэдэхгүй байна... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл анзаарагдаагүй. Ээж бид 2-ыг машинд суусны дараагаар ч мөн архи дарс хэрэглээгүй... Нүдээ аниад явж байсан болохоор яг хэдэн км.цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ хурд бол гайгүй явж байсан... Тухайн өдөр нартай гоё өдөр байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан зүйл болоогүй. Замд саад учирсан талаар мэдэхгүй байна... Нүдээ аниад явж байсан болохоор хэн нь яасан талаар мэдэхгүй байна. Lexus 470 маркийн машиныг ирж байхыг нь хараагүй... Ээж бид 2 арын суудал дээр сууж явсан... арын суудал дээр явсан тул хамгаалах бүс зүүгээгүй... Миний зүүн өвдөг хавдаад өвчтэй болсон. Өвдөхөөр нь барын лент наасан. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй... Анх Улаанбаатар хотоос гарахдаа замын зардал 100,000 төгрөг төлсөн. Осол болсон газраас Хэнтий аймаг хүртэл 30,000 төгрөг, Хэнтий аймгаас Дорнод хүртэл 50,000 төгрөг нийтдээ 180,000 төгрөгийн зардлаар ирсэн. Үүнээс 80,000 төгрөг тухайн жолооч төлсөн. Одоо үлдэгдэл 100,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 169-172 дугаар тал),
-Хохирогч Д.Т_н“...Миний бие сардаа 1 удаа Улаанбаатар хотод очиж химийн тариа хийлгэдэг юм. Тухайн үед бэр охин болох ОюунТ хамтаар хотод эмчилгээгээ хийлгэчхээд буцаад Дорнод аймаг руу явж байсан юм. Саарал өнгийн Приус маркийн машин байсан шиг санагдаж байна. Охин бид хоёр тухайн машинд Тэнгэр плаза авто тээврийн газраас сууж өглөө хотоос гарсан. Тэгээд хоол иддэг Цэнхэр гэх газар өнгөрөөд явж байтал гэнэт л түс тас гээд явчихсан. Охин бид 2 арын суудал дээр сууж явсан ба нэг мэдэхэд л миний сууж явсан машин замын хажуугийн гуу руу хамраараа ороод зогсчихсон байсан. Харин манай машинтай мөргөлдсөн бололтой нэг хар өнгөтэй машин нэлээн баруунтай байсан. Тэгээд миний сууж явсан машины жолооч нь замын машин зогсоож өгөөд охин бид 2-ыг явуулсан. Би химийн тарианы хордлоготой байсан болохоор бие маань тавгүй байсан юм... Охин бид 2 ард талын суудал дээр урд талд нь жолооч тэгээд хажууд нь бас нэг хүү суугаад явж байсан. Бид нар мөнгөө өгөөд зар харж байгаад суусан болохоор жолоочийн нэрийг нь мэдэхгүй. Ойролцоогоор 40 нас хүрсэн хүн шиг байсан... Миний анзаарснаар лав архи дарс уугаагүй байх. Замдаа ч тийм юм хэрэглээгүй... Тэр машин ер нь их давхихгүй гайгүй хурдтай явж байсан. Яг тэд орчим хурдтай гэж хэлж мэдэхгүй байна... Замын үзэгдэх орчин зүгээр, нартай өдөр байсан. Замд ямар нэг саад тулгарсан эсэхийг хараагүй... Манай машин явж байснаа гэнэт л түс тас гээд явсан. Тэр Lexus 470 машиныг бол би урдаас ирж байгааг нь ч хараагүй... Би машины арын суудалд сууж явсан... ...Нуруунд өвдөөд байдаг болсон. Ирсний дараа наалт наасан. Одоо хааяа өвдөөд байдаг юм... Ойролцоогоор 100,000 гаруй төгрөг болсон байх... Үзүүлж дүгнэлт гаргуулна... эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 175-178 дугаар тал),
-Хохирогч Б.Б-н “...Тухайн үед би ...Улаанбаатараас Дорнод аймаг чиглэлд явах Pruis маркийн тээврийн хэрэгсэлд өглөө 09 цагийн үед Тэнгэр плаза худалдааны төвөөс хөдөлсөн. Би тухайн үед тэр тээврийн хэрэгслийн урд талд нь суугаад явж байсан. Надтай хамт жолооч болон арын суудал дээр хоёр настай эгч суугаад явж байсан. Тэгээд Хэрлэнгийн пост өнгөрөөд 20км орчим явж байхад эсрэг талын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явж байхад араас нь хар өнгийн Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлж гарч ирээд миний сууж явсан талаас орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед тэр тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд дуусаж амжаагүй байхдаа мөргөлдсөн. Би тэр хар өнгийн Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг урсгал сөрсөн гэж бодож байна. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй хэсэг рүү мөргөсөн бөгөөд дугуй нь цааш орсон тул нэлээн цаана очоод зогссон. Би Дорнод аймагт ажил явдал гарчихсан байсан учир тэр газар дээрээс цааш өөр тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн... Би жолоочийг танихгүй 40 гаран насны эрэгтэй хүн жолоодож явсан... Миний сууж явсан тээврийн хэрэгсэл эгнээдээ явж байсан. Миний сууж явсан тал руу мөргөөд цааш болж байхыг харсан... надад гомдол санал байхгүй... Би мөргөлдсөний дараа буугаад харахад нэг хүн замын хажуу талд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 181 дүгээр тал),
-Иргэний нэхэмжлэгч Б.Б-н“...Би Дорнод аймагт амьдардаг тэр өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг руу ажлаар явахаар болоод Баянзүрх дүүргийн Чулуун овооны Тэнгэр плаза дээрээс Дорнод аймаг руу явах одоо улсын дугаарыг нь санахгүй байна Toyota prius-30 маркийн машинд суусан. Надтай хамт хоёр 50 гаран насны эмэгтэй хүн цуг явсан. Тэгээд бид нар яваад Хэрлэнгийн пост өнгөрөөд 20 орчим км газар яваад эсрэг талын урсгалаас хар өнгийн жийп машин урсгал сөрж хурдтай ирээд миний сууж явсан талаар 2 машин мөргөлдсөн. Тэгээд миний сууж явсан машин замынхаа хойд тал руу гарч зогссон. Би сууж явсан машинаасаа буугаад харахад нөгөө мөргөлдсөн жийп замын урд тал руу онхолдсон байсан. Тэр үед зам дээр нэг хүн шидэгдсэн байсан. Тэр үед тэр машины араас явж байсан машины хүмүүс нөгөө онхолдсон байсан машин дээр очоод машинаас нь хүн гаргаад машиндаа суулгаад аваад явсан. Би яг хэдэн хүн гаргаж байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан 2 хүн хүн гаргаж байсан байх... Би тэр үед урд талын суудалд жолоочийн хажууд явж байсан... Би тэр осолд орохоосоо өмнө биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл авч байгаагүй. Надад ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй... Тэр ослоос болж миний нүүр шалбарсан байсан. Өөр гэмтэл бэртэл учраагүй... Би өөрийн эмчилгээндээ мөнгө гаргаагүй. Надад гаргаж өгөх баримт байхгүй... Тэр үед гадаа нартай, цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй, замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй... Айхтар хурдтай яваагүй хурд хэтрүүлээгүй гэж бодож байгаа. Учир нь би Тэнгэр плазагаас хөдлөхдөө машины арын суудалд сууж явсан 2 хүний нэг настай эмэгтэй нь “би машины урд сууж чадахгүй” гэсэн. Тэгээд нөгөө эгчийн охин нь “би хойно ээжтэйгээ сууя” гэсэн. Тэр үед тэр настай эгчийн охин нь ээжийгээ хотод эмчилгээ хийлгээд буцаж байгаа талаараа ярьж байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийн урд суудалд суусан... Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 185 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч Б.Э-ын“...Би 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн ..... сумаас би Lexus-470 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолоочийн хажууд буюу урд талын суудал дээр суугаад жолооч М жолоодоод арын суудал дээр А суугаад Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Тэгээд төв зам нь засвартай гээд хажуу талын шороон замаар явсан. Тэгээд ........ сум ороод засмал замтай нийлсэн. Тэгээд удалгүй зам тээврийн осолд орсон. Би зам тээврийн осол болох үеийг хараад сууж байсан ба урд талаас Pruis маркийн тээврийн хэрэгсэл нь алсуураа даялаад ороод ирэхээр нь манай жолооч баруун тийш үрүүлээ дараад аюулгүй дэр нь задраад бүх шил нь хагарч бутраад замын хажуу тал руу онхолдсон. Зам тээврийн осол болох үед миний ажилдаа ашиглаж байсан Dell 17 маркийн notebook 1 ширхэг, Nikkor 27-70mm F2.8 Lens Nikkor 80-200mm F2.8 Lens маркийн эд зүйлд эвдэрсэн, дахин ашиглах боломжгүй болсон... М нь жолоодож явсан. Талийгаач нь арын суудал дээр ганцаараа суугаад явж байсан... Дахин ашиглах боломжгүй болсон тул эд зүйлс үнэлгээ хийлгэх болно... Би гомдолтой байна. Миний ажлын гол багаж буюу эд зүйлс эвдэрсэн тэрнээс болоод санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, ажил хөдөлмөр хийж чадахгүй байна. Буруутай жолоочоос эд зүйл болон хохирсон хохирлоо нэхэмжилж авах болно... 70-80 км цагийн хурдтай явж байсан... Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Урьд шөнө нь унтаж амарсан байх гэж бодож байна, үйл ажиллагаа нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний оройн 19 цагийн орчим дуусаад жолооч нь амарсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 188 дугаар тал),
-Иргэний хариуцагч О.Н-н“...Манай байгууллага гадаадын жуулчдад аяллын үйл ажиллагаа хөтөлбөр зохион байгуулдаг. Тэр хөтөлбөрийн нэг хэсэг нь морь унуулдаг гадаадын жуулчдыг 10 хоногийн уралдаан зохион байгуулдаг. Тэгээд бариа нь тэр үед Хэнтий аймгийн ..... суман дээр 2023 оны 8 дугаар сарын 11-ний орой хөтөлбөрийн хаалтын ажиллагаагаа хийсэн. Манай байгууллага 2023 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 10 орчим цагийн үед ..... аас хөдөлсөн. Би тэр үед 45 хүний суудалтай автобусанд жуулчдаа аваад явсан. Намайг Багануур дүүрэг рүү орж байхад манай жуулчдын ачаа ачсан машины жолооч над руу ярьсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Танайхны нэг нь осолдсон байна хүн эмнэлгийн багийнхан чинь ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би сандраад үйл ажиллагаа хариуцсан хүн рүүгээ залгасан боловч холбогдож чадаагүй сүлжээгүй байсан. Тэгээд манай хүн эмнэлгийн багийнхан тухайн үед анхны тусламж үзүүлээд Багануурын эмнэлэг аваад явсан гэсэн... А нь бартендер, Энь мэргэжлийн зурагчин, М нь жолооч ажил үүрэг гүйцэтгэж байсан... Гэнэтийн ослын даатгалтай байсан, манай байгууллага Бодь даатгалтай хамтран ажилдаг... 2-3 хоногийн хооронд манай байгууллага хуралддаг тэр үедээ сургалт орж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг... Тэр өдөр ажил дуусаж байсан болохоор багууд өөр өөрсдийнхөө сууж байсан машинд суугаад явсан... Манай байгууллагаас бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа буруугүй гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 204 дүгээр тал),
-Гэрч С.Э-н “...Тухайн өдөр Хэнтий аймгийн ..... сумаас Улаанбаатар хотын чиглэлд 16 Жийп, 8 Истана, Делика зэрэг машинууд явж байсан. 1000 км морины аяллын 42 жуулчин 80-аад ажилчид явж байсан. 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн зүг явсан. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр уралдаан эхэлсэн. Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгаар 1000км явж Хэнтий аймгийн ..... суманд бариа нь байсан. 9 хоногийн уралдаан байсан бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 10-11-ний өдөр дуусаж 8 дугаар сарын 12-ны өдөр 9 өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу явсан. Ажилтай хүмүүс нь түрүүлээд явсан ба хэд хэдээрээ цувраад явсаар. Би ерөнхийдөө эхний машинуудтай явсан. Багануурын пост өнгөрөөд явж байхад ард үлдсэн машинуудаас Батбаатар гэх жолооч 11:10 минутад ард явж байсан машин унасан гэнээ эмнэлгийн баг явуул гэж хэлсэн. Би захиралд хэлж, захирлын машины хамт ........ руу хөдөлсөн. Хэрлэнгийн гүүр гарах гэж байхад эмнэлгийн машин осолдсон манай машины жолооч зорчигчдыг тээвэрлэн явж байсан. Захирлыг эмнэлгийн машиныг дагуулан явуулж би өөрөө хэргийн газар луу явсан. Би машиндаа 2 орчуулагчтай явж байсан. Бид 3-ыг хэргийн газар очиход ард үлдсэн манай 2 Истана ирчихсэн онхолдсон машинд сууж явсан нэг хүн нь нас барсан, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл Лексус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай замын урд хэсэгт дээшээ харсан Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд хэсэгт замаас гарсан байдалтай байсан. Намайг очсоны дараа 20-оод минут болоод Багануур дүүргийн түргэн тусламжийн машин ирсэн. Түргэн ирээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан настай эмээгийн даралтыг үзээд буцаад явсан. Тэрнээс хойш 20-30 дараа ........ын цагдаа нар ирж тухайн замын хөдөлгөөнийг хаасан. Ийм зүйл болсон... Машины эд зүйл зам дээгүүр тарж 2 машин мөргөлдөж нэг нь дээшээ харсан нөгөө машин нь замын хойд тал руу замаас гарсан байсан... Жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй. Анх гэрээ хийхэд жолооч нартай хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн дүрэм байсан... Машинаасаа ер нь бууж ирээгүй. Эмнэлгийн машин ирэхэд Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ирж манай машинд явж байгаа настай хүний даралт ихсээд байна үзээд өг гээд эмнэлгийн машин дээр ирсэн. Тэгээд сүүлд хальт харахад зорчигчдоо замын унаанд суулгаад явуулж байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-Гэрч Б.М “...Тухайн өглөө 8 цагаас өглөөний цайгаа уучхаад Хэнтий аймгийн ... сумаас Улаанбаатар хотын чиглэлд 16 Жийп, 8 Истана, Делика зэрэг машинууд явж байсан. Би машинуудаа явуулаад хамгийн сүүлд нэг Истана, нэг Портертой цуг хөдөлсөн. Хөдлөөд явж байхад Портер ард үлдээд миний сууж явсан Истана түрүүлээд явсан. Истанад жолооч би ахиад нэг орчуулагчийн хамт явж байсан. Хөдөлсөн газраас нэг цаг гаран явж байтал “манай жолооч энийг хардаа” гээд хартал нэг хар машин замын хажууд зүүн талд онхолдож хажуугаараа харчихсан байсан. Машинаасаа буугаад харахад манай цуг явж байсан машинуудын нэг байсан. Бид нар машин руу дөхөж очиход Ганаа гэх манай нэг Истанагийн жолооч ах болсон явдлын талаар ярьж Бартендер залуугийн нэг эндэж цуг явсан хүмүүс нь Багануур явсан талаар хэлсэн. Тэр газар Лексус маркийн тээврийн хэрэгсэл хажуу талаараа дээшээ харсан байдалтай замын урд хэсэгт байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс шүргэлцсэн машин нь тэнд байна гэж ярьж байсан. Тэгээд хартал Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд хэсэгт замаас гарсан байдалтай байсан. Зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал гайгүй байна лээ гэж хүмүүс ярьж байхаар нь Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл рүү очоогүй. Намайг очсоны дараа Багануур дүүргийн түргэн тусламжийн машин ирсэн. Түргэн тусламжийн эмч ирж үзээд буцаад явсан. Тэгээд цагдаа ирээд зам хаагаад байж байхад шүүх эмнэлгийнхэн ирсэн... Тиймээ намайг очиход амьсгал хураасан байсан... Тухайн өдөр эхнэрийнх нь төрсөн өдөр гэж ярьж байсан. Тэгээд эрт хот очиж бэлэг авна ажил амжуулна гэж байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Гэрч Г.Ш “...Манай компани морин уралдааны аялал зохион байгуулдаг компани. 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Булган аймаг очин Булган аймгаас гараа нь эхэлж Өвөрхангай аймаг, Төв аймаг, Хэнтий аймгийн Баянмөнх, Хэнтийн ..... д бариа нь байсан. Бид нар ийм маршруттай 80-аад ажилчин, 42 аялагчтай 9 хоног уралдаж 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхний хүн барианд очоод маргааш нь буюу 8 дугаар сарын 11-ний өдөр сүүлийн хүн барианд орсон. Тухайн өдрөө тэр газраа хоноод зарим чухал ажилтай хүмүүс нь тэр өдрөө явж үлдсэн хүмүүс нь маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар руу хөдөлсөн. Тэр өдөр 20 гаран тээврийн хэрэгсэл Улаанбаатар руу хөдөлсөн. Талийгаач Бартендер хийдэг байсан. Манайх тухайн үед 2 бартендертэй явж байсан. Бартендерүүд бүх хэрэгсэл, эд зүйл зэргийг хурааж бүртгэж аваад хамгийн сүүлд нь хөдлөх байсан. Гэхдээ талийгаач эхнэрийнх нь төрсөн өдөр гээд яараад зурагчны машинд суугаад явсан байсан. Би дунд хэсэгт нь явж байсан ба талийгаач надаас хойш явж байсан. Бид нар Багануур луу орж байхад манай нэг жолооч ард манай машин унасан гэнэ, нэг хүн эндсэн юм шиг байна гэж хэлээд миний сууж байсан машин болон бид нарт мэдээ хэлсэн машинууд буцаад ........ руу буюу ослын газар луу явсан. Хэрлэнгийн гүүрний наад талд явж байхад эмнэлгийн машинтай осолд орсон хүмүүс Багануур луу явж байхаар нь би гэмтсэн хүмүүсээ даган Багануур явж нөгөө жолооч /менежер/ маань хэрэг болсон гэх газар луу явсан. Тэгээд бид нар эмнэлэг дээр очин хүлээн авах руу орсон. Би юу болсон яасан талаар асуухад талийгаачийг өнгөрсөн талаар хэлж би нөгөө бартендер рүүгээ хэлж ар гэрт нь хэл гэж хэлээд нөгөө гэмтсэн 2 хүнээ аваад Улаанбаатар хот руу явсан... Бүгд гэрээний ажилчид. Бүгдтэй нь 2023 оны 7 дугаар сарын 29-ноос 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан... Тэмцээн дуусаад шагналаа гардуулаад тэмцээнээ хааж үйл ажиллагаа зохион байгуулж зарим хүмүүс нь согтууруулах ундаа хэрэглэсэн. Гэхдээ М, Э, А нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Анх тэмцээн эхлэхээс өмнө би жолооч нартай хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх гэрээ хурал хийж байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
-Гэрч Б.Э-ын“...М Д гэх морин уралдааны хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос гаран Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас гараа нь эхлээд Хэнтий аймгийн ..... суманд бариа нь байсан нийт 1000 км замыг өртөөчилсөн байдлаар 15 хоног яван 2023 оны 8 дугаар сарын 11-ны өдөр бариандаа орсон. Тэр орой нь хаалтын үйл ажиллагаагаа хийж тэндээ амраад маргааш өглөө нь өглөөний цай 8 цаг 30 минутаас байсан ба өглөөний цайгаа уучхаад майхан саваа хураагаад 9 цаг өнгөрч байхад тухайн газраас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би жолоочийн хажуу талын урд талын суудал дээр сууж. М жолоо барин, А ард талын суудал дээр сууж явж байсан. ..... сумаас гараад явахад замын засвар хийж байсан ба шороон замаар ороод нэлээн явж байгаад хоолны газруудтай суурингийн наад талаас засмалдаа орсон. Уг зоогийн газраас нэлээн явж байгаад уг зам тээврийн осол болсон. Осол болохын өмнө бид нарын урдаас цэнхэр өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан тэр машинаас өөр тээврийн хэрэгсэл тухайн зам дээр бид нарын урдаас болон ард талаас харагдаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл замын бүдэг цагаан зураас руу ойртсоор байсан ба бид нарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үедээ уг Приүс маркийн тээврийн хэрэгслийн тал хэсэг нь цагаан зураас даван орж ирсэн. Тэгээд манай жолооч уг машиныг мөргөхөөс зайлсхийх гэж дарахад 2 машин хоорондоо мөргөлдөж манай машин цохилт авахад машины аюулгүйн дэр буудаад тэгээд машины 3-4 удаа бүтэн эргэсэн байхаа замын урд талд баруун талаар хазайн тээврийн хэрэгслийн хамар урд зүг рүү харсан байсан. Тээврийн хэрэгсэл осолдсоны дараа миний баруун хөл машины хаалга газар 2-ын дунд хавчуулагдсан, толгой хэсэг маань лүүкээр жоохон цухуйсан байсан. Манай жолооч хамгаалах бүсээ тайлан машины лүүк хэсгээр гадагшаа гарсан дараа нь Улаанбаатар хот талаас ирж байсан тээврийн хэрэгслээс 2 залуу машин луу ирээд манай жолоочийг тосож аван тээврийн хэрэгслийн гадна суулгасан Тэгээд тэр 2 залуу миний хөлийг гаргах гээд машиныг түлхэж ганхуулаад миний хөлийг гаргасан. Бид 2 машинаас гаран машины баруун талын далангийн шороон дээр сууж байхад бид нартай мөргөлдсөн Приүс-30 тээврийн хэрэгслийн жолооч ирээд бид 2-ын урд талд зогсож байгаад тэнд цугларсан замын хүмүүстэй “шороо руугаа дараад гаргачихгүй яасан юм бэ?” гэж байсан. Тухайн өдөр ийм зүйл болсон... 70 км/цагаас хэтрээгүй хурдтай явж байсан... Архи согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал байхгүй... Эд хөрөнгийн хохирол гэвэл камерын линз эвдэрсэн. Нотебүүк эвдэрсэн. Бие эрхтний хувьд тархины доргилт, хамрын мурийлт, уушгины цус хуралт, нүдний цилиндртэй болсон, баруун гарын 3 толгойн булчин тасарсан зэрэг оношнуудтай байгаа... Камерын линз Никор 2470 2.8d ex linz /3 жилийн өмнө 3,500,000 төгрөгөөр/ авч байсан. Нотебүүк i7 240gb ssd 500mb hdd Gtx 2080 200gb /5 жилийн өмнө 2,400,000/ авч байсан... Намрын улирал гэдэг зурагчин хүнд хамгийн чухал болохоор надад санхүүгийн хохирол учирч байна. Би ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг хүн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),
-Гэрч Н.Ч-н “...Би тэр өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 12-ны Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй манай ажлын ах Э-ын эзэмшлийн Toyota mark-2 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Урантогос, 2 хүүхдийнхээ хамтаар явж байсан. Тэгээд Хэнтий аймгийн ........ сум өнгөрөөд нэлээн яваад зам дээр зам тээврийн осол гарсан байсан хажуугаар нь зөөлөн өнгөрч байхад нэг эрэгтэй хүн гүйж ирээд сүлжээтэй газарт очихоороо яаралтай түргэн тусламж дуудаад өгөөрэй гэсэн. Тэгээд бид хэд яаралтай явж байгаад сүлжээ оронгуут манай эхнэр У 103 руу залгаж дуудлага өгсөн... Би тэр осол болох үеийг бол хараагүй осол болсны дараа хажуугаар нь өнгөрч явахдаа харсан намайг харахад замын хойд талд Toyota prius-30 маркийн машины зүүн талын урд гэрэл болон зүүн талын булан нь нэлээн сэвтсэн харагдсан. Замын урд талд нэг хар өнгийн машин онхолдсон байсан замын урд хэсэг болон шороон дээр нэг хүн хэвтэж байсан... Тухайн үед цэлмэг нартай, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин хэвийн, замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй... Тэрийг нь санахгүй байна олон машин зөрсөн болохоор анзаараагүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 43 дугаар тал),
-Гэрч Н.У_н “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн эзэмшлийн Toyota Mark-2 маркийн 04-89 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нөхөр болох Чинзоригт болон 2 охины хамт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан, тэгээд зам буюу Хэнтий аймгийн ........ сумын нутагт нэг залуу зам дээр гар өргөөд гүйж ирээд надад хэлэхдээ та сүлжээ ороод цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудаад өгөөч энд зам тээврийн осол гарчихлаа гэж хэлэхээр нь Багануур дүүргийн нутаг ороогүй байхад утсанд сүлжээ ороод ирэхээр нь би Цагдаагийн байгууллага тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн... Би зам тээврийн осол болж байхыг хараагүй ба хажуугаар нь гараад өнгөрөх үед хар өнгийн тээврийн хэрэгсэл замын урд талд хазайгаад уначихсан байдалтай замын хойд талд Pruis-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан урд хэсэг нь хагарсан байдалтай байсан... Тухайн үед гадаа тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Их халуун байсан... Би иргэний үүргээ биелүүлж түргэн тусламж болон цагдаагийн байгууллагат дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 45 дугаар тал),
-Гэрч Т.С-н “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ..... сумын Цагдаагийн тасагт зохицуулагч цагдаагийн ажил хийдэг. 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн ........ сумын 2 дугаар баг Устын ам гэх газар зам тээврийн осол гарсан гэх дуудлагад Хэнтий аймгийн ........ сумын байнгын хяналтын постоос цагдаагийн хамт очсон. Намайг уг дуудлагад очиход Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатараас Хэнтий чиглэлд засмал замаас гарч замын шороон хөвөөний хажууд 4 дугуйн дээрээ зогсож байсан. Харин Лексус маркийн тээврийн хэрэгсэл Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд асфальтан зам дээр бүхээгийн зүүн хажуугаар доошоо харж осолдсон байдалтай байсан. Уг зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барсан 2 хүн гэмтсэн байсан. Бид нарыг хэргийн газар дээр очиход гэмтсэн гэх 2 хүн Багануур дүүргийн эмнэлэг рүү явсан байсан. Аймгаас гарсан ажлын хэсгийг ирэхийг хүлээн хэргийн газрын хамгаалалт аваад 2 цаг орчим хугацаа болсны дараа Хэнтий аймгаас ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирсэн. Тэгээд бид хэргийн газрын үзлэг хийсэн... Тухайн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл болон замын голд үүссэн тоормосны мөрүүдийг үндэслэн А цэгийг авсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
-Гэрч О.Ц “...Би Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст Криминалистикийн шинжээчийн ажил хийдэг. Би 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсгийн хуваарьтай байсан. Тухайн өдөр өглөө 10 цагийн үед Хэнтий аймгийн ........ суманд зам тээврийн осол гарсан гэх дуудлага ирсний дагуу мөрдөгч, дэслэгч М.Роор ахлуулан дэслэгч О.Ц миний бие, шинжээч эмч Ц.Т, туслах Б.М нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн ........ сум руу 11 цаг өнгөрч байхад гарсан. ........ сумаас цааш 30 гаруй км зайд засмал зам дээр хэрэг учрал болсон байсан. Хэргийн газар ирэхэд ........ын байнгын постны цагдаа, цагдаагийн дэслэгч Т.С зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.О хамт хэргийн газрын хамгаалалт авсан байсан. Уг газар засмал зам дээр цэнхэр өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн шинжтэй байсан ба хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байсан. Уг газар очоод хэргийн газрын үзлэгийг хийсэн... Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж байхад дэслэгч М.Р, дэслэгч Т.С нар засмал замын голд үүссэн тоормосны мөр болон тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл үүссэн байсан газрыг А цэгээр үндэслэн авсан... Хэдэн кадр гэрэл зураг авсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан 20 гаруй кадр зураг авсан. Хавтаст хэрэгт дурдагдаагүй зураг байхгүй...” (II хавтаст хэргийн 54-55 дугаар тал),
-Гэрч М.Рийн “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсгийн хуваарьтай байсан. Тухайн өдөр өглөө 10 цагийн үед Хэнтий аймгийн ........ суманд зам тээврийн осол гарсан гэх дуудлага ирсний дагуу Криминалистикийн шинжээч дэслэгч О.Ц, шинжээч эмч Ц.Т, туслах Б.Мнарын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ахлан Хэнтий аймгийн ........ сум руу 11 цаг өнгөрч байхад гарсан. ........ сумаас цааш 30 гаруй км зайд засмал зам дээр хэрэг учрал болсон байсан. Хэргийн газар 14 цагийн үед ирэхэд ........ын байнгын постны цагдаа, цагдаагийн дэслэгч Т.С зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.О-н хамт хэргийн газрын хамгаалалт авсан байсан. Уг газар засмал зам дээр цэнхэр өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан байсан ба хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байсан. Уг газар очоод хэргийн газрын үзлэгийг хийсэн... Хэргийн газар ирэхэд Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд замынхаа хойд талд засмал замаас гарсан байдалтай байсан. Харин хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд засмал замын шороон хөвөөн дээр засмал замын ертөнцийн зүгээр урд талд тээврийн хэрэгсэл хамар хэсэг нь зорчих тал руугаа харж, баруун хажуугаараа дээшээ харсан байдалтай байсан. Үзлэг хийх явцад А цэгийг авахдаа засмал замын гол хэсэгт тоормосны мөр, мөн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн хэлтэрхий унасан байсан хэсгийг үндэслэн А цэгийг авсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Гэрч С.Р-н “...Би Хэнтий аймгийн ..... сумын сум дундын цагдаагийн тасагт мөрдөгчөөр ажилладаг юм. Миний хариуцсан нутаг дэвсгэрт ........ сумын газар нутаг харьяалагддаг юм. Тухайн үед би хэрэг материал шалгаад аймгийн төвд ажиллаж байсан ба 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрээс “Хэнтий аймгийн ........ сумын 2 дугаар баг Устын ам гэх газар Приус-30, Іх-470 маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, Іх-470 маркийн тээврийн хэрэгслийн 1 зорчигч нас барсан, бусад хүмүүс нь гэмтсэн байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл танилцуулсныг хүлээн аваад тухайн өдөр гарч байсан шинжээч дэслэгч О.Ц, шинжээч эмч дэслэгч Т , туслах дэд ахлагч Б.М нарын хамт шүүх шинжилгээний машинтай гарахаар болсон. Бүрэлдэхүүн цуглаад бензин тосоо аваад гарахад бараг 1 цаг орчмын дараа гарсан. Зам тээврийн осол болсон газар нь аймгийн төвөөс 200 орчим километр болохоор замдаа 2 цаг гаран яваад хэргийн газар дээр ирсэн, хэрэг газар дээр 14 цагийн үед ирэхэд С , Баасандорж нар түрүүлээд ирчихсэн хэргийн газрыг хамгаалж байсан. Тухайн газарт Іх-470 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд баруун гар тал руугаа хажуулдаад уначихсан байсан, уг тээврийн хэрэгслээс зүүн хойш буюу замынхаа зүүн талд шороон хөвөөн дээр эрэгтэй хүний цогцсыг бүтээсэн байдалтай байсан. Замынхаа баруун талд Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хойш чиглэл рүү харсан байдалтай зогсож байсан.
Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газар дээр байсан. Іх-470 маркийн машинд жолоочтойгоо 3 зорчигч хамт явж байсан юм байна лээ. Жолооч зорчигч хоёрыг болохоор Багануур дүүргээс түргэн тусламж ирээд аваад явсан байсан, Іх-470 маркийн машин нь болохоор морин өртөө гэх аялал жуулчлалын чиглэлээр ..... аас Улаанбаатар хот руу явж байсан юм байна лээ. Тухайн тээврийн хэрэгсэлтэй 2 машин явж байсан гэсэн. Тэгэхдээ тухайн 2 машин нь Іх-470 маркийн машинтай ойрхон яваагүй, нөгөө 2 машин нь Іх-470 маркийн машины араас жоохон зайтай явж байсан гэсэн. Іх-470 маркийн машин осолд орчихсон байхад нь нөгөө 2 машин нь араас нь ирж таарсан юм байна лээ. Намайг хэргийн газар дээр очиход нөгөө хоёр машинаас үлдсэн хүмүүс гээд 3 хүн байсан, бусад нь осолд орсон зорчигч нарыгаа дагаад явчихсан байсан... Зохицуулагч С , шинжээч Цэнгүүн нарын хамт үзлэгийг явуулахад Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан эгнээнд Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гупер болон толины жижиг хэлтэрхийнүүд байсан, Lx-470 маркийн тээврийн хэрэгсэл нь Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас өөрийн явж байсан эгнээ болон шороон хөвөөн дээр шарвалт өгч Хэнтий чиглэлийн эгнээ буюу эсрэг урсгалдаа орж ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд онхолдож унасан байсан, С , Цэнгүүн нарын хамт А цэгийг тогтоохдоо тээврийн хэрэгслийн эвдрэл, зам дээр зурагдаж үүссэн мөрүүд, Хэнтий чиглэлийн эгнээнд байх гупер болон толины хэлтэрхийнүүдийг үндэслэж А цэгийг тогтоосон. Мөн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан эгнээний шороон хөвөөн дээр Приус-30 маркийн машины толь байхаар нь “энэ толь яагаад энд байгаа юм” гэхэд Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч “нөгөө хэлтэрхийнүүд байсан газарт уначихсан байсан юм, би машинууд яваад байхаар нь замаас гаргаад энэ шороон хөвөөн дээр тавьчихсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр А цэгийг тодорхойлсон газар дээр Приус-30 маркийн машины толь уначихсан байсан юм байна лээ... А цэгийг тодорхойлоход бол Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гупер, толины хэлтэрхийнүүд, тухайн хоёр эгнээнд зурагдсан мөрүүдийг үндэслэн тодорхойлсон. А цэгийн хажууд нэг машины мөр байсан, тэр нь тэгэхдээ өөр машины зүгээр хуучин мөр байсан. А цэгийг 10 дугаараар тэмдэглэж шинжээч зургаар баримтжуулсан... Тухайн А цэг дээр байсан гупер, толины хэлтэрхийнүүдийг хурааж аваагүй... Тэгш хуурай, үзэгдэх орчин хэвийн зам байсан... Цаг агаар тогтуун нартай байсан... Шинжээч 60 орчим зураг авсан, ач холбогдолтой 40 орчим зургийг хэрэгт хавсаргасан” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
-Гэрч М.Р-ийн “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсгийн хуваарьтай байсан. Тухайн өдөр өглөө 10 цагийн үед Хэнтий аймгийн ........ суманд зам тээврийн осол гарсан гэх дуудлага ирсний дагуу Криминалистикийн шинжээч дэслэгч О.Ц, шинжээч эмч Ц.Т, туслах Б.М нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ахлан Хэнтий аймгийн ........ сум руу 11 цаг өнгөрч байхад гарсан. ........ сумаас цааш 30 гаруй км зайд засмал зам дээр хэрэг учрал болсон байсан. Хэргийн газар 14 цагийн үед ирэхэд ........ын байнгын постны цагдаа, цагдаагийн дэслэгч Т.С зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.О_н хамт хэргийн газрын хамгаалалт авсан байсан. Уг газар засмал зам дээр цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан байсан ба хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байсан. Уг газар очоод хэргийн газрын үзлэгийг хийсэн... Хэргийн газар ирэхэд Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд замынхаа хойд талд засмал замаас гарсан байдалтай байсан. Харин хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд засмал замын шороон хөвөөн дээр засмал замын ертөнцийн зүгээр урд талд тээврийн хэрэгсэл хамар хэсэг нь зорчих тал руугаа харж, баруун хажуугаараа дээшээ харсан байдалтай байсан. Үзлэг хийх явцад А цэгийг авахдаа засмал замын гол хэсэгт тоормосны мөр, мөн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн хэлтэрхий унасан байсан хэсгийг үндэслэн А цэгийг авсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 198-199 дүгээр тал),
-Гэрч Т.С “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн ........ сумын 2 дугаар баг Устын ам гэх газар зам тээврийн осол гарсан гэх дуудлагад Хэнтий аймгийн ........ сумын байнгын хяналтын постноос цагдаагийн хамт очсон. Намайг уг дуудлагад очиход Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатараас Хэнтий чиглэлд засмал замаас гарч замын шороон хөвөөний хажууд 4 дугуйн дээрээ зогсож байсан. Харин Лексус маркийн тээврийн хэрэгсэл Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд асфальтан зам дээр бүхээгийн зүүн хажуугаар доошоо харж осолдсон байдалтай байсан. Уг зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барсан, 2 хүн гэмтсэн байсан. Бид нарыг хэргийн газар дээр очиход гэмтсэн гэх 2 хүн Багануур дүүргийн эмнэлэг рүү явсан байсан. Аймгаас гарсан ажлын хэсгийг ирэхийг хүлээн хэргийн газрын хамгаалалт аваад 2 цаг орчим хугацаа болсны дараа Хэнтий аймгаас ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирсэн. Тэгээд бид хэргийн газрын үзлэг хийсэн... Тухайн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл болон замын голд үүссэн тоормосны мөрүүдийг үндэслэн А цэгийг авсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 190-191 дүгээр тал),
-Гэрч Т.С-н“...Тэгээд зам тээврийн осол гарсан гэх газрын зам нь ертөнцийн зүгээр зүүн урдаасаа зүүн хойш чиглэлтэй, Хэнтийгээс, Улаанбаатар явах чиглэлийн асфальтан хатуу хучилттай зам байсан. Ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд Іх470 маркийн тээврийн хэрэгсэл баруун гар тал руугаа хажуулдаж унасан байдалтай байсан. Мөн замынхаа баруун талд Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн хойш харсан байдалтай байсан. Lх470 маркийн тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр зүүн хойш замын зүүн талдаа шороон хөвөөн дээр нас барсан эрэгтэй хүний цогцос байсан... Приус-30 маркийн машины жолооч хэргийн газар дээр байсан, Lx470 маркийн машинд зорчиж явсан хүмүүсээс бол байгаагүй, яаралтайгаар Багануур дүүргийн эмнэлгээс дуудлагын машин ирээд аваад явсан байсан, тэнд 3-аас 4 тооны хүн байсан, би ямар хүмүүс гэдгийг нь асуугаагүй, хэргийн газарт ойртож болохгүй гэж анхааруулж хэлсэн. Тэгээд хэргийн газрыг хамгаалаад байж байхад төвөөс гарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн багцаагаар 13 цаг өнгөрч байхад ирсэн... Тухайн тээврийн хэрэгслүүдийн унасан болон замаас гарсан байдал, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл, мөн Улаанбаатар явах чиглэлийн эгнээндээ буюу шороон хөвөө болон зорчих хэсэг дээр үүссэн тээврийн хэрэгслийн зурагдсан 2 мөр, Хэнтий чиглэлийн эгнээнд үүссэн зурагдсан мөр, мөн Хэнтий чиглэлийн эгнээнд байсан тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүдээр А цэгийг тодорхойлж авсан... А цэгийг тодорхойлоход тоормосны мөр, тоос шорооны мөр байхгүй байсан, Хэнтий чиглэлийн эгнээд байсан тээврийн хэрэгслийн хэлтэрхий, Улаанбаатараас, Хэнтий чиглэлдээ үүссэн тээврийн хэрэгслийн мөрөөр А цэгийг тодорхойлсон, уг тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүдийг аль машиных нь эд ангийн хэлтэрхий байсан гэдгийг мэдээгүй, уг хэлтэрхийнүүдийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй... А цэгийг тодорхойлоход бол тээврийн хэрэгслийн тоормосны мөр байхгүй байсан, Улаанбаатар чиглэлийн эгнээнээс Хэнтий чиглэлийн эгнээ рүү орсон тээврийн хэрэгслээс үүссэн зурагдсан мөрүүд байсан, уг мөр нь бол Іх470 маркийн тээврийн хэрэгслийн мөрүүд байсан, үүнийг шинжээч 4-с 9 хүртэл дугаараар дугаарлаж авсан, тухайн үед хэргийн газар дээр очиход хэргийн газар дээгүүр машинууд нэлээн явчихсан, тээврийн хэрэгслийн ул мөр арилсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
-Гэрч О.Ц-н “...Би Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтэст криминалистикийн шинжээчээр ажилладаг. Одоо яг өдрийг хэлж мэдэхгүй байна, цагдаагийн газрын Дуудлага мэдээллийн хуудсыг харахад уг дуудлага мэдээлэл нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 21 минутад ирсэн байсан, тухайн дуудлагыг цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрээс хүлээж аваад манайд тийм дуудлага ирсэн гэж мэдэгддэг. Тухайн өдөр би хэргийн газрын ажлын хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан ба тус дуудлага нь зам тээврийн осол гарч 1 хүн нас барсан, бусад хүмүүс нь бэртэж гэмтсэн гэж дуудлага танилцуулагдсан. Тэгээд Цагдаагийн газраас мөрдөгч, дэслэгч М.Р, манай ажлаас би, шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Т, туслах ажилтан дэд ахлагч Мөнхтөр, жолооч дэд ахлагч А нарын хамт албаны succeed маркийн тээврийн хэрэгсэлтэй тус дуудлага руу гарахаар болсон. ...Тэгээд С , Р бид гурав хэргийн газрын үзлэгийг явуулахад ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд Lх-470 маркийн тээврийн хэрэгсэл баруун гартал руугаа хажуулдаж унасан байдалтай, уг тээврийн хэрэгслээс зүүн хойш буюу замынхаа зүүн шороон хөвөөн дээр эрэгтэй хүний цогцсыг юмаар бүтээсэн байдалтай байсан, мөн ертөнцийн зүгээр замынхаа баруун талд зүүн хойш чигтэй харж зогссон Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн осолд орсон хүмүүсийг Багануур дүүргийн яаралтай тусламжийн хүмүүс ирж үзээд Багануур дүүрэг рүү аваад явсан байсан... Приус-30 маркийн машины жолооч, Lх-470 маркийн тээврийн хэрэгслийн цаана хэдэн хүмүүс байсан, тэр хүмүүсийг ямар учиртай хүмүүс гэдгийг мэдээгүй... Хэргийн газрын үзлэгийг явуулж байхдаа зохицуулагч С , мөрдөгч Р бид гурав тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, тээврийн хэрэгслээс зам дээр зурагдаж үүссэн мөрүүд, Хэнтий чиглэлд байсан тээврийн хэрэгслээс үлдсэн хэлтэрхийнүүдийг үндэслэж А цэгийг тодорхойлсон. Үзлэг хийх явцад Улаанбаатар чиглэлийн эгнээнээс Хэнтий чиглэлийн эгнээнд зурагдаж үүсэн мөрүүдийг би 4-өөс 9 хүртэл дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлж авсан, 8, 9, 5, 4 дугаараар дугаарласан мөрүүд нь Улаанбаатар чиглэлийн эгнээнд үүссэн мөрүүд байсан. 6, 7 гэсэн мөрүүд нь Хэнтий чиглэлд үүссэн мөрүүдийг уг тоонуудаар дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлсэн. Уг мөрүүд нь бол Іх-470 маркийн тээврийн хэрэгслээс үүссэн шинэ мөрүүд байх шиг байсан. А цэг дээр байсан тээврийн хэрэгслээс үлдсэн хэлтэрхийнүүдийг аль машинаас нь үлдсэн хэлтэрхийнүүд гэдгийг мэдээгүй, мөрдөгч Р хурааж аваагүй... А цэгийг тодорхойлоход бол маш хүндрэлтэй байсан, ямар нэгэн тоормосны мөр, тоос шорооны үлдэц байхгүй, тээврийн хэрэгслийн зурагдсан мөрүүд л байсан, 9 дугаартай мөрөн дээр тээврийн хэрэгслийн дугуйны мөр үүссэн байсан, өөр зурагдсан мөрүүдийг дугаарлаж гэрэл зургаар авсан... Тэгш хуурай, үзэгдэх орчин хэвийн зам байсан... Цаг агаар тогтуун нартай байсан... Би шинжээчээр хэргийн газар дээр ажилладаг ба гэрэл зургийн аргаар тухайн нөхцөл байдлыг бэхжүүлж авдаг, тухайн үед хэргийн газар дээрээс 60 орчим кадр зураг аваад, давхардсан болон илүү зургуудыг хасаад 40 орчим зураг угааж хэргийн материалд хавсаргасан, үлдсэн 20 орчим кадр файлаар хадгалагдаж байна. А цэгийг тэмдэглэхдээ А үсэг байхгүй байсан тул А цэгийг 10 дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлсэн.” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
-Гэрч О.Ц “...Уг газар засмал зам дээр Цэнхэр өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн шинжтэй байсан ба хар өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байсан. Уг газар очоод хэргийн газрын үзлэгийг хийсэн... Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж байхад дэслэгч М.Р, дэслэгч Т.С нар засмал замын голд үүссэн тоормосны мөр болон тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл үүссэн байсан газрыг А цэгээр үндэслэн авсан... Хэдэн кадр гэрэл зураг авсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан 20 гаран кадр зураг авсан. Хавтаст хэрэгт дурдагдаагүй зураг байхгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 194-195 дугаар тал),
-Гэрч Г.Ганцоожийн “...Би 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр "Хэрлэн гүүрний цаана авто осол гарсан байна" гэх дуудлагын дагуу жолооч С.Э-нхамтаар очсон. Үйл явдал болсон газар очиход Улаанбаатараас Хэнтий рүү явах чиглэлийн зам дагуу уул ороосон хэсэгт замын зүүн талд том оврын жийп машин /маркийг нь сайн мэдэхгүй байна/ дээшээ харж онхолдсон, тухайн машины хажууд 20 гаран насны эрэгтэй хүн нас барсан байдалтай замын хөвөө /шороо/ хэсэгт хэвтэж байсан. Мөн Хэнтийгээс Улаанбаатар руу явах чиглэлийн замын баруун хэсэгт Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь замаас гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд би тухайн газарт байгаа хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр Хавдар судлалын төв эмнэлэгт эмчилгээ хийлгээд, буцаж нутаг руугаа явж байгаа гэсэн 70 орчим насны эмэгтэй хүн байсныг биеийн байдлыг нь үзэхэд тогтвортой байсан. Замын хажууд гадаад улсын иргэд зорчиж явсан машин зогсож байсан. Тухайн зорчигчид дотроос орчуулагч нь “энд юу болсон бэ? энд эмнэлгийн хүмүүс явж байгаа шүү, тусламж хэрэгтэй юу” гэж асуусан бөгөөд Хэнтий аймгийн ........ сумаас цагдаагийн ажилчид иртэл хамт байсан. Тэгээд би тухайн үед Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй хүнтэй ярилцахад “би эмнэлгээс гарсан настай хүн авч яваа учир их удаан явж байсан, тэгтэл эсрэг урсгалаас тухайн жийп машинтай хүмүүс урсгал сөрж орж ирээд замын зүүн тийш эргэж онхолдсон, тухайн машинд зорчиж байсан нэг эрэгтэй хүн нас барж, үлдсэн 2 хүн нь биеийн байдал нь хүнд Багануур дүүргийн эмнэлэг рүү авч явсан” гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Тухайн газар нь сүлжээгүй байсан бөгөөд би буцаж Багануур зүгт 2 гаран километр яваад сүлжээ орохоор нь Цагдаагийн байгууллагад хандахад Хэнтий аймгийн ........ сумаас цагдаагийн бүрэлдэхүүн очиж байгаа гэсэн. Тэгэхээр нь би жолоочтойгоо буцаж нөгөө газраа очиход гадаад хүмүүс байсан машинтай хүмүүс ослын газар дээрх машин дотроос асгарч газарт тарсан эд зүйлсийг бөөгнүүлээд цуглуулж байсан. Тэгээд би цагдаа нар иртэл хүлээж байгаад ирснийх нь дараа нь нас барсан хүнийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед цагдаа нараас надаас нас барсан хүний мэдээллийг асууж байсан бөгөөд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв дээр очоод мэдээллийг нь хэлээд өгөөрэй гэж байсан. Тэгээд би жолооч С.Э-н хамтаар буцаж Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт ирэхэд "биеийн байдал нь хүнд байдалтай ирсэн 2 хүнийг хамт явсан гадаадын иргэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд Улаанбаатар хот руу аваад явчихлаа гэж байсан, тухайн үед дээрх 2 хүний регистрийн дугаарыг манай эмнэлгийн ажилчид яаралтай тусламжийн хуудас нээж бүртгэж авсан байсан. Тэгээд би тухайн хүмүүсийн мэдээллийг Хэнтий аймгийн ........ сумын цагдаад утсаар залгаж хэлж өгсөн... Дээрх тээврийн хэрэгслүүд нь аль аль нь явж байгаа чиглэлийнхээ эсрэг талд замаас гарсан байдалтай байсан учир, аль тээврийн хэрэгсэл нь урсгал сөрсөн гэдгийг мэдэхгүй байна... Миний санаж байгаагаар Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаагүй санагдаж байна. Жийп машин нь замаас гарч өнхөрсөн байдалтай ямар машин гэдэг нь танигдахааргүй эвдрэл гэмтэлтэй байсан. Тэгэхээр би тухайн тээврийн хэрэгслүүдийг мөргөлдөөгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 90-92 дугаар тал),
-Гэрч С.Э-н“...Би 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан юм. Тухайн өдөр "Хэрлэн гүүрний цаана авто осол гарсан байна" гэх дуудлагын дагуу эмч Г.Ганцоожийн хамтаар очсон. Тэгээд бууж юу болсон талаар харахад Приус маркийн тээврийн хэрэгсэл замын баруун тал руу гарч ........ сум руу харсан байдалтай зогссон, Лэксус-470 маркийн тээврийн хэрэгсэл нь замын зүүн талдаа Багануур дүүргийн зүгт харсан онхолдсон байдалтай байсан. Тэгээд Лэксус-470 маркийн тээврийн хэрэгслийн хажууд эрэгтэй хүн хэвтэж байсныг эмч Г.Ганцоож үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд эмч Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан настай эмэгтэй хүний биеийн байдлыг үзсэн. Тухайн үед Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч бид хоёрт хэлэхдээ “би их зөөлөн, хурд багатай явж байсан чинь урдаас Лэксус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн урсгал сөрж орж ирээд замын хажуу тал руу онхолдчихлоо" гэж ярьж байсан. Тэр үед мөн замын хажууд гадаад зорчигчидтой, орчуулагчтай хүмүүс байсан. /хэдэн хүн байсныг нь санахгүй байна/ Тэгээд эмч бид хоёр Багануур дүүргийн зүгт явж утасны сүлжээ орохоор нь эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгч Хэнтий аймгийн аймгийн ........ сумаас цагдаа нар ирж байна гэсэн. Тэгээд бид хоёр буцаж очоод цагдаа нарыг хүлээж байгаад цагдаа нарт хүлээлгэн өгөөд Багануур дүүрэгт буцаж ирсэн... Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Дорнод явж байсан Приус машины жолооч л нөгөө Лэксус-470 маркийн тээврийн хэрэгслийг урсгал сөрж их хурдтай гарч ирж онхолдчихлоо гэж байсан... Дээрх тээврийн хэрэгслүүд нь аль аль нь явж байгаа чиглэлийнхээ эсрэг талд замаас гарсан байдалтай байсан учир, аль тээврийн хэрэгсэл нь урсгал сөрсөн гэдгийг мэдэхгүй байна... Миний санаж байгаагаар Лэксус-470 маркийн тээврийн хэрэгсэл нь замаас гарч өнхөрсөн байдалтай их эвдрэл гэмтэлтэй байсан. Приус машины эвдрэл гэмтлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 95-97 дугаар тал),
-Гэрч М.М-н “...2023 оны 8 дугаар сарын 10-ны орой манай хадам ахын бие муудаж би Улаанбаатар хот руу яаралтай тусламжийн машиныг дагаж явсан. Хадам ах, хадам эгч, манай төрсөн эгч, хадам ахын ач хүү нар миний машинд сууж явсан. Би тэр хүмүүсийг хотод хүргэж өгчхөөд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажилтай байсан тул 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд өглөө 8 цагийн үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг явах 3 замын хүн аваад гарсан. Улаанбаатар хотоос гарахад 3 зорчигчийн маань нэг нь настай хүн байсан ба намайг удаан яваарай эгчийнх нь даралт ихсээд байдаг юмаа гэсэн. Би ч эгчийн хэлснээр 60-70 км цагийн хурдтай явсаар 11 цаг өнгөрч байхад Багануур өнгөрсөн. Багануур өнгөрөөд 20-25 км явж байхад баруун талаасаа зүүн тал руугаа алсуур өгссөн уулын ар хэсгийн асфальтан замаар явж байхад зүүн талаас буюу урдаас том хар жийп маркийн машин нэлээн хурдтай цагаан зураас даваад өөдөөс явж байсан. Би тэр үед арай мөргөчихгүй байх хажуугаар зөрөөд гарах байх гэж бодоод явж байтал жолоочийн эсрэг талын урд хэсгийг буюу гэрэл, дугуй, хаалга хэсгийг хүчтэй шүргээд өнгөрөхөд машины үрүүл дайруулсан тал руугаа буюу хойд тал руугаа булаан замын хажуу руу буун зогсоод машинаасаа гарч ирэн эргээд харахад миний машиныг шүргэж өнгөрсөн машин 200 метрийн цаана онхолдчихсон дээшээ харсан байдалтай байж байсан. Би тэр машин луу гүйн очиход онхолдсон машинаас нааш 10 метрийн зайд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр залуу бага зэрэг амьсгаатай байсан. Тэр залуугаас цааш машин дээр нь очиход нэг залуу машин гадна сууж байсан. Ахиад нэг өөр залуу машинаас гарч ирэх гээд мөлхөж байхаар нь би татаад гаргасан. Тэгээд байж байтал цуг явж байсан хүмүүс нь бололтой хүмүүс ирцгээж машины хажууд байсан 2 залууг аваад Багануур дүүрэг рүү эмнэлгийн тусламж авахаар явсан. Би буцаад өөрийн машин дээрээ ирээд зорчиж явсан хүмүүсийнхээ биеийн байдлыг асуухад зүгээр гэсэн. Тэгээд би машинаа тойроод хартал жолоочийн эсрэг талын урд талын дугуй нь салж, гүпер хаалга, крылан зэрэг чихэгдсэн байсан. Тухайн өдөр ийм зүйл болсон... Би бие муутай болохоор архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй... Би тухайн үед 70 км цагаас хэтрэхээргүй хурдтай явж байсан... Бүтэн дугуй нь давсан байсан байх...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 107-108 дугаар тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Д 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14547 дугаартай “1.Б.Э-ынбиед тархи доргилт, баруун чихний омогт сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 228-229 дүгээр тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Л-н 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3911 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн "М.Мөнхбүрэн" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 246-247 дугаар тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3912 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Э.М" гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 05-06 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаартай “1.Талийгаач Н.А цогцост гавлын чамархай ясны цөмөрч, суурийн дунд хонхроор үргэлжилж турк эмээлийн урд хэсэг хүрсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн 4,5,6,7,8,9-р хавирганы эгмийн дунд шугамаарх, баруун 4, зүүн 3,4-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх хоёрлосон, өвчүү яс, баруун атгаал ясны хугарал, хугарлын харалдаах зөөлөн эдийн цус хуралт, цээж, Хэвлийн хөндийн цусан хураа, дотор эрхтний доргилт, гол судас, уушгины дэлбэн хооронд, баруун бөөрний дээд булчирхай, дэлүүний холбоосын цус хуралт, үнхэлцэг хальсны урагдал, зүрх, элэгний язарсан шарх, зүүн чамархайн хуйхны ил, зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үенд шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун хажуу хэсэг, хэвлийн баруун хажуу хэсэг, хэвлийн зүүн хэсэг, баруун ташаа, баруун бугалганы гадна дээд хэсэг болон нурууны баруун дээд хэсэг, нурууны доод хэсэг, зүүн ташаа, зүүн гуяны гадна хэсэг, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе, зүүн өвдөгний гадна хэсэг, баруун шилбэний урд хэсэг, баруун тавхайн дээд хэсэг, өсгийн дээд хэсэг, зүүн шилбэний дотор хэсэг, доод хэсэг, зүүн тавхайн гадна хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 3.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цус, ходоодны шингэн, цөсөнд илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй мөн гуравдугаар бүлгийн цустай байжээ. 5.Талийгаач нь гавал тархи, цээж хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 10-12 цаг болсон байх боломжтой байна” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 14-18 дугаар тал),
-Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээч С.Н 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай:
1.Тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг очиж үзэхэд /Тoyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд/
2.Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос болж гарсан байна.
3.Ямар төрлийн гэмтлээс шалтгаалж мэдэх боломжтой үгүй нь тогтогдоно” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээч С.Наранхүүгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай:
1.Тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг очиж үзэхэд /LEXUS-470/
2.Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос болж гарсан байна.
3.Тээврийн хэрэгслийн хурдын тооцоог гаргах боломжгүй мэргэжлийн хүнд хандах
4.Ямар төрлийн гэмтлээс шалтгаалж мэдэх боломжтой үгүй нь тогтоогдоно.” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
-Вендо үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Nikkor 80-200mm F2.8 маркийн линз, Nikon, Nikkor N 24-70mm F2.8 маркийн линз, Dell i7 маркийн зөөврийн компьютер зэргийн зах зээлийн үнэлгээ 3,790,000 төгрөг” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),
-Бодит Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШД-07 дугаартай “...Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээ 6,305,000 төгрөг” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 50-54 дүгээр тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Д-н 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 944 дугаартай “1.2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр авагдсан А цэгийн үндэслэл тодорхойгүй байна. 2.2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгээр авагдсан А цэгийн үндэслэл тодорхойгүй байна. 3.2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгээр авагдсан А цэгийн үндэслэл тодорхойгүй байна. 5.А цэгийг тодорхойлсон ул мөр байхгүй, жижиг хуванцар эд зүйлээр А цэгийг тогтоосон нь учир дутагдалтай байна. 6.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд А цэгийг тогтоох ул мөр байхгүй байна. 7.Lexus-470 маркийн автомашин нь ослын үед өнхрөх, мөргөлдөх, гулгах зэрэг олон талаас их хэмжээний эвдрэл үүссэн тул анх мөргөлдөх үеийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна. 8.Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ул мөр, нотлох баримт байхгүй байна. 9.Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй.” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 61-63 дугаар тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.С-н 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 802 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Lexus-470 маркийн ...... тээврийн хэрэгслийн кузов болон явах эд ангид үүссэн их хэмжээний гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь мөргөлдөх, онхолдож өнхрөх ослын үед үүссэн гэх үндэслэлтэй байна.
-Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-30 маркийн ...... улсын дугаартай автомашины кузовын зүүн урд хэсэгт их хэмжээний эвдрэлтэй, явах эд ангид их хэмжээний эвдрэлтэй байна.
Дээрх гэмтлүүд нь мөргөлдөх ослын үед үүссэн гэх үндэслэлтэй байна.
-Гэмтлийн байдлын дэлгэрэнгүйг үзлэг шинжилгээний хэсгээс үзнэ үү.
2.Lexus-470 маркийн автомашины өнхөрч онхолдох ослын үед их биед үүсгэгдсэн гэмтлүүд нь үүсгэсэн чиглэл олон талаас, үүссэн мөр зурааснууд тогтворгүй, бүх дугуйнууд ослын улмаас хийлэгдэх боломжгүй болж гэмтсэн, хойд тэнхлэг болон кузовын зарим эд ангиуд автомашинаас бүрэн салсан зэргээс үндэслэн тус автомашин мөргөлдөж осолдох үед аль хэсгээрээ анх гэмтэл үүссэнг тогтоох боломжгүй байна.
Toyota Prius-30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй болон явах эд анги, урд бамбай, урд крыло, зүүн талын хаалгануудад үүссэн мөр зурааснууд урдаас хойш чиглэсэн шинж тэмдэгтэй зэрэгт үндэслэн тус автомашин нь осол эхлэх үед зүүн урд бамбай, далбаа хэсгээр анх мөргөлдөж осолдсон гэх үндэслэлтэй байна. /Зураг №11,13/
3.Дээрх үндэслэлээр тухайн тээврийн хэрэгслүүдийн ослын өмнөх үеийн байрлалыг тогтоох боломжгүй байна.
4.Тээврийн хэрэгслүүдийн рулийн механизм хэвийн ажиллагаатай осол гарахад нөлөөлөөгүй гэх үндэслэлтэй.
5.Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүдээр хурдыг тогтоох боломжгүй байна.
6.CDR-900 загварын ослын өмнөх 5 секундын байдлыг бичигч төхөөрөмжөөр уншиж гаргасан үр дүнгээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд тухайн осол болохоос өмнөх 5 секундэд 72 км/ц байна” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 76-84 дүгээр тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Д 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3669 дугаартай “1.Шинжилгээний Lexus-470 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд крило, зүүн талын урд болон хойд хаалга, хойд крило зэрэг эд ангиудад ямар будагны зүйл илрэх эсэхийг тогтоохоор гадна үзлэг хийхэд харьцуулах шинжилгээнд тэнцэх будагны дээж илрэхгүй байна.” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 131-132 дугаар тал),
-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (III хавтаст хэргийн 152-156 дугаар тал),
-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (III хавтаст хэргийн 157-160 дугаар тал),
-Техникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/150 дугаартай “Хариулт1: Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр авагдсан А цэг үндэслэлтэй байх боломжтой. Хариулт2: Техникийн шинжээчид нь энэ А цэг үндэслэлтэй эсэх асуултад хариулах боломжгүй байна. Хариулт3: Техникийн шинжээчид нь энэ А цэг үндэслэлтэй эсэх асуултад хариулах боломжгүй байна. Хариулт4: Техникийн шинжээчид нь энэ А цэг үндэслэлтэй эсэх асуултад хариулах боломжгүй байна. Хариулт5: Зам тээврийн осол гарсны дараа А цэгийн байрлалыг тогтооход үнэн зөв гарах магадлалтай бөгөөд учир нь ул мөр арилаагүй байдаг. Харин тодорхой хугацааны дараа нөхөн үзлэгээр А цэгийг тогтоох үед ул мөр арилсан байдаг тул үндэслэлтэй болохгүй. Хариулт6: 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр авагдсан А цэг үндэслэлтэй байх боломжтой бөгөөд уг осол хэрэг болсноос богино хугацааны дараа бодит байдал дээр очиж үзлэг, хэмжилтийг хийсэн, мөн ул мөр бүрэн арилаагүй байдаг. Мөн А цэгийг хэрхэн үндэслэн тогтоосон талаарх Кримналистикийн шинжээч О.Ц-ий 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэг, Хэнтий аймгийн цагдаагийн газрын ..... сумын сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагчТ.С-н2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг, Хэнтий аймгийн цагдаагийн газрын ..... сумын сум дундын цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч М.Р 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэг зэргээс харахад тухайн үед осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн ул мөр арилаагүй, А цэгийг тогтоох үндэслэл хангалттай байсан гэж үзэж байна. Хариулт7: Тээврийн хэрэгслийн эвдрэл болон ослын дараа тээврийн хэрэгслүүдийн байрлалаас харахад замын зорчих хэсгийн дагуу өөрийн эгнээндээ чигээрээ явж байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл, замын зорчих хэсэгтэй өнцөг гаргаж байрлалаа сольж байсан Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байх боломжтой (1-р зураг). Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн урд хэсэг Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн крылоны хойд үзүүр (урд дугуйны ар тал) хэсэгтэй анх мөргөлдөж эхэлсэн байна. Энэ нь Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд крылоны гэмтсэн хэсэгт харагдаж байгаа (2-р зураг). Улмаар хурдтай явсан хоёр тээврийн хэрэгслүүд шүргэлцэж явсаар (энэ нь мөн Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн хаалганууд дээр болон Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн крыло, хаалган дээр гарсан мөрүүдээс харагдана) улмаар Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн урд дугуйгаараа, Лексус маркийн тээврийн хэрэгсэл зүүн хойд дугуйгаараа мөргөлдсөн байх боломжтой (3-р зураг). Энэ нь Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн дугуй, гар, хагас голын гэмтэл, Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн хойд дагуу татуургын гэмтлүүдээс харагдаж байна. Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай яваа үедээ байрлалаа сольсон учир хүндийн төв шилжсэн, диаметр томтой (1113 мм) дугуйгаараа, жижиг (901 мм) дугуйтай мөргөлдсөнөөс тэнцвэрээ алдаж, мөн цохилтын хүчний чиглэл тодорхой өнцгөөр үйлчилж хүндийн төвийг дахин шилжүүлсэн, дагуу татуурга тасарч (хамаарах) тэнхлэг шилжсэн зэргээс болоод онхолдсон байх боломжтой. Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн хойд тэнхлэг хамаарах тэнхлэг учир мөргөлдсөн талын дугуйны шилжилт нь нөгөө талын дугуйнд нөлөөлсөн байна. Приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн урд дугуйгаараа мөргөлдсөн учир хагас гол, татуурга, дугуй зэрэг гэмтсэн нь (4-р зураг) автомашины зүүн доод буланд сул ачаа болж тээврийн хэрэгсэлд чирэгдэж улмаар түүний чиглэлийг өөрчлөн замын эсрэг талд гаргасан байх боломжтой. Учир нь Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн тэнхлэг нь үл хамаарах тэнхлэг учир нөгөө талын дугуй, татуурга, хагас голд нөлөөлөлгүй чирэгдэж тээврийн хэрэгслийг явахад түүний урд хэсэгт нэмэлт ачаалал өгч зөвхөн чиглэлийг өөрчилсөн байна. Тээврийн хэрэгслүүдийн гэмтлээр хурдыг тогтоох боломжгүй. Харин Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн хурд нь мөргөлдөх эгшинд 72 км/цаг байх боломжтой. Хариулт8: Гэм бурууг шүүх тогтооно. Хариулт9: Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно. Асуулт1.1: Мөнгөнтулгын жолоодож тээврийн хэрэгслийн эгнээнд тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгслийн эд ангиас үүссэн ул мөр болон эсрэг урсгалаасаа (Приус) гарч зогссон байх тул М эсрэг урсгалд орсон гэж үзэж болох эсэх? Хариулт1.1: Асуулт 7-р хариулсан. Асуулт2.1: Өмнөх хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа вэ? Хариулт2.1: Техникийн шинжээч хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгийг үгүйсгээгүй. Асуулт2.2: Хэргийн газрын үзлэгт авагдсан машины гэрлийн эвдэрсэн хэсэг Мөнхбүрэнгийн заасан А цэгийн орчимд байсан. Тэгэхээр дээрх эвдэрхий эд анги цэг А цэг биш гэдгийг яаж тогтоож байгаа вэ? Хариулт2.2: Асуулт 2.1-ээр хариулсан. Асуулт2.3: Хэрэг учрал болсноос хойш 1 жил гаруй хугацааны дараа А цэгийг тогтоох боломжтой юу? Хариулт2.3: Хариулт 5-аар хариулагдсан. Асуулт2.4: Лексус-470 маркийн машины хурдыг тогтоох боломжтой юу? Хариулт2.4: Хариулт 7-р хариулагдсан” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 175-179 дүгээр тал),
-Техникийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хариулт1: Lexus-470 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт2: Toyota Pruis маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоогдохгүй байна. Хариулт3: Lexus-470 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явсан нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Хариулт4: Дээрх зам тээврийн осолд Зам, замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй байна. Хариулт5: Нэмэлт зүйл байхгүй. Хариулт6: Оролцогч болон өмгөөлөгч нараас шинжээчид тавьсан асуулт байхгүй байна.” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 191-192 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1865 дугаартай “1.Зам тээврийн ослын улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Насанбатын Э/РД:УП91081204/-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 230-232 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэргийн үйл баримтын талаар дараах дүгнэлтийг хийсэн.
Шүүгдэгчээс: “Би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Эсрэг урсгал сөрж орж ирсэн хүн нь Приусын жолооч. Нойрмоглоод миний өөдөөс урсгал сөрж орж ирснээс энэ осол гарсан гэж үзэж байгаа” гэх утга агуулга бүхий үйл баримтыг улсын яллагч, өмгөөлөгч нарын асуултад хариулсан байдлаар мэдүүлсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: Би нөхөртэйгөө 2013 онд танилцаж байсан. 8 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Манай нөхрийн үндсэн ажил А зочид буудалд ерөнхий менежер хийдэг. Э Ркомпанид бартендер хийж явдаг. Энэ компани жуугараа болон бариа гэж 2 удаа явсан. Гараанаас 1000 км замаар жуулчид уралддаг. Тухайн морин уралдаан зохион байгуулах газар луу манай нөхөр гэрээсээ эрүүл саруул, хууч өвчин байхгүй явсан ч эргэж ирээгүй. Би одоо маш их гомдолтой байна. Иймд оршуулгын зардал 37,097,586 төгрөг, сэтгэл санааны хохирол 88,500,000 төгрөг, хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэмж 35,183,952 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох компани болон жолоочоос гаргуулмаар байна” гэж,
Гэрч М.Р-оос: Мөрдөн байцаагч болоод 1 сар гаруй хугацаанд ажилласан. Зам тээврийн ослын үзлэгийг би удирдаж хийсэн. Бүрэлдэхүүнд замын зохицуулагч цагдаагийн дэслэгч Т.С, криминалистикийн шинжээч О.Ц байсан. Т.С замын зохицуулагч. ...Би энэ хэргийг 2 жилийн өмнө шалгаж байсан. Тухайн үед тодруулж харах зүйл байгаагүй болохоор А цэгийг тийм зүйлээс энэ зүйлээс авсан гэдгээ санахгүй байна. Гэхдээ А цэгийг мөргөлдсөн гэж авч үзэж байгаа, ямар ч байсан гэмтэл, хагарал үүссэн газраас авсан байгаа байх. Одоогоор надад санах юм байхгүй байна гэв. А цэгийг осол болсон гэх газраас авсан. Ямар ч байсан эвдрэл гэмтлийг хараад авсан байж таараа. ...Хэргийн газарт очоод А цэгийг энэ энэ газраас авах юм байна гэдгийг ярилцаад явчихдаг болохоор шинжээч ямар зураг дарсныг мэдэхгүй. Шинжээч А цэгийг аваад зураг дарах явцад би хажууд нь байгаагүй. Зам тээврийн осол анх мөргөлдсөн цэгээс авдаг. Анх мөргөлдсөн цэгийг үнэлэхийн тулд эвдрэл гэмтэл хагарал үүссэн эсэхээс харна. Ганц мөрдөгч тогтооно гэсэн зүйл байхгүй, замын зохицуулагч ч гэсэн оролцоно. А цэгийг 3-лаа нийлж зөвшилцөж байгаад тогтоосон. Энэ хэрэг дээр ч мөн адил 3-лаа ярилцаж байгаад тогтоосон. Ганцаараа шийдвэр гаргаагүй. ...Шинэ мөр, хуучин мөр хоёр ялгаатай байдаг. Шинэ мөр байсан болохоор тэрүүгээр нь авсан” гэж,
Гэрч О.Ц-ээс: Хэргийн газрын үзлэгт шинжээч мэргэжилтний үүрэгтэйгээр оролцсон. Бүрэлдэхүүнийг тухайн хариуцсан мөрдөгч нь удирдан зохион байгуулж явна. Тэр нь дэслэгч М.Р байсан. Хавтаст хэргийн 43-р хуудсанд байгаа А цэгийг схем зураг дээр А гээд тэмдэглэчихсэн, фото зургаар бэхжүүлж авахдаа 10 гэсэн дугаараар тэмдэглэж авсан. А-г орлуулаад 10 гэсэн дугаараар авсан. Би А цэгийг энд авъя гэж аваагүй. Тухайн үеийн хэргийн газрын үзлэгт оролцсон замын байцаагч нь энд гэж хэлээд авсан. Энэ зургийг авахад 10 гэсэн цэг дээр машины эвдрэл хэлтэрхий байсан шиг санагдаж байна. Машины хагархай, шил, толины хагархай ч билүү байсан. Хэргийн газрын үзлэг дээр авч байгаа А цэгийг удирдаж байгаа хүнтэйгээ зөвшилцөөд хаана авахыг нь шийддэг. Өөр газрыг А цэг байх боломжтой гэх газар байгаагүй учир А цэг энэ гэж тодорхойлж авсан. Энэ А цэг байх боломжтой, өөр А цэг болох газар байхгүй гэж үзсэн учраас энд тавьсан” гэж,
Шинжээч И.Б-с: “...А цэг гэдэг нь тухайн тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн байж болох газрыг баримжаа авах, тэрэндээ харьцуулалт хийх боломжтой болгож авдаг тэр цэгийг хэлж байгаа. Тэр А цэг дээр ямар ч ул мөр гарч болдог. Тэр битгий хэл хамгийн зөв бөгөөд хамгийн эхний ул мөр нь нунтаг шороо асгарсан цэг байдаг. Яагаад гэхээр тээврийн хэрэгслүүдэд өөрт нь маш их хэмжээний шороо бохирдол агуулагдаж явж байгаад яг мөрдөлдөх агшинд тэрийг унаачихдаг. Харин дараа нь үүссэн ул мөр нь өөр ул мөр болдог. Жишээ нь 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөхөд зам дээр бодитой зүсэгдсэн, хууларсан ул мөр бараг үүсдэггүй. Харин тэнд юу байдаг вэ гэхээр хагарсан шил, асгарсан тос, асгарсан нунтаг шороо гэх мэт зүйлүүд байдаг. Бусад хэсгүүдийн ул мөр огт арилахгүй одоо ч арилаагүй байж магадгүй тийм ул мөр үүсдэг. Тэр нь яадаг вэ гэхээр тээврийн хэрэгсэл нь дугуйгаараа биш өөр талаараа зам дээр зурагдсанаас үүсдэг мөрүүд учраас хэзээ ч арилахгүй. Харин А цэгийг авч байгаа нунтаг шороо, шил, тос зэрэг зүйлүүд нь тухайн үед тээврийн хэрэгсэл яваагүй шинэхэн байдаг учраас энэ байх үндэслэлтэй байдаг. Түүнээс би өөрөө очиж тогтоогоогүй учраас А цэг нь үндэслэлтэй байна, тэр үндэслэлтэй байна гэж хэлээгүй. Харин асуулт нь А цэгийн байрлал үндэслэлтэй байж болох уу гэж асуусан болохоор би хэрэг болсны дараа очиход байж байгаа ул мөрийг үндэслэж авдаг учраас тэр нь хамгийн үндэслэлтэй байдаг юм гэдгийг тайлбарлаж хэлсэн. Түүнээс би А цэгийг тогтоодог хүн биш шүү дээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэж байгаа. Үүнд хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан. Харин тэр 3 нөхөр хэргийн оролцогч биш шинжээчээр ажилласан нөхдүүд учраас үндэслэлтэй байх боломжтой гэж хэлсэн. А цэгийг буруу зөв болсон гэж хэлэх эрх надад байхгүй. Би шинжээчээр 28 жил тасралтгүй ажиллаж байна. Би 1998 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. 2025 оны 01 дүгээр сард 150 дугаартай дүгнэлт гаргахдаа зураг үйлдсэн нь мөргөлдөх үеийнх нь чиглэлийг харуулсан. Тээврийн хэрэгслүүдийн гэмтэл, 2-рт тээврийн хэрэгслүүдийн ослын дараа байрласан байрлал зэргийг үндэслэсэн. Приус маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн дагуу явсан, Лексус маркийн авто машин замтайгаа өнцөг үүсгэж явсан байна гэж дүгнэлтэд тэгж тогтсон. Хэрэв эсрэг тохиолдолд буюу Приус маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл нь өнцөг гаргаад Лексус маркийн тээврийн хэрэгсэл чигээрээ байсан бол тээврийн хэрэгслүүдийн гэмтэл өөр болно. Лексус маркийн тээврийн хэрэгсэл овор хэмжээ томтой учраас Приус маркийн тээврийн хэрэгслийг Лексус шиг зурж мөргөхгүй нэлээн гүнзгий цөмөрч цохиж мөргөөд Приус маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хэсгийг тэр чигт нь мөргөх учраас Приус маркийн тээврийн хэрэгсэл чиглэлээ алдаад эргэлдээд онхолдох байсан. ...Манайд тийм тооцоо хийх боломж байхгүй. Тээврийн хэрэгслийн гэмтлээр хурдыг тогтоох чадвартай хүн Монголд одоогоор байхгүй. Бараг Олон Улсад ч байхгүй. Яагаад вэ гэхээр үйлдвэрлэгч өөрийнхөө автомашины бүх үзүүлэлтийг нуучихдаг учраас үйлдвэрлэгч өөрөө гаргаж өгөх ёстой. Түүнээс бусад газрууд чадахгүй. Тухайн хэрэг учрал болсон газарт нь би очиж газрыг нь үзэх, тээврийн хэрэгслүүдийн байрлалыг очиж харах, зам дээр үүсгэсэн мөр нь хавтаст хэрэгт авагдсан шиг энд тэндгүй үүссэн гэж хэлсэн нь үнэн бодитой юу гэдгийг харсан. Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-г Лексус маркийн машин зөрчсөн гэдэг нэмэлт дүгнэлтийг гаргасан. 3 шинжээч аль машин нь Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчөөд байгаа юм бэ гэдгийг дүгнэж гаргах эрх бүхий субъект мөн. Дээд шүүхийн шүүгчдийн тогтоол байдаг. 2 дахь дүгнэлт гэж яриад байгаа нь миний өмнөх дүгнэлтийн нэмэлт юм. Би зөрчсөн гэдэг үндэслэлийг нь үндсэн дүгнэлтийн хариулт 7-гоор хариулсан байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч надаас асуулт асуухдаа дандаа осол хэрэг ямар үүслээр болсон, ямар байдлаар мөргөлдсөн гэж асуучхаад Замын хөдөлгөөний дүрмийн заалт асуугаагүй учраас би ямар ч тийм заалт хариулаагүй. Би тавиагүй асуултад хариулж болохгүй шүү дээ. Дараа нь мөрдөн байцаагч Замын хөдөлгөөний дүрмийг нэмэлтээр асуусан болохоор үндэслэлээ өмнөх дээр нь биччихсэн байгаа. ...Хавтаст хэргийн материалтай бүгдтэй нь танилцсан. Намайг дүгнэлт гаргаснаас хойш нэмэлт юм оруулсан эсэхийг мэдэхгүй байна. ...Би тэнд очоод нэг ч дүгнэлтийнхээ хариултын талаар яриагүй. Хамгийн гол нь юу гэж тайлбарласан гэхээр хавтаст хэрэгт авагдсан ул мөр үнэмшилтэй байна уу? хөдөлгөөний чиглэл нь иймэрхүү байсан уу гэдгийг бүх хүмүүст тайлбарлаж өгч байсан. Тэгээд хэрэгт оролцогч нараас таны машины яг аль хэсэгт мөргөлдсөн бэ гэдгийг асуухад Лексус маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний дугуй руу мөргөсөн гэж хариулсан. Тэгээд би тэр нь үнэн үү худлаа юу гэдгийг журмын хашаан дээр очиж үзсэн. Приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос машины чинь хаанаас мөргөсөн бэ гэдгийг асуухад миний урд хэсгээс мөргөсөн гэхээр нь тэрийг журмын хашаан дээр очиж машин дээр нь үзлэг хийж үзсэн. Би шинжээчийн дүгнэлт гаргахын өмнө шүүх, прокурор болон бусад хүмүүсээс нэмэлт материал шаардах эрхтэй учраас гэмт хэргээ ойлгож авахын тулд өөрөөр хэлбэл, нөхцөл байдал ямаршуу байсан юм байна, 2 тээврийн хэрэгсэл хэтэрхий хол оччихсон учраас хавтаст хэрэгт авагдсан зураг маш төвөгтэй харагдаад байсан учир байлцуулсан. Газар дээр нь очиж үзээд дүгнэлтээ гаргасан. Би тэрний буруу энэний буруу гэж ерөөсөө дүгнэж яриагүй. Хэрэгт оролцогч нар маань А цэгүүдээ өөр өөрсдийнхөө хүссэнээр зааж байсан. Би хэрэгт оролцогчдын мэдүүлэгт үндэслэдэггүй учраас хавтаст хэрэгт байж байгаа материалд үндэслээд дүгнэлтийг гаргасан. Зам дээр үүсдэг ул мөр дандаа алга болохуйц зүйлүүд байдаг учраас А цэг дээр хамгийн эхэнд очсон хүмүүс хамгийн зөв шийдвэр гаргадаг. Гэхдээ А цэг гэж цэг биш шүү дээ. 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж байгаа учраас тодорхой хэмжээний талбайд тоо тавьж байгаад зургийг нь авдаг. Энэ хэсэгт анхны мөргөлдөх байдал үүссэнээр ийм ул мөр үүссэн гэж А цэг тавьдаг. Заавал А цэг гэж тавих ёсгүй л дээ, 10 гэж тайлбарлаж болдог, Эй гэж тайлбарлаж болно. Иймэрхүү зүйлүүдээс болж би тэр газарт очиж үзсэн. Өөрийнхөө дүгнэлтийг илүү итгэл үнэмшилтэй гаргахын тулд тэр газраа үзээд дараа нь тээврийн хэрэгслүүд дээр очиж үзлэг хийсэн. Тэрний дараа дүгнэлтээ гаргасан. ...Зорчих хэсгийнхээ ирмэгтэй машины хажуу тал нь яг зэрэгцээ байх юм бол ямар ч өнцөг үүсэхгүй зэрэгцээ явж байна гэсэн үг. Харин машины хажуугийн тал нь тодорхой хэмжээний өнцөг үүсгэчих юм бол тэрийг өнцөг үүсгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хувьд Лексус маркийн тээврийн хэрэгсэл нь голын цагаан шугамыг давахдаа тэр шугамтайгаа тодорхой өнцөг үүсгэсэн байна гэсэн үг. Тээврийн хэрэгсэл гэмтсэн эсэхийг харж байж дүгнэлтээ гаргана. Тэгэхгүйгээр ганцхан А цэгээр гаргавал дүгнэлт үндэслэлгүй. ...Ослын дараах байршил дээр очихгүй. Ослын дараа очиж байгаа байрлал чинь өөр газар байна уу энэ газар байна уу гэдгийг зааж өгнө шүү дээ. Тэгэхээр А цэгийг мөргөлдөх үеийн тээврийн хэрэгслийн ганцхан гэмтлээр биш ослын дараа тээврийн хэрэгслүүдийн очиж байрласан байрлалтай нь харьцуулж харна” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.
Улсын яллагчаас: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Эрдэнэбатын М нь Хэнтий аймгийн ........ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Устын ам гэх газарт Улаанбаатар-Чингис чиглэлийн Дорнын их зам дээр 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Lexus LX470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Н.А нас барж, зорчигч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Э.М-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Уг гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал 37,097,586 төгрөг, сэтгэл санааны хохирол 88,500,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 35,183,952 төгрөгийг гаргуулахаар нотлох баримтууд гаргаж өгсөн. Улсын яллагчийн зүгээс тухайн хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн дүнгээр гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Оршуулгын зардал болон тухайн хүүхдийн 2 жилийн сургалтын төлбөр нийлээд 37,097,586 төгрөг гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн хүний амь нас хохирсон учраас сэтгэл санааны хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нийт 88,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн нэг хүүхэд хагас өнчин болж тэжээгчээ алдсан ба тухайн төлбөрийг хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарласан аргачлалын дагуу бодож хохирогчид олгох нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Э-т учирсан 3,790,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Э-толгуулах, .... улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,350,000 төгрөгийг шүүгдэгч Э.М-с гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. ...Х.Даваахүү өмгөөлөгч тухайн хэргийг завсарлуулаад нэмэлт шинжилгээ хийлгүүлье гэсэн байр суурьтай байх шиг байна. ...Шинжээчээс “та Э.М-г замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтээ яаж гаргаад байгаа юм бэ” гэхэд “ганцхан А цэгээр биш тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, хэргийн газар дээр очиж үзэх, хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг үндэслээд гаргаж байгаа” гэсэн. Миний хувьд энэ шинжээч сэтгэлтэй ажилдаа мундаг болох нь харагдаж байна. Учир нь хэрэг гарсан газар дээр өөрөө очиж мөн машины эвдрэл гэмтлийг өөрөө очиж харсан гэж мэдүүлэгтээ дурдсан. Иймээс энэ хүнийг ажлаа 100 хувь тултал хийсэн байна гэж үзэж байна. Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрсөн бол гэмтлүүд нь адилхан үүсэх үү эсвэл өөрөөр үүсэх үү гэж асуухад өөрөөр үүснэ гэсэн. Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дугуй руугаа мөргүүлээд холгүй замаасаа гараад явчихсан, харин Лексүс-470 маркийн машин яагаад хүчтэй өнхөрч байна вэ гэхээр 1 дүгээрт хурд хэтрүүлсэн байдал, 2 дугаарт эсрэг урсгал сөрсөн болохоор үрүүлээ дарчихаж байгаа юм. Иймээс шинжээч дүгнэлтүүдээ бид хэдийн маргалдаад байгаа А цэг дээр үндэслээгүй байна, харин бусад хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд дээр тулгуурласан гэж үзэж байна. Шинжээч яагаад А цэгийг анхных нь үндэслэлтэй байх боломжтой гэж үзсэн бэ гэдгийг өөрийнхөөрөө тайлбарласан шүү дээ. Анхных дээр нь хэргийн ул мөр байдаг, цаг хугацаа өнгөрөхөөр хэргийн ул мөр, янз янзын юм нь арилчихдаг учраас анхных нь үндэслэлтэй байх боломжтой гэж хэлсэн. М.Р, О.Ц, Т.С гэх хүмүүс мэдүүлгээ өгсөн байсан, өнөөдөр ч орж ирж өглөө. Тухайн зам дээр үүссэн байсан машины шилний хагархай, тоормосны мөрийг үндэслэж А цэгийг тогтоосон гэж хэлсэн. Бид нарын гол асуудал ганцхан А цэг гэдэг дээр биш, А цэг нь бусад нотлох баримтуудаар хэрхэн яаж тогтоогдож байгаа эсвэл бусад нотлох баримтууд нь хоорондоо зөрөлдөөд байгаа юм уу гэдэг дээр анхаарал хандуулах ёстой. Х.Даваахүү өмгөөлөгч машинд үзлэг хийхдээ бид нарыг оролцуулаагүй гэж ярьж байна. Шинжээч машины эвдрэл гэмтлийг очиж үзэж байгаа асуудал нь үзлэг биш шүү дээ. Шинжээч мөрдөгчийн тогтоолын дагуу дүгнэлтээ гаргахын тулд өөрөө очоод үзээдэхье, ямар нөхцөл байдалтай газар байгаа юм, машин дээр нь ямар эвдрэл гэмтлүүд үүсчихсэн юм гэдэг байдлаар очиж байгаа асуудал болохоос мөрдөн шалгах ажиллагаанд үзлэг хийж байгаа зүйл биш юм. Иргэний хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар шалтгаанаар иргэний хариуцагчаар тогтоосон юм бэ гээд асуугаад байх шиг байна. Өөрөө өмгөөлөгч хүн учраас хэлсэн хэлээгүй мэдмээр юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага гэж байгаа 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Энэ заалтыг үндэслээд компанийг иргэний хариуцагчаар татаж байгаа юм. Яагаад гэвэл тухайн компани Э.Мтай хөлсөөр ажиллах гэрээ, хамтран ажиллах гэрээ байгуулчихсан байсан учраас ажил олгогч нь гэж үзнэ. Би өмнөх тайлбар дээрээ Э.М-с хохирлуудыг нь гаргуулахаар хэлчих шиг болсон. Үүнийг энэ тайлбараар залруулаад иргэний хариуцагч хуулийн этгээдээс хохирогчийн нэхэмжилж байгаа төлбөрүүдийг гаргуулахаар залруулъя. Байгууллагын албан тушаалтан тухайн хүнд гэм хор учруулчихвал тухайн байгууллага нь хариуцаад дараа нь байгууллага хохирогчид өгсөн мөнгөө Э.М-с нэхэмжлэх үү, Бодь даатгалаас нэхэмжлэх үү гэдэг дараа дараагийн зохицуулалтыг хууль тогтоогч нар заагаад өгчихсөн. Тийм учраас хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж оролцуулсан. Ажил олгогч гэдэг нь тогтоогдчихсон учраас хуулийн этгээдэд хөлсөөр ажиллах гэрээ, хамтран ажиллах гэрээ байгаа шүү дээ. Ажил ажил дууссан үед осол гарсан гээд байсан. Ажил дууссан үед хэзээ ч осол гарсан асуудал биш, дуусаагүй шүү. 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл гэрээтэй байсан. Хүмүүсийг нь буулгаж өгөөд ажил дээрээ орсны дараа ажил чинь дуусна. Жишээ нь бид томилолтоор сургалтад яваад сургалт нь дуусчихвал тэнд ажил дуусна гэсэн ойлголт биш. Энэ хэрэг дээр үйлдвэрлэлийн осол гэдгийг заавал шалгах тогтоох ёстой байсан ч тогтоогоогүй юм байна лээ. Би өмнөх тайлбар дээрээ хохирлыг шүүгдэгч Э.М-с аргуулъя гэж хэлсэн байсан. Харин үүнийг 2 дахь тайлбараараа залруулаад иргэний хариуцагч хуулийн этгээдээс бүх хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Гэмт хэрэг үйлдсэн буюу зам тээврийн осол гарсан, гараагүй талаар шүүгдэгч маргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлгийн явцад энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ 2 талтай хэлсэн. 1-рт хэрэгсэхгүй болгоё, 2-рт 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулъя гэдэг байр суурийг хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан юм, гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсан юм, энэ хэрэгтэй холбоотой шалгавал зохих бүхий л ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүйгээр бүрэн тогтоосон гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар техникийн шинжээчийн 2 дүгнэлт гарсан. Эхнийх нь 1 сард, дараагийн дүгнэлт нь 7 сард гарсан. Шинжээчид хуульд зааснаар эрх үүрэг танилцуулагдаж үүний дагуу тусгай мэдлэг мэргэжил шаардсан шинжээчдийн баг явж ажилласан байдаг. И.Б шинжээч хэлэлцүүлгийн явцад А цэг гэдэг бол зөвхөн цэг биш, анх машин мөргөлдсөн эсэхийг харуулж байгаа. Тэгэхээр А цэгийг нэг А, 10 гэсэн аль ч тэмдэглэгээгээр тэмдэглэж болно. Гэхдээ А цэг буюу анх машин мөргөлдсөн цэг нь машинаас унасан шороо тоос, тос, хагархай хэсгийг харна. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон гэрэл зургийн үзүүлэлт дээр анх машин мөргөлдсөн цэгээс унасан хэлтэрхийг М.Р гэрчийн мэдүүлгээр цааш нь аваад тавьсан байсан, энийг Приусын жолооч машин мөргөлдсөн цэг дээрээс унаж үлдсэн их толины хэлтэрхийг цааш нь аваад тавьсан. Энэ дээрээс А цэгийг тогтоосон гэдэг нөхцөл байдлыг шинжээч хэллээ. Энийг гэрч М.Р мэдүүлгээрээ өгсөн. Мөн хэрэгт нэмэлтээр гэрч нарын мэдүүлгүүд авагдсан байдаг. Түргэний эмч Г, түргэний машиныг жолоодож явсан Э жолооч, Приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б нарын мэдүүлгээр эсрэг урсгалаас Лексус маркийн тээврийн хэрэгслийн жолооч орж ирж мөргөсөн талаар мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудыг шинжлэн судалж харьцуулаад үзэхэд Приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талаас дугуйг налуулж гэмтсэн асуудал яригддаг. Тэгэхээр машин аль чиглэлд явж байсан билээ. Яагаад тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талаас орж ирж байгаа юм. Хэрэв Приус маркийн машин урсгал сөрөөд орсон байх юм бол эвдрэл гэмтэл арай өөр байдлаас үүсэх байсан. Харин шинжээчдийн баг машины эвдрэл гэмтэл дээр ажиллаад, шинжээч хэргийн газрын нөхөн үзлэг дээр эргэн сэргээн дүрслэх аргаар энэ аргыг тодорхойлоод Приус маркийн машин, Лексус маркийн машины эвдрэлийг хараад Лексус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М энэ ослыг гаргасан байна гэж дүгнэсэн. Иймээс осол гаргах болсон үндсэн шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан эсрэг урсгалд орсон болох нь гэрч нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Иргэний хариуцагчийн тухайд хохирол төлбөрийг бид хариуцахгүй, иргэний хариуцагчийг буруу тогтоосон гэдэг байдлаар ярьж байна. Иргэний хариуцагч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах ёстой иргэн, хуулийн этгээдийг тодорхойлсон байдаг. Амь хохирогч хэний ажлыг хийж явсан юм, ямар учраас явсан юм, аялал зугаалгад хувиараа явсан юм уу гэвэл үгүй. Амь хохирогч албан ёсоор амаар тохиролцсон гэрээ байгуулаад А компаниас чөлөө аваад эдний компанийн санал болгосны дагуу ажил үүргийг гүйцэтгэж явсан. Амьд сэрүүн хүнийг Улаанбаатар хотоос аваад явсан бол буцаагаад эрүүл саруул хүргэж өгөх нь энэ компанийн үндсэн үүрэг юм. Энэ компани тухайн уралдааныг зохион байгуулсантай холбоотой тодорхой хэмжээний ашиг орлогыг олсон. Энэ ашиг орлогынхоо хүрээнд жолооч, бартендер, орчуулагч, гэрэл зураг авагч, зураглаач нарыг цалинжуулаад хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээтэй холбоотой ямар нэгэн эрсдэл үүсвэл амь насны даатгал, бусад эрүүл мэндийн даатгалыг хариуцна гээд Б Дкомпанитай гэрээ байгуулаад 69 ажилтныг даатгуулсан. Энэ дээр захирал, дэд захирал, менежер, хамт явж байсан бүх оролцогч нар даатгуулсан байдаг. Амь насны даатгалын төлбөрийг хэн төлөх вэ гэдэг нь тухайн компани цаашаа Б Дкомпанитайгаа шийдэх асуудал. Түүнээс иргэний хариуцагч биш гээд төлөхгүй байх хуулийн зарчим, шаардлага байхгүй. Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ, амаар тохиролцсон эсхүл бичгээр хийсэн ч бай ажил үүргээ гүйцэтгэж явах замдаа болон ажлаас буцах замдаа ямар нэгэн үйлдвэрлэлийн осол, гэмтлийн осолд орсон тохиолдолд ажил олгогч бүх эрсдэлийг хариуцахаар зохицуулсан нийтлэг зарчим иргэний эрх зүйн салбаруудад байгаа. Ажилтан өөрөө хувийн ажил, аялал зугаалгаар яваагүй юм шүү гэдгийг онцлон тодорхойлж хэлмээр байна. Иймээс энэ компанийн үйл ажиллагааг хариуцаж, ажлыг нь хийж явсан учраас энэ компани заавал иргэний хариуцагчаар татагдан орох ёстой, үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг ч шийдэх ёстой. Хөлсөөр ажиллах гэрээг Э.М, Э нартай байгуулсан. Хэрэв автомашин бүрэн бус байдалтай, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад ямар нэгэн эрсдэл гарсан бол жолооч өөрөө хариуцна гэдэг утга агуулга бүхий гэрээний заалт хөлсөөр ажиллах гэрээнд байгаа. Зөвхөн цалингийн 80 хувийг согтуу бол суутгана гэсэн ойлголт биш. Үүнийг иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарласан байх. Иймээс миний хувьд иргэний хариуцагчаар төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн сэтгэл санааны хохирол 4 дүгээр зэргийн дүгнэлт гарсан хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн эрүүгийн тэнхимийн тогтоолоор хүний амь нас хохирсон гэмт хэрэг дээр гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохыг Дээд шүүхээс эцэслэн батлаад тогтоочихсон. Б гэх хүн Приус-30 машиныг жолоодож явсан жолооч Мөнхбүрэнтэй ямар ч харилцаа холбоо хамаарал байхгүй. Найз нөхдийн холбоо байхгүй, төрөл садан, танилын холбоо байхгүй. Зөвхөн Тэнгэр плаза дээрээс замын зардлаа төлөөд хөндлөнгийн зорчиж яваа зорчигч юм. Харин Э.Мболон жолоочийн эсрэг талд сууж явсан Эхоёр нь нэг компанид тодорхой хугацаанд хамт ажилласан хүмүүс юм. Үүнээс хэн нь хэний эсрэг мэдүүлэг өгөх үү? хэн нь хэний эсрэг мэдүүлэг өгөөгүй вэ гэдэг нь харагдаж байгаа. Замын унаанд төлбөрөө төлөөд явж байгаа хүн яагаад Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ёстой юм. Яагаад тэр хүний талд орох ёстой юм. Тэгвэл Э, Э.М 2 тодорхой хугацаанд хамт ажилласан байна шүү дээ. Хөндлөнгийн гэрч мэдүүлэг өгөхөөр Б-н мэдүүлгийг худал мэтээр, Э.М-н хажууд сууж явсан Э-н мэдүүлгийг үнэн мэтээр яриад байна. Гэрч гэдэг тухайн үзсэн харсан зүйлээ мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүрэгтэй. Түргэнээр очсон эмч, жолооч 2 үзсэн харсан, бусдаас сонссон зүйлээ дамжмал байдлаар хэлж байгаа хэдий ч эх сурвалжаа шууд зааж байгаа. Энд юу болсон юм бэ гэдэг зүйлийг эмч үзэхдээ асуух нь эмчийн үүрэг. Ингэхэд нь жолооч урсгал сөрөөд машин орж ирсэн гэдэг зүйлийг хэлсэн. Энэ нь Б-н мэдүүлгээр давхар тогтоогдож байгаа. Мөн Мөнхбүрэн ч гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа үнэн зөв мэдүүлэг өгдөг. Тийм учраас гэрч нарын мэдүүлгийг дамжмал болон бусад байдлаар худал гэж үгүйсгэх ямар ч нөхцөл байдал байхгүй. И.Б шинжээч яагаад хэргийн газрын нөхөн үзлэг дээр очсон тухайгаа хэлсэн. Хэрэгт байгаа баримтуудаар тогтооход эргэлзээтэй байгаа учраас нүдээрээ очиж харсан гэдэг нөхцөл байдлыг шинжээч хэлсэн. Энэ дээр тулгуурлаад дүгнэлтүүдийг гаргасан учраас шинжээч нарт хууль сануулж гаргасан бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, эргэлзээтэй биш хөтөлбөргүй тогтоогдсон байгаа тул шүүх хуралдаанаар дахин гүйцэтгэнэ, дахин шинжээч томилно гэсэн зүйл байхгүй байна.
Иргэний хариуцагчийн тухайд эдгээр хүмүүс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж байгаа. Иргэний хуульд зааснаар тодорхой хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг даатгаад өөрсдийнхөө компанийн ажлыг урагшлуулах, зохион байгуулж байгаа тэмцээнд оролцогчдын ая тухтай байдлыг хангах үүднээс бартендер, жолооч, гэрэл зураглаачдыг авч яваад байгаа юм. Түүнээс А гэдэг амь хохирогч хувийн ажлаар яваагүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаар амаар тохиролцсон ч хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцно. Хөдөлмөрийн хуульд ажилдаа ирэх, очих үеийг ажил олгогч хариуцна гэж заасан. Хэдий Э Р гэх компанитай үндсэн гэрээ байгуулаагүй ч гэсэн эдний ажлыг хийж, хамтран ажиллах гэрээг амаар тохиролцоод хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж явсан учраас Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд заасан үүргүүдийг иргэний хариуцагч биелүүлэх ёстой. Хохирол төлбөрийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол болох оршуулгын зардал, хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой зардлуудыг гэм буруутай этгээд буюу шүүгдэгч Э.М-с, хүүхдийн 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нь гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар учраас Э.М-с, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, үр дагаварт тооцогдож байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах сэтгэл санааны хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шинээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06/48 дугаартай албан тоот болох 1 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Миний бие Авлигатай тэмцэх газарт хяналтын прокурор Итгэлтэй холбоотой гомдол гаргасан. Үүнийг Тээврийн прокурорын газарт албан тоотоор хариу өгсөн. Би шүүх хурал болох гээд байгаа учраас энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн талаар асуухад манайх хугацаандаа хянана гэдэг хариулт өгсөн. Бид прокурор Итгэл болон Р той холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт тавьсан учраас үүнийг нотолж байгаа нотолгооны баримт гэж гаргаж өгч байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч буруу ойлгосон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцох үндэслэл байна. Гэхдээ үүнийг зөвтгөөд 60 хоногийн хугацаагаар хэргийг прокурорт буцаах байр суурийг илэрхийлсэн.
Шинжээч нар Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн гэж дүгнээд байна. Гэрчүүдийн мэдүүлгээр эсрэг урсгалд орсон нь тогтоогдож байна гэх юм. Гэтэл энэ хүнийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж орсон гэдэг худал мэдүүлэг өгсөн. Б гэдэг хүн худал мэдүүлэг өгснөөрөө эрүүгийн хэрэгт татагдах үндэслэлтэй. Эмч, жолооч нарын мэдүүлэг нь дамжмал мэдүүлэг. Бодит байдлыг харж гэрчилсэн гэрчийн мэдүүлэг биш гэж үзэж байна. Зам тээврийн осол бол болсон. Харин зам тээврийн ослоос болсон үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй. Эсрэг урсгалыг сөрөөгүй гэдгийг машины урд талд буюу жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан Эгэдэг хүн манай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд ороогүй нөгөө тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж осол гаргасан гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлтэй гэвэл Э-н мэдүүлэг илүү үндэслэлтэй гэж үзэж байгаа. Сая М.Р орж ирэхдээ зураг авсныг мэдээгүй, схем зураг авсныг нь ч мэдээгүй, ер нь юу болсныг би мэдээгүй гэж мэдүүлдэг. Гэтэл тэмдэглэл дээрээ А цэгийг юуг үндэслэж авсан гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг. Шинжээч ч гэсэн хэлж байна шүү дээ. Схем зургаар бүдүүвч зургаар 2 машин мөргөлдсөн А цэгийг тогтоох үндэслэл муутай байдаг. Харин 2 машин мөргөлдөөд унасан шороо, шилний хагархай, толины хагархай байх юм бол үүнийг үндэслэж багцаалж авч болдог гэсэн.
Гэтэл хэргийн газрын үзлэг, А цэг дээр аль нь ч байхгүй. М.Р машины шилний хагархай байсан, үүнийг ийш нь чулуудсан юм шиг байна гэсэн. Гэхдээ энэ талаар нотлох баримтаар бэхжүүлж аваагүй байж ийм хариуцлагагүй юм дуугарч болохгүй. Хэргийн газрын эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг эсрэг урсгалаас орж ирсэн жолооч өөрчилж зөрчсөн байна. Хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримтыг өөрчилсөн асуудлыг шалгах ёстой. Үүнээс болоод өнөөдөр А цэгийн асуудал хөндөгдөж байна. А цэгийг тогтоосон гэх газар дээр ямар нэгэн шороо, машины эд анги унасан зүйл байгаагүй. Схем зураг үйлдсэн, фото зургийг бэхжүүлж байсан криминалистик шинжээч хүртэл А цэгийг үнэн зөв авсан гэх итгэл үнэмшил багатай байсан гэдэг зүйлийг тодорхой ярилаа. Тийм учраас хэргийн газрын үзлэгийг хийхэд маш хариуцлагагүй хандсан нь харагдаж байна. Миний ойлгож байгаагаар М.Р гэдэг хүнд эсрэг урсгалаас орж ирсэн Приус машины жолооч нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөрдөн байцаагч болоод ганцхан сар болж байгаа хүн байна шүү дээ. Өчнөөн туршлага суусан хэргийн газрын үзлэг хийж байгаа мөрдөгч нар алдаа гаргахыг үгүйсгэх арга байхгүй. Дараагийн асуудал нь эсрэг урсгалд Приус машин зогсож байгаа. Эсрэг урсгалд онхолдсон машины ул мөрнүүд бүгд байж байгаа. Иймээс А цэг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Шинжээч нь М.Р-ийн мэдүүлгээр А цэг үндэслэлтэй байх боломжтой гэж яриад байна. Гэхдээ хүний мэдүүлгээр дүгнэлт гаргахгүй. Техникийн асар олон шинжээчийн дүгнэлт гаргасан мэдлэгтэй хүн хүний мэдүүлгээр шинжээчийн дүгнэлт гаргана гэж байхгүй гэж хэлж байна. А цэгийг тогтоох асуудлыг хийгээгүй биш хийсэн. Дарханбаатар гэдэг шинжээч анхны хэргийн газрын шинжээчийн үзлэгийн материал, дараагийн 2 удаагийн үзлэгээр А цэгийг тогтоох боломжгүй юм байна гэж үзсэн. Өнөөдөр А цэгийг тогтоогоогүй байж яаж энэ хүний гэм буруугийн асуудал яригдах юм. Механик тээврийн сургуулийн багш нар шинжээч дүгнэлт гаргасан. Бид нар Б гэдэг мөрдөн байцаагчийг Авлигатай тэмцэх газар болон тусгай субъектэд гомдол гаргаад өгчихсөн байгаа. Байцаагдсан байх гэж бодож байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шинжилгээ хийлгэе гэж өгөхөд манайх шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Механик тээврийн сургуулийн багш нарын шинжээчийн дүгнэлт 3 сарын дараагаар гарч байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газарт өөр шинжээч нар байгаа шүү дээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу сургалтад сууж сертификат авсан тамга тэмдэгтэй шинжээч нар зөндөө байгаа. Тэд нараар гаргуулахгүй яагаад Механик тээврийн сургуулийн шинжээчийн дүгнэлтийг заавал 3 сар хүлээж байж дахиж ийм асуудал гаргаж байгаа юм. Мөн шинжээч хэргийн газрын үзлэгт оролцсон гээд байгаа. Гэтэл тогтоол үйлдэхээс өмнө орчихсон. Өөрөө би оролцсон шүү дээ, мөрийг нь зааж өгсөн гэж байгаа боловч хавтаст хэрэгт тэр өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг гээд үйл баримт огт байхгүй. Сая шинжээч 2 машин мөргөлдсөнийг машины үзлэг хийж тогтоосон гэсэн. Гэхдээ энэ үзлэгт бид нарыг оролцуулаагүй шүү дээ. Бид нарыг явцгаа гээд явуулсан атлаа дараа нь хэргийн оролцогчийг оролцуулахгүйгээр үзлэг хийж осол болсон чиглэлийг тогтоох боломж байхгүй гэж үзэж байна. Мөн А цэг дээр таны мөргөлдсөн чиглэлийг тогтоосон график дүрслэлийг тавивал болох юм уу гэхэд өөр газар ч тавьж болно гэсэн. Э-нмэдүүлгээр өөдөөс машин ороод ирэнгүүт цаашаа баруун гар тал руугаа дарсан гэсэн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтийг няцааж байна гэж үзэж байна, Өмгөөлөгч буруу ойлгоод байна. Б гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж мэдүүлдэг. Гэхдээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа юм. Гэрч өөрийн үзсэн харсан зүйлийг ярих болохоос сонссон зүйлийг мэдүүлэх зохицуулалт байхгүй. Энэ хурал нээлттэй явагдаж байгаа шүү дээ. Шинжээч нар тогтоолтой танилцаад гарын үсэг зураагүй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа, энэ зөв юм уу. Мөн дараагийн асуудал нь гаргасан дүгнэлтийнхээ эсрэг тайлбар хийчихсэн. Прокурор өнөөдөр их хурдтай явсан байна лээ гэж яриад байна. Тэгвэл хурдыг нь тогтоохгүй яасан юм, энэ прокурорын үүрэг шүү дээ. Иймээс миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх ажиллагаануудыг хийлгэмээр байна. Хэргийн газарт шинжээч оролцсон нь үндэслэлтэй гэж яриад байх юм. Гэтэл шинжээч мэргэжилтнээр оролцсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд хавсаргагдсан байсан. Ингээд мэргэжилтнээр оролцсон хүн шинжээчийн дүгнэлт гаргаж болохгүй шүү дээ гэдэг асуудлыг хэлэхэд аваад хаячихсан байгаа юм. Бид шүүх хурал дээр судлуулахад нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн. Мөрдөн байцаагч Батжаргал болон Итгэл прокурорын хууль бус хийсэн үйлдэл шалгагдаад явж байгаа. Гэтэл дараа нь энэ асуудал яригдвал яах вэ. Авлига авсан, нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ хэргийг эргэлзээгүй тогтоосон зүйл байхгүй шүү дээ. Шинжээчид тогтоол танилцуулаагүй нь зөв юм уу. Базаррагчаа шинжээч машины эвдрэлийг хурдаар тогтоодог хүн Монголд байхгүй гэж ярьж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын тусгай мэдлэгтэй шинжээчид ямар хурдтайгаар явж ирээд хаана мөргөлдсөн, ямар байдалд байсан юм гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогоод А цэг биш байна гэж хэлдэг. А цэгийг хөдөлшгүй тогтоосон бол өнөөдөр асуудал яриад байх зүйл байхгүй. Гэтэл прокурор А цэг хамаа байхгүй, өөр баримтуудаар тогтоогдож байгаа гэдэг зүйл яриад зогсож байж болохгүй байх. Хэргийн нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой тогтоосон бол Э.Мхохирогч болохыг ч үгүйсгэх аргагүй. Энэ хүн өөрөө ч гэсэн гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчхоод байхад буруу зөв тогтоосон А цэг хамаа байхгүй, энэ хүнийг буруутгах ёстой гэдэг байдлаар хандаж болохгүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд хууль зөрчөөд байна, нотлох баримт хэргийн материалаас алга болоод байна гэдэг асуудлыг удаа дараа тавьж байсан нь хэргийн материалаас тодорхой харагдана. Хэргийн газарт үзлэг хийсэн криминалистик шинжээчийн дүгнэлтээр купер байснаа, их гэрэл, толины хагархай болоод сүүлдээ улаан юм байсандаа гэдэг байдлаар үндэслэлгүй зүйл ярьж хүнийг хэлмэгдүүлж болохгүй шүү дээ. Шударга шүүхээр шүүлгэх ёстой гэж Үндсэн хуульд заасан байгаа. Гэтэл хууль зөрчсөн үйлдлүүд нь ямар ч хамаа байхгүй гэдэг байдлаар хандаж болохгүй. Миний эргэлзээтэй байна гэдэг нотлох баримтуудыг няцааж чадсангүй гэж үзэж байна. Иймд өмнө гаргасан саналаа дэмжиж байгаа тул хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногоор хойшлуулж өгнө үү. Энэ хэрэг дээр дахин шинжээчийн дүгнэлт гаргаж болно. Нотлогдоогүй ч гэсэн Итгэл гэдэг прокурор Механик тээврийн сургуулийг төгссөн боловсон хүчин юм. Иймээс миний хувьд Итгэлийг татгалзаж байсан асуудал байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс прокурор, мөрдөн байцаагчид гомдолтой байдаг өнөөдөр гомдлоо өгчхөөд явж байгаа. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Амгалан прокурорыг татгалзъя гэж бодож байсан. Яагаад гэвэл энэ хэрэгт эхнээсээ хяналт тавиагүй. Шүүхэд ирсний дараагаар прокурор хяналт тавьж байгаа учраас энэ хэрэгт Итгэл прокурорыг оролцуулах асуудлыг тавья гэж бодож байсан боловч Итгэл болон Батжаргал нарын хийсэн нотлох баримтууд нь хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа учраас Н.Амгалан прокуророос татгалзаагүй. Мөн өнөөдөр шинжээч хууль ёсоор хэргийн газрын нөхөн үзлэгт оролцсон бол өөр асуудал. Гэтэл нэг өдөр хүрээд ирэхэд Базаррагчаа шинжээч оролцоно гэдэг. Дараа нь дууслаа явлаа гэснээ машины эвдрэл гэмтлийг очоод үзсэн асуудал байдаг. Иймд өмнөх саналаа дэмжиж байна гэв.” гэж,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ээс: Хохирогчийн өмгөөлөгчийн иргэний хариуцагчтай холбоотой асуудал дээр тайлбар байгаа. Өөрөөр хэлбэл, санаатай худал хэлбэл хариуцлага тооцдог болмоор байгаа юм. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль ёсоор хариуцвал зохих хувь хүн, хуулийн этгээд гэж байхгүй. Тэгэхээр боломжтой бол хохирогчийн өмгөөлөгч ямар хууль дээр компанийг иргэний хариуцагчаар байх ёстой гээд заачихсан байна гэдгийг тодорхой дурдмаар байна. Хавтаст хэрэгт үйлдвэрлэлийн осол гарсан эсэхтэй холбоотой нэг ч үг өгүүлбэр байхгүй. Хөлсөөр ажиллах гэрээний талаар хохирогчийн өмгөөлөгч өөрт ашигтай байдлаар ярьж байна. Хөлсөөр ажиллах гэрээний хэдийн хэд дээр компани хариуцлага хүлээнэ гээд заасан байгааг хэлээд өгвөл зүгээр байна.
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн эсэх, эсвэл үйлдвэрлэлийн осол гарсан эсэх асуудлыг маргаж буй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй огт хэлэлцээгүй гэдгийг дурдмаар байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй, бичигдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэж байгаа. Энийгээ мөрдөх ёстой. Э Ргэдэг компанийг иргэний хариуцагчаар татахтай холбоотой хууль тогтоомжийн зүйл хэсэг заалт өнөөдрийн байдлаар байхгүй байгаа шүү. Тийм учраас компанийг иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж харж байгаа. Э.М-н хувьд хөлсөөр ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлээд дуусчихсан байсан. Компанитай байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсны дараа хэрэг учрал гарсан. Иймээс Э Ргэдэг компани иргэний хариуцагч байх боломжгүй гэж харж байгаа. Хохирогч тал 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудсанд авагдсан гэнэтийн ослын даатгалын гэрээний талаар ярьж байна. Энэ тохиолдолд иргэний хариуцагч нь компани биш, харин Б Д байх боломжтой. Энэ талаар хохирогч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар ч ажиллагаа хийгээгүй. ...Лексус 470 гэдэг маркийн автомашины эзэмшигч нь манай компани биш. ...Хохирогчийн өмгөөлөгч иргэний хариуцагчаас төлбөр гаргуулах ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн осол мөн бишийг нь тогтоолгоод, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд юу гэж заасан байдаг юм үүнийг баримтлаад Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм журамд заасны дагуу бүртгүүлээд прокурор эрүүгийн хэрэг үүсгээгүй юм чинь иргэний журмаар жич буруутай этгээдээс нэхэмжлэх ёстой юм биш үү. ...Түүнээс нэг ажилтнаа эрүүл энх саруул аваад явсан, эрүүл энх саруул буцаагаад аваачих үүрэгтэй гэдэг асуудлыг зохицуулах зохицуулалт нь өөр шүү дээ. Яллах дүгнэлтэд дурдагдсан хэмжээ хязгаараас давсан зүйл яриад байна. Ямар үндэслэлээр иргэний хариуцагч байх ёстой юм, маргаж буй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд уг асуудлыг хамтад нь шийдэх ёстой гэдэг хууль зүйн үндэслэлээ өмгөөлөгчийн зүгээс тодорхой тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол хажууд нь сууж байгаа үйлчлүүлэгч нь ч ойлгохгүй, иргэний хариуцагчаар татагдаад байгаа би ч ойлгохгүй суугаад байна. Үйлдвэрлэлийн осол гэж үзэж байгаа бол шийдэх газар нь өөр шүү дээ. Иймд иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналтай байна... ...1-р хавтаст хэргийн 202 дугаар хуудсанд авагдсан компанийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол нь үндэслэлгүй бөгөөд хууль бус гэдгийг улсын яллагчийн тайлбар нотолж байна гэж харлаа. Яллах дүгнэлтэд дурдагдсанаар шүүгдэгч Э.М-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр тогтоосугай гээд бичээд ороод ирсэн байгаа юм. Тэгсэн атлаа иргэний хариуцагчаар татсан үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар тайлбарладаг. Бид өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэлэлцээгүй. Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар энэ асуудлыг шийдэх ёстой байсан байх. Би яагаад хууль ёсоор компани иргэний хариуцагч биш гэж хэлээд байна вэ гэхээр иргэний хариуцагчаар татах тухай тогтоолд ямар ч зүйл дурдаагүй. Эрүүгийн хэрэг хаана очно дагаж очоод иргэний хариуцагчаар яагаад татсан бэ гэдгээ прокурор өөрөө тайлбарлаад яв л даа, тийм боломж байхгүй учраас хуульд юу гэж заасан бэ гэхээр хууль ёсоор хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд гэсэн байгаа. ...Э.М морин уралдааны явцад зураг авах ажиллагаанд оролцож байсан. Улаанбаатар хот руу хэнийг ч хүргэж өгөх үүрэггүй. Хавтас хэрэгт хүргэж өгөх үүрэгтэй гэснийг нотолсон баримт байхгүй. ...Ажил үүрэг нь дуусаагүй байсан гэдгийг нотолсон ямар баримт байгаа юм, түүнийг улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтдаа дурдах ёстой байсан ч ийм зүйл байхгүй. Прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтаа адилхан бүрдүүлэх ёстой. Гэтэл яллах талын баримтыг ч бүрдүүлээгүй байж хаа хамаагүй компанийг татаж оруулчхаад түүнийгээ хууль ёсны гэж тайлбарлаж болохгүй. ...Э.Мгэдэг компанийн ажилтан машин унаж явж байгаад хүн алсан учраас хариуцах ёстой гээд байгаа юм уу эсхүл амь хохирогч Э Ркомпанийн ажлыг хийж яваад нас барсан учраас төлбөр төлөх ёстой гээд байгаа юм уу гэдгээ тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Аль үйлдлээр нь мөнгөө нэхэмжлээд байгаа юм гэхээр тайлбарлаж чадахгүй байна...” гэж мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.
Хэрэгт хууль журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэргээс хэргийн үйл баримт бүрэн дүүрэн нотлогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч Э.М Хэнтий аймгийн ........ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Устын ам гэх газарт Улаанбаатар-Чингис чиглэлийн Дорнын их зам дээр 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим Lexus LX470 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Н.А нас барж зорчигч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Э.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан яллагдагчтай нэгэн адил эрх, үүргийг шүүх хуралдаанд ч эдлэх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
Харин эсрэгээрээ хэрэгт хохирогч, гэрч, шинжээчээр оролцсон субъектүүдэд хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүйгээр гаргах үүрэгтэй.
Эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд болох Б.Б мэдүүлэхдээ “...Би тэр хар өнгийн Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг урсгал сөрсөн гэж бодож байна. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй хэсэг рүү мөргөсөн бөгөөд дугуй нь цааш орсон тул нэлээн цаана очоод зогссон” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 181 дүгээр тал), мөн Б.Б-н“...эсрэг талын урсгалаас хар өнгийн жийп машин урсгал сөрж хурдтай ирээд миний сууж явсан талаар 2 машин мөргөлдсөн. Тэгээд миний сууж явсан машин замынхаа хойд тал руу гарч зогссон” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 185 дугаар тал) нь шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч М.М-н “...Багануур өнгөрөөд 20-25 км явж байхад баруун талаасаа зүүн тал руугаа алсуур өгссөн уулын ар хэсгийн асфальтан замаар явж байхад зүүн талаас буюу урдаас том хар жийп маркийн машин нэлээн хурдтай цагаан зураас даваад өөдөөс явж байсан. Би тэр үед арай мөргөчихгүй байх хажуугаар зөрөөд гарах байх гэж бодоод явж байтал жолоочийн эсрэг талын урд хэсгийг буюу гэрэл, дугуй, хаалга хэсгийг хүчтэй шүргээд өнгөрөхөд машины үрүүл дайруулсан тал руугаа буюу хойд тал руугаа булаан замын хажуу руу буун зогсоод машинаасаа гарч ирэн эргээд харахад миний машиныг шүргэж өнгөрсөн машин 200 метрийн цаана онхолдчихсон дээшээ харсан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 107-108 дугаар тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.С 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 802 дугаартай “...Toyota Prius-30 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй болон явах эд анги, урд бамбай, урд крыло, зүүн талын хаалгануудад үүссэн мөр зурааснууд урдаас хойш чиглэсэн шинж тэмдэгтэй зэрэгт үндэслэн тус автомашин нь осол эхлэх үед зүүн урд бамбай, далбаа хэсгээр анх мөргөлдөж осолдсон гэх үндэслэлтэй байна. ...CDR-900 загварын ослын өмнөх 5 секундын байдлыг бичигч төхөөрөмжөөр уншиж гаргасан үр дүнгээр ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд тухайн осол болохоос өмнөх 5 секундэд 72 км/ц байна” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 76-84 дүгээр тал), Техникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/150 дугаартай дүгнэлт (III хавтаст хэргийн 175-179 дүгээр тал), Техникийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт (III хавтаст хэргийн 191-192 дугаар тал)-үүдээр шүүгдэгч Э.М-н буруутай үйл ажиллагаанаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Э-ын мэдүүлэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн газрын үзлэгээр 2 тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх “А” цэгийг үндэслэлгүй буруу тодорхойлсон гэж мэтгэлцсэн боловч шинжээчийн “А цэг гэдэг нь тухайн тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн байж болох газрыг баримжаа авах, тэрэндээ харьцуулалт хийх боломжтой болгож авдаг тэр цэгийг хэлж байгаа. ...Приус маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн дагуу явсан, Лексус маркийн авто машин замтайгаа өнцөг үүсгэж явсан байна гэж дүгнэлтэд тэгж тогтсон. Хэрэв эсрэг тохиолдолд буюу Приус маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл нь өнцөг гаргаад Лексус маркийн тээврийн хэрэгсэл чигээрээ байсан бол тээврийн хэрэгслүүдийн гэмтэл өөр болно. Лексус маркийн тээврийн хэрэгсэл овор хэмжээ томтой учраас Приус маркийн тээврийн хэрэгслийг Лексус шиг зурж мөргөхгүй нэлээн гүнзгий цөмөрч цохиж мөргөөд Приус маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хэсгийг тэр чигт нь мөргөх учраас Приус маркийн тээврийн хэрэгсэл чиглэлээ алдаад эргэлдээд онхолдох байсан. ...Тухайн хэрэг учрал болсон газарт нь би очиж газрыг нь үзэх, тээврийн хэрэгслүүдийн байрлалыг очиж харах, зам дээр үүсгэсэн мөр нь хавтаст хэрэгт авагдсан шиг энд тэндгүй үүссэн гэж хэлсэн нь үнэн бодитой юу гэдгийг харсан. ...Өөрийнхөө дүгнэлтийг илүү итгэл үнэмшилтэй гаргахын тулд тэр газраа үзээд дараа нь тээврийн хэрэгслүүд дээр очиж үзлэг хийсэн. Тэрний дараа дүгнэлтээ гаргасан. ...Энэ хэргийн хувьд Лексус маркийн тээврийн хэрэгсэл нь голын цагаан шугамыг давахдаа тэр шугамтайгаа тодорхой өнцөг үүсгэсэн байна гэсэн үг. Тээврийн хэрэгсэл гэмтсэн эсэхийг харж байж дүгнэлтээ гаргана. Тэгэхгүйгээр ганцхан А цэгээр гаргавал дүгнэлт үндэслэлгүй гарна” гэх мэдүүлгээр мөн няцаагдсан болно.
Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч Э.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэж зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
Шүүгдэгч Э.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд ямар нэг тойрох саад байхгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх шаардлагагүй байхад эсрэг урсгал руу сөрж орсноос өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх аюул байгааг мэдсээр байж хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж тооцож өөртөө найдсанаас уг осол гарсан.
Энэхүү Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн санаатай үйлдлийн улмаас ..... улсын дугаартай Lexus LX470 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.А нас барсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас тухайн зүйл ангид 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж өгнө үү” гэх санал гаргасан бөгөөд энэхүү санал нь үндэслэлтэй гэж үзэж тухайн зүйл заалтуудыг журамласан болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон.
Энэ хэргийн тухайд Н.А-ийн амь нас хохирсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Э, хохирогчоор Р.О , Д.Т , Б.Б, Б Энар, иргэний хариуцагчаар Э Р ХХК тус тус тогтоогдсон байна. Харин гэрч М.М хэргийн оролцогчийн хувиар тухай бүр шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн материалтай танилцаж явсан байгааг дурдах нь зүйтэй.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “Оршуулгын зардал 37,097,586 төгрөг, сэтгэл санааны хохирол 88,500,000 төгрөг, хүүхдийн 18 нас хүртэлх тэтгэмж 35,183,952 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох компани болон жолоочоос гаргуулмаар байна” Сэтгэл санааны хохирлыг 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож гаргасан. Хүүхдийн тэтгэмжийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар амь хохирогчийн тухайн үед ажиллаж байсан газрын сарын цалингаас бодсон. Тухайн үед амь хохирогч нь А компанид сарын 2,800,000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Одоо амь хохирогчийн охин улсаас 689,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. 2,800,000 төгрөгөөс тэтгэмж авах эрхгүй этгээд болох Н.Эгийн авах хэсгийг хасаж 3-д хуваахаар нэгд хүнд ногдох хэсэг нь 933,333 төгрөг гарч байгаа. Насанд хүрээгүй хүүхэд болох охины нийт авах төлбөр нь 933,333 төгрөг, улсаас 689,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа учраас зөрүү нь нэг сарын 244,333 төгрөг гарна. Үүнийг жилд үржүүлэхээр нэг жилд 2,931,996 төгрөг болно. Хүүхэд маань одоо 8 настай ч гэмт хэрэг гарах үед 6 настай байсан учраас нэг жилийн төлбөр болох 2,931,996 төгрөгийг 12 жилээр үржүүлэхээр нийт 35,183,952 төгрөг гэж бодож гаргасан. Үүн дээр сэтгэл санааны хохирол, оршуулгын зардлыг нэмж нэхэмжилж байгаа” гэж,
Хохирогч Р.О , Д.Т , Б.Б нараас хурлын товыг мэдэгдэхэд хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн бол хохирогч, иргэний нэхэмжлэгч Б Э үнэлгээгээр тогтоогдсон эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 3,790,000 төгрөгийг нэхэмжилж шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ тус тус илэрхийлсэн байна.
Улсын яллагчаас: “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэрэгт хавсаргасан оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг бодож байгаа аргачлалынх нь дагуу тооцож шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах, хохирогч Р.О , Д.Т , Б.Б нар хохирол баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй тул тэдэнд хохирол төлөх төлбөргүй гэж, иргэний нэхэмжлэгч Б.Э-т3,790,000 төгрөгийг, М.М-д 6,305,000 төгрөгийг мөн шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулах саналтай байна” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Оршуулгын зардалд 37,097,586.2 төгрөгөөр, сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.5-д зааснаар 82,500,000 төгрөгөөр, Хүүхдийн тэтгэмжийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар амь хохирогчийн тухайн үед ажиллаж байсан газрын сарын цалингаас бодсон. Тухайн үед амь хохирогч нь А компанид сарын 2,800,000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Одоо амь хохирогчийн охин улсаас 689,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. 2,800,000 төгрөгөөс тэтгэмж авах эрхгүй этгээд болох Н.Э-гийн авах хэсгийг хасаж 3-д хуваахаар нэгд хүнд ногдох хэсэг нь 933,333 төгрөг гарч байгаа. Насанд хүрээгүй хүүхэд болох охины нийт авах төлбөр нь 933,333 төгрөг, улсаас 689,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа учраас зөрүү нь нэг сарын 244,333 төгрөг гарна. Үүнийг жилд үржүүлэхээр нэг жилд 2,931,996 төгрөг болно. Хүүхэд маань одоо 8 настай ч гэмт хэрэг гарах үед 6 настай байсан учраас нэг жилийн төлбөр болох 2,931,996 төгрөгийг 12 жилээр үржүүлэхээр нийт 35,183,952 төгрөг гэж бодож гаргасан. Иймд нийт 154,781,538.2 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах саналтай гэж,
Иргэний хариуцагчаас: “Энэ хэргийн иргэний хариуцагч биш тул иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Э.М, амь хохирогч Н.А, иргэний нэхэмжлэгч Б.Э нар иргэний хариуцагчаар тогтоогдсон Э Р ХХК-д 2023 оны 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд ажиллахаар гэрээ байгуулсан гэрээний хуулбарыг, мөн энэ хугацаанд /2023.08.14-ний өдрийг хүртэл/ тэднийг Бодь даатгалын гэнэтийн ослын даатгалд тус тус хамруулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байна.
Өөрөөр хэлбэл, амь хохирогч Н.А, шүүгдэгч Э.М, иргэний нэхэмжлэгч Б Э нар Э Р ХХК-д хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээд 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буцаж явах замдаа зам тээврийн осолд орсон бөгөөд энэхүү “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болоогүй. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад тухайн осол гарсан. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Амь хохирогч хэний ажлыг хийж явсан юм, ямар учраас явсан юм, аялал зугаалгад хувиараа явсан юм уу гэвэл үгүй. Амь хохирогч албан ёсоор амаар тохиролцсон гэрээ байгуулаад А компаниас чөлөө аваад эдний компанийн санал болгосны дагуу ажил үүргийг гүйцэтгэж явсан. Амьд сэрүүн хүнийг Улаанбаатар хотоос аваад явсан бол буцаагаад эрүүл саруул хүргэж өгөх нь энэ компанийн үндсэн үүрэг юм. Энэ компани тухайн уралдааныг зохион байгуулсантай холбоотой тодорхой хэмжээний ашиг орлогыг олсон. Энэ ашиг орлогынхоо хүрээнд жолооч, бартендер, орчуулагч, гэрэл зураг авагч, зураглаач нарыг цалинжуулаад хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээтэй холбоотой ямар нэгэн эрсдэл үүсвэл амь насны даатгал, бусад эрүүл мэндийн даатгалыг хариуцна гээд Б Дкомпанитай гэрээ байгуулаад 69 ажилтныг даатгуулсан. Энэ дээр захирал, дэд захирал, менежер, хамт явж байсан бүх оролцогч нар даатгуулсан байдаг. Амь насны даатгалын төлбөрийг хэн төлөх вэ гэдэг нь тухайн компани цаашаа Б Дкомпанитайгаа шийдэх асуудал. Түүнээс иргэний хариуцагч биш гээд төлөхгүй байх хуулийн зарчим, шаардлага байхгүй. Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ, амаар тохиролцсон эсхүл бичгээр хийсэн ч бай ажил үүргээ гүйцэтгэж явах замдаа болон ажлаас буцах замдаа ямар нэгэн үйлдвэрлэлийн осол, гэмтлийн осолд орсон тохиолдолд ажил олгогч бүх эрсдэлийг хариуцахаар зохицуулсан нийтлэг зарчим иргэний эрх зүйн салбаруудад байгаа. Ажилтан өөрөө хувийн ажил, аялал зугаалгаар яваагүй юм шүү гэдгийг онцлон тодорхойлж хэлмээр байна. Иймээс энэ компанийн үйл ажиллагааг хариуцаж, ажлыг нь хийж явсан учраас энэ компани заавал иргэний хариуцагчаар татагдан орох ёстой, үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг ч шийдэх ёстой. Хөлсөөр ажиллах гэрээг Э.М, Э нартай байгуулсан. Хэрэв автомашин бүрэн бус байдалтай, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад ямар нэгэн эрсдэл гарсан бол жолооч өөрөө хариуцна гэдэг утга агуулга бүхий гэрээний заалт хөлсөөр ажиллах гэрээнд байгаа” гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй байхад буюу гэрээний үүргээ биелүүлэх явцад тухай хэрэг учрал гарсан тул хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх учиртай гэж шүүх үзлээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж хавтаст хэрэгт тусгасан баримтад тулгуурлан дараах байдлаар шийдвэрлэв.
-Оршуулгын зардалд 37,097,583.2 төгрөгөөс талийгаачийн цалингийн зээл 4,222,146.15 төгрөг, Lend.mn-ээс зээлсэн 1,460,000 төгрөг, талийгаачийн охины сургалтын төлбөрт 8,200,000 төгрөг нэхэмжилснийг нийт оршуулгын зардлаас хасаж тооцов. Учир нь дээрх зээлүүд болон сургалтын төлбөр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд хамааралгүй байна. Иймд 37,097,583.2-4,222,146.15-1,460,000-8,200,000=23,215,440.05 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 13,882,146.15 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
-Сэтгэцэд учирсан хор уршгийн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Амь хохирогч нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нас барсан байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгөөр тооцож 82,500,000 төгрөгөөр нэхэмжилснийг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй.
-Тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн зөрүүг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 35,183,952 төгрөг гэж нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн хэмжээг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж цалин халс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 7.1.2, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс энэ хуулийн 17.1-д заасан хувь хэмжээгээр бодож тооцно” гэж заажээ.
Хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “А хотел” ХХК захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01/152 дугаартай тушаалаар Н.А-ийн үндсэн цалинг 2,800,000 төгрөгөөр тооцож олгох шийдвэр гарчээ. Тодруулбал, амь хохирогчийг нас барахаас 10 хоногийн өмнө үндсэн цалинг нэмэгдүүлсэн байх бөгөөд энэхүү 2,800,000 төгрөгөөс дундаж цалинг тодорхойлж нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Мөн түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1, 5, 511 дүгээр зүйлийн 3, 5-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.М-с57,905,220.01 төгрөгийг, иргэний хариуцагч Э Р ХХК-аас 57,905,220.01 төгрөгийг тус тус гаргуулж /нийт 115,810,440.02 төгрөг/ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 105,715,440.05 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Э-т3,790,000 төгрөгийг, М.Мөнхбүрэнд 6,305,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй.
2.Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэж,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...санал байхгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагын санал хэлэхгүй, шүүхийн шийдвэрт гомдол гаргана...” гэж тус тус саналаа гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дуусмагц тоолохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.М-Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусмагц тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1, 5, 511 дүгээр зүйлийн 3, 5-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.М-с57,905,220 /тавин долоон сая есөн зуун таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг, иргэний хариуцагч Э Р ХХК-аас 57,905,220.01 /тавин долоон сая есөн зуун таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлсэн байдлаар гаргуулж /нийт 115,810,440.02 төгрөг/ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 105,715,440 /нэг зуун таван сая долоон зуун арван таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг, иргэний хариуцагч Б.Э-т3,790,000 /гурван сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийг, М.Мөнхбүрэнд 6,305,000 /зургаан сая гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж олгосугай.
7.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэл заслын эмчилгээтэй холбоотойгоор гаргасан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН