Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1300

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01120 дугаар шийдвэртэй, П.Г ийн нэхэмжлэлтэй, Д.Д , Н.О нарт холбогдох, үндэслэлгүй суутгасан 10 000 000 төгрөг болон зээлийн төлбөрт 2 040 000 төгрөг, нийт 12 040 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний алдангид 12 720 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Д , Н.О нараас орон сууц худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт Д.Д  болон түүний хүү Д.Мөнгөнбаярын дансанд 6 500 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 500 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч өгөхөөр тохиролцсон. Банкны зээл батлагдаагүй тул наймаа буцахад хүрсэн. Ингээд Д.Д , Н.О нараас урьдчилгаанд өгсөн төлбөрөөс байр шилжүүлэхэд гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хасч үлдэгдэл мөнгийг буцааж авах гэсэн боловч урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг олон өдөр ажил алдагдуулсан шалтгаанаар өгөөгүй. Иймд Д.Д , Н.О нараас 12 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр П.Г  зарын дагуу бэлэн мөнгөөр байр худалдаж авна гэхэд нь орон сууцны үнийг 69 000 000 төгрөгөөс 65 000 000 төгрөг болгож бууруулсан. П.Г  ажлын 5 хоногт зээл бүтээж, байрны мөнгө өгнө ямар ч асуудалгүй гэж хэлсэн. П.Г эд итгэлцлийн 500 000 төгрөг өг гэхэд тэрээр зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг шилжүүлсэн ба 6 дахь хоногоос төлбөр төлөхгүй бол 500 000 төгрөг танай мөнгө болно гэсэн. Тохиролцсон өдрөөс хойш 6, 7 хоног өнгөрөхөд П.Г  нь “... зээл хөөцөлдөж байна, зараа зогсоо танай байрыг би авна, найдвартай” гэсэн бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 6 500 000 төгрөг шилжүүлсэн. П.Г ээс зээл нь юу болж байгааг асуухад одоохон, түр хүлээж бай гэдэг байсан. Сүүлдээ бид орон сууцаа зарахгүй, болъё гэж удаа дараа хэлсэн. Байрны мөнгөө өгөөгүй байхад нь П.Г ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж, итгэл үзүүлсэн боловч усанд хаясан чулуу шиг алга болсон. П.Г  биднээс үндэслэлгүй мөнгө авсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Г  хүн хохироосон бол хохирлоо төлөх ёстой. П.Г ийн шилжүүлсэн 17.000.000 төгрөгөөс өөрийнх нь хэлснээр 500 000 төгрөг хасна. Үлдэх 16 500 000 төгрөгөөс бэлнээр өгсөн 7 000 000 төгрөг, үл хөдлөх шилжүүлсэн төлбөр 2 680 000 төгрөгийг хассанаар 6 700 000 төгрөг үлдэнэ. Уг мөнгөнөөс зээлийн гэрээний алдангийн төлбөрийг хасч 3 000 000 төгрөг үлдэх бөгөөд П.Г  “... сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөг өгч байна” гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: П.Г  нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр орон сууц худалдан авахаар ирэхэд нь 69 000 000 төгрөгийн орон сууцыг 65 000 000 төгрөг болгон бууруулсан. Тэрээр “барьцаанд 5 хоногийн хугацаатай 500 000 төгрөг тавиад 6 дахь хоногоос шопонгийн мөнгө болно, 6 дахь хоногоос төлбөр төлөхгүй бол та нар зараа үргэлжлүүлж, наймаа буцъя” гэж хэлсэн. Ингээд 6 дахь хоног өнгөрөхөд тэрээр банкны зээлээ хөөцөлдөж байна гэсэн. Тухайн үед орон сууцыг сонирхсон, авна гэсэн олон хүн ирж приус машин дээр 50 000 000 төгрөг бэлэн өгөх, бартер хийх, ипотекийн 8 хувьд хамрагдах, 30 хувь өгнө гэхэд П.Г  бэлэн мөнгөөр худалдан авна, барьцааны 500 000 төгрөгийг тооцохгүй 65 000 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн үед П.Г тэй алдангийн гэрээ байгуулах гэсэн боловч зугтаад байгуулаагүй. 2018 оны 7 дугаар сард 10 000 000 төгрөг өгч, байрны ордерыг шилжүүлж авсан. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 53 хоног чирэгдүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
 

Хариуцагч Д.Д , Н.О нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид зуны 53 хоног ажлаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч, амьдралын хэв маяг алдагдсан, одоог хүртэл хохирч байна. Иймд 48 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон тул 12 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Г  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 65 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Урьдчилгаа 17 000 000 төгрөгийн төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байрны үлдэгдэл төлбөр 48 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ баталгаа болсноос гэрээгээр талууд мөнгө өгч, авалцаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Д , Н.О нараас 6 660 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Г эд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5 380 000 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч Д.Д , Н.О нарын П.Г ээс хохиролд 12 720 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 550 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 470 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 121 510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Г  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд 12 040 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх буруу тооцоолон нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Н.Оюунчимэг, Д.Д  нарын өмчлөлийн орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болгон 17 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн бөгөөд банк надад зээл олгохоос татгалзсан учраас тэдэнд өгсөн мөнгөө буцааж авах, байрыг нь тэдний нэр дээр буцааж шилжүүлэн өгсөн.  Гэтэл тэд урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 10 000 000 төгрөгийг ажил төрөл саатуулсан хэмээн үндэслэлгүйгээр буцаан өгөхөөс татгалзаж, 7 000 000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Оюунчимэг, Даваадорж нарын нэр дээр буцаан шилжүүлэхэд татварт 1 300 000 төгрөгийг, нотариатын зардал зэргийг төлсөн тул үлдэгдэл 3 340 000 төгрөгийг 3 сарын дотор Д.Д  нь буцаан төлж дуусгахаар тохирч бид зээлийн гэрээ байгуулсан. Цагдаагийн байгууллагад “... дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо үндэслэн тэр хүмүүсийг надад мөнгийг минь буцаагаад өгчихнө гэж итгэсэн учраас 7 000 000 авсан” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх үүнийг шууд үнэлэн 7 000 000 авсан мэтээр ойлгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 7 000 000 төгрөг өгсөн гэдгээ хариуцагч нар нотолж чадаагүй. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байгааг шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Миний хөөцөлдсөн зээл бүтээгүй учраас татварт төлсөн 1 300 000 төгрөгийг би өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзээд Д.Д оос зээлийн гэрээ байгуулан авахаар тохирсон 3 340 000 төгрөгөөс 1 300 000 төгрөгийг хасч, 2 040 000 төгрөг, үндэслэлгүйгээр суутган авсан 10 000 000 төгрөг, нийт 12 040 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх шийдвэр гаргахдаа тооцооллын алдаа гаргаж, нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 5 380 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд тооцооллыг залруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д , Н.О нар давж заалдах гомдолдоо: Д.Д  миний гэр бүл өөрсдийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулахаар зар өгсний дагуу П.Г  холбогдон уулзсан. Тэрээр “танай орон сууцыг оролцуулан барьцаа хөрөнгө болгон байршуулаад зээл авах гэсэн юмаа харин одоо ганцхан танай байрны гэрчилгээг л банкинд өгвөл миний зээл 5 хоногт багтаад гарах гээд байна” гэхэд нь бид байраа зөвхөн бэлэн мөнгөөр өгнө гэсэн.

69 000 000 төгрөгөөр үнэлсэн орон сууцаа 65 000 00000 төгрөг болгон хямдруулж худалдан борлуулахаар болж, гэрчилгээг шилжүүлэхээс өмнө төлбөрөө барагдуулах нөхцөлийг тохиролцож, 500 000 төгрөгийг итгэлцлийн төлбөр болгон шилжүүлэхээр тохирсон. Гэсэн ч П.Г  нь 1 өдрийн дараа 500 000 төгрөгийг шилжүүлсэн /тэрээр хэрэв 5 хоногийн дотор байрны төлбөрөө хийхгүй бол 6 дахь өдрөөс дээрх мөнгө эгч таны мөнгө болно гэж өөрөө хэлж бидэнтэй тохирсон/ түүнээс хойш 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ямар ч төлбөр хийхгүйгээр “...миний зээл өнөө маргаашгүй гарлаа, банкнаас судалгаа хийхгүй удаад байна...” гэсэн тайлбар өгсөн.

Д.Гансүх нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээгээ шилжүүлэх хэрэгтэй байна гэхэд нь бид мөнгөө эхлээд шилжүүл гэсэн ба гэрчилгээ шилжүүлээд л маргааш нь “...миний зээл гарна, тэгээд л танай мөнгийг тэр дорно шилжүүлнэ...” гэж удаа дараа гуйхад нь бидний зүгээс зөвшөөрсөн. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Нотариат дээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж байхад нотариатын ажилтан П.Г ээс “...ямар төрлийн зээл авах гэж байгаа вэ...” гэж асуухад “...би хөрөнгө оруулалтын зээл авахаар хөөцөлдөж байгаа болохоор байрныхаа төлбөрийг бүрэн төлсөн гэж бичсэн байх ёстой...” гэж худалдан авч буй орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн хэмжээгээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу олгох ёстой 48 000 000 төгрөгийг бэлнээр П.Г эд олгосон байдлаар баримт үйлдсэн.

Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл, үр дагаврыг тодорхойлох хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, зарим хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэснээс хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

П.Г  нь орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлсөн байдлаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, мөн өдрөө уг гэрээний үүргийн баталгаа болгож, уг орон сууцны үнээс төлөгдөөгүй байсан төлбөр болох 48 000 000 төгрөгийн хэмжээнд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон “Зээлийн гэрээ”-г тус тус байгуулсан болох нь нотлогддог.

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу П.Г  нь 65 000 000 төгрөг төлөх, Д.Д  болон Н.О бид 2 өрөө орон сууцыг П.Г ийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн. Орон сууцны өмчлөх эрхийг П.Г эд тухайн өдөр шилжүүлэн өгч орон сууц түүний өмчлөлд шилжсэн. Харин П.Г  нь 17 000 000 төгрөгийг төлж үлдсэн 48 000 000 төгрөгийг төлөөгүй атлаа 100 хувь төлснөөр “Худалдах, худалдан авах гэрээ”-д заасан.

 “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг “Зээлийн гэрээ”-ний үүргээр харилцан тооцож, “Зээлийн гэрээ”-ний дагуу Д.Д оос П.Г эд олгох 48 000 000 төгрөгийг, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийг үлдэгдэл 48 000 000 төгрөгт тооцож, зээлийг түүнд бэлнээр өгснөөр харилцан тооцож баримт үйлдсэн нь Иргэний хуулийн 238.1 дэх хэсэгт нийцсэн. Ийнхүү 48 000 000 төгрөгийг зээлдүүлэх тухай 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдүүлэгчийн үүрэг бүрэн биелэгдэж, үндсэн зээл, хүү төлөх зээлдэгчийн үүрэг тооцох хугацаа хэрэгжиж эхэлсэн.

Зээлийн гэрээнд зааснаар төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлж дуусахаар тохиролцсон боловч П.Г  зээлдүүлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байсан ба гэрээний хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бид худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаар П.Г тэй байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болгосон.

Зээлийн гэрээгээр төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцооны дагуу П.Г  нь 48 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлөх ёстой боловч уг хугацаанд зээлийг төлөөгүй. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө буцаж бидний өмчлөлд шилжсэнээр уг зээлийн гэрээгээр П.Г ийн хүлээсэн үүрэг биелэгдсэн гэж үзнэ.

Иймээс П.Г  нь зээлийн гэрээнд заасны дагуу дээрх 15 хоногийн хугацааны 3 600 000 төгрөгийн алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” болон “Зээлийн гэрээ”-ний үүргүүдийг хороонд нь шилжүүлэн тооцсон үйл баримтад хамаарах Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглээгүйгээс үүргийн гүйцэтгэлүүдийн талаар буруу дүгнэлт хийж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Гансүх нь хариуцагч Д.Д , Н.О нарт холбогдуулан үндэслэлгүй суутгасан 10 000 000 төгрөг болон зээлийн төлбөрт 2 040 000 төгрөг, нийт 12 040 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээний алдангид 12 720 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч П.Г  хариуцагч Д.Д , Э.Оюунцэцэг нартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 49 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 51 м.кв 2 өрөө орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдаж авахаар, урьдчилгаа 17 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 48 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч П.Г  нь дээрх тохиролцооны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Д.Д ийн дансанд 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д.Мөнгөнбаярын дансанд  6 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.Д ийн дансанд  10 000 000 төгрөг нийт 17 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан банкны дансны хуулга, гүйлгээний баримт зэргээр нотлогдсон. /хх-ийн 74, 80, 91, 103 дугаар тал/

П.Г  нь Д.Д оос 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 48 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 6 дугаар тал/

Зохигчид 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, П.Г ийн нэр дээр өмчлөх эрх шилжсэнээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн. /хх-ийн 5 дугаар тал/

Худалдан авагч нь банкны зээл бүтээгүй гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлсэн нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс хариуцагч нар нь 7 000 000 төгрөгийг өгсөн, үлдэх 10 000 000 төгрөгийг хохиролд суутгасан нь үндэслэлгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн татварт 2 040 000 төгрөгийг хасч нийт 12 040 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлсон.  

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн, үлдэх 10 000 000 төгрөгөөс 3 340 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, үлдэх 6 660 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд гарсан зардал, татварт тооцохоор тохиролцсон тул төлөх төлбөр байхгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч нар гэрээний хохиролд 6 660 000 төгрөгийг суутган авсан гэх тайлбар татгалзлаа Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул хариуцагч нарт 6 660 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлд хамаарах хохирлын хүрээг тодорхойлсон байх тул нэг тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон үүссэн хохирлыг арилгахаар хэрэглэгдэх зохицуулалт юм.

Хариуцагч нар нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 53 хоногийн алдангид 12 720 000 төгрөгийг шаардсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол хариуцагч хохирол шаардах эрхгүй тул шүүх 12 720 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 030 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                

                               ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН