| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/0026/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/35 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., 13.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр, шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-т холбогдох эрүүгийн 2539000000194 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Дээрх газар, цаг хугацаанд түүний өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж Б.У-н хүсэл зоригийн эсрэг хоолойг нь боох, алгадах зэргээр хүч хэрэглэж зодон эрүүл мэндэд нь хүзүү, баруун бугалга, баруун тохой, цээж, нуруу, зүүн бугалгад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хохирогчид хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан,
Хохирогчийг өрөөнөөс гарч зугтсаны дараа орон дээр нь байсан Iphone 15 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.У-т 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000194 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-6 xyyдас/, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх “А ” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-28 хуудас/, хохирогч Б.У , яллагдагч Э.Н нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-37 xyyдас/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай тогтоол /1хх-ийн 46-47 хуудас/, хохирогч Б.У-н мэдүүлэг /хх-ийн 52-54 хуудас/, гэрч Х.У-н мэдүүлэг /1хх-ийн 57-58 хуудас/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 71-72 хyyдас/, Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гар утасны үнэлгээ гаргасан дүгнэлт /1хх-ийн 78-86 хуудас/, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 90 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Э.Н-н хууль зүйн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцоно. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог тул прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.
Шүүгдэгч Э.Н шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Э.Н “тус шүүхэд өмнө нь шилжиж ирээд шийдвэрлэгдээгүй байгаа эрүүгийн хэрэгтээ энэ хэргийг нэгтгүүлж нэг шийтгэх тогтоолоор хэргээ шийдүүлэх хүсэлттэй байна” гэх хүсэлт гаргасан бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр төрлийн гэмт хэргүүд бөгөөд тусад нь шийдвэрлэснээр түүний эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Н нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг 35 минутын үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах А зочид буудлын ..... тоот өрөөнд амарч байсан Б.У-н өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
Дээрх газар, цаг хугацаанд түүний өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж Б.У-н хүсэл зоригийн эсрэг хоолойг нь боох, алгадах зэргээр хүч хэрэглэж зодон эрүүл мэндэд нь хүзүү, баруун бугалга, баруун тохой, цээж, нуруу, зүүн бугалгад цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хохирогчид хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан,
Хохирогчийг өрөөнөөс гарч зугтсаны дараа орон дээр нь байсан Iphone 15 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.У-т2,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 01 дүгээр тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 02-06 дугаар тал),
-“А ” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (I хавтаст хэргийн 12-28 дугаар тал),
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 29-32 дугаар тал),
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 33-37 дугаар тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 38-42 дугаар тал),
-Хохирогч Б.У-н “...Би нөхрөөсөө салаад 2 жил болж байгаа. Бид дундаасаа нэг хүүтэй. Одоогоор ээж хүүгийнхээ хамт Улаанбаатар хотод амьдардаг. Б бид 2025 оны 02 сард хамт ажиллаж байгаад танилцсан. Одоогоор үерхээд 2 сар орчим болж байна. Би урьд нь Хэнтий аймагт ирж байгаагүй. Найз залуутайгаа хамт ажлынхаа амралтаар Хэнтий аймгийн .... сум руу аялах төлөвлөгөөтэй Хэнтий аймагт ирсэн. Манай найз залуу бид хоёр 6 дугаар сарын 09-ний орой Хэнтий аймагт ирээд нэг буудалд хоноод тэр буудлаасаа гараад А гэх зочид буудалд 6 сарын 10-ны өдрийн 13 цагийн орчимд захиалга өгч ..... тоот өрөөнд орсон. Өдрийн турш бид хоёр хоёулхнаа байсан. Бид 18 цагийн орчимд хоол идэхээр буудлаасаа гараад дараа нь караоке орсон. Өдөр нь буудалд 0.5 литрийн Снөү нэртэй шар айраг 1 лаазыг уугаад дараа нь караокед 0.5 литрийн 3 лааз шар айраг уугаад буцаад 00 цагийн орчимд зочид буудалдаа найз залуугийнхаа хамт очсон. Бид өрөөндөө ороод би дахиад 0.5 литрийн 1 лааз пиво уусан. Бид хоорондоо ярилцаж байгаад “.... сум руу би явахаа болилоо” гэхэд найз залуу “явна” гээд маргалдсан. Тэгтэл найз залуу маань чи дандаа гарч явдаг, энэ удаад би явлаа гэж хэлээд өрөөнөөс гарахаар нь би “битгий яваа, намайг уучлаарай” гэж хэлээд футболкноос нь зууралдаад байж байх үед коридорт үл таних эрэгтэй хүн зөрсөн. Юм хэлсэн үгүйг нь би анзаараагүй. Би дээд талаараа футболктой, доогуураа турсиктэй л байсан болохоор буцаад өрөөндөө ороод хаалгаа хаасан. Буудлын хаалга картаар гаднаасаа л онгойдог болохоор хаалгаа хаагаад л өрөөндөө ороод орон дээрээ хэвтэж байсан. Тэгтэл хаалга онгойгоод хаагдахаар нь найз залуугаа байх гэж бодоод орон дээрээ босож суугаад хартал танихгүй эрэгтэй хүн зогсож байсан. Би орон дээрээ суусан чигтээ “та юун хүн бэ, яаж орж ирсэн юм, гар” гэж хэлтэл намайг ор руу түлхэж унагаад хоёр гараас бариад дээр гарч суугаад турсикийг минь тайлахыг оролдож, гараараа миний бэлэг эрхтэнд хүрсэн. Гар утсаа аваад найз залуу руугаа залгаад орон дээрээ тавиад орхичихсон. Энэ үед би байдаг чадлаараа найз залуугийнхаа нэрийг дуудаад маш их орилсон. Бас “туслаарай” гэж орилсон. Намайг орилсон чинь “дуугүй бай” гэж хэлээд зүүн гараараа миний хүзүүнээс боогоод, баруун гараараа зүүн хацар руу минь 2-3 алгадсан. Боолгоод байж байхад миний ухаан балартсан. Тэр залуу “битгий эсэргүүцээд бай, би хийх гээд байна” гэж хэлсэн. Тэр залуу өмдөө шувтлаад бэлэг эрхтнээ гаргачихсан, бэлэг эрхтэн нь хөвчирсөн байсан, бэлгэвчгүй байсан. Би боолтод ороод ухаан балартаад байсан болохоор тэр залууг бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд оруулсан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан нэг сэргэхдээ тэр залуугийн гарыг тавиулах гээд гараараа намайг боож байгаа гараас нь бариад “ахаа та тайвшир, би өөрөө тайлъя” гэж хэлээд гуйсан. Тэгтэл тэр залуу гараа суллаад миний хүзүүнээс гараа авсан. Би турсикээ тайлах гэж байгаа дүр үзүүлээд орон дээрээс тийрч унагаад өрөөнийхөө хаалгыг онгойлгоод өрөөнөөс гарч зугтсан, хаашаа гүйж байгаагаа мэдээгүй, зугтааж байгаад л подвал руу орсон. Тэнд баганын араар нуугдаж зогсож байгаад буцаад 1 давхрын үүдний хэсэг рүү гараад тэндээсээ буудлын зогсоолд байрлуулсан машин дээрээ очоод цонхыг нь тогшоод найз залуугаа сэрээсэн. Намайг хүн хүчиндэх гээд байна гээд орилоод уйлаад хэлчхээд буцаад өрөө рүүгээ ороод хувцсаа өмсөөд буудлын ресейпшн дээр очиж болсон явдлаа хэлээд камер шүүлгэе гэж хэлсэн. Буудлын ресейпшнээс цагдаа дуудаад өг гэж хэлээгүй, камерын бичлэг үзье гээд зогсож байтал цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Надад цагдаагийн газар руу дагаад яваарай гэж хэлэхээр нь би гар утсаа хайсан. Хайгаад олохгүй болохоор ухаалаг цагаараа гар утсаа хайтал холболт нь салчихсан байсан. Тэр хүн миний гар утсыг аваад явсан гэж бодож байна... Би 6 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд найз залуу Б-гээ бэлгэвч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Хэрвээ миний биеэс эр бэлгийн эс илэрвэл би найз залуу болон тэр үл таних залуугийнхтай харьцуулж ДНХ-н шинжилгээ хийлгэмээр байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, боолтод ороод ухаан алдаад байсан болохоор тэр үл таних залууг миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийсэн эсэх, дур тавьсан эсэхийг нь санахгүй, мэдэхгүй байна... Миний биеийн дээд уруулын зүүн талын буйл хэсэг язарсан, хүзүү баруун талаараа улайсан, гар болон хөлд хөхрөлт, цээж, хөх хэсэгт хөхрөлт үүссэн. Одоогоор толгой маш их өвдөж байна...Би надаас зөвшөөрөл авахгүй гаднын хүн миний өрөө рүү оруулсан буудлын ресейпшнд гомдолтой байна. Тухайн буудалд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгөхийг мөн намайг зодож, намайг хүчиндэж, гар утсыг маань хулгайлсан залууд хуулийн дагуу шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...үгүй ээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 52-54 дүгээр тал),
-Хохирогч Б.У-н дахин өгсөн “...Би 2024 оны 7 сард Tedy төвийн Skytel гэсэн хаягтай хоёр давхраас 2,400,000 төгрөгөөр цагаан өнгийн Iphone 15 pro загварын гар утас авч байсан. Утас маань өнгөгүй гэртэй, гэр дотроо хатаасан азын цэцэгтэй, холоос харахад цагаан өнгөтэй л харагддаг. Хэрэг болсон өдөр би Н гэх хүнтэй ноцолдож байхдаа найз залуу Б рүүгээ утсаараа залгахад Н гэх хүн миний утсыг булаагаад авсан. Гараас булааж авсан хэдий ч буцааж тавьсан, эсвэл шидсэн эсэхийг анзаараагүй. Учир нь миний хоолойг боогоод байсан. Цагдаа нар ирсний дараа би утсаа өрөөндөө хайгаад олоогүй... Энэ яг миний утас мөн байна. Томруулаад харвал утасны ард хэсэгт бор утас. 7 дугаар сарын эхээр хил давчихсан байна лээ. Би утсандаа хамгаалах кодтой байсан болохоор утасны дугаараа оруулсан байсан. Тэгтэл миний утсанд холбоос бүхий линк ирээд би утсаа олох нь гэж баярлаад Тэди төвийн засвар дээр очтол хил гарчихсан байна гэсэн... Би гар утасныхаа үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхэмжилж байна. Мөн хийсэн үйлдэлд нь хуулийн дагуу шийтгэл оногдуулаасай гэж хүсэж байна. Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 226-227 дугаар тал),
-Гэрч Х.У-н “...2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед хоёр хос өрөөнөөсөө муудалцаад гарч ирсэн байдалтай 2 давхрын шатан дээр маргалдаж байсан. Эхнэр нөхөр хоёрыг муудалцаж байхад үл таних тэр залуу хажуугаар нь дээш гарч байсан. Би тэр үл таних залууг дээш гарах үед нь та хаачих гэж байна гэж та аль өрөөнд орох вэ гээд асуусан тэгэхэд хариу үйлдэл үзүүлэхгүй. Би камераар харахад муудалцаж байсан 2 хос дээр очоод ахын дүү яаж байна яагаад та 2 муудалцаад байгаа юм бэ гэж хэлсэн болохоор би тэр 2 хосын танил хүн юм байна гэж бодсон. Тэгээд нөхөр нь гараад явчихсан харин эхнэр нь буцаад өрөөндөө орсон. Үл таних залуу харин 2 хосын байрлаж байсан өрөөний хаалгыг тогшиж байгаад доош бууж ирээд надад ахын дүү энэ эмэгтэй нь манай дүү байгаа юм аа энэ 2 муудалцаад би дүүгээ авах гэж ирсэн гэж надад хэлсэн. Ахын дүү өрөөг нь онгойлгоод өгөөч ах нь дүүтэйгээ орж уулзаад дүүгээ аваад явах гэсэн юм аа гэх үед нь би та ах нь мөн юм уу гэж асуухад өөдөөс мөн гэж хэлэхээр нь би өрөөг нь онгойлгож өгөөд би буцаад доошоо буусан. Нээх удахгүй 4,5 минутын дараа нөгөө 2 давхрын ..... тоотын хүүхэн хашхирч эхэлсэн. Намайг дээшээ гарах үед хашхирах чимээ байхгүй болсон. Тэгээд би хаалганых нь үүдэнд чагнаад зогсож байсан. 1 минутын дараа буцаад хашхирч эхэлсэн би шууд хаалгыг нь нээсэн. Намайг ороход нөгөө үл таних эрэгтэй гарч явсан залуугийн эхнэрийн дээр өмд дотуур хувцсаа хагас тайлчихсан хагас нүцгэн байдалтай эмэгтэйн дээр дараад хэвтэж байсан. Харин нөгөө эмэгтэй дээд талаараа цамцтай доод талаараа ямар ч хувцасгүй залуугийн доор хэвтсэн байдалтай байсан. Би хөөе чи яагаад байгаа юм бэ гараач ээ гэж хэлэхэд үл таних залуу намайг байж бай гэж хэлсэн тэр үед нөгөө эмэгтэй миний хажуугаар гараад гүйсэн нөгөө залуу бас ардаас нь гараад гүйсэн тэр 2 хоёулаа буудлын подвал руу орсон нээх удалгүй буцаад нөгөө залуу гарч ирээд зугтаасан. Би шууд цагдаагийн байгууллагад эхнэр нөхөр 2 А буудалд муудалцаад байна гэж дуудлага өгсөн ийм л зүйл болсон... Надад би ах нь байна гэж хэлсэн болохоор би муудалцаад ахыгаа дуудчихсан байна гэж бодоод хаалгыг нь нээгээд өгчихсөн... Баруун гараа боочихсон байсан одоо өөр тод санаж байгаа зүйл байхгүй ээ... Эмэгтэй маш олон удаа хашхирсан би өөр зүйл сонсоогүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 57-58 дугаар тал),
-Гэрч О.Б-н “...У бид хоёр 2025 оны 02 дугаар сард анх танилцаж байсан. Үерхээд 2 сар болж байгаа. Бид хоёр нэг газар хамт ажилладаг. 9 хоног ажиллаад 5 хоног амардаг. Бид амралтаараа очиж үзээгүй газар руугаа аялж байя гээд энэ удаагийн амралтаараа Хэнтий аймагт 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. Өчигдөр буюу 10-ны өдрийн 14 цагт бид А гэх зочид буудалд ..... тоот өрөөнд захиалга өгч амрахаар орсон. Бид .... сум руу явна гэж төлөвлөсөн байсан. Би явахаа болих уу гээд найз охин явна гэдгээс болж маргалдаад би гараад машиндаа унтъя гэж бодоод өрөөнөөс гартал найз охин маань өрөөндөө хамт хоночих гээд зууралдаад зогсож байтал нэг танихгүй залуу “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гээд дундуур орж ирэхээр нь “та хол бай бид хоёр өөрсдөө учраа олно” гэж хэлсэн. Тэгээд би шатаар доошоо буугаад найз охин өрөө рүүгээ орж байгаа бололтой байсан. Би буудлаас гараад буудлын зогсоолд байрлуулсан машиндаа орж унтсан. Нэг мэдсэн цонх хүчтэй тогших чимээгээр сэртэл манай найз охин дээгүүрээ футболктой, доогуураа нүцгэн, хөлдөө ч юм өмсөөгүй уйлаад “чи намайг үхэх гэж байхад тоосонгүй” гэж хэлчхээд буцаад буудал руу орчихсон. Би гайхаад машинаасаа буугаад араас нь буудлын хаалгаар орох үед буудлын ресейпшн цагдаа руу залгаж байгаа бололтой “энд эхнэр нөхөр хоёр муудалцаад байна” гээд ярьж байсан. Би гайхсан чигтээ 2 давхарт байх ..... тоот өрөө рүүгээ ортол найз охин маань өөдөөс уйлаад хашхираад байсан. Би яагаа ч үгүй ш дээ яагаад цагдаа дуудсан юм бэ гээд асуутал надад “би хүнд алуулах гэж байна ш дээ чамайг дуудаад орилоод байхад чи хаачсан юм бэ? буудлын ресейпшн танихгүй хүн өрөө рүү оруулаад юун хүн бэ гэтэл намайг ор руу түлхээд боогоод, алгадаад, намайг хүчиндэхийг завдсан, хоолой боогоод байхаар нь би өөрөө хувцсаа тайлъя гэж хэлж тайвшруулаад байж байтал өрөөний хаалга онгойхтой зэрэгцээд би орон дээрээс тийрч унагаад зугтаад подвалд орж нуугдсан" гэж ярьсан. Тэгээд доошоо бууж ресейпшнд нь хэлээд камерын бичлэг үзээд байж байхад цагдаа нар ирсэн. Тэр ресейпшн манай найз охиноос таньдаг хүн чинь мөн үү гэж асуухгүйгээр хаалга тайлж өгөөд дараа нь орилоод байхад нь хаалганых нь гадна юу ч хийхгүй зогсоод л байсан байна лээ. Энэ бүхэн хяналтын камерын бичлэг дээр байна лээ. Дараа нь бодоод үзтэл намайг машинаас буух үед нэг цагаан футболктой хүн булан эргээд гүйж байхыг харсан. Тэр хүн л байсан байна лээ... Би найз охинтойгоо 6 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орсон...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
-Гэрч Б.Т-н “...Би Э.Н-г танина. 2024 оны 4 сард цагдан хорих байранд хоригдож байхдаа анх танилцаж байсан. Түүнээс хойш хаа нэг таардаг л байсан. 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Н миний ..... дугаарын утас руу .... дугаарын утсаар залгаад сонин сайхан яриад 6 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралтай гэж хэлж байсан. 6 дугаар сарын 10-ны өдөр миний унаж ашигладаг Приус-20 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд талын дугуй хагарчихсан байхаар нь Н руу залгаад машины дугуй солилцоод өгөөч гэж дуудсан. Н ирээгүй болохоор би өөрөө дугуйгаа солиод айлд очих гээд машинаа асаагаад хөдөлж байтал Н гудамжаар алхаад ирж байхаар тосож очоод машиндаа суулгасан. Тэр үед Н дээгүүрээ цагаан өнгийн футболктой, доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хөлдөө цагаан пүүз өмссөн, хар цүнхтэй зүйл үүрээд явж байсан. Мөн баруун гар нь шуу хэсэгтээ цагаан өнгийн боолттой байсан. Би Н ыг машиндаа суулгаад ганц нэг таксинд яваад Ц гэх эмэгтэйн гэрт ..... тоотод очиж хоол идээд орой 22 цагийн орчимд тэднийхээс гарсан. Бид гараад дахин ганц нэг таксинд явж байгаад О гэх эмэгтэйн гэрт очиж .... л гэр нь байсан тоотыг нь мэдэхгүй байна. Тэнд О гэх 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авчраад Н тай хамт уусан. Би машин барьж явсан болохоор архи согтууруулах ундаа хэрэглээгүй. О гэх эмэгтэйн гэрээс 02 цагийн орчимд гараад А гэх караоке руу Н бид хоёр явсан. Тэр караокед очтол Н т үйлчлэхгүй гээд байхаар нь би зөөгчийг нь гуйж байгаад 1 том 2.5 литрийн пиво авч өгөөд 3 ширхэг дууны мөнгийг нь шилжүүлсэн. Н бид 2 гадаа тамхилж байтал Н намайг О гэх эмэгтэйтэй хардаад “та хоёр унтсан уу” энэ тэр гээд байхаар нь би уурлаад Н т 10,000 төгрөг өгөөд такси бариад яваарай гэж хэлээд орхиод явсан. Би машинаа бариад Эрхэс зочид буудалд байх түрээсийн өрөөндөө 04 цагийн орчимд очоод тэндээ шууд унтсан. Өглөө унтаж байтал хаалга нүдээд очоод онгойлготол Н гэх эгч 2.5 литрийн 1 савтай шар айраг бариад зогсож байсан. Тэр эгчийг өрөөндөө оруулаад гар утсаа хартал цэнэггүй болсон байхаар нь цэнэглээд асаатал 08 цаг 38 минутад Н аас “найз сэрээд залгаарай, юм хэлнэ” гэсэн мессеж ирсэн байхаар нь би тэр дороо буюу 08 цаг 59 минутад “ороод ир” гэж хариу мессеж бичсэн. Тэгээд би Н руу залгатал танай байрны доод давхарт нэг өрөөнд байна гэхээр нь би бие засах далимдаа уулзъя гээд өрөөндөө Н эгчийг үлдээгээд гартал манай 3 давхарт хүнд түрээслүүлдэг өрөө онгорхой байхаар нь очоод шагайгаад хартал Н хөөсөнцөр дээр унтаж байсан. Очоод босооч ээ ор л доо гэж хэлсэн. Тэр үед Н ын футболк цус болчихсон нуль шарх сорви болчихсон хүзүү нь маажуулсан, шанаа нь халцарсан байсан. Яагаад ийм болчихсон байгааг нь асуутал О намайг маажаад гэж хэлсэн. Тэгээд хувцсаа солиод ирье гэж хэлээд машины түлхүүр авч гараад орж ирэхдээ дээгүүрх хувцсаа сольсон байсан. Н манай өрөөнд оймсоо угаагаад сууж байхад нь цагдаа нар орж ирээд аваад явсан. Надаас салж явснаасаа хойш юу хийснийг нь би мэдэхгүй байна... Н надаас А караокены үүднээс салахдаа ил харагдах гэмтэл шархгүй, баруун гарын шуу хэсэгтээ л боолттой байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-н 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 381 дугаартай “ 1.2.Б.У-н биед хүзүү, баруун бугалга, баруун тохой, цээж, нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Үтрээний арчдас, наац шулуун гэдэсний арчдас, наацад эр бэлгийн эс илрээгүй. 6.7.Шулуун гэдэсний салст, хуниас булчинд гэмтэл тогтоогдсонгүй. 8.Дох, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 71-72 дугаар тал),
-Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “...Iphone 15 pro маркийн гар утас зэх зээлийн үнийг 2,100,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 78-86 дугаар тал),
-Шүүгдэгч Э.Н-н “...Би хүлээн зөвшөөрч байна... Надад нэмж ярих зүйл байхгүй..., ...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 120-121, 124 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
1.1 Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орон байр халдашгүй байна” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Н нь хохирогч Б.У-н байрлаж байсан А зочид буудлын ..... тоот зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан нь гэм буруугийн санаатай, идэвхтэй үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
1.2 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Э.Н нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг 35 минутын үед Хэнтий аймгийн .......буудал ... тоот өрөөнд амарч байсан хохирогч Б.У-н бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдах явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Н-н үйлдлийн улмаас хохирогч Б.У-н биед “хүзүү, баруун бугалга, баруун тохой, цээж, нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт” гэмтлүүд учирсан, эдгээр гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн идэвхтэй гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
1.3 Хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан тухайд:
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл байхаар хуульчлан тогтоожээ.
Мөн хуулийн тайлбарт “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.
Шүүгдэгч Э.Н нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг 35 минутын үед Хэнтий аймгийн ... А зочид буудлын ..... тоот өрөөнд амарч байсан хохирогч Б.У-н хүсэл зоригийн эсрэг хоолойг нь боох, алгадах зэргээр хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд ороход түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч орон дээрээс шүүгдэгчийг хүчтэй түлхэж унагаасан, мөн цаг хугацаанд тухайн буудлын үйлчлэгч буудлын өрөөний хаалгыг онгойлгохтой зэрэгцэж хүчиндэх үйлдэл таслан зогсоогдсон болох нь хохирогч Б.У-н “...Би орон дээрээ суусан чигтээ "та юун хүн бэ, яаж орж ирсэн юм, гар" гэж хэлтэл намайг ор руу түлхэж унагаад хоёр гараас бариад дээр гарч суугаад турсикийг минь тайлахыг оролдож, гараараа миний бэлэг эрхтэнд хүрсэн. ...Ямар ч байсан нэг сэргэхдээ тэр залуугийн гарыг тавиулах гээд гараараа намайг боож байгаа гараас нь бариад “ахаа та тайвшир, би өөрөө тайлъя” гэж хэлээд гуйсан. Тэгтэл тэр залуу гараа суллаад миний хүзүүнээс гараа авсан. Би турсикээ тайлах гэж байгаа дүр үзүүлээд орон дээрээс тийрч унагаад өрөөнийхөө хаалгыг онгойлгоод өрөөнөөс гарч зугтсан” гэх, гэрч Х.У-н “...Би шууд хаалгыг нь нээсэн намайг ороход нөгөө үл таних эрэгтэй гарч явсан залуугийн эхнэрийн дээр өмд дотуур хувцсаа хагас тайлчихсан хагас нүцгэн байдалтай эмэгтэйн дээр дараад хэвтэж байсан. Харин нөгөө эмэгтэй дээд талаараа цамцтай доод талаараа ямар ч хувцасгүй залуугийн доор хэвтсэн байдалтай байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд халдах нь хууль бус, нийгэмд аюултай үйлдэл гэдгийг ухамсарлаж байсан атлаа түүнийг хүсэж үйлдсэн, санаатай гэмт үйлдэл бөгөөд энэхүү санаатай үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарч таслан зогсоогдсон тул хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
1.4 Хулгайлах гэмт хэргийн тухайд:
Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Э.Н нь хохирогч Б.У ийг А зочид буудлын ..... тоот өрөөнөөс гарч зугтахад уг тоотод үлдээсэн Iphone15 pro max гар утсыг авсан болох нь хохирогч Б.У-н “...Би 2024 оны 7 сард Tedy төвийн Skytel гэсэн хаягтай хоёр давхраас 2,400,000 төгрөгөөр цагаан өнгийн Iphone 15 pro загварын гар утас авч байсан. Утас маань өнгөгүй гэртэй, гэр дотроо хатаасан азын цэцэгтэй, холоос харахад цагаан өнгөтэй л харагддаг. Хэрэг болсон өдөр би Н гэх хүнтэй ноцолдож байхдаа найз залуу Б рүүгээ утсаараа залгахад Н гэх хүн миний утсыг булаагаад авсан. Гараас булааж авсан хэдий ч буцааж тавьсан, эсвэл шидсэн эсэхийг анзаараагүй. Учир нь миний хоолойг боогоод байсан. Цагдаа нар ирсний дараа би утсаа өрөөндөө хайгаад олоогүй... Энэ яг миний утас мөн байна. Томруулаад харвал утасны ард хэсэгт бор утас. 7 дугаар сарын эхээр хил давчихсан байна лээ” гэх мэдүүлэг, тухайн утас руу дуудлага хийгдсэн, гаднаас дуудлага хийсэн талаарх ярианы билл /II хх-ийн 32 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд хохирогч гар утсаараа цагдаа дуудах гэсэн боловч утас нь байгаагүй, найз залуугийнхаа утаснаас залгаж үзэхэд дуудаж байснаа холбогдохгүй болсон зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч уг утсыг хулгайлан авсан нь тодорхой байна.
Иймд улсын яллагчийн яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул, шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй, учир нь хяналтын камерийн бичлэгт найз залуутайгаа муудалцаад зогсож байсан, хэзээ тухайн хөнгөн гэмтлийг авсан, хэний үйлдлээс энэ гэмтлийг авсан юм гэдэг нь тодорхойгүй, мөн хохирогчийн гар утас нь яг маркийн гар утас байсан юм, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, үнэлгээ хийлгэж буй объектийг үзэж хараагүй атлаа үнэлгээ гаргасан. Өнөө үед гар утасгүй хүн гэж огт байхгүй. Бүгд гар утастай. Шүүгдэгч ч гэсэн гар утастай явж байсан. Шүүгдэгч хохирогчийн гар утсыг авсан гэх шууд баримт байхгүй” гэж мэтгэлцсэн.
Шүүгдэгч хохирогчийн өрөөнд орж хүчиндэх зорилгоор хоолойг нь боосон, эсэргүүцэл үзүүлж хоорондоо зодолдсон болох нь хохирогчийн биед учирсан гэмтэл, хохирогч, шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байх бөгөөд мөн утасны тухайд хохирогч өөрийнхөө гар утсыг ямар маркийн, загварын гар утас байсан талаар, хэзээ, хаанаас гар утсаа худалдан авсан талаар мэдүүлэхээс гадна гар утас нь өрөөнд нь байсан, буудлын өрөөнд эргэж ороод гар утсаа хайсан, гар утас руугаа залгахад дуудаж байгаад холбогдохгүй болсон талаар мэдүүлэг өгснийг мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд оруулснаар хулгайлах гэмт хэрэг төгсөх бөгөөд нэгэнт өөрийн эзэмшилд оруулсан эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь гэмт этгээдийн хүсэл зоригийн асуудал юм.
Хохирлын талаар:
Хохирогч Б.У-тшүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүгдэгчээс Iphone15 pro max гар утасны мөнгийг нэхэмжилнэ” гэжээ.
Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Iphone 15 pro маркийн гар утас зэх зээлийн үнийг 2,100,000 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 2,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-толгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч .
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч Э.Н-г 4 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзээд оногдуулах саналыг гаргаж байна. Э.Н нь яллах дүгнэлтэд дурдсан 4 гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн тухайн 4 төрлийн гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар санал болгосон 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар санал болгосон 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар санал болгосон 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Н-н хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан уг оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нийт 184 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг 4 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруугаа ухамсарласан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан бөгөөд Э.Н-н үйлдсэн гэх 3 төрлийн гэмт хэрэг нь 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, харин нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хорихоос өөр төрлийн тэнсэн харгалзах ял оногдуулах бүрэн боломжтой зүйл заалт байна. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг хэрэглэж нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус заасныг журамлан шүүгдэгчид
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж 5 сарын хугацаагаар хорих ялыг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж 1 сарын хугацаагаар хорих ялыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй бөгөөд тэрээр энэ гэмт хэрэгт 218 хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /тав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж 5 /тав/ сарын хорих ялыг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж 1 /нэг/ сарын хорих ялыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хорих ялыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Н энэ хэрэгт цагдан хоригдсон 218 /хоёр зуун арван найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Э.Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.У т олгуулсугай.
8.Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршигтай холбоотойгоор гаргасан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН