Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, хохирогч М.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-тхолбогдох эрүүгийн 2539002880506 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны орчимд Хэнтий аймгийн ........ тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн М.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж булган малгайг нь авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539002880506 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Б.О шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны орчимд Хэнтий аймгийн ........ тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох иргэн М.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж булган малгайг нь авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-18 дугаар тал),

-Хохирогч М.Б-н “...Манайх Хэрлэн сумын ........ тоотод амьдардаг байхдаа 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ...... жолоочоор ажиллахаар явсан. Ажил дээрээ байхдаа Б-г манай гэрийг эргэж тойр ч байгаарай гэж захиж байсан. 02 дугаар сарын 26-ны өдөр Б над руу залгаад танай гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байна гэхээр нь би фейсбүүк хаягаар видео каллаар харахад магай гэрийн хойд талын унинд өлгөөтэй байсан булган миний өөрийн булган малгай байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөрэй гэж хэлээд өөрийн биеэр ирж амжаагүй. Би тухайн үеэс хойш Дорноговь аймагт байж байгаад 6 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймагт ирсэн...Би 2024 онд Эвт худалдааны төвөөс 550,000 төгрөгөөр худалдан авч байсан... Миний малгай хар өнгийн чих нь буудааг малгай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Хохирогч М.Б-н дахин өгсөн “...надад өмнө нь өгсөн мэдүүлэг нэмж ярих зүйл байна. Манай танил О-н  ээж нь Л  гэж эмэгтэй надтай таараад манай гэрт чиний булган малгай байгаа О  гэрт авчраад үлдээсэн гэж хэлэхээр нь Хэрлэн ......  хойд талд намхан хашаатай гэрт нь очсон хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн гэрт миний гэрээсээ алддаг хар өнгийн булган малгай байхаар нь аваад явсан... О тай багаасаа 20 орчим найзалж байсан найз маань байгаа юм. О тай найзалж байх хооронд ээж нь намайг таньдаг болсон... О  намайг эзэнгүй байхад миний гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод миний малгайг авах эрхгүй. О  намайг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...... жолоочоор ажиллахаар явахад надтай уулзаж байсан манай гэрийг эзэнгүй гэж мэдэж байсан болохоор гэрийн маань цоожийг эвдэж малгайг маань авсан гэж бодож байна... Миний булган малгай хоёр чих нь босоо буудаг малгай байсан мөн миний малгайны доод хэсэгт бохь наалдаж үс нь бөөгнөрсөн байсан тэр нь хэвээрээ байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

-Гэрч О.Б-гийн “...Миний бие Хэнтий аймгийн ..... хүүхдийн хамтаар оршин суудаг. Би өглөө босоод хүүхдүүдээ сургууль руу нь хүргэж өгчхөөд өөрөө ажил дээрээ өнждөг хүн байгаа юм. Тэгээд өдөр нэг харьж хүүхдүүддээ хоол хийж өгчхөөд буцаад ажил руугаа явдаг. Намайг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байх үед 12 цагийн үед санагдаж байна ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад .... байдаг Б гэх манай найз утас руу маань залгаад чи ер нь тус сумын ..... тоотод гэрт маань очоод шалгачхаарай найз нь очоогүй удаж байгаа юм чинь гэхээр нь тухайн үедээ ажил ихтэй байсан болохоор шууд очиж чадаагүй юм. Хэсэг хугацааны дараа буюу 1-2 цагийн дараа дээрх тоотод байх найзынхаа гэрт очиход гэрийнх нь хаалганы цоожийг хөшөөд хаалганых нь хажууд унагаачихсан байсан. Тэгэхээр нь найз Б рүү залгахад гэр рүү ороод хардаа гэхээр нь ороод мессенжер чатаар чатаар залгаж гэр доторхыг нь харуулахад зүүн авдрын дээр хананд байсан 550,000 төгрөгөөр 2024 онд худалдан авч байсан булган малгай маань байхгүй байна бусад хэвээрээ байх шиг байна цагдаа дуудсан нь дээр байхаа гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Манай эрэгтэй найз байгаа юм. Хэнтий аймагт ирэхээрээ дээрх хаягт байх гэртээ ээжийнхээ хамтаар амьдардаг. Ер нь нэг ажилдаа явахаараа 14 хоног хааяа 1 сар хүртэлх хугацаагаар явах тохиолдол байдаг. Тэгээд явахдаа найзад нь чамаас өөр гэр орноо захих хүн байхгүй ш дээ манай гэрийг эргэж тойрч байгаарай гэхээр нь хааяа ажил эрт тарвал гэрт нь очиж үздэг. Энэ байдлаараа хэдэн сарын хугацаа болж байна даа уг нь манай найз өөрөө гэртээ байхдаа манай энэ хавиар хулгай гэж байхгүй харин амар газар шүү хэдэн сар хоногоор яваад ирэхэд гэрийн юм бүрэн бүтэн байдлаараа байдаг сайхан ш дээ гэж ярьдаг байсан... Үгүй ээ надад бол мэдэх зүйл байхгүй байна манай найзад ч байхгүй юм шиг байна лээ уг нь хулгай гардаггүй юм даа сонин юм гэж л байсан. Өөрөө 3 дугаар сард Хэнтий аймагт ирж магадгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дүгээр тал),

-Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай “...булган малгайны зах зээлийн үнэлгээ 500,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-52 дугаар тал),

-Шүүгдэгч Б.О-н  яллагдагчаар өгсөн “...Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

“Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн ........ тоотод орших монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрийн уринд байсан М.Б-н булган малгайг авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь тухайн булган малгайг нууцаар авч, өөрийн гэртээ аваачиж, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

Шүүгдэгч Б.О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “малгайгаа буцаагаад авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.О йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.О-н  үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хохирогчид малгайг буцааж өгсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсон тул ялын бодлогын талаар дүгнэлт хэлнэ. Хувийн байдал хохирол төлбөр барагдуулсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаас доогуур хорих ялаар шийтгэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.О ыг 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН