| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2013/0474/и |
| Дугаар | 1498 |
| Огноо | 2013-12-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0474/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол ** дугаар байр ** тоот*** оршин суух ХС***овгийн Ж.Ө***/ РД: ****, утас: **** / -ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсоролын “**” цогцолбор сургуульд /утас: **** /-д холбогдох
ЕБ-ын “***“ цогцолбор сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.Ө***шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:
“***” цогцолбор сургуульд 8 жилийн турш ажиллаж байгаад шударга, зарчим хэм хэмжээ мөрдөгдөхгүй учраас өөрөө гарсан. 2012 оны 07 дугаар сар, 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Д.У***гийн санал болгосоноор жирэмсэн хүний оронд орсон. Энэ хугацаандаа шинээр 1 дүгээр анги бүрдүүлсэн. Д.Ур***дэд захирал нарын санал болгсоноор шинэ анги бүрдүүлчихсэн байхад ажлын байр шууд хадгалагддаг журамтай. Гэтэл 2013 оны 09 дүгээр сарын 01-нд гэнэт сонгон шалгаруулалт өгсөнгүй гээд ангийг маань хувийн үзэмжээр задалсан. Гэтэл багш сонгон шалгаруулах журам дээр түр тушаалтай бол заавал шалгалт өгнө гэсэн заалт огт байхгүй, намайг ийм үндэслэлээр халсан. Би 8 сар ажилласан байсан. Үндэслэлгүй халсан тул буцааж ажилд минь оруулж ажилгүй байсан хугацааны цалин 1-3 сая төгрөг, холбогдох бусад зардалыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн авахаас бүрэн хэмжээгээр татгалзах дараах үндэслэл байна.
Ж.Ө***г жирэмсэний амралттай байгаа бага ангийн багш Н.М*** оронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т заасныг баримтлан түр хугацаагаар ажиллуулахаар өөртэй нь тохиролцон ажилд авсан. Энэ тухай Ж.Ө***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдаж бичсэн байна. Жирэмсэний амралт авсан Н.М***, О.Ц*** нар нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сургуулийн захиргаанд хандан ажилдаа орох хүсэлтээ гаргасан тул Ж.Ө*** ярилцаж тохиро*** Хөдөлмөрийн тухай хуулийн 21.24.23 дугаар зүйлийн 23.2.3, 37.1-д заасныг баримтлан ажлаас нь чөлөөлсөн. Ж.Ө***нь жирэмсэний амралттай байсан хүний оронд түр ажиллаж байснаа ойлгож байсан. Сургуулийн захиргааны зүгээс энэ хүнийг ажлаас үндэслэлгүй халсан асуудал байхгүй, хуульд заасан үндэслэл журмаар халсан гэж үзэж байна.
Ж.Ө***нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд тэр өдрөө тушаал болон бусад баримт бичгээ сургуулийн захиргаанаас авсан. Гэтэл шүүхэд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хандсан байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129 .2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Шинээр 1 дүгээр анги бүрдүүлсэн, шинэ анги бүрдүүлчихсэн байхад ажлын байр хадгалагдах журамтай гэтэл 2013 оны 09 дүгээр сарын 1-нд гэнэт сонгон шалгаруулалт өгсөнгүй гээд ангийг маань хувийн үзэмжээр задалсан гэж огт үндэслэлгүй зүйл нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнийг сонгон шалгаруулалт өг гэж шаардаагүй, жирэмсэний амралт авсан хүн ажилдаа орох хүсэлт тавьсан байна гэж хэлж ойлгуулаад ажлаас нь чөлөөлсөн. Шинэ анги бүрдүүлсэн гэж үндэслэлгүй зүйл бичсэн байна. Сургуулийн захиргаанаас шинээр авах хүүхдүүдээ бүртгэж анги бүрдүүлэх ажиллагааг хийсэн. Шинээр анги бүрдүүлбэл ажлын байр шууд хадгалагдах журам сургуульд байхгүй. Энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийхдээ бага ангийн багш Н.М*** жирэмсэний амралтаа авсан учир ажилдаа эргэн орох хугацаанд багш Өлзийсайхантай түр хугацаатай гэрээ хийсэн тухай дурьдсан байгаа. Түр ажиллаж байгаагаа ойлгосоор байгаа атлаа шүүхэд хандсан байгаа нь үндэслэлгүй.Сургуулийн захиргааны зүгээс Хөдөлмөрийн тухай хууулийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байгаа тул нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ө*** Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын “***” цогцолбор сургуулийн захиралын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 52 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Ө***нь Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын “***” цогцолбор сургуульд мөн сургуулийн захиралын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 68 тоот тушаалаар ... жирэмсэний амралттай байгаа бага ангийн багш О.Ц***, Н.М*** нарыг эргэн ажилдаа орох хүртэл хугацаанд ... 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бага ангийн багшаар түр томилогдон ажиллаж байсан бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна.
Ж.Ө***нь ажил олгогч Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын “***” цогцолбор сургуулийн бага ангийн багш буюу байнгын ажлын байранд ... Бага ангийн багш Н.М***жирэмсэний амралтаа авсан учир ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар ... хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар бага ангийн багш О.Ц***, Н.М***нарын тухайд жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа буюу ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах зохицуулалттай байна.
Иймд хуулийн дагуу ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа бага ангийн багш О.Ц***, Н.М*** нар 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ... ажилдаа орох ... хүсэлт гаргасанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 –т заасан .... ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл ... хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байсан бага ангийн багш Ж.Өлзийсайханы ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-д зааснаар хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болж дуусгавар болсон тул ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Дархан –Уул аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн б/20 тоот “ ажлаас чөлөөлж , ажилд томилох тухай “ захирамжийн 1 дүгээр заалтаар буюу ... “ Үр дүнгийн гэрээ” “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2013 оны 08 дугаарг сарын 23-ний өдрөөс эхлэн “ Дархан –Уул аймгийн боловсоролын байгуулагуудын менежерүүдийг 1 дүгээр хавсралтаар ажлаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар томилсон байна.
Б/20 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 11.*** цогцолбор сургууль.Уртнасан , 2 дугаар хавсралтын 11.*** цогцолбор сургууль Д.У*** гэсэн бичилт байгаа нь ажил олгогч Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын “***” цогцолбор сургуулийн захирал Д.У*** нь захиралын албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 52 тоот тушаал гаргасан байна.
Ж.Ө***нь Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын “***” цогцолбор сургуулийн захиралын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 52 тоот тушаалаар бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хууулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчсөн байхаар мөн хууулийн 129 дүгээр зүйлийн 129.3- т заасан... хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолын талаархи нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 128.1.5-д зааснаар Нэхэмжлэгч Ж.Ө*** Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын “ ***” цогцолбор сургуульд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсоролын ”***” цогцолбор сургуулийн захиралын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 52 тоот тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