Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З-т холбогдох эрүүгийн 2539005910473 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.З нь  согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ......  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ......  байхдаа тэнд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаж улмаар ...... руу архины шил чулуудаж толгойн тус газарт нь онож улмаар биед нь хамар, зүүн шилбэнд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539005910473 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Т.З : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.

 

1.Шүүгдэгч Т.З ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-11 дүгээр тал),

-Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),

-Хохирогч С.Одбаярын “...2025 оны 6-р сарын 15-ны орой ......  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Т  нэртэй бааранд 4-үүлээ 22 цагийн үед орсон. Тэгээд сууж байхад бидний сууж байсан ширээний хойд талд нэг хэсэг залуучууд сууж байсан. Тэгтэл хойд ширээн дээр байсан Ч , Г  гэдэг хоёр залуу манай нөхөрт архи өгөх гэхээр нь би өөр ширээний архи уухгүй гэхэд Г  нь чи хаанахын залуу вэ хараагүй залуу байна гараад ир гээд байсан. Тэгэхээр нь би гаргахгүй гээд Г д “Манай нөхөртэй чи танихгүй байж юу ярих вэ дээ” гэсэн тэгсэн чинь Г  манай ширээн дээрээс босохгүй байсан. Тэгсэн чинь хойд ширээнээс М  гэдэг залуу босож ирээд “чи юу юм, танай ширээн дээр суухаар яадаг юм, янхан минь хаанаас ирсэн хэн юм” гээд намайг хэл амаар дайрч доромжлоод байхаар нь би уур хүрээд нэг удаа алгадсан. Тэгтэл М  над руу дайраад хамт явсан хүмүүс маань М г цааш нь түлхээд байсан. Тэгтэл Ч  гэгч манай найз Ж г нэг удаа алгадаад авсан. Яг яагаад алгадсаныг мэдэхгүй байна. Тэгээд Ж  нөхөр эхнэрээ өмөөрөөд Ч той зууралдаад хоорондоо бие биеэ заамдаад зодолдоод байсан. Тэгтэл хойд ширээн дээр сууж байсан З  гэдэг гэсэн байхаа тэр залуу манай нөхрийг чи юу юм банди минь суу гээд орилоод байсан. Тэгэхээр нь манай нөхөр уурлаад босох гэхээр нь би босгоогүй. Тэгсэн манай нөхөр пивоны лааз аваад З-г  2 удаа чулуудсан тэр үед би нөхрийнхөө урд талд хаагаад зогсож байхад З  өөрийнхөө ширээн дээр байсан архины шилийг аваад над руу чулуудахад миний баруун нүдний дээр духны орчимд оноод архины шил бутарч хагараад би газар унасан. Тэр архи нь дуусаагүй байсан байх, нүд, ам руу орсон байсан. Би ойрхон зуур толгой манарсан байсан. Дараа нь сонсоход тэр залуучууд баарны гадаа манай нөхрийг голдоо хийгээд татаж чангаагаад цохиод байсан гэж дуулдсан. Ингээд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн... Тэр З  гэдэг залуу мухарт суугаад огт хөдлөхгүй байсан. Би бодохдоо ширээний наана цаанаас манай нөхөртэй муудаад байсан. Тэгээд л манай нөхөр пивоны лааз аваад чулуудахад нь уурлаад манай нөхрийг чулуудах гээд онохгүй дэргэд нь байсан намайг оносон гэж ойлгосон. Тэрнээс биш би тэр З  гэдэг залуутай огт харьцаа үүсгээгүй... Г  гэдэг залуу манай ширээн дээр ирээд ирж суугаад дараагаар нь М  ирээд намайг хэл амаар доромжлоод тэр асуудлаас эхэлж хэрүүл маргаан эхлээд хоёр ширээнд суусан сууснаараа хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Толгой их өвдөж, бөөлжих гээд дотор муухайраад байна, огцом хөдлөхөөр хааяа хааяа газар дайвалзаад унах гээд байгаа юм шиг байна. Баруун хөмсөгний дээд талд жижиг жижиг шалбарсан, хоёр нүдний голд жижиг шалбарсан, хамрын баруун хэсэгт зүсэгдсэн шархтай, тухайн үедээ дух баруун хэсэгтээ хавдаад хөхөрсөн байсан тэгээд эмнэлэгт очиж дусал тариа хийлгүүлээд өглөө нь болоход хаван нь буугаад хөхөрсөн нь бага зэрэг арилсан байсан. Зүүн хөлийн өвдөгний доод талд зүсэгдсэн шархтай байсныг эмнэлэгт очиж нэг оёдол тавиулсан... Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгнө... Би З  гэдэг залуутай маргаж муудсан биш намайг зүгээр байхад архины шилээр чулуудаж биед минь гэмтэл учруулсанд гомдолтой байна. Би эмнэлгийн байгууллагад үзүүлэх болон эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

-Хохирогч Д.Б-н дахин өгсөн “...З  гэх хүн намайг хохиролгүй болгосон тул надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч ...... нь 191,250 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Гэрч У.Б-н “...2025 оны 6 дугаар сарын 15-ны орой ......  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Т  нэртэй бааранд 22 цагийн үед эхнэрийнхээ найзуудтай орсон. Энэ дунд эхнэрийн найз Ж  гэх эмэгтэйн нөхөр нь мөн байсан. Тэгээд сууж байхад бидний сууж байсан ширээний хойд талд нэг хэсэг залуучууд сууж байсан. Тэгтэл хойд ширээн дээр байсан Ч , Г  гэж дуудаад байсан хоёр залуу манай ширээн дээр ирээд надад архи өгөх гэхээр нь манай эхнэр “өөр ширээний архи уухгүй” гэхэд Г  нь “чи хаанахын залуу вэ, хараагүй залуу байна, гараад ир” гээд өдөөд байсан. Тэгэхэд манай эхнэр Г д “манай нөхөртэй чи танихгүй байж юу ярих вэ дээ” гэсэн. Тэгсэн чинь Г  манай ширээн дээрээс босохгүй байсан. Тэгсэн чинь хойд ширээнээс М  гэж дуудаад байсан залуу босож ирээд “Чи юу юм, танай ширээн дээр суухаар яадаг юм, янхан минь хаанаас ирсэн хэн юм.” гээд намайг хэл амаар дайрч доромжлоод байхаар нь манай эхнэр нэг удаа алгадаад авсан. Тэр М  гэдэг залуу ахын дүү зүгээр бай гэхэд чи хэзээ миний ах болсон юм гээд хүн хүн рүү агсраад дайраад байсан. Тэгээд М  манай эхнэр рүү зодох гээд дайраад Ж  нөхөр нь тэнд байсан хүмүүс хориглоод байсан. М  манай эхнэрийг янхан гичий гэж хэл амаар доромжлохоор нь би уурлаад “Чи адилхан эх хүнээс гарсан байж эмэгтэй хүнийг ингэж хэлэхдээ яадаг юм.” гээд М тай заамдалцаад зууралдсан. Тэгээд хамт явсан хүмүүс маань М г цааш нь түлхээд байсан. Ж  нөхөр Энхээ эхнэрийг нь алгадсан гээд нэг нөхөртэй нь маргалдаад байсан. Тэгээд бүгдээрээ хэрүүл маргаан болж байхад З  гэж дуудаад байсан залуу архины шилээр манай эхнэрийн нүүр рүү чулуудсан. Үүний дараагаар М  гарч зугтаах гээд байхаар нь цагдаа иртэл чамайг явуулахгүй гээд М тай зууралдаад баарны гадаа гарахад намайг тавь гээд баруун шанаа руу нэг удаа мөргөж гараараа цохисон. Тэгээд М тай зууралдаад газар унахад харанхуйд Ч  гэх бүдүүн залуу баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн... Би архины шил чулуудахаар нь зөрүүлээд пивоны лаазаар тэр З  гэдэг залууг чулуудсан... Ер нь бол ногоон өмдтэй, зурагтай хар фудволктой, бүдүүн залуу болон М  гэж дуудаад байсан шаргал өмдтэй, бор өнгийн юүдэнтэй цамцтай туранхай өндөр залуу хоёр агсам тавиад хэрүүл маргаан үүсгээд байсан гол хоёр хүн нь... Миний баруун хавирга бага зэрэг хөндүүр байгаа, мөн тухайн үедээ баруун хацар бага зэрэг өвдөж байсан. Надад ил харагдах гэмтэл шарх бол байхгүй. ...Тухайн үедээ бага зэрэг өвдсөн гэхдээ одоо миний бие ил харагдах гэмтэл шарх, өвдөлт зовуурь байхгүй болохоор би эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй, шүүх шинжилгээний байгууллагаар гэмтлийн зэрэг тогтоолгуулахгүй. ...Харин манай эхнэр л архины шилээр шидүүлээд биеийн байдал нь үзүүлэхээр байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Гэрч Х.Э-н “...2025 оны 6 дугаар сарын 15-ны орой ......  