Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                   Б.Алтансүх

Улсын яллагч                                 Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч       С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой,  Эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Жинчингийн 1-05 тоотод оршин суух,  Зах найман овогт Цагааны Ариунцэцэг /РД:ЧП73070607/-т холбогдох эрүүгийн 201710010048 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Ариунцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах төв талбай дээр Л.Энхтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үеийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ариунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хийсэн хэрэг үнэн. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...гэв.

Хохирогч Л.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах гээд 60-77 УБЯ улсын дугаартай Эстима маркийн машинаар хөдлөх гэж байхад Ариунаа талбайн зогсоол дээр ирээд миний эзэмшлийн 60-77 УБЯ улсын дугаартай Эстима маркийн машины баруун талын гүйдэг хаалгыг онгойлгон буулга наад хятадуудаа хэн чамайг авч яв гэсэн юм гээд хашгирч эхэлсэн. ...миний толгойн тус газар 3-4 удаа гараараа цохисон, миний толгой дүүрээд нүд харанхуйлаад хэдхэн секунд сонин байдалд орсон. ... тэгээд эргээд хартал нөгөө хоёр хятадыг авчирсан эмэгтэй болох Ариунаа нь надад хандаж “чи яахаараа миний охиныг болон энэ хоёр хятадыг хараадаг юм” гээд үснээс зулгаах санаатай миний толгой руу дайрахад нь би Ариунаагийн хоёр гарыг нь барьж автал Ариунаа миний зүүн гарыг нугалж зүүн гарын ядам хурууг хугалсан...” гэжээ. /хx-ийн 22-23-р тал/

Гэрч М.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “намайг очих үед Энхтуяа нь Ариунаад хандаж миний гарыг тулгачихлаа өвдөөд байна, цагдаагийн байгууллагад хандана гэж байсан. ... Энхтуяад бол ямар нэг гэмтэл учирсан зүйл ажиглагдаагүй, тухайн үед хуруу тулгачихлаа гээд л гүйгээд байснаас өөр зүйл ажиглаагүй” гэжээ. /хх-ийн 30-34-р тал/

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51 тал/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 тал/

Б.Номин-Эрдэнэ, Б.Ариунцэцэг нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78-79 тал/

Шүүгдэгч Ц.Ариунцэцэгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80-81 тал/

Шүүгдэгч Ц.Ариунцэцэгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 82 тал/

Татварын орлогын жагсаалт /хх-ийн 96 тал/

Арилжааны банкуудын дансны лавлагаа /хх-ийн 97-102 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ариунцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах төв талбай дээр хохирогч Л.Энхтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үеийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг  болон хохирогч Л.Энхтуяа,  гэрч М.Болдбаатар, Б.Батсайхан, насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнэ нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Ц.Ариунцэцэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ариунцэцэгийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ц.Ариунцэцэг нь хохирогч Л.Энхтуяад эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Л.Энхтуяа гомдол саналгүй талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Ариунцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зах найман овогт Цагааны Ариунцэцгийг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Ариунцэцэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунцэцэг нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг уг тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунцэцэгийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Ариунцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.БАТЖАРГАЛ