зөөгчөөр гарч ажиллаж байсан юм. Тэгтэл 22 цагийн үед байхаа тус бааранд манай сумын Ж гэх эгч 2 эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй хамт 4-үүлээ орж ирээд баарны баруун талд байрлах 3 ширээний голын ширээнд сууцгаагаад 1 шил 0.75 литрийн архи 2 ш ундаа, 6 ш лаазтай пиво аваад суусан санаж байна. Ингээд тэр 4-ийг суусны дараагаар гаднаас цэнхэр өнгийн саравчтай малгайтай хар өнгийн цамцтай, түрийтэй гуталтай манай сумын нэг залуу орж ирсэн. Би нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр залуу нөгөө 4 ширээнд суусан тэр залуу тэр хүмүүсийг таньдаг юм шиг байсан. Ингээд нөгөө 4 Ж-н  нөхөр гэх залуу дахиад нэг хундага авъя гээд би тэрийг нь аваачиж өгсөн. Тэгэхэд нөгөө гаднаас орж ирсэн цэнхэр малгайтай залууд хундагалж өгөөд тэд нар ярилцаад сууцгааж байсан. Тэгтэл 23 цагийн үед тэр хэдийн ширээний хойд талын ширээнд манай сумын М , Ч , З , Б  гэх залуучууд орж ирээд сууцгаасан. Тэд цагаан экс гэж нэрлэдэг 0.75 литрийн архи 1ш, лаазтай пиво-4 ширхгийг захиалаад сууцгаасан. Ингээд бааранд хөгжмийн ая явж байхад Ж-н  суусан ширээнд суусан хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхэд тэр Б  гэх эгч хөгжмөө зогсоо гэхээр нь хөгжмөө зогсооход хойд талын ширээнд сууж байсан М  гэх залуу нөгөө хэдийн ширээнд явж очоод хоорондоо хэрүүл маргаан болоод Б  гэх эгч М г алгадаад авч байгаа харагдаж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гээд очиход Б  гэх эгч М г дахиад нэг удаа алгадаад авсан. Тэгээд тэр Б  гэх эгч тэр цэнхэр малгайтай залууг заагаад хэлэхдээ энэ манай нөхрийг гаднынх гээд гадуурхаад энд юугаа хийж яваа юм гээд өдөөд байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ширээнийхэн хоорондоо бужигнаад хэн нь хэнтэйгээ ч муудаад байгаа юм мэдэхгүй бужигнасан юм болсон. Тэгээд Ж эгч Ч  ахыг алгадаад зөрүүлээд Ч  алгадаж байгаа харагдаж байсан. Ч  ах Ж-н  нөхрийг 2 удаа цохиод авч байгаа харагдаж байсан. Б  гэх эгч Б  гэх ахыг нэг удаа алгадсан. Тэгээд Б  гэх эгч З  гэх ах руу 2 удаа пивоны лааз шидээд, Б ын нөхөр мөн З  ах руу пивоны лааз нэг удаа чулуудахад толгойд нь онож байгаа харагдаж байсан. Тэгтэл З  ах зөрүүлээд ширээн дээр байсан архины шил аваад шидэхэд Б  гэх эгчийн дух хэсэгт нь оноод Б  газар унасан тэгтэл нөхөр нь манай эхнэрийг алчихлаа гэж уурлаад З  ах руу дайрахад замаас нь М  барьж аваад хажуугаас нь Ч  орж ирээд 3-уулаа барьцалдаад муудалцсан чигээрээ гадагшаа гарсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бол гээд араас нь гарахад тэр 3 зодолдож нүдэлдсэн шинжгүй хоорондоо муудалцаад барьцалдаад байгаа харагдсан. Тэгээд хэрүүл зодоон гарч байх үед би цагдаа руу утасдаж дуудлага өгсөн. Ер нь тэр хүмүүс бааран дотор олуулаа эргэн тойронд маань хоорондоо муудалцаж барьцалдаж хашхиралдаад байсан болохоор миний хувьд эв зүйг нь олох гэж байхад үгэнд минь ороогүй хэн нь хэнийгээ юу гэж хэлж зодож цохиж байгааг тохитой сайн харж чадаагүй. Ямар ч байсан өөрийн мэдэж байгаа харсан зүйлээ ярилаа... Б  гэх эгч архины шилээр толгой руугаа шидүүлээд цус гараад байсан би яг хаанаас нь гарсныг мэдээгүй. Дагий гэж хамт гарч байсан эгч эмнэлэг дуудаж Б  гэх эгчид эмч ирж анхан шатны тусламж үзүүлээд авч явсан. Энэ үед өөр гэмтэж бэртсэн хүн байгаагүй... М  нарын сууж байсан ширээний архи нь дуусаагүй байсан болохоор би аваагүй байсан юм. Тэгэхэд З  ах Б ыг тэр архины шилээр шидчихсэн юм аа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

-Гэрч М.Ч-н “...2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр салхинд гараад ...... дээр мах шарж сууцгаасан. Тэгэхэд М , Б  бид хэд байсан. 2 литрийн том пиво 6 ширхгийг аваад ууцгаасан. Тэгээд орой нь сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ......  23 цагийн үед орж суусан. Бааранд нэг шил архи хүний нэг нэг пиво аваад М  буюу М , Б  буюу Б , манай хамаатны дүү З , бид хэд сууцгаасан. Бидний сууж байсан ширээний урд талын ширээнд манай сумын Б , түүний нөхөр гэх цэнхэр цамцтай залуу, У балингийн Ж , түүний нөхөр Э  гэх залуу, Г  буюу Г  гэх залуу эдгээр 5 хүн архи, пиво уугаад сууж байсан. Энэ үед би пиво уусандаа толгой манараад согтолттой болоод байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс гэнэт бүгд босоод бужигнаад хэрүүл маргаан болж байсан. Тэгэхээр нь би босоод очиход Ж намайг 2 удаа алгадахаар нь зөрүүлээд зүүн гарынхаа алгаар түлчихсэн юм. Ингээд тэндээс намайг Г  аваад гарсан. Би чигээрээ гэр рүүгээ яваад амарсан...Би Э ыг цохисноо санахгүй байна. Харин Ж намайг 2 удаа алгадахаар нь зөрүүлээд би нүүр руу нь алгаараа түлхчихсэн. Миний хувьд өөр хүн зодсон цохисон зүйл байхгүй... Би тэрийг мэдэхгүй байна. Э той хальт маргалдаж байснаа л бүдэгхэн санаж байна... Нэг мэдсэн чинь бүгдээрээ хэрүүл маргаан болоод л бужигналдаж байсан... Би тэрийг анзаарсангүй ээ. Тэр үед тэнд байсан олон хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад чимээ шуугиан ихтэй бужигнасан л юм болж байсан. Тэгээд ч би нэлээд уусан байсан болохоор согтсон байсан... Би зүгээр ээ. Надад ямар нэг гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-н 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай “1.Д.Б-нбиед хамар, зүүн шилбэнд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

-Шүүгдэгч Т.З ийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно. Хохирол гомдлоо төлөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч нь  согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ......  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ......  байхдаа тэнд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаж улмаар ...... руу архины шил чулуудаж толгойн тус газарт нь оносны улмаас биед нь хамар, зүүн шилбэнд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Т.З нь хохирогч Д.Б-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамар, зүүн шилбэнд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Т.З нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Т.З ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.З тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч руу архины шил шидсэн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамар, зүүн шилбэнд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Т.З ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.Б-н“ З  гэх хүн намайг хохиролгүй болгосон тул надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), мөн эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн болох нь гүйлгээний баримт (хавтаст хэргийн 90 дүгээр тал) тус тус  байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.З ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Т.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.З-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З ийг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Т.З ээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН